Улс төрийн мэдээ

Нэг дороос | Ерөнхийлөгчийн санаачилсан хууль гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарч, хойшлууллаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачлан өргөн барьсан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Уг хуулийн төслийг хэлэлцэх явцыг Eguur News агентлаг танд хүргэж байна

Нэмэлт: 13:15 цаг

Ерөнхийлөгчийн хуулийг хэлэлцэх эсэхээр санал хураасангүй

Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай буюу УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулга бүхий хуулийг хэлэлцэх эсэх асуудлыг чуулганаар хэлэлцлээ. УИХ-ын гишүүдийн зүгээс хуулийн төсөлтэй холбоотой асуудлаар хууль санаачлагчаас асуулт асууж, хариулт авсан юм.

Асуулт, хариултын араас санал хураах байсан ч УИХ-ын дарга С.Бямбацогт маргааш буюу баасан гарагийн чуулганы хуралдаан руу оруулахаар шийдвэрлэж, улмаар үдээс өмнөх чуулганыг завсарлууллаа.

Нэмэлт: 11:30 цаг

УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбоотойгоор үг хэлж, асуулт асууж хариулт авч байна.

Г.Очирбат,

Би хуульч гишүүн биш. Харах нь ээ, энэ хууль бол их явцуу. Ялангуяа хэдхэн эмэгтэйчүүд рүү л чиглэсэн хууль шүү. Манай Х.Булгантуяа, М.Нарантуяа-Нара, Х.Баасанжаргал гишүүнийг хүртэл хамаатан садантайгаа уулзахад нь яриад байсан.

Ер нь энэ үндсэн дээрээс л орж ирж байгаа хууль. 126 гэдэг чинь бид нэг ангийнхан. 4 жилийн бүрэн эрхээ хамтдаа дуусгах ёстой. Ангид ууртай уцаартай, санал зөрөлддөг хүүхэд ч байдаг. Гэхдээ хамтдаа явсаар л төгсдөг.

Бид ингэж ангийнхаа охидуудыг зодуулаад сууж чадахгүй. Хэн нь ч байсан хамаагүй. Эмэгтэй гишүүн болохоороо л таны лекценд сууснаасаа болоод танхимд цоллуулах ёстой юм уу. Та өнөөдөр УИХ-ын даргын хувьд байр сууриа илэрхийлэх ёстой шүү. Ялангуяа 126 гишүүнэтй ангид эрчүүд нь охидуудаа хамгаалах ёстой гэдгийг хэлье. Ёс зүйн ноцтой зөрчил, зөрчил гэдгээ оруулаад ирэхгүй яасан юм.

Байнгын хорооны мэтгэлцээнийг хараад сууж байхад МАН-ын Бага хурал, Удирдах зөвлөлийн гишүүд орж ирнэ лээ. Тийм л юм бол МАН-ын бүлэг рүү оруулж ирээд УИХ--ын дэгийн тухай хуулийг өөрчлөх байсан юм биш үү. УИХ-ын дарга аа, 126 гишүүд ээ бид дараагийн сонгуулиар парламент бүрдэхэд дэгийн тухай хуулиа батлах ёстой юм билээ шүү.

А.Ариунзаяа,

Байнгын хороон дээр би асуудлаа хэлсэн нь яагаад жагсаалтын гишүүд рүү чиглэж байгаа юм бэ гэж асуусан. Мэдээж гишүүд сахилга бат, хариуцлагатай байх ёстой. Чуулагынхаа 30 хувь нь сууж, саналаа өгсөн байх ёстой гэдэгтэй санал нэг байна. Жагсаалтын гишүүдийг эгүүлэн татахыг засаж болох юм гэж бүлгийн дэд даргын хувьд бүлгийн шийдвэрээ дэмжиж ирсэн. 70 хувь нь гэдэг чинь 26 удаа суусан байх ёстой. Гэтэл 34 гишүүн өнөөдөр 70-аас доош хувьд оролцсон байна. Дотоод үйл ажиллагаагаараа ёс зүйн асуудлаа ярьдаг. Намын үндсэн дүрэм бүгдэд бий. Түүнийгээ анзаарч хараарай. Би багшлаад байгаа хүмүүсээс асууя. Бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусдыг гүтгэж доромжиллоо гэхэд процесс нь ямар байх юм гэдгийг ойлгосонгүй.

