Ерөнхийлөгчийн эрх мэдлийг томруулсан цоо шинэ Үндсэн хуульд Токаев гарын үсэг зурлаа
Дэлхий нийт Ойрх Дорнодод анхаарлаа хандуулаад байхад Казахстан улс ням гарагт /2026.03.15/ шинээр бичсэн үндсэн хуулийг батлах талаар бүх нийтийн санал хураалт явуулжээ.
Тус улсын Сонгуулийн төв хороо мягмар гарагт /2026.03.17/ мэдээлснээр 9.13 сая хүн санал өгснөөр ирц 73.12 хувьтай байсан аж. Үүнээс 7.95 сая орчим нь үндсэн хуулиа шинэчлэхийг дэмжиж, Казахстаны Ерөнхийлөгч Касым- Жомарт Токаев мягмар гарагт батлан гарын үсгээ зуржээ. Шинэчилсэн үндсэн хууль зургаадугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.
1995 онд Казахстан баталж байсан үндсэн хуулийн 99 зүйлийн зөвхөн дөрөв нь л өөрчлөгдөөгүй үлджээ. Шинэчлэлээр Казахстаны парламентын хоёр танхимыг нэгтгэж, нэг танхимтай болгоно. Тус улсын ерөнхийлөгч засгийн газрын гол албан тушаалтнуудыг парламентын зөвшөөрлөөр томилох эрхтэй болох аж. Мөн дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг сэргээх юм.
Үндсэн хуулийн өөрчлөлтөөр парламентын хажууд Ардын зөвлөл гэх шинэ байгууллага байгуулна. Энэ зөвлөл нь хууль санаачлах болон бүх нийтийн санал асуулга явуулах эрх мэдэлтэй байх юм. Зөвлөлийн гишүүдийг ерөнхийлөгч л томилно.
Казахстан сүүлийн дөрвөн жилийн хугацаанд үндсэн хуульдаа хоёр ч удаа өөрчлөлт орууллаа. Эхнийх нь 2022 оны нэмэлт өөрчлөлт байсан бол энэ удаагийнх үндсэн хуулиа шинээр бичсэн гэдгээрээ онцлог. Өөрчлөлт хийж, шинээр бичихийг Токаев өөрөө санаачилсан юм. “Associated Press” агентлаг мэдээлснээр зарим ажиглагчдын үзэж байгаар эдгээр өөрчлөлт нь түүний бүрэн эрхт дууссаны дараа засгийн эрхэнд үлдэх замыг засаж магадгүй байна.
72 настай Токаев нь ЗХУ-ын үед төрийн алба хашдаг байсан дипломатч хүн билээ. Тэрбээр өмнө нь НҮБ-д ажиллаж байсан. Түүний бүрэн эрхийн хугацаа 2029 онд дуусна. Казахстаны ерөнхийлөгч нэг удаа л сонгогдож долоон жилийн хугацаатай ажилладаг.
Шинжээчдийн үзэж байгаагаар Токаев бүх нийтийн санал асуулгыг ашиглан ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг шинэчлэн тогтоож магадгүй юм. ОХУ, Беларус, Узбекистан, Тажикистан зэрэг ЗХУ-ын гишүүн байсан хэд хэдэн улсын удирдагчид үндсэн хуулиа шинэчлэн бүрэн эрхийн хугацаагаа өөрчилж байсан.
“Jamestown” сангийн анализаар бол уг үндсэн хуулийн өөрчлөлт Казахстан ЗХУ-ын үеэс үлдсэн системээс холдож буй явдал аж. Мөн ерөнхийлөгчийн эрх мэдлийг өргөтгөсөн өөрчлөлт гэж тус сан үзжээ. Шинэ үндсэн хуульд аливаа хуулийг нэг удаа бус гурван удаа батлах тухай зааж өгсөн аж. ОХУ-ын парламент ийм дүрмийг мэргэжлийн ур чадварыг хангах зорилготой хэмээн хэрэгжүүлж эхэлсэн. Гэхдээ тус дүрмийг ашиглан парламент дахь эсэргүүцэгчдийн үйл ажиллагааг царцаах боломжтой гэдгийг “Jamestown” сан онцолжээ.
Украины дайн эхэлснээс хойш Москва болон барууны хооронд нарийн төвөгтэй тэнцвэр хадгалж ирсэн Токаев үндсэн хуулиа шинээр бичих нь хурдацтай өөрчлөгдөж буй ертөнцөд түргэн шуурхай шийдвэр гаргах шаардлага байгаатай холбоотой гэж тайлбарласан юм.
Казахстаны сөрөг хүчин засгийн газарт төлөөлөлгүй. Бүх нийтийн санал асуулга зарласнаас хойш олон нийтийн үзэл санаад мэдэгдэхүйц нөлөөлж чадахгүй байсан гэж “Associated Press” агентлаг мэдээлжээ.
Эх сурвалж: AP News, Jamestown Foundation















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манай Хүүкийн мөрөөдөл. Гэвч Монголчууд бол станыхан шиг бишээ. Салаавч өгнө