Мариа Ресса: Зориг гэдэг нь хаа нэгтэйгээс олдог зүйл биш дотор чинь суусан байдаг чанар
Өнөөдөр /2026.05.03/ Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалсан ажлаа үнэлүүлж Нобелийн энх тайвны шагнал хүртэж байсан Мариа Ресса Гүржийн “Civil” агентлагт өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна. Тэрбээр Филиппиний Ерөнхийлөгч асан Родриго Дутертег шүүмжлэлтэй мэдээлснийхээ төлөө хэд хэдэн удаа баривчлагдан, хууль зүйн дарамт шахалтад орж байсан билээ.
Асуулт: Энэхүү ярилцлагыг өгөхөөр цаг гаргасан танд баярлалаа. Тбилисид байхдаа та маш шахуу хуваарьтай ажилласан байх. Та Гүржийн нийслэлд "ZEG Storytelling" наадамд оролцох, "Дарангуйлагчийг хэрхэн эсэргүүцэх вэ" (How to Stand up to a Dictator) номынхоо нээлтийг хийхээр олон арга хэмжээнд оролцлоо. Энэ номыг бичих санаа хэрхэн төрсөн бэ? Номын тань гол утга санаа юу вэ?
Мариа Ресса: "Та номоо ямар заваараа бичиж амжсан юм бэ" гэж хүн бүр надаас асууж байлаа. Би энэ номын ихэнхийг хөл хорионы үеэр бичсэн юм. Миний эсрэг цахим дайралтууд 2016 онд эхэлсэн болохоор одоо найман жил өнгөрчээ. Хүмүүс надаас "Та яаж ийм зоригтой байж чаддаг вэ" гэж их асуудаг байв. Ном бичих санаа үүнээс л үүдэлтэй байх. Зориг гэдэг бол хаа нэгтэйгээс олж авдаг зүйл биш. Харин дотор чинь суусан байдаг чанар юм. Хүн бүр зоригтой гэж би боддог. Зориг хүмүүсийн баримталдаг үнэт зүйлстэй холбоотой.
Ямар нэгэн зүйл хийх гэж оролдох эхлэлийг тавих зүйл байсан болохоор би энэ номыг бичиж эхэлсэн. Зориг гэж юу болохыг тайлбарлахад хэцүү. Би үнэхээр л өөрийнхөө үнэт зүйлсдээ итгэдэг л бол энэ номыг бичих ёстой гэж бодсон. Зөвхөн цаг үе сайн байх үед л үнэт зүйлстээ итгэдэг юм биш. Харин ч хэцүү цаг үе л таны хэн бэ гэдгийг, та үнэхээр тэдгээр үнэт зүйлсээ итгэдэг эсэхийг бодитоор шалгадаг. Тэр үед л бүх зүйл маш тодорхой болдог. Энэ утгаараа би Дутертегийн засаг захиргаанд бараг л талархах ёстой байх. Учир нь тэд биднийг сорьж, хачирхалтай арга замаар биднийг улам хүчирхэг болгосон. Би цагаач гэр бүлээс гаралтай, номын гэгддэг хүүхэд байсан нь миний итгэж явдаг үнэт зүйлсэд нөлөөлсөн. Шинэ соёлд орж ирээд амьдрахдаа тэр нийгмийг шуудхан ойлгодоггүй. Тийм болохоор бусдыг маш сайн сонсож, хүн бүрээс суралцдаг. Энэ нь сэтгүүлчийн хувьд надад маш том бэлтгэл болсон.
Номын бүлэг бүрийн гарчиг нь тухайн хэсэгт юун тухай өгүүлэх ерөнхий дүр зургийг харуулдаг. Харин доор нь налуу үсгээр миний алхам тутамдаа сурч авсан хувийн сургамжуудыг бичсэн байгаа. Тэр сургамжууд нэгийг бодогдуулдаг, маш сонирхолтой туршлага болсон. Хөл хорионы үеэр нэгийг тунгаахаас өөр юу хийх билээ. Жишээ нь, нэгдүгээр бүлгийн гарчиг нь "Алтан дүрэм". Хүн залуу байхдаа амьдралынхаа шийдвэрийг яаж гаргадаг вэ. Шийдвэрүүдийг тус тусад нь гаргадаггүй. Тэгвэл таныг чиглүүлдэг зарчмууд юу вэ. Намайг чиглүүлдэг зарчим нь "Алтан дүрэм" байсан тул эхний бүлгээ ингэж нэрлэсэн. "Алтан дүрэм" гэдэг нь "Бусад хүмүүс чамд яаж хандаасай гэж хүсэж байна, чи тэдэнд яг тийм байдлаар ханд" гэсэн үг. Дэлхийн бүх шашныг харвал бүгдэд нь иймэрхүү утга санаа бий. Исламын шашинд үүнийг жихад гэж нэрлэж болох ч, жихад бол хувийн тэмцэл, сайн хүн байхын төлөөх тэмцэл, өөрийнхөө ухамсартай хийж буй тулаан юм.
