Top StoriesУЛС ТӨРУлс төрийн ярилцлага

Ө.Шижир: Хуучин сайд нар хэр хэмжээгээр солигдох вэ гэдгээс Н.Учралын бодлого харагдана

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн улс төрийн асуудлаар ярилцлаа.

-Цэвэр сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж байгаа энэ үед бүлгийн дарга болон намын дарга тусдаа байсан нь зөв-

-Танай намын дарга О.Цогтгэрэл УИХ дахь АН-ын бүлгийн даргаа давхар хийдэг. Хоёр албан тушаалыг давхар хаших нь зохимжгүй хэмээн үзэж, гарын үсэг ч цуглуулаад эхэлсэн тухай мэдээлэгдсэн. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ, гарын үсгээ зурах уу?

-Сонгуулийн үр дүн гарсны дараа хамгийн анх |2024.07.02|-нд АН хурлаа хийсэн. Тэр бүлгийн хурал дээр би хоёр зүйлийг л тодорхой хэлсэн. Нэгдүгээрт, Засгийн газарт хамтарч орж болохгүй. Угаасаа ард түмэн биднийг сонгуулиар хоёр ялгаад өгчихлөө. Бид олонх болоогүй учир засаг барихгүй. Тиймээс ЗГ-т ороод хэрэггүй гэсэн. Гэтэл бүлгээс бус намын улс төрийн зөвлөлөөс ЗГ-т хамтрах шийдвэрийг гаргасан, найман гишүүн сайд болсон. Төд удалгүй хөөгдөөд хүрээд ирсэн, тийм биз.

Хоёрдугаарт, АН-ын бүлгийн дарга, дэд даргыг нэг нэг жилээр ээлжилдэг байя. Яагаад гэвэл 42 гишүүний суудалтай АН-ын дуу хоолойг олон нийтэд хүргэх, сурталчлахад энэ хүмүүс чухал үүрэгтэй байдаг. Тиймээс нэг, нэг жилээр ээлжилсэн нь зөв. Сөрөг хүчний нам аль болох олон гишүүнээ тодруулаад 2028 оны УИХ-ын сонгуульд рейтинг өндөртэй олон улс төрчтэй байх нь зөв гэх санал гаргасан ч унасан. Би энэ зарчим дээрээ л байгаа.

О.Цогтгэрэл даргыг |2025.09.18|-нд УДШ-ээс АН-ын даргаар бүртгэсэн. Тэр цагаас хойш намын дарга, бүлгийн даргаа зэрэг хийж байгаа. Засаг төр бужигнаж, төсөв хэлэлцэх үеэр МАН хоёр хуваагдаж, бие биеэ бойкотлож, огцруулна огцруулахгүй гэж 30|38-аараа талцаж байхад бүлгийн дарга болон намынхаа даргын үүргийг зэрэг биелүүлж явсан нь зөв байсан. Одоо Ардчилсан нам Засгийн газарт байхгүй. Цэвэр сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж байгаа энэ үед хоёр үүрэг нь тусдаа байсан нь зөв.

Харин гарын үсэг цуглуулж байгаа үгүйг баттай хэлж мэдэхгүй юм. Хэвлэлийн мэдээтэй л байна.

-АН-ын бүлэг яг нэгдмэл байр суурьтай байгаа юу. Сая хаврын чуулганыг нээх өдөр танай намын бүлгээс Н.Учралыг УИХ-ын даргын суудлаа өгтөл АН-ын 42 гишүүн хуралдаанд суухгүй гэх байр суурийг илэрхийлсэн. Гэтэл Н.Учралыг чөлөөлөхөөр санал хураахад танай намын 12 гишүүн эсрэг кноп дарсан байх аа.

-Бид нэгдмэл байгаа. Дэд сайд нартай холбоотой асуудалд гишүүд бүгд гарын үсгээ зурсан. Мөн аль нэг намын дарга УИХ-ын дарга байх нь зохимжгүй гэх шаардлагадаа ч үнэнч байсан. Н.Учралын чөлөөлөгдөх чуулганы хуралдааныг Ж.Бат-Эрдэнэ удирдсан учир бид суусан. Кнопоо эсрэг дарсан нь хоёр гурван шалтгаантай. Санал хураалт явагдах үеэр түр гарсан байж болно. Мөн санал хураах 6 секундэд амжаагүй байж ч болно шүү дээ. Гэхдээ тэр эсрэг кноп дарсан гишүүдээс л үүнийг асуух хэрэгтэй. Бид хүний өмнөөс хариулах нь зохимжгүй.

