Р.Батболд нарын хууль бус хурлаас гарсан дүрэм, даргын томилгоог бүртгэх эсэхээ УДШ мэднэ

Агуулгын хураангуй:
- Р.Батболдыг даргаараа томилсон "Онц их хурал" гэх нь намын зүйл заалтад алга
- ИЗНН-д өнөөдрийн байдлаар албан ёсны жигүүр бүртгэгдсэн зүйл алга
- ИЗНН-ын гишүүн Т.Бат-Эрдэнэ, М.Амартунгалаг, С.Батбаатар, Д.Дэжидмаа нарыг намын дүрмийг ноцтой зөрчсөн гэж Дүрмийн хороо нь үзэж, ИЗНН-аас хөөжээ. Харин Р.Батболдод холбогдох асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ
Агуулгын дэлгэрэнгүй:
|2026.03.09|-нд ИЗНН-ын дарга Б.Батбаатар намынхаа 26 жилийн ойн арга хэмжээнийхээ үеэр 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэн. Харин онц их хурлаа хуралдуулсан нөгөө талынхан Б.Батбаатарыг намын даргаар ажиллах чадамжгүй гэж үзэн огцруулж, УИХ-ын гишүүн Р.Батболдыг шинэ даргаараа сонгож байгаагаа мэдэгдсэн.
Эл толхилцооноос яг нэг сарын дараа Р.Батболдыг даргаар томилох болон ИЗНН-ын дүрмийг УДШ-д бүртгүүлэх хүсэлтээ хүргүүлж амжсан. Энэ хугацаанд УИХ-д дөрвөн суудалтай ИЗНН нэг сайдын суудлаа ч алдаж, Н.Учралын Засгийн газарт багтаж чадаагүй. Мөн УИХ дотроо Б.Батбаатар, М.Нарантуяа-Нара болон Р.Батболд, С.Замира хэмээн хоёр хуваагдсан нь Ерөнхийлөгчийн санаачилсан гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн санал хураалтаас илхэн харагдсан. Угтаа ИЗНН тус хуулийг дэмжихгүй хатуу байр суурьтай буйгаа дарга Б.Батбаатар нь мэдэгдсэн ч Р.Батболд, С.Замира нар дэмжсэн билээ. Эдгээр өрнөл дунд тус намын дүрэм, улс төрийн намын тухай хуульд тулгуурлаж тайлбарлах хэд хэдэн нюанс байна.
Нэг. Р.Батболдыг даргаараа томилсон "Онц их хурал" гэх заалт намын зүйл заалтад алга
ИЗНН-ын дүрэмд "Онц их хурал"-ын тухай тусгагдаагүй. Ийм хурал өмнө нь зохион байгуулагдаж байгаагүй аж. Харин намын Их Хурал хуралдуулах тохиолдолд дараах байгууллагаас тогтоол, шийдвэр гаргасан байх ёстой. Үүнд
1. Намын дүрмийн 18.3.Их хурлыг зарлан хуралдуулах тов түүнд оролцуулах төлөөлөгчийн тоог Үндэсний Хороо тогтооно.
2. 18.4. Үндэсний Хорооны нийт гишүүдийн “50+1-ээс дээш гишүүдийн саналаар ээлжит бус Их хурлыг зарлан хуралдуулж болно
3. УТН-ын тухай хуулийн 8.2.Энэ хуулийн 16.1-д заасан байгууллагыг бүрдүүлэхдээ дараах шаардлагыг хангана:
- 8.2.1.нууц санал хураалт явуулах;
- 8.2.2.гишүүдийн оролцоо, ил тод байдлыг хангах;
- 8.2.3.нэр дэвшүүлэхдээ аль нэг хүйсийн төлөөлөл 30 хувиас доошгүй байх.
- 16.1.Нам нь намын удирдах дээд байгууллага, төлөөллийн төв байгууллага, гүйцэтгэх төв байгууллага болон хяналтын байгууллагатай байна гэж УТН-ын тухай хуулиар зохицуулсан.
Эдгээр шаардлагын алийг нь ч Р.Батболд нарын нөхөд хангаагүй байна.
Хоёр. ИЗНН-д өнөөдрийн байдлаар албан ёсны жигүүр бүртгэгдсэн зүйл алга
М.Амартунгалаг, Т.Бат-Эрдэнэ, Д.Дэжидмаа, С.Батбаатар нар ИЗНН-д "Хангарьд" гэх жигүүр байгуулагдсан хэмээн олон нийтэд мэдээлээд буй. Гэтэл ИЗНН-д өнөөдрийн байдлаар албан ёсоор ямар нэгэн жигүүр хөдөлгөөн байгуулагдаагүй болохыг дүрмээр нь тайлбарлаж болохоор байна.
