Д.Амарбаясгаланг хэрэгт хутгасан "Бортээг"-т хөрөнгө оруулагч эрж эхэлжээ
УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан "Бортээг"-ийн асуудалд хөшигний ард оролцсон гэх яриа түүнийг эрх мэдэлтэй, МАН-д ч асар нөлөөтэй байх үеэс эхэлсэн. Харин МАН-ын шинэ дарга тодрох үеэр түүний зөвлөх Л.Чулуунзагдыг цагдан хорьж, "Адмирал" ХХК-тай холбогдох шууд холбоо хамаарал руу нь цөмөрсөн юм.
Одоо шалгагдаж буй зүйл анги нь,
- АТГ: Эрүүгийн хуулийн 22.1.3, 22.4.2, 22.10.2-р зүйл ангиар,
- ЭЦА: Эрүүгийн хуулийн 18.6, 18.3 -р зүйл.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг болох 424 сая коксжих нүүрсний нөөцтэй Бортээгийн ордыг нүүрс баяжуулах үйлдвэр барих нэрийдлээр халхавч тендер зарлан, “Админерал” компанид хууль бусаар олгосон нь 2023 оны арванхоёрдугаар сард болсон "Нүүрсний сонсгол"-ын үеэр баримтаар ил болж байв. Тиймээс ч Бортээгийн ордын үйл ажиллагааг эхлүүлэх ажлыг зогсоосон байдаг. Гэхдээ Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэр хэдийн баригдаж, үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд өнгөрсөн аравдугаар сарын сүүлчээр тус баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг прокурорын шийдвэрээр түр зогсоон, баяжуулах үйлдвэрт ажиллаж байсан хятад ажилчдыг нутаг буцаан, түрээсийн машин техник, тоног төхөөрөмжийг эздэд нь хүлээлгэн өгч, объектуудыг нь лацдан битүүмжилсэн гэх мэдээлэл бий.
"Бортээг бол Цанхийн дараа орох 400 их наядын үнэлгээтэй том ордын тухай асуудал энд ярьж байна. "Админерал" компанийг үүсгэн байгуулагч нь хоёр хятад компани. Дараа нь нүүрс худалдан авах гэрээ байгуулсан. Орчны бохирдлыг буруулах үндэсний хорооны тогтоолоор. Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны хуралдааны протокол огт олдохгүй байсныг би цаасан болон аудио хэлбэрээр нь олсныгоо хуулийн байгууллагад өгнө". Энэ бол Б.Энхбаярын Д.Амарбаясгалангийн эсрэг 2025 оны 11сард гаргасан мэдэгдэл нь.
Үүний дараа |2026.01.14|-ний Засгийн газрын хуралдаанаар Бортээгийн ордын хөрөнгө оруулагчийг шалгаруулах талаар хэлэлцэж, |2026.02.13|-нд ЭТТ-оос "Таван толгойн нүүрсний ордын бортээгийн хэсэгт хөрөнгө оруулж, хамтран ажиллах урилга" албан ёсоор нийтлэв.
Урилгатаа " Монгол Улсын Их Хурлын 2025 оны 103 дугаар тогтоолоор “Үндэсний баялгийн сангийн тухай” хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Тавантолгой бүлэг ордын ашиглагдаагүй хэсгүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, одоо болон ирээдүйн иргэдийн эрх ашгийг тэгш хангах, орд газруудыг урт хугацаанд үр ашигтай ашиглахыг Засгийн газарт даалгасан.
Бортээг нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Тавантолгой нүүрсний бүлэг ордын хагас зөөлөн коксжих нүүрсний нөөцтэй хэсэг болно. Бортээгийн хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, нүүрсний олборлолт, экспорт болон нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах саналаа ирүүлэх урилгыг хөрөнгө оруулагч та бүхэнд нээлттэй хүргүүлж байна" гэжээ.
Суурь зарчим нь,
- “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшиж байгаа ашиглалтын тусгай зөвшөөрөл хөрөнгө оруулагчид шилжихгүй;
- Хөрөнгө оруулагч нь төслийн бүтээн байгуулалт, ашиглалттай холбоотой үйл ажиллагаа болон санхүүжилтийг бүрэн хариуцна;
- Жилд 15.0 сая тонноос багагүй хэмжээний хүчин чадалтай уурхайн цогцолбор байгуулна;
- Төслийн үр өгөөжийн дийлэнх нь Монголын талд ногдоно. Шалгарсан хөрөнгө оруулагч 500 сая ам.доллараас багагүй хэмжээний төлбөрийг урьдчилан төлнө гэх.
Сонирхогч талууд |2026.03.13| гэхэд саналаа ирүүлэх ёстойг мөн дурджээ.
Ямар, ямар компаниуд хамтран ажиллахаар санал илгээсэн тухай бид эргэн мэдээлэх болно.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ сэтгүүлчид арай багцаатай шаамаар байнаа. 400 сая орчим нөөцтэй ордыг 400 их наядын үнэлгээтэй гээл шаах юм. Тийм байсан бол МУ өнгөрсөн жил 90 орчим сая тонн нүүрс экспортолсон 90 их наядыг олох байжээ? Юмаа судлаачээ.
Тойролд Ван, Тэмүүжинд Жаухари цол өгдөг алтан улсын хуандигийн бодлого шиг хоёр монгол нүүрсний хулгайчид өөр өөр мөнгө өгсөн чинь бүүр холион бантан болж, хуваагдал явагдаж байна.