“Bank of America” Эпстейнийг буруутгасан эмэгтэйд 72.5 сая ам.доллар төлөхөөр тохиролцжээ
“Bank of America” Жеффри Эпстейнийг буруутгасан эмэгтэйд 72.5 сая ам.доллар төлж, шүүхээс гадуур тохиролцох болсон байна. Тэр эмэгтэй “Bank of America”-г Эпстейн бэлгийн хүчирхийллийн хэрэг үйлдэх арга замыг нь хөнгөвчилсөн гэж буруутган шүүхэд өгөөд байсан юм.
Жэйн Дөү гэх хуурамч нэр ашиглан нэхэмжлэл гаргахдаа тэр эмэгтэй “Bank of America” хохирогчдыг хамгаалахаас ашиг олохоо чухалчилж үзсэн тул Эпстейнтэй холбоотой сэжиг бүхий санхүүгийн гүйлгээнүүдийг хийсэн гэж буруутгасан байна.
Шүүхээс гадуур тохиролцсоныхоо дараа “Bank of America” мэдэгдэл хийхдээ “Bank of America бэлгийн наймааны хэрэг үйлдэх арга замыг нь хөнгөвчлөөгүй гэх байр сууриа хадгалж байгаа. Ингэж тохиролцсоноор энэ асуудлыг ардаа орхин, нэхэмжлэгч талд ч тодорхой нэгэн шийдэл болж өгч байна” гэжээ.
Нэхэмжлэгч эмэгтэйн хуульчдаар ажиллаж буй Дэвид Бойес, Брэдли Эдвардс нар мэдэгдэл хийхдээ ингэж тохиролцох нь хамгийн сайн шийдэл байсан гэсэн юм. Тэд тохиролцооны 30 хүртэлх хувь буюу 21.8 сая ам.долларыг хууль эрх зүйн төлбөрт шаардах эрхтэй аж. Талууд тохиролцоонд хүрснийг АНУ-ын дүүргийн шүүгч Жед Ракофф эцэслэн батлах ёстой.
Эх сурвалж: Reuters














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.