Гарчиг нь "Алтан дүрэм" боловч дэд гарчиг нь "Үргэлж суралцахыг сонго" гэсэн утгатай. Энэ сургамжийг би АНУ-д нүүж ирээд сурсан юм. Хүнд хэцүү цагтай тулгарч эсвэл салаа зам дээр ирж эргэлзсэн ч хамгийн чухал нь аль зам нь надад суралцах илүү их боломж олгох вэ гэдгийг олж харах. Энэ үгний цаана ийм л санаа байгаа.
Сүүлийн үед сэтгүүлчид болон ардчилсан нийгмийн иргэд өөрсдийн зааг шугамыг татаж сурах шаардлагатай болж байгааг би анзаарсан. "Хил хязгаараа тат, тэгээд тэр шугамаа хамгаал" гэж би хэлдэг. Энэ хил хязгаар бол ардчилсан иргэний тань эрх ашиг юм. Эрх мэдэл, мөнгө таны хэн болохыг эвдэж чадахааргүй тийм үнэт зүйл дээрээ хэзээ ч битгий буулт хий.
Миний хувьд тэр хил хязгаарууд маш залуу байхад минь л зурагдсан байсан. Шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолд дуртай хүний хувьд Урсула Ле Гуины нэгэн эшлэлд би маш их дуртай. Тэр “Хүмүүс настай, туршлагатай хүн рүү хараад, нас ахих тусам хүнд илүү их эрх мэдэл, илүү олон сонголт бий болдог гэж боддог. Гэтэл энэ нь худлаа. Үнэндээ таны залуудаа хийсэн жижиг сонголт бүр таны ирээдүйг шийдэж байдаг бөгөөд яваандаа таны зам улам нарийссаар, эцэст нь танд ердөө ганцхан л сонголт үлддэг” гэсэн агуулгатай зүйл бичсэн нь их таалагддаг. Тиймээс би өөрийнхөөрөө байя гэвэл урд минь ганцхан л сонголт гарч ирээд байсан юм. Тэр сонголтыг хийх нь миний хувьд зориг байгаагүй. Харин миний үргэлж алхаж ирсэн л зам байв.

Та одоо Гүржид юу болж байгааг харж байгаа байх. "Гадаадын төлөөлөгчийн тухай хууль"-ийг баталж, дарамт шахалт ширүүсэж, Гүржийн сэтгүүлчид болон идэвхтнүүд одоо зориг гаргах уу эсвэл идэвхгүй байх уу гэдэг сонголтын өмнө ирээд байна. Одоо үүсээд буй нөхцөл байдал тэдний хувьд шинэ зүйл. Харин та сэтгүүл зүйн салбарт бараг дөчин жил ажиллаж, бүгдийг үзэж туулсан хүн. Та авлигыг илчилж, Дутертегийн хар тамхины эсрэг дайны талаар сурвалжилж, баривчлагдан цахим дайралтад өртөж ирсэн. Авторитар дэглэмийн эсрэг тэмцэж буй гүржүүд болон бусад орны сэтгүүлчдэд үүнийг хэрхэн даван туулах, хэрхэн үргэлжлүүлэн ажиллах талаарх туршлагаасаа хуваалцаж болох уу?
Гүржид уулзсан иргэний нийгмийн бүлгүүд болон сэтгүүлчид надад маш гүн сэтгэгдэл төрүүлсэн. Би "Coda Story"-ийн удирдах зөвлөлд байдаг болохоор Наталья Антальева болон бусад сэтгүүлчидтэй уулзсан. Гүржүүд яг тайваньчууд шиг дарангуйлагч гүрний буюу ОХУ-ын сүүдэрт төлөвшиж тогтсон ард түмэн юм байна гэж би харсан.