-АН-ын дотоод сонгууль болж өнгөрлөө. Мөнгө тараасан, царцаа нүүлгэсэн, УИХ-ын гишүүд нь ҮБХ дээрээ унасан зэрэг асуудал хөвөрсөн. Үүнээс гадна танай намын дүрэмд ҮБХ-ны гишүүнээр сонгогдож чадаагүй бол УИХ-д дэвшихгүй гэх заалт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Тэгэхээр саях сонгуулиар ҮБХ дээрээ бүдэрсэн УИХ-ын 10 орчим гишүүн 2028 онд сонгуульд өрсөхгүй гэсэн үг үү?

-Сая болж өнгөрсөн АН-ын дотоод сонгууль бол шинэчлэлийн нэг хэсэг байсан. 2018, 2019 оны үед сонгогдон, солигдоогүй байсан ҮБХ-нд салхи орууллаа. Улс төрийн намын тухай хууль |2026.01.01|-нээс хэрэгжиж эхэлж байгаатай холбоотой бүхий нам, эвслүүд дотооддоо өрсөлдөөний хийлээ.

Мөнгө тараасан асуудлыг мэдэхгүй. Би өөрөө мөнгө тараагаагүй юм чинь яаж мэдэх билээ.

Харин "УИХ-д дэвших гишүүд ҮБХ-ны гишүүн байна" гэх дүрэм хэрэгжсээр байгаа. Сая сонгуулийн дүнгээр ҮБХ-нд сонгогдож чадаагүй УИХ-ын гишүүдийг дараагийн сонгуульд өрсөлдөх эрхгүй гэж шууд хэлж болохгүй. Дахин сэлгэлт хийгдэнэ.

-Мягмар гарагийн чуулганд МАН-ын 20 орчим гишүүн л суусан. Нэг нь ч сайд болох боломжгүй гэдгээ ойлгочихсон болохоороо л сууж байгаа нь тэр. Харин байхгүй хүмүүс бол гадуур сайд болох гээд хөөцөлдөж яваа гэсэн үг-

-Шинэ Засгийн газарт ямар хүмүүс ороосой гэж үзэж байна вэ. Зарим гишүүний зүгээс хуучин сайд нарыг улираах хэрэггүй гэх байр суурийг илэрхийлж байгаа шүү дээ.

-Ерөнхий сайд Н.Учралын тухайд цахим шилжилт, цомхон бүтцийн талаар их ярьдаг хүн шүү дээ. Ярьдаг зүйлдээ эзэн байгаарай л гэж хүсье.

Хуучин сайд нар хэр хэмжээгээр солигдох вэ гэдгээс Н.Учрал сайдын бодлого харагдана. Хэрвээ бүтэц бүрэлдэхүүн энэ хэвээр ороод ирвэл нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдэгтэй л ижил зүйл болно. Харин бүтцээ өөрчлөөд ороод ирвэл Н.Учрал юм хийх гэж байгаа юм байна, өөрийнхөөрөө ажиллахаар төлөвлөжээ гэж харагдана.

Мягмар гарагийн чуулганыг харсан бол МАН-ын 20 орчим гишүүн л сууж байсан. Нэг нь ч сайд болох боломжгүй гэдгээ ойлгочихсон болохоороо л сууж байгаа нь тэр. Харин байхгүй хүмүүс бол гадуур сайд болох гээд хөөцөлдөж яваа гэсэн үг.

-УИХ-ын дарга томилогдож байж Н.Учрал өөрийн Засгийн газраа чуулганд танилцуулахаар хүлээж байна. Одоогоор спикерт С.Бямбацогт, Б.Жавхлан нар яригдаж буй. Сөрөг хүчний намын гишүүний хувьд УИХ-ын даргыг ямар хүн байгаасай гэж хүсэж байна. Дайх үг бий юу?

-УИХ-ын дарга бол аль нэг намын байр суурийг илүү барьдаггүй, парламентад үг хэлж байгаа гишүүдийн үгийг хаадаггүй, өөрийнхөө үзэмжээр ханддаггүй л хүн байх ёстой.

Сая манай намын бүлэг Н.Учралыг Ерөнхий сайдаар томилох талаар хэлэлцэх үеэр нэг хоногийн завсарлага авъя гэхэд нэг цагийн л завсарлага өгсөн. Ийм байж болохгүй шүү дээ. Нэг цагийн завсарлагаагаар намын бүлэг юу ярьж амжих юм бэ. Тийм учраас сөрөг хүчний намынхандаа хүндэтгэлтэй хандах учиртай. Азаргалж загнаад, үг хэлэх эрхийг нь хаагаад байж болохгүй.