Х.Тэмүүжин,

Ард түмний мандат намд очдоггүй. Ард түмний мандатыг нам руу шилжүүлэх гэж оролдож байгаа нь арай хэтэрч байна. УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаад байгаа юм биш үү. Ерөнхийлөгч ямар шийдвэр гаргахыг дэгийн хуульд зааж өгч болох юм уу. УИХ-ын бүрэн эрх Үндсэн хуульд заачихсан байхад УИХ-ын тухай хуулиас гадна бичих гэж оролдож байна. Засгийн газар ямар шийдвэр гаргахыг бид Шүүхийн тухай хуульд бичих юм уу, ерөнхийлөгч ямар шийдвэр гаргахыг бас хуульд бичих үү. Хууль зүйн техникийн хувьд тэвчиж болохгүй алдаа. 29.3, 66.7-г амь оруулах гэж байх шиг байна. Хийх ёстой зүйлс бол байна. 1992 оны Үндсэн хуулийн 66-р зүйл одоо болтол өөрчлөгдөөгүй хэвээр байгаа. Уг зүйлд ямар албан тушаалтныг хууль зөрчсөн бол ҮХЦ дүгнэлт гаргах тухай, эгүүлэн татах тухай маш тодорхой биччихсэн байгаа. Тэнд 5 албан тушаал байгаа. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд гэж бий. Бүгдийг нь оруулж ир л дээ.

Х.Баасанжаргал,

Ардчилал нуран унаж байгааг бүгдээрээ хүлээн зөвшөөрцгөөе. Ямар нөхцөл байдалда байгаагаа бид одоо хүлээн зөвшөөрье. Яагаад дүр эсгээд байгаа юм бэ. Чимх чимхээр төрийн эрх мэдлийг булаан авч ардчиллыг сулруулдаг жишээг би мэднэ. Турк, ОХУ-ыг бид бүгд мэднэ. Үүнд бүр ҮАБЗ, хуульчид оролцож байгаад би маш их харамсаж байна. Хэдэн асуултыг би хожмын Үндсэн хууль судлаач, засаглалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах иргэний нийгмийн байгууллага, судлаачдад зориулж асууж өгч байгаа юм шүү. Энд сууж байгаа 5 хүний 3 нь төрийн тусгай албан хаагч. Дунд нь сууж байгаа нэг хүнээс л улс төрийн асуулт асууна гэж байсан боловч өнөөдөр та нар өөрсдөө улс төрйин асуудалд хутгалдаж орж ирж, хязгаарыг давж орж ирлээ. Та нар өөрсдөө ёс зүйн шаардлагыг хангасан уу. Тэр тусмаа ҮАБЗ-ийн гишүүн ардчиллын дархлааг сулруулаад сууж байгаа чинь ёс зүйн босгыг давсан уу гэдэгтээ дүгнэлт хийгээрэй.

Мөн ерөнхийлөгчийн хууль санаачлах эрх ямар нэг хэмжээ хязгааргүй байх ёстой юу гэдэгт судлаачид дүгнэлт хийгээрэй. Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль хоёр зөрчилдсөн учраас Үндсэн хуулиа илүү баримтална гээд энэ эрхийг ямар нэг хил хязгааргүй, тэр дундаа парламентын эрхэнд халдаж байгаа нь зөв үү гэдгийг авч үзэж дзгнэлт хийгээрэй. Нэгэнт энэ хуулийг хэлэлцэж эхэлсэн учир хожмоо ерөнхийлөгч ямар хүрээнд, дур зоргоороо аашлахыг бид таашгүй боллоо. Тодорхой хэмжээнд хил хязгаар дотор барьдаг, явдаг байсан нь эвдэгдлээ.

