Чуулганы эхэнд УИХ-ын даргын асуудлыг хэлэлцсэнгүй

УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Өнөөдөр өглөө МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж УИХ-ын даргад нэр дэвшигчийн нэрийг С.Бямбацогтоор зарласан. Үүний дараа Төрийн байгуулалтын байнгын хороо яаралтай хуралдаж, МАН-ын бүлгийн шийдвэрийг хэлэлцэх дараалалтай уг нь.
Гэтэл УИХ-ын чуулганаар өөр хуулийн төсөл хэлэлцэж буй тул УИХ-ын даргын асуудлыг хэлэлцэх эсэх одоогоор тодорхой болоогүй хэвээр байна.
Чуулганд 113 гишүүн ирцээ бүртгүүлсэн гэж байгаа ч яг сууж, хуралдаанд оролцож байгаа 30 орчим гишүүн л байна. Тухайлбал, ХҮН намын дарга Т.Доржханд, АН-ын бүлгийнхэн, Д.Амарбаясгалан талын цөөнхийн бүлгийнхний дийлэнх гишүүд чуулганд алга. Мөн сайдад нэр нь яригдаж буй гишүүд ч ирцээ бүртгүүлээд гарчээ. МАН-ын бүлгийн хурлаар УИХ-ын даргад С.Бямбацогтыг дэвшүүлэхийг дэмжих эсэх асуудлыг хэлэлцэх үед МАН-ын бүлгийн 53 гишүүн байснаас 48 нь дэмжсэн бөгөөд Д.Амарбаясгалан тэргүүтэй цөөнхийн бүлгийнхнээс мөн л бүлгийн хуралдаа суугаагүй.
Харин УИХ-ын чуулган хуралдаж эхлэхтэй зэрэгцэн Д.Амарбаясгалан ордонд орж ирсний дараа чуулганы хуралдаанд ирцээ бүртгүүлсэн гишүүд нэг нэгээрээ гарч явцгаасан дүр зураг ажиглагдав.
МАН-ын бүлгийн хагарал өнөөдөр УИХ-ын даргыг томилуулж чадах уу гэдэг нөхцөл байдал руу нэгэнт оржээ.
Т.БАТСҮРЭН
Гэрэл зургийг: Б.ЭРДЭНБАЯР





























АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.