ЭРҮҮЛ МЭНДЯрилцлага

ЭМЧ ЗӨВЛӨЖ БАЙНА: Даарснаар өвчин тусдаггүй, харин дархлаа суларч вирус шууд халддаг

ЭХЭМҮТ-ийн Чанарын албаны дарга, зөвлөх эмч А.Оюунчимэг улирлын шинж чанартай томуу, томуу төст өвчний үед мөрдөх шаардлагатай зөвлөгөө өглөө.

Тэрбээр “Шинэ төрлийн Коронавирусээс гадна улирлын чанартай вирус манай улсад жил бүр тохиолддог. Үүнийг ханиад гэж бид энгийнээр хэлдэг. Ханиадны байдал улсын хэмжээнд өнгөрсөн жилүүдийнхтэй ижил хэмжээнд байгаа. Коронавирусээс хамгаалах нь томуу, томуу төст өвчнөөс хамгаалж буйтай яг ижил” хэмээлээ.

ТОМУУГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙН ТУЛД:

Хүүхдээ битгий гадуур дагуулж яв. БНХАУ-аас ирсэн вирусийг тээсэн хүн гудамжаар явж байж ч болзошгүй. Гэтэл ээж аавууд гурав, дөрөвхөн настай хүүхдээ дагуулаад тэр том зааланд урлагийн тоглолт үзэж байна, дэлгүүр явж байна. Уг нь хүүхдээ гэртээ байлгах хэрэгтэй байна.

ҮНЭХЭЭР ШААРДЛАГА ГАРЧ НИЙТИЙН ГАЗРААР ЯВАХ БОЛОХ ЮМ БОЛ ХОЁРХОН ЗҮЙЛД АНХААР.

НЭГДҮГЭЭРТ, хүүхдэдээ маск зүүлгэхийн сацуу өөрөө ч маск зүүх шаардлагатай. Маск хүйтнээс хамгаална, хажуугаар хүн ханиалгаад өнгөрөхөд вирусээс хамгаална. Хэрэв өөрөө ханиалгаж байгаа бол бусдыг хамгаална.

ХОЁРДУГААРТ, гараа угаа. Зөвхөн суулгалт өвчин болон гэдэсний халдвар гараар дамждаг юм биш, амьсгалын замын өвчин ч гараар дамждаг. Цэцэрлэг, сургууль дээр гар угаах дэс дарааллыг сайн заагаад өгч байгаа. Гэртээ сайн савандаж угаах ёстой. Амьдралын боломжоос шалтгаалаад савангаа сонгодог байх, шууд дарж хэрэглэдэг саван байвал сайн.

ГУРВАН САРААС ДООШ НАСТАЙ ХҮҮХДЭД ХӨХНИЙ СҮҮГ Л САЙН ӨГ

Хооллолтыг нь сайтар анхаар. Гурван сараас доош настай хүүхэд эрсдэлтэй бүлэгт ордог тул халуурах, ханиад хүрэх үед маш сайн анхаар. Анхаарахдаа ээж хөхөө л сайн өг. Дэлхий даяар хөхний сүү орлуулагчийг таашаадаггүй. Манайх ч хуультай. Ээжийн сүүн дотор байгаа, хүүхдийн дархлааг үеийн үед сайн болгодог бодисыг дэлхийн эрдэмтэд хийж чадахгүй байна. Тиймээс хөхөө л өг. Нэмэлт сүүг үнэхээр аргагүй тохиолдолд буюу өвчтэй эсвэл хоолыг нь хангаж чадахгүй байгаа үед л хэрэглэнэ. Эх хүүхдийн ягаан дэвтрийн 60 дугаар хуудаснаас хойш хүүхдийн хоолыг яаж бэлдэх ёстой яг сайхан зааж өгсөн байгаа.

ДААРСНААР ӨВЧИН ТУСДАГГҮЙ, ХАРИН БИЕИЙН ЭСЭРГҮҮЦЭЛ СУЛАРДАГ

Ид ханиадны үед буюу 2, 3 нас хүрсэн, арай том хүүхдүүдэд байнга шөлтэй хоол хийж өг, хуурай хоол өгөхөөс татгалз. Шингэн зүйл хүүхдэд маш их хэрэгтэй. Дараа нь эрт унтуулах шаардлагатай.

Хүүхдүүд шөнийн 11, 12 цаг гэхэд унтаагүй л байж байх юм. Ядаж л 10 цаг гэхэд нь оронд нь оруул. Өсөлт ид явагддаг, дархлаа дэмждэг  10, 11, 12 цаг гэхэд ид сэрүүн, зурагт үзээд явж байна. Унтаж байхад нь дархлаа нь нэмэгдэж байх учиртай.

Мөн дулаан хувцаслах ёстой гэдгийг хүн бүр мэддэг. Даарах гэдэг өвчин авч ирж байгаа юм биш. Даарснаар биеийн эсэргүүцэл сулардаг. Ингээд суларчихсан дархлаатай байхад нь хажуугаар өнгөрсөн хүнээс вирус буюу ханиад авахад маш амархан.