Эрх мэдлийн хяналт тэнцэл парламентын дархлаанд энэ хуулийн өргөн барьсан процесс нь нөлөөлсөн үү гэдэг судлаачид дүгнэлт хийгээрэй. Өнгөрсөн 30 жилийн алдаа дутагдлыг 126 гишүүнээс нэхсэнд баярлалаа. Өнгөрсөн 30 жилд та нар ёс зүйн өндөрлөгт байсан бол ийм байх байсан уу. Намайг нэгдүгээр ангид байхад улс төрд байсан ах нар одоо болтол улс төрд байна. Та нар биднийг кноп дардаг утсан хүүхэлдэй болно гэж бодсон ч бид тэгээгүй. Та нарын алдаа дутагдлын хажуугаар дуугүй өнгөрөхгүй учраас та нар нойргүй хоносон байх.

Нэмэлт: 10:45 цаг

"Намын бүлгийн гишүүдийн үнэлгээний журмыг баталчихсан бол хуульдаа тулахгүй байсан"

УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбоотойгоор үг хэлж, асуулт асууж хариулт авч байна.

О.Номинчимэг,

УИХ-ын гишүүд авлига албан тушаалын хэргээс хол байх ёстой. Хариуцлагатай байх ёстой гэдгээрээ агуулгын хувьд чухал. Гэхдээ энэ хуулийн заримтай нь санал нийлж байгаа ч заримтай нь санал нийлэхгүй. Мэдээж УИХ-ын гишүүд сонгогчдоос санал авч УИХ-д орж ирчихээд хуралдаандаа суудаггүй байдлыг халах нь зөв. Ах нар ордонд орж ирчихээд өөр ажил хөөцөлдөөд явчихдаг нь үнэн.

Нөгөө талд яагаад парламентын нэр хүнд унаад байгаа суурь асуудал руу биш хүнтэй нь зууралдаад байгаа. Улс төрийн намд асуудал байгаа. Хариуцлагагүй, ёс зүйгүй хүнийг улс төрийн нам нь дэвшүүлж оруулж ирчихээд өөрсдөө хариуцлага үүрэх ёстой атал хүнтэй нь зууралдаад байгаа ийм л хуулийг оруулж ирж байна. Тангарагаа зөрчсөн гэдэг нь ямар ойлголт юм бэ. А.Бямбажаргал хуульч та Ерөнхийлөгчид уламжилъя гээд байлгүй нэг тайлбарлаад өгөөрэй.

А.Бямбажаргал,

2019 оны Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтийн хүрээнд олон зүйл орсон нь 29.3-т нэмэлт орсон юм. Энэ нь УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцсан бол эгүүлэн татах үндэслэл болно гэсэн заалт юм.

1992 оны Үндсэн хуульд гишүүнийг эгүүлэн татах тухай асуудал байгаагүй. 29.3 дээр тангаргаасаа няцсан гэдэг агуулгыг оруулсан нь бас таны хэлдгээр хэтэрхий ерөнхий гэдэг нь магадгүй үнэн байх. Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхэд нь тодорхой хуулийг санаачилж болохгүй гэдгийг тогтоочихсон.

Тангаргаасаа няцсан гэдэг нь дагалдах хуулийн төсөлд бий буюу УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлээч гэж буй юм.

О.Номинчимэг,

Өнөөдөр таны ярьж байгаа чинь ТББХ дээр ярьж байсан агуулгаас чинь зөрж байна. Та чуулган дээр тэнгэр, газар шиг зөрүүтэй юм ярилаа. 1992 оны Үндсэн хуульд гишүүнд хариуцлага тооцох асуудал байсан гэж ярьчихаад одоо болохоор байгаагүй гэж ярилаа. Тангаргаасаа няцсан гэдэг заалтыг оруулахдаа ямар үндэслэлээр оруулж байсан юм гэдгийг та тайлбарла л даа. Ард түмнийг төлөөлөх эрхийг хөндөх гэж байж ийм байж болохгүй.

А.Бямбажаргал,

1992 оны Үндсэн хуульд зарим нэг тодруулах агуулга байсан. Үндсэн хуулийн цэцийн 7 дүгнэлт бий.