-Та МАН-ынхныг гэмт хэргийн сериал ярьж өгч байна гэж шүүмжилсэн байх аа.

-|2025.09.01|-нд Улсын төсвөө өргөн бариад |2025.09.12|-нд Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшихээ илэрхийлж, маргааш нь Г.Занданшатар мөн дэвшинэ гэдгээ хэлсэн. Үндсэндээ энэ намын зодоон энэ цаг тооллоос эхэлсэн. Эрх барьж байгаа намын зодоон үнэт зүйл, зарчим, Монгол орныг хэрхэн хөгжүүлэх, ард иргэдийнхээ амьдралыг хэрхэн хөгжүүлэх талаар нэг ч яригдаагүй. "Чи хулгайч бол би хулгайч. Хулгай хийснийг чинь мэднэ шүү" л гэдэг юм болсон. 2016 онд МАН эрх барьж эхлэх үед ЖДҮ, БЗС-гийн хулгайн талаар ярьдаг байсан. 500-950 сая төгрөгийн талаар л.

Гэтэл одоо зуу, зуун тэрбумын хулгайг ярьдаг боллоо. 100 сая ам.доллар, сүүлд 120 сая ам.доллар яригдаж байна. Энэ хүмүүсийн мөнгөний ойлголт төгрөгөөс хэдийн даваад доллар руу орчихсон. Баяжаад, задарчихсан байна төрийн мөнгөөр. Хэн нь яаж хулгай хийснээ мэддэг болохоор бие биеэ шантаажилдаг. Ний нуугүй хэлэхэд ийм л нөхцөл үүсчхээд байна.

МАН хуваагдсан 8-9 сарынхаа хугацаанд нэгнийхээ гэдсийг сайхан хүүлж өглөө. Холливудын кинон дээр 10 сая ам.доллар дээрэмдэх гэж бөөн юм болдог биз дээ. Тэгтэл МАН-ынханд 100 сая ам.долларын дээрэм энүүхэнд яригдаж байна.

Сүүлдээ хүн амины хэрэг хүртэл ярьсан шүү дээ. "Санаатайгаар хөнөөсөн" тухай. Ийм байж болох уу. Ард иргэдэд бодитоор нь онц ноцтой хүн амины хэргийн олон ангит киног ярьж өглөө, тэд.

Дурдагдсан кейс бүр дээр хууль хяналтынхан сайн ажиллах хэрэгтэй. Гэрчийн мэдүүлэгт дуудаад ав. Засгийн газар өөрөө гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэгтэй. Тиймээс Засгийн газрын тэргүүн нь энэ ажлаа хийгээрэй, этгээдүүдтэйгээ тэмцээрэй.

-Хайр сэтгэлийг хуульчилж болохгүй гэдэгтэй адил ёс зүйг хуульчлахад хэцүү ойлголт. Зөрчил бүхий гишүүнээ дараагийн сонгуульд сонгохгүй байхаа ард түмэн мэднэ. Тиймээс Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг эргэж харах нь зөв-

-Туулын хурдны зам дээр талцал үүсчхээд буй. Мөн олон ч үйл явдал өрнөлөө. Танай намын бүлгээр ч энэ асуудлыг хэлэлцсэн, өчигдөр байнгын хороо дээр ч яригдсан. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-Туулын хурдны зам дээр тодорхой байр суурийг илэрхийлсээр ирсэн. Эхлээд иргэддээ мэдээллээ өг. Улаанбаатар хотод ямар хэмжээний, хэчнээн төгрөгийн төсөл хэрэгжүүлэх гээд байгааг ойлгуул. Үгүй бол ойлголтгүй иргэн ажил хийх гээд байгаа хүн хоёрын дунд зөрчил гарах гээд байна шүү дээ. Сүүлдээ бүр хурцадмал байдал руугаа шилжээд дүүргийн Засаг дарга нар нь Хотын даргатайгаа нийлээд иргэдийнхээ эсрэг жагсаж ч байх шиг. Гаж үйл явдал өрнөлөө.

Улаанбаатар хотод хоёр л асуудал байна. Түгжрэл, утаа. Энэ хоёрыг шийдэхийн төлөө хотынхон ажиллах ёстой. Гэхдээ тэр ажлаа иргэддээ ойлгуул.

2774 багана Туул гол дээр баригдах гэж буй юм байна. Энэ нь голын урсцад нөлөөлөх үү, байгаль орчны эко системд хэрхэн нөлөөлөх юм бэ, ойр орчмын иргэдэд дуу чимээний бохирдол нь яаж нөлөөлөх вэ. Үүнийг иргэд нээлттэй байдлаар хармаар байна.

