Сурвалжилга: 4,000 залуус 180 гаруй тоглоомын талбайг угааж, ариутган нийгэмдээ үлгэрлэв

Хаврын улирал эхэлж, цас хайлсантай холбоотойгоор орчны бохирдол нэмэгддэг энэ үед 4000 гаруй залуус "Рио" паркад сайн дураараа цуглаж тоглоомын талбайг цэвэрлэж, ариутгах ажил зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд 200 гаруй зохион байгуулагч оролцсон бөгөөд 12–57 насны төлөөлөл 4,000 гаруй иргэд нэгдэн хүүхдүүдэд цэвэр, аюулгүй орчин бүрдүүлэхэд хувь нэмрээ орууллаа.
Түүнчлэн залуус тоглоомын талбайн орчныг цэвэрлэж угаахаас гадна ариутгах ажлыг зохион байгуулалттайгаар гүйцэтгэсэн юм. Мөн цэвэрлэгээний ажил дууссаны дараа хог хаягдлыг ангилж төвлөрүүлж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгөв. Энэхүү үйл ажиллагаа залуус нийгмийн хариуцлагаа ухамсарлаж нэгдэн нийлж, хамтын хүчээр бодит өөрчлөлт авчирч чаддагийн тод жишээ боллоо.
-Тоглоомын талбай цэвэрлэх ажлаа Монголчуудад соёл болтол зохион байгуулна-
Тус сайн дурын үйл ажиллагааг санаачилж, зохион байгуулж буй иргэн А.Ням-Од "Бид хотын ойролцоох 200 гаруй тоглоомын талбайг угааж цэвэрлэх ажлыг зохион байгуулж байна. Бидний угааж цэвэрлэсэн 200 гаруй тоглоомын талбай магадгүй долоо, 14 хоногийн дараа ахин бохирдох нь ойлгомжтой. Тиймээс бид нийгэмд уриалж, тодорхой хэмжээгээр энэхүү нөлөөллийн ажлаа хийж байгаа юм. Эхний ээлжид бид цуглаж нэгдээд цэвэрлэчихлээ. Долоо хоногийн дараа ахин 4,000 гаруй залуус цуглах боломжгүй учир тухайн тоглоомын талбайг хариуцсан СӨХ, Нийслэлийн албан байгууллага, ойр орчмын иргэд нь долоо хоногтоо нэг удаа цэвэрлэж байгаасай гэж хүсэж байгаа.
-Зохион байгуулж буй арга хэмжээний нэр уриа юу вэ. Уг нөлөөллийн ажлаа цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөө бий юу?
-Энэ удаагийн арга хэмжээ маань "Let's Sparkle UB-2026" гэсэн нэртэй. Энэ удаа бид хотын төв буюу Сүхбаатар дүүрэг дээр уг сайн дурын ажлаа хэрэгжүүлж байна. Цаашид долоо хоног бүр нийслэлийн дүүргүүд дээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Бид ямар нэгэн төрийн бус байгууллага биш бүгд өөрсдийн хүслээр, сайн дурын үндсэн дээр нэгдсэн. Залуус нэгдэн нийлж тоглоомын талбай цэвэрлэх арга хэмжээ урд өмнө зохиогдож байгаагүй. Жил бүр энэ арга хэмжээгээ зохион байгуулж байх ёстой юм байна гэж бодлоо. Бид 4,000 цуглаж чадаж байна, цаашид чадах юм байна гэсэн урам авлаа. Хаврын улиралд орчны бохирдолтой холбоотойгоор томуу, томуу төст өвчний халдвар ихэсдэг. Ялангуяа нярай болон бага насны хүүхдүүдийн дунд. Үүнийг бууруулж, тодорхой хэмжээнд нөлөөлөхийг зорьж байгаа.
-Жил бүр энэ ажлыг зохион байгуулахыг зорьж байгаа гэж ярилаа. Мөн дараа долоо хоногоос өөр дүүргүүд дээр үргэлжлүүлэх юм байна. Өнөөдөр ирж амжаагүй залуусыг нэгдээсэй гэж уриалж хэлбэл?
-Бид энэ ажлаа Монголчуудад соёл болтол ирэх жилүүдэд зохион байгуулна. Хүн бүр хүүхдийн тоглоомын талбайг хайрлаж, хүндэтгэж ойр орчимдоо ямар нэгэн бохирдол үүсгэдэггүй болтол нь зохион байгуулна. Ингэхийн тулд бидэнд таван жил магадгүй 10 жил шаардагдах байх. Зөвхөн залуус гэлтгүй бүх насныхныг уриалмаар байна. Байрны тоглоомын талбайг цэвэрлэж байхад гарч ирж хувин сав, ус, савангаар дэмжиж тусласан томчууд олон байсан Бүгд тэдэн шиг байгаасай. Монголын ирээдүй болсон бидний дүү нар цэвэрхэн аюулгүй орчинд тоглоосой гэж хүсэж байна даа.
