НИЙГЭМСурвалжилга

Сурвалжилга: Махны эх орны иргэд "махаа идэж" амьдарч байна

Монголд хоёр зүйл маш хурдтай, бүр тасралтгүй өсөж байна. Нэг нь нам дагасан улстөрч. Нөгөө нь махны үнэ. Одоогийн байдлаар зах, худалдааны төвүүдэд үхрийн гуяны цул мах 33 мянган төгрөгийн үнэтэй байна. Хотын төв рүү ойртож, хэмжээ нь жижгэрч, сав баглаа нэмэгдэх тусам зах зээлийн зарчмаараа үнэ улам нь нэмэгдэнэ. Тэгэхээр бид 100 мянган төгрөгөөр гурван килограмм мах авч хүрэхтэй үгүйтэй цаг үед амьдарч байна. Үүнээс чухал асуудал нь 100 мянган төгрөгөөр мах худалдаж авах "ханаж цадсан, хахаж цацсан хүн" энэ нийгэмд хэд билээ. Талх, төмсөө ч зээлээр авч байна шүү дээ, иргэд. Даанч үүнийг мэддэг эрх ямбатан энэ улсад алга бололтой. Зах явж амждаггүй, "завгүй" эрхмүүдэд зориулан дараах сурвалжилгыг бэлтгэлээ.


Манай сурвалжлах багийн очсон эхний газар бол Бөмбөгөр худалдааны төв. Бөмбөгөр бол хотын төвд ойр, бараа бүтээгдэхүүн нь захын үнэтэй дөхүү байдаг, иргэдийн ихэвчлэн зорьдог газрын нэг. Орох хаалган дээр зөрсөн 50 гаруй насны эмэгтэйгээс махны үнэ ямар байгааг сураглахад "Хонины мах нэг кг нь 24 мянга төгрөг байна. Иймхэн мах 37 мянган төгрөгөөр авлаа шүү дээ" хэмээн торны ерөөлд хийсэн махаа чамлангуй өргөж харуулав.

Цааш явж махны лангуунуудаас үнэ лавлахад "Дэнжийн 1000-гаас очиж асуу. Бид нэмж зараад байгаа юм байхгүй" хэмээн ундууцлаа. Гэхдээ тэд махны нийлүүлэлт хомс, иргэдийн худалдан авалт муу, түрээсээ ч төлж чадахгүй хэмжээнд байгаагаа учирласан юм. Ерөөс худалдааны төвийн дотор ч, гадна ч тор дүүрэн хүнс барьж яваа хүн байсангүй. Хэрэглээний сагс тэр хэмжээгээр дундарчээ.

Худалдагч нарын хэлснээр Бөмбөгөр худалдааны төвд Үхрийн цул мах 32000 мянга, хонины цул мах 23000 төгрөг байна. Харин иргэд дээрхээс 500-1000 мянган төгрөгөөр илүү үнэ хэлж байсан юм.

Худалдагч: 17 жил мах зарахдаа мах ийм ховор, үнэтэй байхыг үзсэнгүй

Бид явсаар Дэнжийн 1000-д байрлах "Хүчит шонхор" худалдааны төвд ирлээ. Өдөржин түм түжигнэж байдаг энэ зах үдийн хойхон очиход харьцангуй эл хуль угтав. Мах, махан бүтээгдэхүүний худалдаа руу ороход үлдсэн махаа цэгцэлж, лангуугаа цэвэрлэн ажлаасаа буухад бэлдэж буй 10-аад худалдагч угтлаа. Үйлчлүүлэгч гэхээр хүн үзэгдсэнгүй. Махны үнэ асуухад нууж хааж сүйд болсонгүй. "Үхрийн цул мах 33 мянга, ястай нь 27 мянга, хонины цул мах 23,5 мянга, ямааны мах 18,5 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна" гэлээ.

Урьдны камер, микрофон хараад "загнаж зандардаг" давилуун худалдагч нар бүгд нүүгээд явчих аа юу гэмээр. Гэхдээ тэд байдгаараа л байгаа. Харин борлуулалт байхгүй, үйлчлүүлэгчгүй болсны илрэл юм.

Үнэндээ мах ч "алга". Нэгэн худалдагч эмэгтэй үлдсэн махаараа хуймаглан, хүнсний скочоор ороонгоо "Энэ жил махны олдоц муу. Бөөний үнэ нь ч өндөр байна. 17 жил мах зарахдаа мах ингэж ховордохыг үзсэнгүй. Гадаад, дотоод гаргачихдаг юм уу бүү мэд" хэмээн толгой сэгсрэв.