Та бүхэн яг л тайваньчууд шиг байна. Тайванийг бууж өгнө гэж би хэзээ ч бодож байгаагүй. БНХАУ тэднийг шахаж, хуурамч мэдээллээр бөмбөгдөж байсан ч ардчилсан хүчнүүд ялагдана гэж би санаа зовоогүй. Учир нь тайваньчууд эсэргүүцэл дундаас төрсөн хүмүүс. Гүрж олон талаараа надад Тайванийг санагдуулж байна. Гүржид байх богино хугацаандаа хүмүүстэй ярилцахад та бүхний өмнө тулаад буй сорилт маш бодитой гэдэг нь харагдлаа. Оросоос гадна бас Хятадаас хуурамч мэдээлэл тарааж байна. Гүрж Оростой шууд хил залгаа оршдог. Гэхдээ 2008 онд та бүхэн Оросын анхны бай болсон ч тэднийг няцааж чадсан. Крымийн хойг унахад Гүрж л шугамаа хамгаалж зогссон шүү дээ.
Гүржээс сурах зүйл филиппинчүүд их байгаа гэж бодож байна. Учир нь манай улс колоничлолын нөлөөгөөр хэлбэржсэн улс. Филиппинд нэг ийм хошигнол байдаг юм. "Бид 300 жилийг сүмд, 50 жилийг Холливудад өнгөрүүлсэн" гэдэг. Энэ нь 300 жил Испанийн колоничлол, 50 жил Америкийн нөлөөнд байсныг хэлж байгаа юм. Бид өөрсдийгөө хэтэрхий зөөлөн, колоничлогчидтойгоо хамтарч ажилладаг, хэзээ ч хувьсгал хийж байгаагүй гэж шүүмжилдэг. 1986 онд болсон хувьсгал л анхных нь байсан. Энэ утгаараа Гүржид байх богино хугацаанд эндхийн хүмүүсийн тэмцэх чадвар, зан чанар нь үнэхээр өөр, хүчтэй санагдлаа.
Нөгөө талаас "Rappler"-ийг ажиллуулж байхдаа бидний сурсан зүйл бол төлөвлөлт. Аливаа зүйлийг төлөвлөх маш чухал. Миний номын нэг бүлгийн дэд гарчиг нь "Айдсаа хүлээн зөвшөөр" гэсэн нэртэй. Харин үндсэн гарчиг нь "Мангастай тэмцэхийн тулд өөрөө мангас болж болохгүй". "Rappler"-ийг үүсгэн байгуулсан дөрвөөрөө нийлээд хамгийн муудаа бидэнд юу тохиолдож болохыг төсөөлөөд, тийм зүйл болбол юу хийхээ ярилцсан. Зүгээр нэг төсөөлөөд зогсоогүй, ажиллагааны дарааллыг нь гаргаж, сургуулилт хийсэн. "Rappler"-т ажилладаг 100-120 хүнд тэр сургуулилтаа орсон. Хэрэв цагдаа нар ороод ирвэл хүн бүр өөрийнхөө эрхийг мэддэг байх ёстой. Айдсаа удирдахад төлөвлөлт ямар чухал болохыг хэлээд хэлээд барамгүй. Хүн бүр айдаг, гэхдээ танд төлөвлөгөө байгаа бол, бас байж болох хамгийн муу зүйлд бэлэн байгаа бол өөр юу ч тохиолдсон тэр нь хамгийн муу хувилбараас дээр л байх болно.

Та гүржүүд болон филиппинчүүдийн ялгааны талаар ярилаа. Гэвч таны номд бичсэн шиг ижил төстэй зүйлс ч их байна. Жишээ нь, Фэйсбүүкийн донтолт. Гүржүүд бас л Фэйсбүүк дээр амьдарч байна. Сүүлийн жилүүдэд та хуурамч мэдээлэл болон нийгмийн сүлжээний том платформуудын хариуцлагын талаар их анхаарсан. Тэгвэл хэвлэл мэдээлэл, сэтгүүлчид үүн дээр өөр юу хийж чадах вэ. Бид зүгээр л үнэнийг мэдээлээд явсаар байх уу. Эсвэл үзэн ядалт, туйлшралын хэсэг болохгүйн тулд ямар нэгэн байдлаар дасан зохицох ёстой юу. Бид юуг өөрөөр хийх ёстой вэ?
