ЖДҮ-ийн зээлийн хугацааг 8 жил болгож, хүү 5 хувь байхаар баталлаа

Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гийн зээлийг хүнд суртал, олон шат дамжлагын хүлээснээс чөлөөлөх асуудлыг оруулж дэмжлэг авсан. Ингэснээр бизнес эрхлэгчдийг бодитоор дэмжих боломжийг бүрдүүлэх зорилт тавьж, Ерөнхий сайдын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд ЖДҮХС-гийн зээлийг урт хугацаатай, шат дамжлага багатай, шуурхай олгох зохицуулалтыг хэрэгжүүлж эхэллээ.
Тухайлбал, сайдын эрхлэх асуудлын хүрээнд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай тушаал гаргаж, ЖДҮХС олгох зээлийг найман жил болгон сунгаж, 2020-2025 онд хөнгөлөлттэй зээл авсан, зээлийн зөрчилгүй зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн үндсэн төлбөрийн төлөлтийг хоёр хүртэл жилээр сунгаж долоон жил болгохоор боллоо. Ингэснээр Жижиг, дунд үйлдвэрийн газраас үндсэн хөрөнгийн зээлийг найман жил, эргэлтийн хөрөнгийн зээлийг таван жилийн хугацаатай олгож эхэлхээр болж төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж эхлээд байна. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авах төсөл хүлээн авах хугацааг 30 хоног, төсөл сонгон шалгаруулалтыг 20 хоног, холбогдох бичиг баримт, зээлийн гэрээг бүрэн хүлээлгэн өгснөөс хойш тав хоногт багтаан зээлдэгчид зээл олгож ажиллах юм.
Мөн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2020-2025 онд хөнгөлөлттэй зээл авсан, зээлийн зөрчилгүй зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн үндсэн төлбөрийн төлөлтийг хоёр хүртэл жилээр сунгаж долоон жил болгохоор боллоо. Харин зөрчилтэй зээлийн ангилалд хамаарах зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн хуримтлагдсан үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийг төлсөн тохиолдолд тооцоологдсон алдангиас чөлөөлж, зээлийн хугацааг долоон хүртэл жилийн хугацаагаар сунгахаар боллоо.
Тухайлбал, ЖДҮХС-гийн 100,0 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан нэг аж ахуйн нэгжийн зээлийн эргэн төлөх хугацаа таван жил байгаа бөгөөд үүнийг хоёр жилээр сунгаж долоон жил болгоход 8-20 сая төгрөгийн мөнгөн урсгалын хэмнэлт үүснэ гэж тооцжээ. Ингэснээр аж ахуйн нэгжүүд хөдөлмөрийн болон бусад зардлаа санхүүжүүлж, ажлын байраа хадгалах боломж бүрдэх бөгөөд энэхүү хэмнэлт нь хуримтлал, худалдан авалт, татвар, нийгмийн даатгал, цалин гэх мэт хэлбэрээр эдийн засгийн эргэлтэд орох эерэг нөлөөтэй.
Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь 2026 оны нэгдүгээр сарын байдлаар 1294 идэвхтэй зээлийн 195,7 тэрбум төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд зээлийн хугацааг сунгаснаар сангийн зээлийн жилийн эргэн төлөлт 14,5 тэрбум төгрөгөөр буурах боловч аж ахуйн нэгжийн хувьд мөнгөн урсгалын хэмнэлтийг хөдөлмөрийн зардалд зарцуулбал 4917 ажлын байр шинээр нэмэгдэхээр байна.
Х.ХУЛАН










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.