Улс төрийн халуун сэдэв

Ерөнхийлөгч парламентад, Г.Занданшатар сайд нарт, Н.Учрал намынхандаа шахалт үзүүлнэ

УИХ-ын хаврын ээлжит чуулган өнөөдөр нээнэ. Энэ хаврын чуулганыг хүлээсэн улс төржилтүүд намраас эхлэлтэй. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар ээлжлэн ажлаа хүлээлгэж өгсөнөөсөө хойш нам гүмхэн байцгаасаар хаврын чуулганы өмнө нэг нь гарч ирж ерөнхийлөгч рүү чиглэсэн бүхнээ ярив. Магадгүй тэн хагас нь байж болох.

Ерөнхийлөгч парламентын хариуцлагыг сайжруулна гэдгээр УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хууль өргөн барихаар боловсруулсан нь хаврын чуулганаар яаралтайгаар хэлэлцэгдэх тов бий.

Гэхдээ эцсийн шийдвэрийг парламент өөрөө гаргах тул ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг хэлэлцэн батлах эсэх нь тэдний гарт бий. Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэхийн өмнө ерөнхийлөгч чуулганы танхимд орж ирсэн шиг нөхцөл байдал бий болох нь бараг дамжиггүй. Тэрбээр өөрийн санаачилсан хуулийн төслийнхөө талаар үг хэлэх тов бий.

Л.Оюун-Эрдэнэ удтал чимээгүй байсны эцэст ерөнхийлөгчийг өөрийнхөө дахин сонгогдох боломж руу зүтгэх, эргэн тойрныхон нь ч ийн вакумжуулж байгаа хэмээн ам нээчихсэн. Хэрвээ үнэхээр ийм процессоор явж байгаа юм гэвэл ерөнхийлөгчид улс төрийн импичмент үзүүлэх тухай ч мөн дурдав.

УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг хөндөх агуулга өнгөрсөн хавраас хойш яригдсаар эцэстээ ийн хуулийг нь бэлдээдэхлээ. Ингэхээр яригдсаар ирсэн Дав.Цогтбаатар, Э.Болормаа, С.Ганбаатар, Х.Булгантуяа тэргүүтэй гишүүдийг түдгэлзүүлэх эсэхийг хууль хэрвээ батлагдвал нэн даруй оруулж ирэх гэж буй гэж харагдана. Тэр ч бүү хэл намын дарга нь УИХ-д суудалтай гишүүнээ эгүүлэн татуулах асуудлыг оруулж болох учраас дараагийнх нь хэн ч, ямар ч гишүүн байх боломжтой мэт нөхцөл үүсчихэж буй юм.

Харин нөгөө талд Г.Занданшатар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас шударч ирсэн сайдуудыг үдье гэдэг дээрээ ирчихсэн байгаа. Б.Чойжилсүрэн, Б.Дэлгэрсайхан, П.Наранбаяр нарын суудал дэнжигнэсээр энэ хүрсэн бөгөөд зүгээр ч нэг сайдаас нь огцруулахын оронд тэднээр улс төр хийх нь ч дамжиггүй. Ялангуяа өвөлжингөө эрчим хүчний хэмнэлт, тасалдалд нэр холбогдож, өөрийн ойрын хүрээллээ хуулийнханд өчиггүй нэгжүүлсэн Б.Чойжилсүрэнг танхимаасаа хариуцлага тооцон хөөж буй дүр зураг үүсэх биз. Өөрөөр хэлбэл Г.Занданшатар өөрийнх нь талд биш, гар нийлж чадахгүй амбицтай сайд нарыг танхимдаа байлгахгүй гэдгээ ч илэрхийлэх боломж. ЗГХЭГ-ын дарга нь Ерөнхий сайдын түвшний эготой, дэд сайд нарыг цөөлнө, яамдын тоог бууруулна гэчихсэн ярьж яваа энэ цагт хэн хэнд нь даруулга, бас цаашид өөрөө ч удаан тэсье гэвэл танхимаа хэсэг бүлэг болгох бус нэгтгэх сонирхол ч илүү биз.

