Филиппин Ираны дайны улмаас эрчим хүчний онц байдал зарлажээ
Филиппиний Ерөнхийлөгч Фердинанд Маркос Иранд болж буй дайны улмаас эрчим хүчний онц байдал зарласан байна. Түүний гарын үсэг зурсан зарлигт “Ойрх Дорнодод үргэлжилж буй мөргөлдөөн, мөн үүнээс үүдэн улсын эрчим хүчний хангамж, тогтвортой байдалд эрсдэл учраад буйг харгалзан үзэж эрчим хүчний онц байдал зарлаж байна” гэжээ. Онц байдал дор Филиппиний Эрчим хүчний яам түлш нөөцлөх, хомсдолоос ашиг олох, түлш худалдан авахын тулд урьдчилж төлбөр хийх гэх мэт зүйлсийн эсрэг арга хэмжээ авах эрх мэдэлтэй бож байгаа юм.
Мөн Филиппин хоригт орсон орнуудаас газрын тос худалдан авах зөвшөөрөл АНУ-аас авахаар ажиллаж байна гэж тус улсаас Вашингтонд суудаг Элчин сайд Хосе Мануэл Ромуалдез мэдэгджээ. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт /2026.03.20/ Филиппиний засгийн газар мэдэгдэхдээ 45 хоногийн хэрэгцээг хангах түлшний нөөц байгаа гэсэн юм.
Ираны дайн улмаас үүссэн эрчим хүчний хямралын улмаас Филиппин түлш хэмнэхийн тулд төрийн алба хаагчдыг ажлын дөрвөн өдөртэй болгосон. Мөн мотоцикл, такси болон нийтийн тээврийн жолооч нарт түлшний үнийн өсөлтийг давж гарахад нь туслахын тулд 5 мянган песо олгож эхэлжээ. Зарим хотуудад оюутнууд болон ажилчдад үнэгүй автобусаар үйлчилж мөн эхэлсэн байна.
Эх сурвалж: The Guardian















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.