Израил, Ливан 33 жилийн дараа анх удаа шууд хэлэлцлээ
Израил болон Ливаны төлөөлөгчид 33 жилийн дараа анх удаа нүүр нүүрээ харж хэлэлцлээ. Хэлэлцээг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мягмар гарагт /2026.04.14/ Вашингтон хотноо зохион байгуулсан юм. Рубио тус хэлэлцээг түүхэн боломж гэсэн ч шууд тохиролцоонд хүрэх боломжгүй гэдгийг онцолжээ.
Израилаас АНУ-д суудаг Элчин сайд Йехиел Лейтер мэдэгдэл хийхдээ “Ливаны засгийн газар Хезболлагийн эрх дор байхгүй гэдгээ тодорхой илэрхийлсэн. Ираны хүчин чадал их хэмжээгээр суларсан байгаа. Хезболла ч мөн адил. Энэ нь чухал боломж” гэсэн байна.
Ливанаас АНУ-д суугаа Элчин сайд Нада Хамад Моавад хэлэхдээ, Израил-Хезболлагийн мөргөлдөөнийг зогсоох нэн яаралтай шаардлага байгаа гэжээ. Мөн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар улсын бүрэн эрхт байдлын зарчмуудыг тэр онцолсон юм.
Ираны дайны улмаас Израил Ливан дахь Хезболла бүлэгтэй дайтаж эхэлсэн. Одоогийн байдлаар Израил Ливаны газар нутгийн 14 орчим хувийг эзлээд буй. Мөн тус газар нутгийг эзэмшсээр байх болно гэдгээ Израил мэдэгдсэн.
Мөргөлдөөний улмаас Ливанд 1,268 хүн амь үрэгдэж, 600 мянга гаруй хүн нүүн суурьшаад байгаа юм. Израилын Батлан хамгаалах сайд Израил Катз хэлэхдээ Газын зурвас дахь хэд хэдэн хотын бүх барилгыг нураасан. Үүний адилаар Израилын хил дээрх тосгонуудтай ойролцоох бүх барилгыг нураана гэж Катз өнгөрсөн сард мэдэгдсэн байдаг.
Эх сурвалж: AP News, The Guardian















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.