У.Оргилмаа: Зодож, нүдэж байгаа юм шиг бичихээс илүү хэнд хэрэгтэй вэ гэдгийг бодож бичих хэрэгтэй
Eguur News мэдээллийн агентлаг жил бүрийн тавдугаар сарын 3, Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан асуудал хөндөж, редакцын хамтын бүтээлээ нийтэлдэг. 2026 онд бид "Монголд редакциуд ЗОРИГТОЙ ажиллаж чадаж байгаа юу” агуулгаар "Eguur"-ийн сэдэв бэлтгэлээ. Нэгдсэн агуулгад зориулж, чөлөөт нийтлэлч У.Оргилмаатай ярилцсаныг хүргэж байна.
Видео:
-Та олон жил нийтлэл бичиж яваа туршлагатай сэтгүүлчдийн нэг. Сэтгүүл зүйд яваа энэ жилүүдийнхээ хэдийд нь хамгийн зоригтой байсан гэж боддог вэ?
-Би 2018 оны хоёрдугаар сарын 01-нээс ямар ч редакцад харьяалагдахгүйгээр ганцаараа нийтлэл бичээд үзвэл ямар байх бол гэж зориглоод гарч байсан. Оффис байхгүй, хаана ч хамаагүй суугаад бичихэд бэлэн. Надад баримт материал ч их байсан. Гэхдээ түүнийгээ гаргаж бичихгүй байсан нь редакцын бодлого, редакцын эздийн хамаарал бүхий найз нөхдийн эрх ашгийг хөндөх гээд байсан учир нийтлэгдэхээс хориглогдож явлаа.
Тэр цагаас одоог хүртэл чөлөөт нийтлэлчээр ажиллаж байна. Энэ хугацаанд хэн ч миний гарыг бариагүй, хориогүй. Хамгийн их итгэж найдаж байсан ганц зүйл миний цаасан баримтууд. Хэзээд баримт цаасан хэлбэрээр иртэл баримт байгаа гэж найдаж, хүний хэлсэн үгээр баримт хийж болдоггүй.
-Болгоомжилдог, чухалчлан эмээх сэдэв?
-Мөрдөх, санаж сэрэх нэг зүйл байсан нь Үндэсний аюулгүй байдлаа хадгалах. Төрийнхөө нууцыг алдчих вий гэдэгт анхаарна. Нууцлах ёстой тоо баримт, нууцууд бий шүү дээ. Мэдэж байгаа бүхнээ сэтгүүлч нийтлэх ёстой биш шүү дээ. Аль нь олон нийтийн эрх ашигт нийцэх вэ, чухал вэ гэдгээ л мэдэх хэрэгтэй.
-Сэтгүүлчид зоригтойгоор ажиллаж чадаж байна уу?
-Зориг гэдгээ зөв тодорхойлох хэрэгтэй л дээ. Зодож, нүдэж байгаа юм шигээр бичих гэхээс илүүтэйгээр хэнд хэрэгтэй вэ гэдгийг бодож бичих хэрэгтэй. Ямар нэгэн зүйлийн муу муухай, хор уршгийг дэлгэхийг зоригтой гээд буй, зөв. Харин хэн нэгнийг зодох гэвэл буруу. Өөрөөр хэлбэл асуудал бичвэл зөв, хүн рүү чиглэчихвэл буруу.
Зориг асуудал дээр харьшгүй байх хэрэгтэй, хүнийг нь ерөөс бодох ёсгүй. "Тэр хэн билээ, ямар хамааралтай, албан тушаалтай хүн билээ гэдгийг бодоод эхэлбэл өс хонзонгийн зориулалттай, сэдэл нь буруу тийшээ эргэчихдэг.
-Зоригийг мохоодог айдас хаанаас урган гарч байна вэ?
-Хүнийг чиглэж сэтгүүлзүйн бүтээл гаргасан бол айдаст автана аа. Тэр хүнийг гүтгэн доромжилж, нэр хүндэд нь халдсан бол айдас үүснэ. Харин асуудал харж бичсэн бол нийтийн төлөө байсан хэмээн зориг бардам хэлнэ байх. Гол бай чинь асуудал шүү.
Жишээ нь ҮХЦ-ийн дарга байсан Д.Одбаярыг би маш олон удаа шүүмжилж, бичиж байсан. Хугацаа нь хэтэрсэн атал энэ хүнээ солихгүй байна, албан тушаалаа хашиж байхдаа ёс зүйн алдаа гаргасан хэмээн гурван удаагийн нийтлэлээрээ хөндөөд эхлэхээр энэ хоёрын хооронд ямар асуудал үүссэн юм бол, хувь хүнд нь дургүй байгаа юм биш үү гэдэг асуудал яригдсан. Энэ мэтээр хүн рүүгээ хэт чиглээд эхлэхээр айдас, хардлага үүсдэг. Цаад хүн дургүйцэж эхэлдэг. Асуудал төвд байхад сэтгүүлчийн буруу болдоггүй.
"Eguur"-ийн 2026 оны хөндсөн сэдвийг хавсаргаж байна











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
halter setguulxh turiinhuu nuutsiig hamgaalna ch geh shig