АНЭУ ОПЕК-ээс гарсан нь ямар үр дүнд хүргэх вэ
Арабын Нэгдсэн Эмират Улс ОПЕК-оос тавдугаар сарын 1-нд гарна гэсэн нь тус байгууллага болон холбооны де факто удирдагч Саудын Арабын газрын тосны зах зээл дэх нөлөөг сулруулна. Энэхүү үйл явдал нь урт хугацаандаа газрын тосны үнэ унах нөхцөлийг бүрдүүлж болзошгүй юм.
АНЭУ нь Саудын Арабын дараа орох ОПЕК-ийн хамгийн нөлөө бүхий гишүүн байсан юм. "Rystad Energy" агентлагийн геополитикийн шинжилгээний албаны дарга Хорхе Леон хэлэхдээ, АНЭУ нь Саудын Арабын нэгэн адил зах зээлийн үнэд нөлөөлөхүйц, мөн газрын тосны нийлүүлэлтийн тасалдалд хариу үзүүлэх хүчин чадалтай цөөн гишүүдийн нэг байсан гэв.
Илүүдэл хүчин чадал гэдэг нь томоохон хямралын үед зах зээлд шуурхай нийлүүлж болох ашиглагдаагүй газрын тос юм. Дэлхийн улс орнууд өдөртөө 4 сая гаруй баррель илүүдэл газрын тос олборлох хүчин чадалтай. Үүний дийлэнх хэсгийг Саудын Араб болон АНЭУ хянадаг юм. Ийм учир тус хоёр улс газрын тосны зах зээлийн хүндрэлтэй үед арга хэмжээ авч чадах онцгой нөлөөтэй байдаг.
Хорхе "АНЭУ тус байгууллагаас гарч буй үйлдэл нь ОПЕК-ийн зах зээлийг удирдах чадварыг тэтгэдэг гол багануудын нэгийг үгүй хийж байна" гэжээ. Үүний үр дүнд ОПЕК бүтцийн хувьд илүү сул дорой болно гэж тэр үзэж байна.
Мөн энэ явдал Саудын Арабын хувьд том цохилт болж байгаа юм. Учир нь АНЭУ байгууллагаас гарснаар Саудын Араб ОПЕК-ийг удирдах чадамжийг сулруулна гэж Дэйвид Голдвин хэлжээ. Тэрбээр 2009-2011 онд АНУ-ын Төрийн департаментын олон улсын эрчим хүчний асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгчөөр ажиллаж байсан юм.

Саудын Араб өөрийн илүүдэл хүчин чадлаараа зах зээлд дэг журам тогтоох чадвартай хэвээр байх болно. Гэхдээ АНЭУ гишүүн биш болсон тул тэдний байр суурь өмнөхөөсөө суларна гэж Дэйвид CNBС агентлагт хэлсэн байна.
Ираны дайны улмаас Персийн булангийн орнууд газрын тосоо экспортолж чадахгүй болсон нөхцөл байдалд АНЭУ ийм шийдвэр гаргасан нь анхаарал татаж байгаа юм. Гэхдээ энэ шийдвэрээ АНЭУ дайнтай холбоогүй юм. Тус улсын Эрчим хүчний сайд Сухэйл Аль Мазруи “Reuters” агентлагт хэлэхдээ “Газрын тос үйлдвэрлэлтэй холбоотой одоогийн болон ирээдүйн бодлогыг сайтар судалсны дараа уг шийдвэрийг гаргасан” гэжээ.
Дэлхий дахины эрчим хүчний эрэлт нэмэгдэх төлөвтэй байгаа учир АНЭУ тэрхүү хэрэгцээг хангах байр сууриа эзэлнэ гэж Сухайл хэлсэн байна. АНЭУ байгууллагаас гарах шийдвэрийг бусад олборлогчдод учрах хүндрэл бага байх цаг хугацааг сонгож гаргасан гэж тэр “CNBC” агентлагт хэлсэн юм.
Ормузын хоолой хаалттай байгаа нөхцөлд АНЭУ байгууллагаас гарсан нь ирэх нэг жилийн хугацаанд зах зээлд нөлөөлөх магадлал бага гэж Дэйвид үзэж байгаа аж. Байгууллагаас гарах шийдвэрээ танилцуулсны дараа газрын тосны үнэ бага зэрэг буураад буцаагаад өссөн байна.
Гэхдээ энэ алхам нь ирээдүйд газрын тосны үнэ унахад нөлөөлж магадгүй гэж "Again Capital"-ийг үүсгэн байгуулсан Жон Килдафф үзэж байгаа юм. Нийлүүлэлт хэт ихэссэн үед үнийг хэт унагахгүй барихын тулд газрын олборлогчид нэгдэн ажилладаг байдлыг уг алхам сулруулна.
Байгууллагаас гарах тул АНЭУ ОПЕК-ийн хязгаарлалтгүйгээр олборлолтын шийдвэрээ бие даан гаргах эрх мэдэлтэй болох юм. Эрчим хүчний сайд Сухэйл хэлэхдээ 2027 он гэхэд олборлолтоо хоногт 5 сая баррельд хүргэх зорилтоо биелүүлэхийн тулд АНЭУ чөлөөтэй ажиллах хүсэлтэй байгаа гэжээ.
"Lipow Oil Associates"-ийн ерөнхийлөгч Энди Липоу хэлэхдээ, газрын тосны үнийг тогтвортой барих гэсэн Саудын Арабын бодлогод АНЭУ олон жилийн турш шахагдаж ирсэн хэмээжээ. Гэтэл Ирак болон ОПЕК+ бүлгийн гишүүн болох ОХУ тогтоосон квотоо тогтмол хэтрүүлсээр ирсэн билээ.
Энди "АНУ болон Ираны хоорондох мөргөлдөөн дуусаж, Ормузын хоолой дахин нээгдэх үед АНЭУ нөөцөлж байсан бүх илүүдэл хүчин чадлаа ашиглан, боломжит дээд хэмжээгээрээ тос олборлоно гэж би таамаглаж байна" хэмээн “CNBC”-д хэлжээ.
Харин Дэйвид "Энэ шийдвэрийн улмаас газрын тосны үнийн хэлбэлзэл нэмэгдэх ихээхэн эрсдэлтэй байна. Гэхдээ эцсийн дүндээ зах зээлийн нөхцөл байдал хамтын ажиллагаа шаардвал АНЭУ ОПЕК-оос гарсан ч тэдэнтэй хамтран ажиллах боломж нээлттэй хэвээр байна" гэсэн юм.
Эх сурвалж: CNBC















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ шийдвэр нефтийн зах зээлд нөлөөлөх нь ойлгомжтой
Une unah magadlal bna gej harj bn
ОПЕК сулрах нь тодорхой боллоо доо
ANEU odoo bie daaj shiidver gargana
Газрын тосны үнэ тогтворгүй болох байх
Niiluulelt nemegdbel une unana
Саудын Арабын нөлөө багасна гэж харагдаж байна
Ene bol tom uls turiin shiidver bn
Зах зээлийн өрсөлдөөн нэмэгдэх нь дээ
Odoonoos ur nuluu ni medregdeh baih
Нефтийн үнэ буувал хэрэглэгчдэд ашигтай
Gehdee ediin zasagt ooroor nuluulj magadgui
ОПЕК-ийн дотоод зөрчил ил гарч байна
Dotood ashig sonirhol ih bga bololtoi
Zov eseh ni tsag hugatsaand haragdana
Газрын тосны зах зээл улам төвөгтэй болно