Өвлийн улиралд иргэд нус цэр, шүлсээ ил задгай хаях нь түгээмэл байдаг бөгөөд тухайн вирус нь хаврын улиралд гэсэж агаарт нян бактери болдог. Улмаар бага насны хүүхдүүд түүгээр өвчлөх эрсдэл их байдаг байна. Иймд залуус сайн дураараа нэгдэж хүүхдүүд олноороо цугладаг тоглоомын талбайг цэвэрлэх аянд нэгджээ. Тус арга хэмжээний зохион байгуулалтад ажиллаж байгаа А.Чинболор өглөөний 07:30 цагт "Рио" паркт иржээ. Тэрбээр ирсэн хүүхдүүдийг бүртгэн авч баг болгож цэвэрлэх тоглоомын талбайг нь хуваарлих ажлыг хийж байна. Энэ тухай А.Чинболор "Эхэндээ манай арга хэмжээ бүртгэлээ цахимаар явуулсан. Цахим бүртгэлд 2000 гаруй хүүхэд бүртгүүлсэн байсан. Бүртгүүлсэн хүүхдүүд бүгд ирэхгүй ойлгомжтой учир цөөн хүүхдүүд цуглах нь гэж жаахан сэтгэл дундуур байсан юм. Гэтэл өчигдөр харсан 4200 хүүхэд бүртгүүлснийг хараад үенийхнээрээ үнэхээр их бахархлаа. Одоогоор 4000 хүүхэд ирж бидний зорилго биеллээ гэж бодож байна.
-Өмнөх амралтын өдрүүдэд 200 гаруй хүүхэд цуглаж тоглоомын талбай угаасан гэсэн?
-Өмнөх цэвэрлэгээний үеэр тоглоомын талбай, саравч зэргийг цэвэрлэхэд тамхи, архи, пивоны сав их байсан. Дийлэнх хүүхдүүдийн хэлж байгаагаар тоглоомын талбайд ихэвчлэн том хүмүүс байдаг. Тэд архи уух, тамхи татах зэрэг зүй бусаар ашигладаг. Харин хүүхдүүд тоглож чадахгүй байгаа тухай ярьсан. Тиймээс томчууддаа хандаж ухамсартай байгаасай гэж хүсмээр байна.
"Let's Sparkle UB-2026" арга хэмжээнд ЕБС-ийн хүүхдүүд анги хамт олноороо болон найзуудаараа нэгджээ. Тэдний төлөөлөл бол "Эрдмийн Ундрах" ахлах сургуулийн 11-р ангийн сурагч Б.Нандин-Эрдэнэ. Тэрбээр "Нэг ч гэсэн хүүхдийг эрүүл цэвэрхэн газар тав тухтай тоглоосой гэж хүсэж ангийнхнаараа ирсэн. Үеийн найзууд болон ах эгч нар олноороо ирсэн байна. Амралтын нэг өдөр дүү нартаа тустай ажил найзуудаараа хийж дурсамжтай, үр дүнтэй өнгөрөөж буйдаа баяртай байгаа. Дараа жил энэ арга хэмжээ зохиогдоно гэсэн. Тэгэхээр гэр бүлээрээ болон найзуудаараа илүү олуулаа болж ирж оролцоно гэж бодож байна" гэлээ.
Түүнчлэн зургаадугаар ангийн сурагч А.Мичидмаа өөрийн болон дүү нарынхаа тоглох орчныг цэвэрлэхээр иржээ. Энэ тухай тэрбээр "нийгэмд хэрэгтэй, эергээр нөлөөлөх сайн дурын ажилд оролцох нь миний ирээдүйд, хичээлд ч хэрэгтэй. Адаглаад эсээ бичихэд сайн туршлага болно. Мөн хүүхдүүдийн аз жаргалтайгаар тоглох тоглоомын талбайг цэвэрлэж буйдаа баяртай байгаа" хэмээн ярилаа.





















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ёстой гоё санаачилга байна бахархаж байна
Yostoi goe sanaachlaga bn baharhaj bn
Залуучууд ингэж нэгдэж байгаад баяртай байна
Hot tseverhen boloh ehlel bn
Хүүхдүүдэд хэрэгтэй ажил болжээ
Uneheer goy ajil hiijee
Нийгэмд эерэг нөлөө үзүүлж байна
Zaluus negdej chadsan bn shuu
Ийм үйл ажиллагаа их хэрэгтэй
Huuhduuded ayuulgui orchin burdej bn
Зөв үлгэр жишээ болж байна
Ireeduid mash ih ashigtai ajil
Хүн бүр оролцвол илүү сайхан болно
Demjij bn amjilt husye
Хотын соёл сайжирч байна
Iim ajil olon boloosoi
Хэлбэрдэж бхаар хотын захын хэсгээр цэвэрлээч. Нэр олох гэсэн залуучууд их болж дээ
Ireedui bolson zaluu vydee bayrlalaa
Баярлалаа. Залуусын сэтгэхүй өөр байна. Бүх зүйлийг төрөөс нэхээд суудаг төр төвтэй хандлага өөрчлөгдөж байна, амьдрах орчноо сайхан болгоход иргэн бүр оролцохыг ойлгоцгоож эхэлжээ