Top StoriesГадаад мэдээДЭЛХИЙ

Дээд шүүх нь Трампыг эсэргүүцэж тарифыг хууль бус гэж үзсэн тул бизнесүүдэд буцаан олголт өгөх асуудал гарч ирлээ

АНУ-ын Дээд шүүх баасан гарагт нэгэн шийдвэр гаргахдаа Ерөнхийлөгч Доналд Трампын гаалийн татварыг хууль бус гэж үзсэн. Шүүх 6-3 харьцаатайгаар энэ шийдвэрийг гаргасан байна. Трамп 1977 онд батлагдсан Олон улсын эдийн засгийн онцгой эрх мэдлийн тухай хууль (IEEPA)-ийг ашиглан бараг бүх улсын бараанд татвар оноогоод байсан юм.

“IEEPA”-ээр оноосон татвараас АНУ нийтдээ 175 тэрбум доллар цуглуулсан гэж “Penn Wharton Budget Model” фирмийн эдийн засагчид тооцоолсон аж. Дээд шүүхийн шийдвэрийн дэрээ нэгэн сэтгүүлч Трампаас нөхөн төлбөрийн талаар асуухад тэр "Бид ирэх таван жилийн турш шүүхээр явах байх" гэж хариулжээ.

АНУ-ын Гааль, хил хамгаалах газар хамгийн сүүлд арванхоёрдугаар сарын 14-нд гаргасан мэдээллээр бол цуглуулсан татварын хэмжээ 133.5 тэрбум долларт хүрсэн байв.

Ямар татварууд хууль бус болсон бэ

Баасан гарагт гарсан дээд шүүхийн шийдвэр зөвхөн “IEEPA” хуулийн дагуу тогтоосон татварт хамаарна. Энэ хууль нь онцгой байдлын үед худалдааг зохицуулах эрхийг АНУ-ын ерөнхийлөгчид олгодог юм.

Трамп энэ хуулийг анх 2025 оны хоёрдугаар сард ашиглаж БНХАУ, Мексик, Канадын бараанд татвар ногдуулсан. Эдгээр улсаас фентанил нэртэй сэтгэцэд нөлөөлөх бодис орж ирж байгаа нь онцгой байдал хэмээн Трамп тариф оноосон билээ.

Хэдэн сарын дараа Трамп илүү том алхам хийж дэлхийн бүх улсын бараанд 10-аас 50 хувийн татвар оноосон. Трамп тэр өдрөө Чөлөөлөх өдөр гэж нэрлэсэн байдаг. Тэрхүү тарифуудыг зөвтгөхдөө АНУ-ын гадаад худалдааны алдагдал нь онцгой, ер бусын аюул болж байна хэмээсэн юм.

АНУ-ын дээд шүүхийн байр. Зургийн эх сурвалж: CNN

Тэгвэл дээд шүүх шинэ татвар тогтоох эрх нь ерөнхийлөгчид биш, харин АНУ-ын Конгресст байдаг гэсэн тогтоол гаргасан байна. Мөн “IEEPA” хууль нь улсын төсөвт орлого төвлөрүүлэх зорилготой биш гэж үзжээ.

Гэхдээ Трампын өнгөрсөн жил тогтоосон, “IEEPA” хуультай холбоогүй зарим татвар хэвээр үлдэнэ. Ган, хөнгөн цагаан, дүнзэн мод, автомашинд оноосон татвар нь өөр хууль ашигласан. Тодруулбал 1962 онд баталсан Худалдааг өргөжүүлэх тухай хуулийн 232-р хэсгийг ашиглан тэдгээр тарифыг оноосон юм. Трамп үүнийгээ үндэсний аюулгүй байдлыг хамгаалах зорилготой хийсэн гэж тайлбарладаг.