Усны газар ноцтой зүйлсийг ярьж байна билээ. Гол дээр баригдах гэж байгаа байгууламжид Усны газраас дүгнэлт гаргаагүй байна гэдэг чинь юу гэсэн үг вэ. "Бушуу туулай борвиндоо баастай" гэдэг шиг л юм болж.

Эргэн сануулахад 2010 онд Монгол Улсын төсөв 2.3 их наяд төгрөг байсан. Гэтэл одоо асуудал үүсгээд буй "Туулын хурдны зам"-ын нийт төсөв ₮2.3 их наяд.

-Ерөнхийлөгчийн зүгээс гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл санаачилж, удахгүй чуулганаар хэлэлцүүлэх гэж буй. Энд ёс зүйн талаар ч дурдагдсан. Гэтэл өчигдөр Д.Энхтүвшин гишүүн Хотын орлогч дарга Т.Даваадалайг түлхэж унагаасан асуудал гарлаа.

-Олон талтай асуудал. Ерөөс хайр сэтгэлийг хуульчилж болохгүй гэдэгтэй адил ёс зүйг хуульчлахад хэцүү ойлголт. Ёс зүйн байнгын хороо дээр орж ирж байгаа өргөдлүүдийг харахад өмнө нь ч тийм асуудал үүсгэсэн л байдаг. Нөгөө талаараа УИХ-ын гишүүнд хариуцлага тооцох асуудал сонгуулиар яригддаг. Сонгоод явуулсан байхад зөрчил гаргасан бол дахин саналаа өгч, сонгохгүй байхад л болно. Парламентын засаглалын гол амин сүнс чинь энэ шүү дээ.

-Хаврын чуулган эхлээд гурван долоо хоног өнгөрч байна. Энэ удаагийн чуулганаар таны хувьд ямар хуулийн төслүүдэд түлхүү анхаарч ажиллах вэ?

-Оюутан залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулаад дуусаж байна.

Монгол ажиллах хүчний хомсдолд орчихсон гээд яригдаад байдаг. Тийм атлаа оюутан, залуусыг цагийн ажил хийх, хөдөлмөр эрхлэх боломжийг нь олгоогүй. Гурван сар ажилласан ч, арван жил ажилласан ч НДШ төлдөг, татвараа төлдөг байх ёстой. Монголд цагийн ажилтны үнэлгээ байхгүй, түүнийг зохицуулсан хуулийн заалт байдаггүй.

Мөн Сонгуулийн тухай хууль боловсруулагдсан, үүнийгээ өргөн барина.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Huuchin saiduudiig ymar hemjeegeer solih ni uneheer gol asuudal bn daa

Зочин
Зочин

Нэг л хуучин хүмүүсээ эргүүлээд тавьбал өөрчлөлт гарахгүй л дээ

Зочин
Зочин

Shine hun orж irj bj shine setgelgee гарна шүү

Зочин
Зочин

Зүгээр нэр солих биш бодлогоо өөрчилж чадвал л утгатай

Зочин
Зочин

Ene bol zugeer neg solilt bish systemiin asuudal shdee

Зочин
Зочин

Ярьснаа хийж чадвал л хүмүүс итгэнэ дээ

Зочин
Зочин

Yamar humuus orж ирэх ni ih chuhal shuu

Зочин
Зочин

Сайд нарын солигдолт бол бодлогын чигийг харуулна

Зочин
Зочин

Huuchin systemee l avaad yawbal yu ch oorchlogdohgui

Зочин
Зочин

Нэг хэсгийг нь үлдээгээд, нэг хэсгийг нь шинэчлэх нь зөв байж магадгүй

Зочин
Зочин

Shinechlel hiine gj baigaa bol zorigtai hiih heregtei

Зочин
Зочин

Бүтэц өөрчлөхгүй бол хүмүүс солиод ч нэмэргүй байх

Зочин
Зочин

Нэг нам доторх тохиролцоо биш улс орны бодлогоор хараасай

Зочин
Зочин

Зөв хүмүүсээ тавьж чадвал боломж байна даа

Зочин
Зочин

Энэ удаагийн шийдвэрүүдээр л бодлого нь тодорхой болно

Зочин
Зочин

Хэтэрхий удаан нэг хүмүүс эргэлдээд байх юм

Зочин
Зочин

Хэтэрхий удаан нэг хүмүүс эргэлдээд байх юм

Зочин
Зочин

Ээ энэ Батцэцэг эд нар одоо болих хэрэгтэй. Хэдэн удаа сайд болох гэсэн юм. Арай ч дээ.

Холбоотой мэдээ

Back to top button