Өрхийн үйлдвэрлэгч Г.Оюун-Эрдэнэ: Өмнө нь өдөрт 50-60 кг мах авдаг байлаа, одоо бол өдөр өдрөө аргацааж байна

Мах борлуулагчдын хэлсэнчлэн хүний хэрэгцээ юм хойно, иргэд байгаа байгаадаа тааруулаад бага багаар авч л байна. Харин хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг өрхийн, бичил бизнес эрхлэгчдэд махны үнийн өсөлт улам ч хүнд тусаж байгаа аж. Буузны бизнес хийдэг Г.Оюун-Эрдэнэ гэх бүсгүйг материалаа цуглуулаад буцаж байхад нь бид таарсан юм.

Тэрбээр "Махны үнийг тогтворжуулах бодлого хэрэгтэй байна. Манай улс чинь махны орон шүү дээ. Тийм байтал мах хомсдолтой , ийм өндөр үнэтэй байна гэдэг над шиг жижиг бизнес эрхлэгчдэд маш хэцүү. Өнөөдөр гэхэд тавхан кг мах аваад гарч байна. Өмнө нь өдөрт 20-50 кг, зарим үед 60кг мах авдаг байлаа. Борлуулалт огцом буурсан. Өдөр өдрөө л аргацааж байна даа" хэмээн ярилаа.

25 кг гурил ₮58000 : Өнгөрсөн жилийн дээд ханш энэ жилийн доод үнэ болов

Эдийн засгийн хямрал, үнийн өсөлтийн нөлөөгөөр бидний мэддэг захын дүр төрх ихэд өөрчлөгджээ. Уг нь бол захаар явахад тэрэг түрж яваа хүнд дайруулчих гээд л, тэвшин дээр ачсан мах, гурил нь нурж унах нь холгүй байдаг сан. Гэтэл "Хүчит шонхор" захын аль ч хэсэгт үйлчлүүлэгч харуулдан лангууныхаа тоосыг арчих худалдагч, үнэ асуухаас халгах мэт алсуурхан тойрч алхах иргэд бие биенээсээ дөлөн байна.

Гурилын павилоны худалдагч залуугаас борлуулалт хэр байгааг асуухад хүнгүй лангуу руу гараараа зааж хариулав. Тэрбээр "Хүмүүс ихэвчлэн нэг кг эсвэл 25 кг-аар савласан гурил авдаг. 25кг-ын савлагаатай гурил 52-58 мянга, нэг кг гурил 2400-2600 төгрөгийн үнэтэй байгаа. Өнгөрсөн жил 25 кг-ын гурил дээд тал нь 54 мянга хүрсэн. Одоо бараг доод үнэ болчихлоо" хэмээн хуучлав.

Өрхийн данс хоосорч, өрийн дэвтэр зузаарч байна

Манай сурвалжлах баг айл, өрхөд үнийн өсөлт хэрхэн нөлөөлж байгааг тодруулахаар хүнсний дэлгүүр оров. Гэр хорооллын гудамж дахь зэргэлдээ хоёр дэлгүүрийн арай хуучивтар барилгатайг сонгон орох гэтэл хаалгаа түгжиж, хөшгөө татжээ. Тэгэхээр өнөөдөр л ингэж таарсан биш, бүрмөсөн хаалга барьсан байж магад.

Харин хажууханд нь байрлах супермаркет орвол, гэр хороолол дахь найман нэрийн хүнсний дэлгүүр бүрд ажиглагддаг хуйлсан жижиглэнгийн цул мах байсангүй. Харин нэг кг- ын савлагаатай гурилаа хамгийн доод тавцангийн мухрын хэсэгт өрсөн байв. Энэ бол тэр бүтээгдэхүүний борлуулалт хэр зэрэг байгаа талаарх үггүй хариулт.

Дэлгүүрийн эзэн "Орлого өдөр ирэх тусам буурч байна. Хүмүүс өдөр тутмын хоол хүнсний зүйлсээ зээлээр голчлон авч байна. Цалингаа буухаар төлдөг. Зарим айлын өр нэг сая гаруй төгрөг болж" хэмээн зээлээ тэмдэглэдэг дэвтрээ харуулсан юм. Биднийг ийн ярилцах зуур дунд ангийн хөвгүүнээс өөр үйлчлэгч орж, гарсангүй.

Зах, худалдааны төвөөр тойрч явахдаа махны лангуунаас эхлээд үнээ бичиж тавих больсныг анзаарав. Иргэд ч асуухаас түвдэлгүй, өврөө тэмтрэн харж зогсох юм.

