Х.Тэмүүжин: Парламентын үзэл санаа нэг хүнд зориулагдаагүй. УИХ-ын даргыг намын дарга байлгахгүй гэдэг зарчим дээрээ зогсоно

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл болон УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хэлэхдээ,
Парламентын үзэл санаа бол нэг хүнд зориулсан үзэл санаа биш. Парламентын спикер гэдэг бол дарга нь өөрөө ярьдаг биш парламентын гишүүдээ яриулах, тэдний дуу холойг хүргэгч байхыг хэлдэг. Мэтгэлцээнийг тал алдалгүй шүүж дэмждэг хүнийг хэлнэ. Мөн төлөөлөн хэрэгжүүлэх тэнцвэрийг хадгалагч, талцлаас ангид, намын улс төрөөс бие даасан парламентын ёсыг хамгаалагч юм. Гэтэл өнөөдөр парламентыг дарга болгочихоор “би дарга юм байна” гээд эндүүрчихдэг. Парламент бол Засгийн газар биш. Ерөнхий сайд сайдуудаа захирдаг. Парламент бол төлөөлөх, хууль тогтоох, хянах чиг үүрэгтэй. Олон ургальч үзэл, бүх нийтийн чөлөөт сонгууль, олон намын тогтолцоо, нийтийн буюу төлөөлөгчдийн танхим гэдэг нийгмийн үзэл санаанаас ургаж гарч ирдэг.
Парламентад нийгмийн нээлттэй дуу холой энд сонсогдож байх ёстой. Зөвхөн олонхын дуу хоолой биш цөөнхийн ч дуу хоолойг нээлттэй хүргэж байх ёстой юм. Олонх шийдвэрээ гаргаж, цөөнх хяналтаа хэрэгжүүлнэ. Үүнийх нь тэнцвэрийг бий болгох ёстой. Мөн парламентад мэтгэлцээн байх нь байх ёстой зүйл. Ардчилсан намын зүгээс УИХ-д мэтгэлцээнийг оруулж ирсэн.
Тиймээс парламентын мэтгэлцээнийг тэнцвэртэй явуулахын тулд төвийг сахисан байхгүй юм бол сөрөг хүчний дуу холой, үйл ажиллагааг хязгаарлаж, олонхын талд үйлчлэх, гүйцэтгэх эрх мэдэлд тавих парламентын хяналтыг сулруулах эрсдэлтэй.
Парламентын спикер улс төрийн намаас ангид байж чадахгүй бол төвийг сахисан байдал, шударга мэтгэлцээн, дэгийг шударгаар сахиулах явдал хангагдахгүй. Өнөөдөр яг нэг намын тогтолцоотой, социализм шиг байдал руугаа буцаж очиж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 24.1-д зааснаар УИХ-ын даргыг саналаа илээр хэлж сонгоно гээд заачихсан. УИХ-н даргыг сонгоход нам байхгүй. Тэнд гаднаас нам дээрээ хуралдаж ирчихээд парламент руу авч орж ирээд байж болохгүй. Намын дарга УИХ-ын дарга болохоор ямар байдгийг би хэлье. З.Энхболд УИХ-ын дарга байхдаа нөгөө намын даргатайгаа нийлж Үндсэн хуулийн цэцэд хуйвалдаан зохион байгуулж байгаад Сонгуулийн тогтолцооноос пропроциональ тогтолцоог авч хаяад намд хариуцлагатай байдаг, иргэд саналаа гээлгүй парламентад төлөөллөө оруулдаг тогтолцоог Үндсэн хуулийн биш гэж зарлуулж байсан. Ялалтынхаа төлөө хийсэн энэ үйлдэл нь дөрвөн жил АН-ыг гудманд гаргасан. Төр ингэж самуурч, гажууддаг юм. Энэ бол Н.Учралд зориулсан зарчим биш. АН сургамж авсан учраас УИХ-ын даргыг намын дарга байлгахгүй гэдэг зарчим дээрээ зогсож байгаа юм. Энэ бол парламентын ардчиллыг сэргээх гэсэн зарчим.
Монгол Улсын Ерөнхийлөгч намаасаа түдгэлздэг. Намаасаа түдгэлзсэн ерөнхийлөгчийг эзгүйд түүнийг орлох бүрэн эрх нь УИХ-ын даргад байдаг. Гэтэл намаасаа түдгэлздэг тэр эрхийг нэг намын дарга эдэлнэ гэдэг Үндсэн хуулийн хямрал. Тиймээс энэ хямралаас сэрэмжилж зарчим дээрээ зогсож байна" гэв.
Ц.ТАМИР














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зүгээр ажиллаж байгаа засаг төрийг бүү оролд АН
Эзэн хаан төрөх гээд байна
Онол зарчим, цаашид тогтох жишгийн хувьд зөв л юм яриад байна лээ Тэмүүжин
Жагсаалтаар гарч ирээд шүүмжлэхээс өөр ажилгүй
хууль.
Энэнээс өөр хийх ажил алга уу