Д.Бум-очир,

Сонирхолтой, анхаарууштай хуулийн төсөл орж ирлээ. Ч.Лодойсамбуу гишүүн ёс суртахуун, ёс зүй гэдэг нэг зүйл биш хоёр агуулгыг ярьчихсан. Ёс суртахуун гэдэг бол тухайн хүний итгэл үнэмшлээс шалтгаалдаг, ёс зүй бол мэргэжил дээр бас их яригдаж, хөндөгддөг бөгөөд илүү дүрэм журмыг тодорхойлдог. Тэгвэл ёс зүй хэзээ хуульчлагддаг юм бэ гэдэг асуудал. Нийгэмд ноцтой хор уршиг учруулах эрсдэл, нийгэм өргөн олноороо зөвшилцөж, хэлэлцсэн үед, нийгмийн хөгжлийн үед хуульчилж оруулж ирдэг. Ингээд харахаар бидний ярьж байгаа асуудал нь нийгмээрээ зөвшилцөөд хуулиар оруулж ирж байна гэж ойлголоо. Ёс зүйн дүрмээ шинэчлээч гэдэг асуудлыг бас хөндөж байна. Иймээс энэ хуульд эерэг болоод сөрөг тал хоёулаа байна. Парламентын нэр хүндийг сэргээхэд энэ хуулийн ач холбогдол бий гэж харж байгаа.

Л.Мөнхбаатар,

Энэ хуулийн заалт бүрийг нарийвчлан авч хэлэлцэх шаардлагатай. Хэн санаачилсан гэдгээс үл хамааран хэлэлцэх, харах ёстой л доо. Би бүлгийн дарга байхдаа намын бүлгийн гишүүдийн үнэлгээний журам гэж гаргаад хэл ам гарч байсан. Уг нь энэ журам батлагдсан бол гишүүдийн ёс зүйн асуудлыг заавал хуульд нь тулгахгүй байсан байх. Яг одоогийн энэ хуульд дэмжих шаардлагагүй заалтууд болон дэмжих ч асуудлууд байна. Гэмт хэрэгт холбогдсон гишүүдийн асуудлыг хэлэлцэх нь мэдээж шаардлагатай.

Тангаргаасаа няцсан бол гэдэг нь хууль эрх зүй, ёс зүйн том агуулгыг багтаасан. Тухайн албан тушаалтны бүрэн эрхийг нээж өгдөг. Үндсэн хуулийн цэцийн гаргасан шийдвэрийг чуулганаар хэлэлцүүлэхгүйгээр шууд явуулдаг байдлыг ярих шаардлагатай.

Хууль зүйн ухааны дэд профессор О.Машбат,

Үндсэн хуулиа бид харвал, 29.3-р заалт дээр УИХ түүнийг эгүүлэн татна гээд үүрэг болгочихсон заалт бий. Үндсэн хуулийн 67-р зүйл дээр ҮХЦ-тийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно гээд заачихсан. Тэгэхээр хэрвээ ҮХЦ-ийн шийдвэрийг хэлэлцээд эхэлбэл 29.3, 67-р зүйлийг аль алийг нь зөрчих болчихоод байгаа учраас үүнд нийцүүлж буй юм.

Л.Мөнхбаатар,

ҮХЦ шууд шийдвэр нь хүчин төгөлдөр болчихоор өнөөдөр энэ байгуулга улс төрийн нөлөөлөлтэй гэх болгоомжлол бий. Тиймээс энэ асуудлыг ярилцах ёстой. УИХ хэлбэрийн хувьд биш илүү эрхтэйгээр оролцдог байх механизмыг нь бүрдүүлэх ёстой юм.

Ж.Золжаргал,

Хулгайчийг хулгайч хэлснийхээ төлөө хулгайч гэж хэллээ ямар ёс зүйгүй юм бэ гээд гомдол гаргаад хэлэлцүүлбэл яах вэ. Ийм эрсдэлтэй байдлыг нээж өгөх гэж байгаа учраас хариуцлагынх нь ард өөр үр дагавар бий болох эрсдэлтэй гэж хараад байгаа юм. Тэгэхээр процессийг нь тодорхой болгож оруулж ирж болдоггүй юм уу.