Татварын буцаан олголтын асуудал

Дээд шүүх Трампын татварыг хууль бус гэж шийдсэн ч буцаан олголт хэрхэн өгөх талаар заавар өгөөгүй. Буцаан олголтын асуудал шүүх дээр олон жил үргэлжилнэ гэж Трамп сэтгүүлчдэд хэлсэн байна.

Шийдвэр гарсны дараа АНУ-ын Сангийн сайд Бессент мөн адил мөнгө буцаах асуудал олон жил сунжирч магадгүй гэж мэдэгдсэн юм. Тэрбээр Далласт болсон арга хэмжээний үеэр үг хэлэхдээ, дээд шүүх тодорхой заавар өгөөгүй тул цугларсан орлогыг хэрхэх нь маргаантай байна гэжээ.

Бессент нэгдүгээр сард хэлэхдээ, хэрвээ дээд шүүх шийдвэр гаргавал Сангийн яам татварын мөнгийг буцаан төлөх чадвартай гэсэн юм. Гуравдугаар сарын сүүлээр Сангийн яамны бэлэн мөнгөний нөөц 850 тэрбум доллар, зургаадугаар сарын сүүлээр 900 тэрбум долларт хүрэх төлөвтэй байгаа аж.

Татварыг буцаан олгох асуудлыг АНУ-ын Олон улсын худалдааны шүүх шийдэх төлөвтэй байна. Буцаан олголтыг голдуу том компаниуд л авч магадгүй гэж шинжээчид үзэж байна. Учир нь жижиг аж ахуйн нэгжүүдэд олон шат дамжлагаар явах нөөц боломж хомс. Одоогийн байдлаар импортлогчид мөнгөө буцаан авахын тулд 1000 гаруй нэхэмжлэл гаргажээ. Цаашид нэхэмжлэлүүд нэмэгдэх төлөвтэй байна.

Олон компани нэгдэж нэхэмжлэл гаргах боломжтой эсэх нь тодорхойгүй байна. Компани бүр мөнгөө авахын тулд тус тусдаа шүүхэд хандах шаардлага гарч магадгүй. Хуулийн дагуу импортлогчид хоёр жилийн дотор нэхэмжлэл гаргах эрхтэй.

АНУ-ын томоохон компаниудтай харьцуулахад тариф жижиг бизнесүүдэд хамгийн хүнд туссан. Гэвч жижиг бизнесүүд шүүхийн зардлаас эмээж мөнгөө авахаас татгалзаж магадгүй гэж хуульчид үзэж байна.

Жоржтауны их сургуулийн хуулийн профессор Грэг Шаффер "Al Jazeera" агентлагт хэлэхдээ "Засгийн газар хууль бусаар авсан мөнгөө сайн дураараа буцааж өгөхгүй л болов уу. Харин  олон төрлийн шаардлага тавьж, хугацаа хожихыг хичээх болно. Хуульч хөлслөх, шүүхээр явах нь цаг хугацаа, мөнгө их шаарддаг" гэжээ.

Тэрбээр нэмж хэлэхдээ "Том компаниуд үүнд бэлтгэлтэй байгаа тул мөнгөө буцааж авч чадах байх. Харин жижиг бизнесүүдэд энэ бүхэн хэтэрхий их хүнд сурталтай санагдаж магадгүй. Тэд зүгээр л мөнгөө орхиж магадгүй" гэсэн байна.

Олон улсын худалдааны шүүх өмнө нь ийм том хэмжээний буцаан олголт хийж байсан туршлагатай. 1986 онд АНУ-ын боомтуудаар орж гарч буй ачаанаас татвар авдаг байсан юм. 1998 онд Дээд шүүх үүнийг үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн байдаг. Тэр үед шүүгч Жейн Рестани 100,000 гаруй нэхэмжлэгчийн мөнгийг буцаах ажлыг удирдаж байсан. Тэрээр одоо ч шүүгчээр ажиллаж байгаа юм.

Эх сурвалж: Reuters, Al Jazeera, BBC

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button