ХҮҮХЭД ХАЛУУРААГҮЙ ҮЕДЭЭ ХООЛОО ИДЭХГҮЙ БАЙВАЛ ӨВЧИН ТУСАЖ БАЙНА ГЭЖ ОЙЛГОНО

Хүүхэд халуураагүй байхдаа хоолоо сайн идэж байна уу гэдэгт анхаар. Гэр бүлээрээ тойрч хоолоо идэж суухдаа энэ юу идэж байна, тэр юуг идэхгүй байна гэдгийг анхаарч байх нь эцэг эхийн үүрэг. Өөр өөр өрөөнд ороод цаашаа хараад, телевиз үзээд суучихвал яаж анхаарч чадах билээ. Халуураагүй байхдаа хоолоо идэхгүй байвал энэ хүүхэд “муудаж” байна, өвчин тусаж байгаа, бие нь хүндрэхээр хүүхэд гэсэн үг.

37.5-38 ХЭМД ХҮРЧ ХАЛУУРВАЛ ӨӨРИЙН ДАРХЛААГААР ДАВНА, 39 ХЭМД ХҮРВЭЛ ШУУД ЭМНЭЛЭГ ЯВ

Мөн халууны шилгүй айлууд байна. Халууны шилтэй байх хэрэгтэй. 39 хэмээс дээш халуурч байвал эрсдэлтэй халуун гэсэн үг. 37.5 хэмд хүрч халуурсан бол өөрийн биеийн эсэргүүцлээр давна. 38 хэмд хүрч халуурсан бол вирусийн төрөл нь эвгүй л биш бол мөн давж чадна.

Ээж, аавууд бас нэг анхаарах зүйл бий. Царай нь улайж, гар нь халууцаад байвал айлтгүй. Харин царай нь цонхийж, гар хөл нь хүйтэн болж байвал яаралтай эмнэлэгт оч.

Өөрийн харьяа дүүргийн эмнэлэг болон өрхийн эмч дээрээ очих хэрэгтэй. Эхний халуурлыг өөрсдөө толгой дээр нь хүйтэн жин тавих зэргээр халуун буулгах аргуудыг хэрэглэнэ. Ер нь хүүхдэд өндөр халуурал ажиглагдах юм бол эмнэлэг рүү зүглэх ёстойг сайн ойлгох хэрэгтэй.

ШӨНӨЖИН ӨНДӨР ХАЛУУРЧ БАЙВАЛ ӨГЛӨӨГ БҮҮ ХҮЛЭЭ

Парацетамол эмийг анхааралтай өг. Эмч зөвлөснөөр л өг. Уухаар нэг, шулуун гэдсээр нэг, шингэнээр нэг гэсээр бүх төрлөөр нь нэг дор хэрэглэж байгаа тохиолдлууд байна. Халуун бууруулах эм болон бусад эмийг дандаа эмчийн заалтаар л хэрэглэх байх шаардлагатай.

Томуу гэдэг хамраас нус гарч, халуурч, амьсгаа өндөр болдог л өвчин биш юм. Манай эмнэлгүүд 21 төрлийн томуугийн вирус үздэг. Тухайлбал, нэг төрөл нь шуугиантай амьсгалдаг байхад өөр нэг төрөл нь шууд ларингит болдог. Тиймээс шинж тэмдгээс шалтгаалан эмчилгээ бүр өөр байдаг. Хүүхэд шөнөжин халуураад, хоолой нь бачуураад байхад эцэг эхчүүд “Өглөө хүргэчихье” гэж хүлээдэг. Хүүхдэд эвгүй байвал шөнийг хүлээхгүйгээр өөрт ойр байгаа эмнэлэгт шууд ханд. Яаралтай түргэн тусламж дуудахад тань ачаалал ихтэйгээс ирж чадахгүй байвал өөрт ямар боломж байгаа түүнийгээ дайчил. Такси барьж болно, ах дүүгээ дууд, өөрийн машин унаагаараа яв. Заавал тэр эмнэлэгт очно гэж хоёр, гурван эмнэлэг өнгөрүүлээд явсаар хүүхэд нь хүндрэх тохиолдол бий.

Бид энэ өвчин яг яадаг юм бэ гэдгийг мэдэх гэхээсээ илүүтэй, хүүхэд бол эрсдэлтэй бүлэг гэдгийг ойлгож, маш хурдан хүндэрдгийг бодолцож харьяа дүүргийн эмч, өрхийн эмнэлэгт шууд хандах хэрэгтэй.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Эмчид
Эмчид
2020-01-29 00:05

Худ�##�ч эмч нэрт. Даарснаар бөөрний өвчтэй болно. Адаглаад хоолой өвдөнө.

Холбоотой мэдээ

Back to top button