А.Бямбажаргал,

Та байнгын хороон дээр яг ингэж хэлсэн. Та уншихгүй байх шиг байна. Хамгийн түрүүнд барьсан зарчим нь хууль санаачлах эрхийнхээ хүрээнд л хууль санаачлаад байгаа юм. Аль нь ноцтой юм гэдгийг дүрмээрээ тогтоох юм. Хэрвээ УИХ-ын гишүүн дараах нөхцөл байдлаар зөрчил гаргавал л хэлэлцэнэ. Үүгээр ёс зүйн дэд хороонд хандвал урьдчилан хэлэлцэн үзнэ. Ингээд хороо нээлттэй хэлэлцэж, санал хураасны дараа чуулган руу оруулна. Энэ бол ардчиллын зарчмаар ажиллаж байгаа. УИХ-аар хэлэлцүүлсний дараа ҮХЦ рүү очвол мөн хэлэлцэх үү үгүй юу гэдгээ шийдвэрлэнэ.

Ж.Золжаргал,

Наад дүрэм гээд байгаа чинь асуудал юм. Үүнийг яаж тогтоох юм. Явсаар явсаар намын хэдхэн мануухай болсон гишүүдтэй болчихвол төр эзгүйрнэ.

А.Бямбажаргал,

Дүрмийг УИХ өөрсдөө гаргаж, хэлэлцэж тогтооно. Түүнээс ерөнхийлөгч үүнийг тогтоож оруулж ирвэл хууль бус болох юм. Намыг хариуцлагатай байлгах гэдэг заалтыг нэмсэн юм.

Б.Жаргалан,

Өнөөдөр цаашид парламент орших уу эс орших уу гэдэг асуудлыг хэлэлцэх гэж байна. Уг нь хийдэг хийдэг ажлаа л хиймээр байгаа юм. Ерөнхийлөгч нь эв нэгдлийг хангадаг, парламент нь шаардлагатай хуулиа баталдаг байх ёстой. ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга нь хүртэл хууль тайлбарлаад сууж байгаа юм. Энэ хуулиа батлуулчихаад УИХ-ын гишүүнд ёс зүй заах юм байна. С.Бямбацогт даргад хандаж хэлэхэд, та УИХ-ын даргаар томилогдоод удаагүй байхад чинь санаачлагдсан цагаасаа асуудал дагуулж байгаа энэ хуулийг УИХ-ын даргын хувьд та хараад сууж болдог юм уу. Та 5 удаа сонгогдсон улс төрчийн хувьд өөрийнхөө легасиг яаж үлдээх юм. Бид ингэж ёс зүйн асуудлаа хэлэлцүүлээд суух ёсгүй юм. Эгүүлэн татуулах асуудлыг УИХ-ын гишүүд нь өөрсдөө санаачлаад явах ёстой. Монголын ардчиллын хувь заяа гагцхүү иргэд, сонгогчдод байх ёстой юм.

Нэмэлт: 10.25 цаг

Парламентын гишүүнд ёс зүйн хариуцлага тооцох нь зөв эсэхийг гишүүд олонхиор хэлэлцэж эхэллээ

Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн танилцуулгыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр танилцууллаа.

Хуулийн төсөлд:
• Гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан,
• Гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн,
• Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр эгүүлэн татахаар тусгасан юм.

Мөн УИХ-ын гишүүн УИХ-ын ээлжит чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд хүрэлцэн ирсэн, ээлжит чуулганы санал хураалтын 70-аас доошгүй хувьд биечлэн оролцсон байх шаардлагатайг тусгажээ.

УИХ-ын гишүүн ард түмнээс олгосон мандатыг хүндэтгэхийн сацуу Үндсэн хууль зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан тохиолдолд эгүүлэн татах тухай Үндсэн хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэх, парламентын засаглалыг бэхжүүлэх, улс төрийн нам, эвслийг хариуцлагатай болгох, төрийн үйл ажиллагааны тэгш байдал, хууль дээдлэх зарчмыг хангахад чухал алхам болно гэж Ерөнхийлөгч үзэж байна.

Мөн УИХ-ын гишүүн сонгогчдыг төлөөлөх, хууль тогтоох ажилд оролцох идэвх, оролцоо дээшилнэ. Гишүүнд хууль зүйн болон ёс зүйн хариуцлага оногдуулах, ялангуяа эгүүлэн татах арга хэмжээ ил тод, нээлттэй, бодитой болж, парламентад итгэх олон нийтийн итгэл нэмэгдэнэ.

