Top StoriesНИЙГЭМНийгэм мэдээ

Хаврын саруудад салхины хурд үе үе нэмэгдэж, шороон шуурганы давтамж их байна

Ус Цаг Уур, Орчны Судалгаа, Мэдээллийн Хүрээлэн (УЦУОСМХ)-ийн Хиймэл оюун ухаан, Тоон загварчлал, Судалгааны Хэлтэс (ХОУТЗСХ) энэ оны гуравдугаар сараас тавдугаар саруудын урьдчилсан төлвийг тооцоолжээ.

Гуравдугаар сараас тавдугаар саруудын ОЖД-ын уур амьсгалын тоймыг хүргэе:

Агаарын температур гуравдугаар сард Баян-Өлгийн баруун өмнөд, Увсын хойд, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Хөвсгөлийн баруун хойд, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр -14...-18°С, Ховдын хойд болон өмнөд, Говь-Алтай, Дундговийн ихэнх, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговь, Дорноговийн нутгаар 0...-6°С, бусад нутгаар -6...14°С хүйтэн байдаг.

Харин дөрөвдүгээр сард Баян–Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төв аймгийн зүүн хойд хэсгээр -2...-8°С хүйтэн, Ховдын хойд болон өмнөд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Дундговь, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар 4...10°С дулаан, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 4 хэм дулаан байдаг аж.

Тавдугаар сард Баян-Өлгийн нутаг, Увс, Архангайн баруун, Ховдын төв, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Хөвсгөлийн ихэнх, Өвөрхангай, Хэнтийн баруун хойд, Төвийн зүүн хойд хэсгээр 0…6°C, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар 12...18°C, бусад нутгаар 6...12°C дулаан.

Хур тунадасны хувьд гуравдугаар сард Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнодын тал нутгаар 4–6 мм, бусад нутгаар 0–4 мм, дөрөвдүгээр сард Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнодын тал нутгаар 6–10 мм, бусад нутгаар 0–4 мм, тавдугаар сард Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 20 – 30 мм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 0 – 10 мм, бусад нутгаар 10–20 мм ордог байна.

Тэгвэл энэ оны гуравдугаар сараас тавдугаар сар хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна:

Гуравдугаар сард: Агаарын дундаж температур Баян–Өлгий, Увс, Ховд, Говь–Алтай, Өмнөговийн нутаг, Завханы баруун, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, Төв аймгийн зүүн хойд, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Харин нийлбэр хур тунадас Хөвсгөл, Булган, Сэлэнгийн нутаг, Төв аймаг болон Хэнтийн ихэнх, Дорнодын хойд хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас бага орох төлөвтэй байгаа аж.

Дөрөвдүгээр сард: Агаарын дундаж температур нутгийн баруун хагаст дунджийн орчим, тодруулбал Баян–Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь–Алтай, Баянхонгорын нутаг, Хөвсгөл, Архангайн баруун, Өвөрхангайн баруун өмнөд болон Өмнөговийн ихэнх хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөв гарчээ. Хур тунадас Баян–Өлгий, Увс, Ховд, Булган, Сэлэнгэ, Төвийн нутаг, Говь–Алтай, Дундговийн ихэнх, Завхан, Хэнтийн баруун, Хөвсгөл, Архангай, Өвөрхангайн зүүн, Дорноговийн хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байгаа юм.

Тавдугаар сард: Агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй байна. Түүнчлэн нийлбэр хур тунадас нийт нутгаар дунджийн орчим байх төлөв гарчээ.

Үүнээс үзвэл агаарын дундаж температур гуравдугаар сард нутгийн баруун өмнөд хэсгээр, дөрөвдүгээр сард нутгийн зүүн хагаст, тавдугаар сард нийт нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй байгаа юм. Харин хур тунадас гуравдугаар сард ихэнх нутгаар ОЖД–аас бага, дөрөвдүгээр сард баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын ихэнх хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Түүнчлэн хаврын саруудад салхины хурд үе үе нэмэгдэж, шороон шуурганы давтагдал их байх магадлал өндөр ба температурын хоног хоорондын өөрчлөлт мөн их байх тул малчид, ард иргэд мал бэлчээх хугацаагаа тохируулах, өвс тэжээлийн нөөцөө хангах, мал төллүүлэх хашаа хороогоо эртнээс бэлтгэх зэрэг цаг агаарын гаралтай аюултай болон гамшигт үзэгдлүүдийг хохирол багатай даван туулах арга хэмжээг эртнээс авахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөлөө.

Дашрамд дурдахад урьдчилсан төлөвийг weather.gov.mn цахим хуудсанд сар бүрийн 28-нд шинэчлэн гаргадаг тул иргэд, тээвэрчид тухай бүрд нь шинэчилсэн мэдээг ашиглах боломжтой. Дэлхийн Цаг Уурын Байгууллага (ДЦУБ)-аас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэгт 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Улирлын төлвийн талаар лавлах шаардлагатай бол УЦУОСМХ-ийн 11–326606 утсаар холбогдох болон тус хүрээлэнгийн ХОУТЗСХ-ээс тодруулах боломжтой юм.

Энэ сарын зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн таван хувьд нэн их, 16 хувьд их, 50 хувьд дунд, 17 хувьд бага зэрэг хүндрэлтэй, 11 хувьд хүндрэлгүй байхаар байна. Тухайлбал мал өвөлжилтийн байдал Сэлэнгэ, Төв, Булган, Баян-Өлгий, Увс, Дархан-Уулын ихэнх, Ховд, Завхан, Өвөрхангай, Баянхонгор, Хэнтий, Дундговийн зарим нутгаар их хүндрэх төлөв гарчээ. Иймд мал өвөлжилт, хаваржилт хүндэрч буй болон хүндэрч болзошгүй бүс нутгуудад онцгойлон анхаарч цаг уурын байгууллагаас гаргадаг богино, дунд, урт хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол авч ашиглах, цагийн байдал хүндэрсэн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний бэлтгэлийг бүрэн хангаж ажиллахыг зөвлөлөө.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Бүгдээрээ зөв ярьж, бичиж сурцгааяа! Тэгэхгүй бол Монгол хэл устаж үгүй болох нь байна. Та нар энэ дээрх гарчигийг нэг сайн хардаа! "Давтагдал" гэж юу гэж байгаа юм бэ? Давтамж гэж хэлж, ярьдаг байтал. Ер нь элдэв гаж буруу хэллэг, яриаг одоо болих цаг болсон шүү. Телевизүүд сэтгүүлчиддээ сайн хэлж, ярьж монгол хэлний давтан сургалт явулмаар юм байна.

Холбоотой мэдээ

Back to top button