Тус намын дүрмийн 3.4.Их хурал болон үндэсний хорооны хурлаар хэлэлцэх асуудлаар байр сууриа илэрхийлэх зорилгоор Их хурлын төлөөлөгчид болон ҮХ-ны гишүүд дотроо жигүүр байгуулж болно. Жигүүр байгуулах асуудлыг санаачлагчид УТЗ-д урьдчилан мэдэгдэх ба УТЗ уг асуудлыг авч хэлэлцээд ҮХ-ны хуралд хуралд оруулна.
3.5.Их хурал болон ҮХ-ны хуралд оролцсон нийт гишүүдийн 1/3- ээс дээш хэсгийн дэмжлэг хүлээсэн тохиолдолд энэ дүрмийн 3.4-д засан асуудлаар жигүүр байгуулахыг зөвшөөрсөн шийдвэр гаргана хэмээн заасан байдаг. Уг заалтаар жигүүр байгуулагдах зохицуулалттай бөгөөд намын УТЗ, ҮХ-ны хурал, Намын ИХ хуралд нэг ч өргөдөл хүсэлт очоогүй байна.
Гурав. ИЗНН-ын гишүүн Т.Бат-Эрдэнэ, М.Амартунгалаг, С.Батбаатар, Д.Дэжидмаа нарыг намын дүрмийг ноцтой зөрчсөн гэж Дүрмийн хороо нь үзэж, ИЗНН-ээс хөөжээ. Харин Р.Батболдод холбогдох асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ
Т.Бат-Эрдэнэ, М.Амартунгалаг, С.Батбаатар, Д.Дэжидмаа нар огт байгуулагдаагүй жигүүр гэх нэрийн дор Р.Батболдыг даргаар сонгосон "онц их хурал" хэмээх дүрмийн бус үйл ажиллагааг явуулсан. М.Амартунгалаг намын гишүүнчлэлээс чөлөөлөгдсөн ч намын нэр барьж сошиалд үйл ажиллагаа эрхэлсэн, С.Батбаатар намын тэргүүн дэд даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн ч хэвлэлээр худал мэдээлэл тараасан гэж ИЗНН-ын 14 гишүүн Дүрмийн хороондоо мэдэгджээ.
Улмаар дүрмийн хороо нь хэлэлцэж Т.Бат-Эрдэнэ, М.Амартунгалаг, С.Батбаатар, Д.Дэжидмаа нарыг намын дүрэм зөрчсөн хурал зохион байгуулсан, сонгох сонгогдох эрхийг хангаагүй хурал зохион байгуулсан тул намын гишүүнчлэлээс түдгэлзүүлжээ. Мөн тус хурлаас гарсан шийдвэр хүчин төгөлдөр бус хэмээн үзэж үүнийг УДШ-д уламжилсан байна.
Дүрмийн хорооноос гарсан шийдвэрийг зургаар хавсаргав.
Одоогоор ИЗНН 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн намын дэргэд ахмадын байгууллага, эмэгтэйчүүдийн байгууллага, залуучуудын байгууллага ажиллаж байгаа бөгөөд тэд Р.Батболдыг дэмжиж ажиллаагүй, онц их хурлынх нь талаарх мэдээллийг огт аваагүй хэмээн мэдэгдэл хүртэл гаргажээ.
Ташрамд дурдахад Р.Батболд |2023.12.09|-нд ИЗНН-ын ЕНБД-ын албан тушаалд томилогдож, ИЗНН-ын гишүүн болж, 2024 оны сонгуульд ИЗНН-ын жагсаалтад багтаж гишүүн болсон юм. Өдгөө намынхаа хураамжаа ч өгдөггүй гэгддэг тэр намын дарга болохоор дээрх байдлаар тэмцэж байна.
УДШ-д хүргүүлсэн албан бичигт тус намын хуучин тамгыг хууль бусаар ашигласан байж болзошгүй байгаа аж. Энэ нь УДШ бүртгэхгүй байх нэг шалтгаан, цаашилбал эрүүгийн шинжтэй үйлдэл гэж тооцогдохоор байгаа юм.
Г.МИШЭЭЛ

















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Намын дотоод асуудлаа цэгцлэх хэрэгтэй
Хууль дүрмээ зөрчсөн бол бүртгэхгүй нь зөв
Huuli jurmaa dagah heregtei shuu
Нам доторх зөрчил их ноцтой юм байна
Dotroo ev negdelgui bol hetsuu dee
Дүрмийн дагуу л шийдэх хэрэгтэй
Dotood asuudlaa shiidehgui bol hund bn
Ийм байдал улс төрд итгэх итгэлийг бууруулна
Шүүх зөв шийдвэр гаргана гэж найдаж байна
Durmee bieluulehgui bol iim baidal uusne
Ийм маргаан ард иргэдэд муу нөлөөтэй
Irged bidend bol oilgomjgui l haragdaj bn
Hariutslaga gedeg zuil bh yostoi
Itgel buurah ni oilgomjtoi shuu
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Хууль зөрчсөн бол хариуцлага хүлээх ёстой