Үндсэн хуулийн цэц болон бүх шатны шүүхийн байгууллагын үйл ажиллагааны үүрэг, ач холбогдлыг дээшлүүлж буй нь хууль дээдлэх болон Үндсэн хуульт ёсны зарчим хэлбэрэлтгүй хэрэгжих боломж бүрдэнэ гэж үзэж байна" гэв.

Эхлэл: 09:45 цаг

-ТББХ-гоор Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг 66.7 хувийн саналаар дэмжив-

Мягмар гарагт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль буюу УИХ-ын гишүүнд ёс зүйн хариуцлага тооцох тухай хуулийн төслийг хэлэлцсэн билээ.

Хуулийн танилцуулгыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал нар хийсэн бөгөөд гишүүдийн асуултад мөн хариулсан.

Хуулийн төслийн агуулга нь УИХ-д жагсаалтаар сонгогдсон гишүүд рүү чиглэсэн, түүнчлэн ёс зүйн тухай ойлголтыг хуульд хэрхэн нарийн томъёолох нь тодорхойгүй, парламентын дархлаанд сөргөөр нөлөөлсөн хууль төдийгүй төрийн институц хоорондын улс төрийн толхилцооны илрэл зэргээр багагүй шүүмжилсэн юм.

Гэсэн ч тухайн өдрийн байнгын хорооны хуралдааныг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал даргалсан бөгөөд санал хураахын өмнө "Хуулийг зарчмын хувьд ерөнхий агуулгаар нь дэмжээд сайжруулъя" гэдэг байр сууриа илэрхийлсэн. Мөн дэмжих эсэхээр бус "хуулийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих нь зүйтэй" гэдгээр санал хурааж, байнгын хорооны гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн билээ.

Өнөөдөр уг хуулийг парламентын танхимд УИХ-ын гишүүд олонхиор хэлэлцэх юм.

Т.БАТСҮРЭН

Холбоотой агуулгыг хавсаргаж байна

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Парламентын ардчиллыг хамгаалах ёстой
Парламентын ардчиллыг хамгаалах ёстой

Монгол улсад ард олон засгийн эрхээ барих боломжийг УИХ буюу парламентын засаглалд олгосон. Нэг хүний, нэг намын, нэг хэсэг бүлгийн ноёрхол тогтох ёсгүй. АН сөрөг хүчний үүргээ сайн биелүүлээрэй. Хууль санаачлагчийг төлөөлж хууль танилцуулж байгаа хүмүүс Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд ажилладаг гэдгээ ухаардаггүй бололтой. Хувь хүний дэргэд бус Улсын Ерөнхийлөгчийн дэргэд ажилладаг албатууд байж хууль тогтоох дээд байгууллагыг үл хүндэтгэсэн хандлагатай байгаа нь үнэндээ арчаагүй тэнэг харагдаж байна.

Зөв
Зөв

Энэ хуулийг батлан гаргах нь мэдээж зөв. Гэхдээ цаг нь болоогүй. Ёс зүйн зөрчил гэдгээ эхлээд хуульчилж тодорхой болгох, хуралдаан таслах цагийг интервалчлан хариуцлага тооцох дүрэм журмаа тогтох хэрэгтэй. Эргүүлэн татлаа гэхэд нөхөн сонгууль уу, дараагийн байранд орсон нь орж ирж суухуу..