Бид илүү ихийг хийх ёстой гэж би боддог. Технологи хүмүүсийн сонголтод хэрхэн нөлөөлж байгаа талаар олон судалгаа бий. Жишээ нь, АНУ-д сонгуулийн системийг хамгаалдаг “CISA” гэж байгууллага бий. Гэвч тэд сонгогчдын сэтгэл хөдлөлд нөлөөлж байгаа явдлаас хамгаалж чадахгүй байна. Сонгогчдыг айдас, уур хилэн, үзэн ядалтаар дамжуулж мэдрэмж, ертөнцийг үзэх үзэл, улмаар үйл хөдлөлийг нь өөрчилж байна. Бид нар Филиппинд үүн дээр маш их цаг зарцуулж ажилласан. Тоо баримттай мэдээлдэг байсан. 2016 онд анх энэ талаар нийтлэл гаргахад хүмүүст маш уйтгартай санагддаг байсан ч филиппинчүүд дахин дахин уншиж, арай өөр өнцгөөс харж эхэлсэн.
Өнөөдөр Фэйсбүүк болон бусад платформуудын ашиглаж буй энэ технологи ашиг олох зорилготой. Тэд биднийг өөрсдийнхөө хамгийн муу хувилбар байлгахын тулд манипуляци хийж, айдас, хүчирхийлэл, үзэн ядалтыг өдөөж байна. Үүнийг бид хэвийн зүйл гэж хүлээн авч болохгүй. Хүнд сайн чанар бий гэдгийг гүржүүд ч мэднэ. Гэвч цахим платморфуудын ашиг олох зориулалттай алгоритм үүнийг харуулахгүй байна. Үүн дээр хиймэл оюун ухаан, чатботууд нэмэгдэхээр юу нь бодит, юу нь хуурамч гэдгийг ялгахын аргагүй болно. Тантай "Zoom"-оор ярьж байгаа хүн бодит хүн мөн үү гэдгийг ч мэдэх боломжгүй болж байна.
Яагаад би эдгээр технологиуд баримтад тулгуурлаагүй гэж хэлээд байна вэ. Баримтгүйгээр, бодит байдалгүйгээр бид бүгд сул дорой болно. Хүмүүс юунд ч итгэхээ больж, бүх зүйлд эргэлздэг болдог. Тиймээс та бүхэн өөрсдийн "итгэлцлийн хүрээ"-г бүрдүүлэх хэрэгтэй. Иргэд юуг ч мэдэхгүй, юунд ч итгэхгүй байх нь дарангуйлагчдад л хамгийн ашигтай байдаг. Учир нь тийм иргэд хэзээ ч нэгдэж, хөдөлж чаддаггүй юм.
Дахиад нэг асуулт байна. 2021 онд та мэргэжил нэгт Дмитрий Муратовтой хамт Нобелийн энх тайвны шагнал хүртсэн. Та Нобелийн шагнал хүлээн авахдаа "Би энд үнэний төлөө маш их зүйлийг золиосолж буй дэлхийн бүх сэтгүүлчдийн төлөөлөл болж зогсож байна" гэж хэлсэн. Сүүлийн зуу гаруй жилийн хугацааны анх удаа ажлаа хийж байгаа сэтгүүлч энэ шагналыг авсан нь тэр байв. Таны ажлыг ингэж үнэлсэн нь танд болон дэлхийн сэтгүүлчдийн хувьд ямар утга учиртай байсан бэ?
Маш том үнэлгээ байсан. Сүүлийн 17 жилийн турш дэлхий даяар ардчилал ухарч байна. Үүнийг дагаад сэтгүүлчид рүү халдах, дарамтлах, шоронд хорих, амь насыг нь хөнөөх явдал ихэссэн. 2023 онд Газын зурвасын дайны улмаас амиа алдсан сэтгүүлчдийн тоо 44 хувиар өссөн. 2022 онд Украин байсан бол, 2023 онд Газа зурвас боллоо. Сэтгүүлч байхад маш хэцүү цаг үе ирээд байна. Бид илүү их золиос гаргах хэрэгтэй боллоо. Номондоо би хүн бүрийг өөрөөсөө "Та үнэний төлөө юуг золиослоход бэлэн бэ?" гэж асуугаасай гэж хүссэн. Учир нь энэ бол сэтгүүлчид болон гүрж ард түмний өмнө тулгараад байгаа асуудал юм.
