Улс төрийн мэдээ

Айлчлал: Астана–Улаанбаатар, Өскемен–Өлгий чиглэлийн нислэгүүдийг сэргээж, шууд автозамыг холбоно

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев болон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нарын хэлэлцээ хоёр орны албан ёсны төлөөлөгчдийн хамтаар өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр эхэллээ.

Талуудын олон талт хамтын ажиллагаа, найрсаг харилцаа, харилцан ойлголцол тогтвортой хөгжиж байгааг онцлон тэмдэглэв.Казахстаны Ерөнхийлөгч Монгол Улсын төрийн тэргүүнд манай улсад төрийн айлчлал хийх урилгыг хүлээн авсанд талархал илэрхийлсэн юм.

Казахстаны төрийн тэргүүн Касым-Жомарт Токаев 2024 оны аравдугаар сард Монгол Улсад хийсэн төрийн айлчлалаа халуун дотноор дурсаж, уг айлчлалын үр дүнд олон чухал тохиролцоонд хүрч, хоёр улсын харилцаа стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг онцлон тэмдэглэв.

Уулзалтын эхэнд Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев

"Манай хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа мэдэгдэхүйц бэхжиж байна. Амжилт, ололт цөөнгүй бий. Жил ирэх тусам худалдааны эргэлт өсөж, аж үйлдвэрийн салбарт тодорхой төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж буй. Өнөөдөр Казахстан–Монголын бизнес форум болж, Монголын олон компани оролцож байна. Бид энэ санаачилгыг бүрэн дэмжиж буй бөгөөд таны зүгээс үзүүлсэн дэмжлэгт талархал илэрхийлье" гэв.

Өнгөрсөн онд Казахстан, Монголын хоорондын худалдааны эргэлт 7.7 хувиар өсөж, 130 сая ам.доллароос давжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстан Улсад шинэ Үндсэн хууль батлах бүх нийтийн санал асуулгыг амжилттай зохион байгуулсан Касым-Жомарт Токаевт баяр хүргэв. Түүний үзэж буйгаар энэ нь Казахстаны өсөлт, хөгжил цэцэглэлтийн бат бөх суурь болж, хууль дээдлэх зарчимд тулгуурласан нийгмийг төлөвшүүлэхэд чухал түүхэн үйл явдал гэдгийг онцоллоо.

Мөн уулзалтын үеэр хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, дижитал шилжилт, уул уурхай, аялал жуулчлал, тээвэр, ложистик, түүнчлэн бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар хэлэлцсэн юм.

У.Хүрэлсүх ерөнхийлөгч энэ удаагийн айлчлал нь хоёр улсын ард түмний найрсаг харилцааг бэхжүүлж, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа мөн илэрхийллээ. Түүний хэлснээр Казахстан улс нь Монгол Улсын Төв Азид стратегийн түншлэл тогтоосон анхны улс гэв.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх

"Найрсаг харилцааг цаашид бэхжүүлэх, мөн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг үр ашигтайгаар өргөжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг юм. Сүүлийн хоёр жилд бид хоёр улсын хоорондын харилцаанд олон чухал ажлыг хамтран хэрэгжүүлж, хамтын ажиллагаагаа шинэ түвшинд хүргэж чадлаа. Хоёр улсын хоорондын итгэлцлийг бэхжүүлэхэд хууль тогтоох дээд байгууллагууд онцгой үүрэгтэй. Манай эдийн засгийн хамтын ажиллагаа эрчимтэй хөгжих асар их боломж бий. Таны 2024 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр 2025–2027 онд Монгол, Казахстаны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх "Замын зураг" -ийг баталсан бөгөөд энэ хүрээнд бараа эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх зорилт тавьсан" гэв.

Төрийн тэргүүнүүд Засгийн газар хоорондын үйл ажиллагааг идэвхжүүлэх, Астана–Улаанбаатар болон Өскемен–Өлгий чиглэлийн нислэгүүдийг сэргээх, мөн хоёр улсын хооронд шууд автозамын харилцаа нээх боломжийг судлах зорилгоор Засгийн газар хоорондын ажлын хэсэг байгуулахаар боллоо.

Касым-Жомарт Токаев Монгол Улсын Баян-Өлгий аймагт Казахстаны консулын газрыг нээхэд дэмжлэг үзүүлсэн У.Хүрэлсүх ерөнхийлөгчид талархал илэрхийллээ.

Мөн хэлэлцээний үеэр боловсрол, соёл, аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлуудыг хэлэлцэв.

Ц.ТАМИР

Эх сурвалж: Akorda.kz

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button