П.Наранбаяр, Б.Чойжилсүрэн нар Засгаас албан ёсоор гарч, горилогсод сэрэх өдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх, томилох талаар Г.Занданшатар танилцуулга хийнэ. Үүнээс өмнө дараагийн томилогдох сайд хэн байхыг МАН-ын Удирдах зөвлөл 11.00 цагаас хуралдах тов гаргажээ. Ямартай ч чуулган эхлэхтэй зэрэгцэн П.Наранбаяр, Б.Чойжилсүрэн нар өөрийн хүсэлтээр огцрох хүсэлтээ өгсөн тухайгаа мэдэгдсэн. Мөн Засгийн газраас явуулахаар ил, далд яригдсан сайд нар ч бий билээ.
Нэг. Өөрөө өргөдлөө өгсөн гэж мэдэгдсэн Б.Чойжилсүрэнгийн оронд З.Мэндсайхан, Б.Найдлаа нар сайд болохоор зүтгэж явна
Б.Чойжилсүрэнгийн хувьд 16 жил төр түшилцэж, том яамдын сайдаар ажиллав. Энэ хугацаандаа бетонон ширэнгийн бизнесээ таслаагүй, харин ч идэвхийлэн хийсэн гэж хэлж болно. Учир нь ЭХ-ний сайдаар ажиллаж буй 3.6 жилийн хугацаанд Нийслэлийн хамгийн ашигтай байршилд зургаан хотхон ашиглалтад оруулж, дэд бүтэц, эрчим хүчээр саадгүй хангаж чадав. Өдгөө түүнийг тойрсон Эрчим хүчний салбарынхан ээлж дараалан АТГ-ын хаалга татаж, томоохон төслүүдээс мөнгө халаасалсан байж болзошгүйгээр шалгагдаж байна.
Ерөнхий сайд Г.Занданшатар түүнд ДЦС-3 дээр дэлбэрэлт гарахад ажлаа авч үлдэх эсэхээ шийдэх 100 хоногийн хугацаа өгч байсан. ДЦС-3 аа зас л гэж тэр шүү дээ. Гэтэл одоогоор хэвийн болоогүй ачааллыг нь үүрч явсан ДЦС-4 дээр нь гэмтэл гарсан хор уршгийг цахилгаан таслах хуваариар аргацааж байна. Үүнтэй холбоотойгоор Г.Занданшатар түүнд 30 хоногийн хугацаа өгч, дууссан. Б.Чойжилсүрэн энэ хугацаанд яав ч эрчим хүч өндийхгүй гэдгээ хэлж, ажлаа өгвөл өгье гэдэг байр сууриа аль сарын өмнө илэрхийлчихсэн. Дахин чуулган нээхтэй зэрэгцэн "Өөрийн хүсэлтээр ажлаа өгье гэдгээ хэлчихсэн" гэх тайлбарыг өгсөн билээ.
Түүний оронд Эрчим хүчний сайд болох сонирхлоо УИХ-ын гишүүн З.Мэндсайхан аль 2025 оноос л ил, далд илэрхийлж явсан гэдэг. Хачирхалтай нь саяхнаас хойш ХҮН-ын Б.Найдлаа энэ суудалд горилж буйгаа илэрхийлж, олон хэвлэлд яриа өгч харагдав. Юутай ч "Санал тавивал хүлээж авна, энэ салбарт санаа зовнидог" гэсэн юм.
Тэгвэл сүүлийн 20 жилд Эрчим хүчний сайдаар хэн, хэчнээн хугацаанд ажилласан болохыг хүргэе
- 2006-2007 он- Түлш, эрчим хүчний сайд Бадарчийн Эрдэнэбати |Хөвсгөл|
- 2007-2008 он- Түлш, эрчим хүчний сайд Чимэдийн Хүрэлбаатар |Увс|
- 2008-2012 он- Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Дашдоржийн Зоригт |Төв|
- 2012-2014 он- Эрчим хүчний сайд Мишигийн Сономпил |Увс|
- 2014-2016 он- Эрчим хүчний сайд Дашзэвэгийн Зоригт |Өвөрхангай|
- 2016-2017 он- Эрчим хүчний сайд Пүрэвжавын Ганхүү |Хөвсгөл|
- 2017-2020 он- Эрчим хүчний сайд Цэрэнпилийн Даваасүрэн |Хөвсгөл|
- 2020-2022 он- Эрчим хүчний сайд Нансалын Тавинбэх |Завхан|
- 2022-2026 он- Эрчим хүчний сайд Баттогтохын Чойжилсүрэн |Увс|
Хоёр. П.Наранбаярын оронд Л.Энх-Амгалан амбицлаж явна
П.Наранбаярын хувьд 2024 онд УИХ-ын гишүүн болмогцоо давхар дээл нөмөрч Боловсролын сайд болсон хүн. Нэг үгээр хэлбэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт сайдаар томилогдож, өдгөө Г.Занданшатартай ажиллаж байв.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах саналыг Ерөнхий сайдад сар гаруйн өмнө хүргүүлсэн. Түүнийг Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Төсвийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Боловсролын ерөнхий хууль, Улсын Их Хурлын баталсан төсвийн бодлогыг илт зөрчиж, 2026 оны төсвийн хэрэгжилтийг санаатайгаар доголдуулж, олон мянган багш, ажилтны цалин хөлс, нийгмийн баталгааг дордуулсан гэж тодотгосон юм. Мөн түүнд холбогдох ойрын асуудал бол багш нарын цалингийн нэмэгдлийн асуудал буй. Угтаа багш нар жагсаж, тэмцэж, хэдэнтээ албан бичгээ хүргүүлж, ажил хаясны эцэст цалингаа нэмэгдүүлэх шийдвэр гаргуулсан. Гэсэн ч энэ он гарснаар авсан цалин нь урьдынхаасаа ялгаагүй байгааг шүүмжлэл ч өрнөсөн. Үүнээс гадна сургуулийн орчинд үе тэнгийн дээрэлхэлтийн асуудал хурцадсан энэ үед асуудлыг шийдвэрлэх чиг үүрэг нь Боловсролын яаманд байдаг тухай ч өчигдрийн ӨБХ-ны хурлын үеэр яригдав.