Харин Н.Учралын хувьд нам доторх албан тушаалуудыг хөдөлгөөнд оруулж, хуучин МАН-д зүтгэсэн асан хүмүүсийг тодорхой албан тушаалуудад аваачихаар харагдаж буй. 60 тэрбумын схемийг зохиолцсон гэгддэг Ц.Сандуйг тухайн үед УИХ, орон нутгийн сонгуульд үнэмлэхүй ялж гарч ирсэн МАН-ыг ерөнхийлөгчийн сонгуульд ялагдахад хүргэсэн дүр хэмээн ерөнхийлөгч У.Хүрэлсүх Шадар сайд байхдаа намын УЗ дээрээ Нийслэлийн МАН-ын хорооны даргаас нь огцруулах асуудлыг хөндөж байсан удаатай.

Тэр өнөөдөр Н.Учралын зөвлөхөөр улс төрд эргэн орж ирлээ. Түүнчлэн М.Энхболд Гавьяат эдийн засагчийн шагналыг Бага хурлын үеэр энгэртээ гялалзуулж, Ж.Мөнхбат намын гишүүнчлэлээ сэргээсэн зэргээс харвал нэгэн үед МАН-ын буланд шахагдаж, түүнд нь Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар жин даралцаж явсан хууччуулыг Н.Учрал эргээд намдаа авчрав. Авчрахын хажуугаар үдэх яриа ч гарсан. Нэг фракцыг нөгөө нь шахаж, энэ хэрээрээ дараагийн сонгуульдаа зэхэж суудаг нь улс төрийн намуудын хувьд байдаг л үзэгдэл.

"Итгээд хийлгэж үзлээ, одоо дараагийнх нь" гэдэг тойргоор магадгүй өнөөдөр МАН-ын ил далд нөлөөллүүд өрнөж буй. Ингэхээр энэ хавар МАН Засгийн газар, парламент, намаа гурван талаас нь хайрцаглах байдлаар урагшилж, ирэх ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлээ эхлүүлж буй бололтой.

Харин нөгөө талд шахагдсан фракцын төлөөллүүд ч мөчөөгөө өгөхгүй дуугарч эхэлсэн. Л.Оюун-Эрдэнийн араас Х.Булгантуяа өчигдөр хэвлэлд ярив, араас нь магадгүй Д.Амарбаясгалан байх магадлал бий.

МАН цаашид яаж ч дотроо жийлцсэн парламент бол тэдний тоглолт хийх, зоргоор аашлах талбар биш бөгөөд Засгийн газар ч мөн тэдний ээлж сэлгэх орон зай биш. Улс төрийн эрх баригч намын энэ "өшөө авалтууд" дунд АН болоод УИХ-д суудалтай намууд хэрсүү байж, парламентын ардчиллын төлөөх байр сууриа нэгтгэх нь зүйтэй билээ.

Т.БАТСҮРЭН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ улс төрчид хоорондоо л албан тушаал булаацалдахаас ард түмэн хохироод үлддэг

Зочин
Зочин

MAN dotroo l alaltsaad bh yum ard tumen bolhoor harj suuhaas uur argagui

Зочин
Зочин

Парламентын гишүүнийг эргүүлэн татах хууль бол зөв санаа гэхдээ улс төрийн зэвсэг болчих вий

Зочин
Зочин

Ene bol neg l ih suudal bulaatsaldsan ulstur shig haragdaj bn

Зочин
Зочин

Ерөнхийлөгч ч бас сонгуулийнхоо бэлтгэлийг эртнээс хийж эхэлж байгаа бололтой

Зочин
Зочин

Zandanshatar said nariig solih geed bga yum uu

Зочин
Зочин

Нэг фракц нөгөөгөө шахдаг улс төр манайд хэвийн үзэгдэл болчихжээ

Зочин
Зочин

Uls tur gej neg iim l yum bdg bh da suudliin toloo

Зочин
Зочин

Чойжилсүрэнг бол аль эрт огцруулах ёстой байсан шүү

Зочин
Зочин

МАН доторх тэмцэл улам ил гарч эхэлж байна даа

Зочин
Зочин

MAN dotroo evtei baij chadahgui bj uls ornoo yaj udirdah ve

Зочин
Зочин

Эргүүлэн татах хууль батлагдвал зарим гишүүд их сандрах байх даа

Зочин
Зочин

Gishuudiig ard tumen erguulen tatah erhtei bolvol zugeer sanagdaj bn

Зочин
Зочин

Парламентын хяналт сайжрах нь бол зөв л дөө

Зочин
Зочин

Uls tur bol dandaa l iim temtsel bh yum daa

Зочин
Зочин

энэ 3 хулгайчид шахуулж бдг гөлөгнүүд бдг юм бхдаа

Зочин
Зочин

Гурван тэнэг зайлөө

Холбоотой мэдээ

Back to top button