Уг нь манай улс УИХ-ын даргаа сонгох, шинэ Ерөнхий сайд нь танхимаа бүрдүүлэх гээд Төрийн ордонд нойр хоолгүй хуралдаж суугаа. Гэхдээ махны лангуу тойрч, арай хямдыг нь хайн холхих олны дунд үүнийг мэдэж, анзаарч байгаа хүн даанч цөөн байна.

Нөгөө талд төр түшилцэж байгаа эрхмүүд дунд иргэд нь махаа граммаар жинлүүлж, манжийн эрхшээлийн үе шиг хар дансанд нэрээ бичүүлэн, хүнсээ зээлдэж өдөр хоногийг аргацааж байгааг мэддэг нь хэд вэ. Төр, иргэн хоёр яг л нуруу нуруугаа харуулаад, нүд чихээ таглаад суучихсан хүмүүс шиг.

Уулзсан, ярилцсан хүн бүрийн амнаас "махны үнэ маш өндөр байна", "амьдрахад бэрх байна" , "төр нь иргэдийнхээ амьдралыг мэддэггүй", "Шатахууны үнэ дахиад л өсөх сурагтай, дагаад бүх юмны үнэ өснө дөө, яана даа" хэмээх үгс гарч байлаа. Тэд малчдын зах гэж нээн ажиллуулсан ч махны үнэ улам өссөн талаар ярьж байна. Гэтэл малчид махаа хямдхан зарж буйгаа хэлдэг.

Жирийн малчдад ашиг нь хүрдэггүй, худалдаачдад олдоггүй , эгэл иргэдэд үнэ нь хүчрэгддэггүй ховрын бараа гэвэл мах л болоод байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
35 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Махны орон байж махаа авч идэж чадахгүй байна гэдэг үнэхээр эмгэнэл

Зочин
Зочин

mahnii une arai denduu usuj bn shuu

Зочин
Зочин

Иргэдийн амьдрал хэцүүдэж байгааг энэ нийтлэл тод харуулж байна

Зочин
Зочин

100k-oor 3kg avahad hurehgui gedeg arai l hetsuu

Зочин
Зочин

ene bol zugeer l amidral hetsuudlee gesen ug

Зочин
Зочин

Өдөр тутмын хоол хүнсээ зээлээр авч байна гэдэг аймшигтай

Зочин
Зочин

humuus uneheer hudaldaj avch chadahaa bolij bn

Зочин
Зочин

Махны үнэ буухгүй бол улам л хүнд болно доо

Зочин
Зочин

mah bol mongolchuudiin undsen hool shuu dee

Зочин
Зочин

Хүмүүс граммаар авч идэж байна гэдэг үнэн дүр зураг байна

Зочин
Зочин

Яг л бодит амьдрал, цагаа олсон маш сайн сурвалжилга байна

Зочин
Зочин

Ганц мах ч биш бүх хүнс бараа байр сууц гээд үнэ маш их өссөн байгаа шүү. Бизнес дампуурч дууслаа ард иргэд наад захын идэх хүнсээ ч авч чадахгүй хэцүү байна даа.

Зоч
Зоч

Малчдыг сонгуульд ашиглахын тул бүх төрлөөр зээл тусламж өгөх тусам малчид уламл мал махааа заруул зөөхниииг үнэтэй зардаг болсон бас хужаарууу маш ихээр нь гаргахааар яаж хотынхонд хямд мах олдховдэээ

Зочин
Зочин

gadagshaa hynaltgui gargahaa zogsoo hedhen darga nar holjson hahuuliar

Зочин
Зочин

Малтай улс байж мах ийм үнэтэй байна гэдэг ойлгомжгүй

Зочин
Зочин

Ингээд байвал жижиг бизнесүүд бүгд дампуурах нь

Зочин
Зочин

ene une bol eruul bish zah zeel bn

Зочин
Зочин

ard tumenii amidral uneheer hund bolj bn daa

Зочин
Зочин

yagaad dund ni une ingej uschihdag yum be

Зочин
Зочин

30 гаруй жил МАНАН гээч хулгайч, авлигчид луйварчдыг төр засгийн эрхэнд толгой дээрээ залсаны хор уршиг!

Зочин
Зочин

Систмийн тогтолцооны буруу. Ченжүүд элдв цуу тарааж ингэж үнэ хадааж бна. Хохь н. Чингис их хүн хядсны карма чам дээр гарч бна. Кккк

Зочин
Зочин

Гудаманд машин нь багтахгүй. Машиндаа өөрсдөө багтахгүй болтлоо бэлцисэн Улс ядубралд автаагүй. Хулгай луйВар авилгад живж бнаа. Ийм арчаагүй улс мөхөж Мөд хятадын хоцрогдсн зах хязгаар болно. Толгой дээрээ авилгач хулгайч нараа залаад бай.