Хорчин
Хорчин

МОНГОЛЫН ТОП ШИЛМЭЛ ХЭРҮҮЛЧИД НЭГ ДОРОО ЦУГЛАРААД,ЖИНХЭНЭ БАЛАЙРАЛ ГЭДГИЙГ ҮЗҮҮЛЖ БАЙНА ШҮҮ.ХОЁР ҮЗҮҮРТЭЙ ЗҮҮНҮҮД БАГ ӨМССӨН ҮНЭН БҮТЭХГҮЙ НӨХДҮҮД.УУГ НЬ БОЛ ГИШҮҮН НЭРТЭЙ САЛБАДАЙНУУДЫГ ЭРГҮҮЛЭН ТАТАХ ХУУЛЬ ХЭРЭГТЭЙ БАЙГААН.МӨНГӨӨ Л ТУШААЧИХ ЮМ БОЛ ХЭНБУГАЙ Ч ҮСРЭЭД ОРООД ИРНЭ САНАЛ АВАХДАА ГОЁ ЧААНАА ЛАЛАРУУД ЖА ИРГЭН ТА НАМАЙГАА Л СОНГОЧИХ ТАНЫХАА БООЛЫН БООЛ БОСГОНЫ ШОРОО БОЛООД ТА НАРЫГАА ТОРГОНД БӨМБӨРҮҮЛЖ ТОСООР ГУЛГИУЛНА БИ ЭНЭ БИЕЭ ТА НАРТАА ЗОРИУЛНАМ ГЭЖ ХУЦСААРААН БАЙГААД ИХ ХУРАЛД ЧААЧИХНАА. ДҮН ГАРСНЫ МАРГААШНААС ХЭНИЙГ Ч ТАНИХГҮЙ МЭДЭХГҮЙ ТЭНГЭРИЙН АМЬТАН БОЛЧИХНО НАДАД АЛХАМ Ч БҮҮ ОЙРТ БИ ХУУЛИАР ОЛГОГДСОН ТЭНГЭРИЙН АМЬТАН ШҮҮ ГЭНЭ.СҮҮЛИЙН ГУЧИН ЖИЛ МӨНГӨНИЙ АРААС УЛАЙРАН ТЭМЦЛЭЭ БОСГО ДАВАХЫН ТУЛД ХЭДИЙГ Ч ХАМААГҮЙ ТӨЛЧИХНӨ ТЭГЭЭД Л ИРГЭДИЙН ЭРХ АШИГ УЛС ОРНЫ ТУЛГАМДСАН АСУУДАЛ БОЛ ТЭДЭНД ТҮЙ Ч ХАМААГҮЙ ИДЭЖ ЗАЛГИХ ХЯЗГААРГҮЙ ДОНДОО ХӨТЛӨГДӨН ЧИЧРЭЭД Л ДАЙРЧИХНА.ЖАГСААЛТ ГЭДЭГ ЮМЫГ БОЛИХ ХЭРЭГТЭЙ ЖИНХЭНЭ АЛАЛЦААД ТОЙРГООС ГАРАХ НЬ ТҮМЭН ЗӨВ ШҮҮ ЭНЭ ХУУЛИЙГ БАТЛААРАЙ

Зочин
Зочин

Том зургаар нь харвал дарга нарынхаа, намынхаа, бүлэглэлийн төлөөллүүд л жагсаалтаар орж ирдэг, тэднийхээ төлөө л ажилладаг, улсын эрх ашиг, төрийн тогтвортой байдал тэдэнд түй ч хамаагүй байдаг юм байна. Энэ жагсаалтаа бүрэн болихгүй аваас парламентын ажил хэрэгч байдал хэзээ ч сайжрахгүй, төр тогтвортой, түмэн олонд өгөөжтөй байж хэзээ ч чадахгүй гэдэг нь харагдаж бүр батлагдлаа шүү

Зочин
Зочин

Parlamentaa hamgaalj bui gishuuddee bayarlalaa.

Зочин
Зочин

Энэ хуулийн төслийг эсэргүүцээд байгаа гишүүдийг ойлгохгүй юм. Гишүүн хүн хариуцлагагүй, ёс зүйгүй, хулгайч, худалч, бусдыг гүтгэдэг, шантажилдаг, хэл амаар доромжилдог байж болно. Үүнийг авч хэлэлцэх нь гишүүний бүрэн эрхэд халдаж буй хэрэг гэж үзэж эсэргүүцээд байгаа бололтой юм. Төслийг сайжруулах юм байгаа байхаа, хэлэлцэх явцдаа өөрчилж сайжруулаад парламентийн нэр хүндийг авч явж чадахаар гишүүдийнхээ хариуцлагыг өндөржүүлсэн хууль батлах нь та нарын эрх баймаар. Гайхах, заримаас нь ичих зэрэгцэх юм даа

Back to top button