Энх тайвны шагнал сэтгүүлчдийн туулж ирсэн бүх зүйлийг үнэлсэн хэрэг байв. Би Нобелийн шагнал дээр үг хэлснийхээ дараа аялахын тулд Филиппиний Дээд шүүхээс зөвшөөрөл авах шаардлагатай болсон ч одоо энд байж байгаадаа баяртай байна. Тэд надад аялах эрхийг минь өгсөн. Өмнө нь дөрөв, таван удаа татгалзаж байхад надад бүх зүйл хаагдаж байгаа мэт санагдаж байлаа. Харин энэ шагнал надад алдсан гэж бодож байсан эрх чөлөөний минь зарим хэсгийг эргүүлж өгсөн юм.
Энэ шагнал бас "Rappler"-ийн хамт олонтой маань холбоотой. Ийм зүйлийг хэн ч ганцаараа хийж чадахгүй. “Rappler”-ийг үүсгэн байгуулсан дөрөв айдсаа хамтдаа даван туулдаг. Дайралтад өртөж буй хэн ч байсан айдаг. Эрүүл ухаантай л хүн бол айх нь зөв, учир нь айдас таныг бэлтгэлтэй байхад тусална. Бид дөрөв "Нэгж хугацаанд бидний зөвхөн нэг нь л айх эрхтэй" гэдэг дүрэмтэй. Айдсаа ээлжлэн үүрдэг. Учир нь багаа удирдаж байгаа хүн бүхнийг мэддэг, супер баатар байх ёстой юм шиг санагддаг ч үнэндээ бид тийм биш шүү дээ. Бид багаараа, хамтдаа хүчтэй байдаг.
Бидний өмнө илүү хэцүү цаг үе ирнэ гэж би бодож байна. Харамсалтай нь энэ ном 2022 онд "ChatGPT" гардаг яг тэр сард хэвлэгдсэн. Түүнээс хойш нөхцөл байдал дээрдээгүй, харин ч дордсон. Тиймээс арга хэмжээ авах боломжит цонх хаагдаж байгаа мэт надад санагдаж байна. Би Гүржид ирсэн шалтгааны нэг энэ. Ардчиллын төлөөх тулааны талбар болсон улс бүр дэлхийн ардчиллын тэнцвэрт маш хүчтэй нөлөөлнө. Гүрж бол туйлын чухал цэг.
Эх сурвалж: Civil
"Eguur"-ийн 2026 оны сэдвийг эндээс уншина уу















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зориг гэдэг дотроос гардаг гэдэг үнэн үг байна
Ийм хүмүүс л сэтгүүл зүйн үнэ цэнийг авч явдаг даа
Үнэт зүйлдээ үнэнч байх хамгийн чухал юм байна
Айдсаа хүлээн зөвшөөрнө гэдэг их хүчтэй санаа байна
Сошиалын нөлөө ийм их болчихсон нь аймаар шүү
Үнэний төлөө зогсох амар биш гэдгийг харуулж байна
Ийм зоригтой хүмүүс байж байж л нийгэм урагшилна
Хүн бүр дотроо зоригтой гэдэг хэсэг их таалагдлаа
Сэтгүүлчид ийм зарчимтай байвал итгэл төрнө
Фэйсбүүк хүмүүсийг яаж өөрчилж байгааг сайн хэлжээ
Үнэнийг хамгаалах гэдэг өөрөө том тэмцэл юм байна
Манайд ч гэсэн ийм асуудал их байна даа
Айдас байж болно гэхдээ төлөвлөгөөтэй байх ёстой гэдэг зөв
Залуудаа хийсэн сонголт бүхнийг шийддэг гэдэг үнэн
uneheer sonirholtoi yariltslaga bna
hun bur dotoroo zorigtoi gej heleh ni ih goy