Ууганбаатар
Ууганбаатар

ЭНЭ чэнж нэртэй хүмүүсийг үгүй хийгээгүй цагт махны үнэ буурна гэж байхгүй. Японы загасны зах өглөө 5 цагт эхэлнэ Загасчид ирж таарна... тэгээд хоёр эзэн (ямрч дундын чэнжгүй дуудлага худалдаа эх лнэ .. Малчин Худалдан авагч) ингэж малчинд бодит орлого.. худалдан авагчид хямд үнэ сэтгэл ханамж !!!

Ц Хэнмэдхэв
Ц Хэнмэдхэв

Хоньчин загасчин хоёр өөр шүү

Зочин
Зочин

Маш амархан. Махаа гадагш гаргахыг хоригло. Үнийг 20к гж хатуу барь гүйцээ

Зочин
Зочин

Махгүй амьдраад үзэхээр шийдлээ

Зочин
Зочин

тэр мах гаргадаг мал чинь нэг хүний хувийн хөрөнгө шүүдээ гэдгийг бодолцоорой. мал улсын өмч биш.

Иргэн.иргэн15хороо
Иргэн.иргэн15хороо

Ёрөнхийлөгч. Гуай. Авч. Идэх. Махаа. Авч. Дийлэхээ. Болилоо. Анх. Таныг. Сонгоход. Өвөлдөө. Хавардаа. Дээд. Тал. Нь. Кг. Мах13. 15. Мянга. Байлаа. Одоо. 20. Мянга. Яст. Хонь 1кг. Нь. Үэр. 28мянга. Ястай. Нь. 1кг. Ясгүй. Нь. Хонь. 25мянга. Үхэр32мянга. 1кг. Тэтгэвэр. 729мянга. Одоо. Эм. Байр. Цах.илгаанаа. өгөх. Үү. Юу. Идэх. Вэ. Сэлэм. Чинь. Хаачив. Хятадууд. Нь. Мах. Комбинат. Хотод. Ажлуулаад. Эмээлтэд. Бөөнийг. Бариад. Дотроос. Нь. Алах. Юм

Зочин
Зочин

Ард түмний амьдрал хэцүү бна улс төрчид гэдэг хүмүүс чухам юу хийж суудаг юм бол доо Малчид нэг эм хонь 200 мянгаар л зарж бна энэ хэр үнтэй байгаа гэсэн үг вэ энэ бол бөөний үнэ биш

зочин
зочин

Гадагш их хэмжээгээр гаргасан шуналтай нохойнуудийн гай ш дээ

Тэтгэгч
Тэтгэгч

Халамжын малчид л хамгын ихээр халамж хүртэж байна тэдэнд малынхаа тоог бариад халамж аваад хэвтэх нь ашигтай байгаа

иргэн
иргэн

Би гадаадад олон жил амьдарсан. Тэнд бэлчээрийн буюу задгай газарт идээшлүүдэг нэг кг мах 35 ам.доллар, харин янз бүрийн бордоогоор зарим нь бүүр сэг зэм, сангасыг бордоо болгон тэжээдэг фермийн аж ахуйн үхэр гахайн мах нэг кг мах 5 ам.доллар байдаг, тэгэхээр энэ уйлан дуугараад байгаа хүмүүст хэлэхэд өөрсдөө хөдөө гараад үхрээ маллаад үнэгүй цэвэр эко махаа идээд явах сайхан боломжтой улс дэлхийд бараг Монгол байх шүү. Сайн чанарын мах 20 ам.доллар буюу ойролцоогоо 80 мянга хүрээсэй. Тэгвэл энэ олон хотын захаар шавсан оркууд хөдөөнөө гарч, сурсанаараа малаа маллаад явах байх шүү, Нэмж зам барьж, түгжрэх ч шаардлагагүй болно.

Тэтгэгч
Тэтгэгч
Reply to  иргэн

Тэнэг Шаадгын Аргентин Бразил урагвайн үхрийн мах билчээрийнх байж 7доллар л байж байна шдээ хятадууд энэ үнээр л авч хэргэлдэг өвөр Монголд үхрийн мах 50000төгрөг гээд байсан манайхаас үнэтэйч тэрбум хүн шдээ

Зочин
Зочин
Reply to  иргэн

Үнэн2 .

Зочин
Зочин

Мах үнэтэй болсонд гайхах зүйл байхгүй ээ. Бүх юмны үнэ өсөөд бхад мах яагаад хямд бх ёстой юм бэ. 1 кг хонины мах 13к - д зарж бна. Ямааны мах үүнээс ч хямд байна. Ямар үнэтжй мах идэх нь сонголт

Холбоотой мэдээ

Back to top button