Түүнийг ажлаа өгөх сургаар хоёр ч салбарын сайдаар ажиллаж байсан Л.Энх-Амгалан амбицлаж эхлэв. Сүүлд хэвлэлд өгсөн тодруулгадаа "П.Наранбаяр мордохын хазгай байсан. Засгийн газрын сайд нарыг томилох, чөлөөлөх эрх Ерөнхий сайдад бий. Би Боловсролын сайдаар, ГБХНХ-ийн сайдаар ажилласан хүн. Мэдээж өөрийн сайдаар ажиллаж байсан салбарт эхлүүлсэн реформ доголдоход хэн хүнгүй сэтгэл санаа зовно биз дээ. Ямар нэгэн зүйлийг бүтээхэд хэцүү, нураахад амархан байдаг. Сайдаар томилбол хүлээж авна" гэлээ.
Тэгвэл сүүлийн 26 жилд ямар хүмүүс Боловсролын сайдаар ажилласан болохыг дараах инфографикаас харах боломжтой.
Нийтлэлийн эхэнд Засгийн газраас явуулахаар яригдсан өөр сайд нар бийг дурдсан билээ. Тодруулбал, ХҮН-ын дарга, Шадар сайд Т.Доржханд, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар юм.
Т.Доржханд
УИХ-ын гишүүн Ө.Шижир хариуцлага алдсан сайд нар буюу Б.Чойжилсүрэн, Т.Доржханд нарыг сайдаас нь буулгах саналыг Г.Занданшатарт хүргүүлсэн. Ө.Шижирийг Г.Занданшатарын талын хүн гэж ярьдаг тул Т.Доржхандыг суудлаас нь буулгах хүсэл Ерөнхий сайдынх байж мэднэ.
Т.Доржхандын хувьд Д.Амарбаясгаланг МАН-ын дарга болох үеэр албан ёсоор дэмжиж буйгаа илэрхийлэн мэдэгдэл гаргасан. Өмнөх парламентын үед ХҮН үндсэндээ МАН-ын утсан хүүхэлдэй байж, Д.Амарбаясгалангийн хүслээр ажилладаг бүтэц байв. Л.Оюун-Эрдэнийг дөрвөн жил засаглах хугацаанд ХҮН нам санхүү, системийн хувьд бэхжиж, Т.Доржхандад илүү эрх мэдэл төвлөрөх хаалга нээгдсэн байдаг. Хоёр Засгийн газар дамнан сайд хийж яваа тэрбээр эрчим хүчний асуудлаар Б.Чойжилсүрэнтэй нэг албан бланкад бичигдэж, хөөгдөх сайд нарын эгнээнд бичигдэж байна.
Б.Дэлгэрсайхан
Б.Дэлгэрсайханы хувьд МАН-ын хуваагдал дээр наймаачин хүний аль ч талд өнгө тал алддаггүй дадлаар ажилласан. Тэр 2024 оны сонгуульд намдаа асар сайн хандив өгсөн агуулгаараа Төрийн тэргүүнтэй тохирч, сайдын суудлаа хадгалан үлдсэн. Харин Г.Занданшатарын хүсэмжит дүр мөн үү гэвэл үгүй.
Төмөр замын асуудалд өөрийнхөө хувийн эрх ашгийг эхэнд тавьсаар ирсэн Б.Дэлгэрсайханы ааш авир, залийг Г.Занданшатар өөрөө ч дийлэхээ байсан. Эргэн сануулахад, Б.Дэлгэрсайхан МАН-ын Бага хурлаар Д.Амарбаясгаланд Дорноговь тэргүүтэй төлөөлөгчдөө хайрцаглаж өгсөн. Харин УИХ-аар санал хураах үед Г.Занданшатарыг хамгаалсан нэгэн. Угаас Л.Оюун-Эрдэнийн танхимд сайд болсон тэрбээр хоёр талд жороолсон гэгдэж өдгөө суудлаа өгөх сайд нарын жагсаалтад багтаад буй билээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эрчим хүчний асуудал ийм байхад хэн ч байсан амаргүй дээ
Дахиад л сайд солигдоно гэх юм асуудал нь шийдэгдэх үү
Нэр солигдоод л байдаг бодит үр дүн л хэрэгтэй байна
Суудлын төлөө өрсөлдөхөөс илүү ажил хийх хүн хэрэгтэй
Боловсролын салбар дээр бол үнэхээр асуудал их байгаа
Сайд болох гээд л бүгд уралдаж байгаа харагдах юм
Улс төрийн тохироо биш чадвартай хүнийг тавиасай
erchim huchnii asuudal mash hund bgaa shuu
bolovsroliin salbart uneheer shinechlel heregtei
bagsh narin tsalin deer anhaarahgui bol bolohgui
ajil hiij chadah hun ni garch ireed hiigeesei
uls turiin naimaa shig haragdaj bn shuu
shudarga shiidver gargana gej naidaj bn
irgediin amidrald naaldah shiidver huleej bn
Суудал горилогчид олон ч хийж чадах нь цөөхөн доо
Иргэдийн амьдралд мэдэгдэхүйц өөрчлөлт л хэрэгтэй
Явж байгаа нь ч , санаархаж байгаа нь ч биш бнаа. Мэргэжлийн час хийсэн хүн байхгүй гэж үү