Г.Цолмон: 9 тэрбумын нэхэмжлэл авч, шүүх дээр баримтаараа ялсан
Eguur News мэдээллийн агентлаг жил бүрийн тавдугаар сарын 3, Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан асуудал хөндөж, редакцын хамтын бүтээлээ нийтэлдэг. 2026 онд бид "Монголд редакцууд ЗОРИГТОЙ ажиллаж чадаж байгаа юу” агуулгаар "Eguur"-ийн сэдэв бэлтгэлээ. Нэгдсэн агуулгад зориулж "Өнөөдөр" сонины Эрэн сурвалжлах, экологийн мэдээллийн албаны дарга Г.Цолмонгоос дараах тодруулгыг авлаа.
Видео:
-Та эрэнгийн сэтгүүлчээр 20 гаруй жил ажиллалаа. Хувь сэтгүүлчийн хувьд хэвлэн нийтлэх зориг мохож байв уу. Хууль хүчний байгууллагад хэчнээн удаа дуудагдаж байв?
-Яг 23 жил нэг газартаа, нэг албандаа ажиллаж байна. Энэ хугацаанд шүүх, цагдаад дуудагдсан тохиолдол тун олон. Тоолж байсангүй. Монголын сэтгүүлзүйн түүхэнд хамгийн өндөр дүнтэй шүүхийн нэхэмжлэл хүлээж авч байсан сэтгүүлч би л дээ. 2012 онд 9 тэрбум төгрөгийн нэхэмжлэл гэдэг хатуу. Тэр нэхэмжлэлийг "Алтайн хүдэр" ХХК-аас надад ирүүлж байсан. Мөн "Гацуурт" ХХК-ийн Л.Чинбат захирал 65 сая төгрөгийн нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байсан. Энэ бүрд өөрт байгаа баримтуудаа гарган өгч, ялж байсан.
-Таны зориг мохож байсан удаа бий юу?
-Хөгширснийх үү, олон жил ажилласан болохоор ч тэр юм уу бичихээс залхуу хүрдэг болсон. Зориг, үзэг мохсон зүйл алга. Хэнээс ч айхгүй мэдээллийг бодитой, тэнцвэртэй л хүргэе гэж зорьдог.
Сүүлийн арав гаруй жил нэг нам засаглалаа. Энэ хугацаанд хэвлэл мэдээллийн, тэр дундаа цахим мэдээлэл хөгжлөө. Засаглаж байгаа нам хүчнийхнээс, мөн зарим улс төрчдөөс хэвлэлийг мохоох гэсэн оролдлого хийсээр ирсэн. "Өнөөдөр" сонины хувьд аль нэгэн талд ордоггүй, төвийг сахисан мэдээлэл бэлтгэдэг учир зоригоо мохоож, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө хориулж байсан удаа байхгүй.
Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаатай эрхлэх явцдаа ямар нэгэн өндөр албан тушаалтанд авлига өгчихсөн байдаг, түүнийг нь нийтлэхээр гомдоод байдаг. Тэдэнтэй үзэлцсээр байгаад сурчихсан. Зоригтой л бичсээр ирсэн, айх шаардлага байх ч үгүй. Хэзээнээсээ ийм байсан, хадгалсаар яваа.
-Редакцын зориг гэж юу вэ?
-Нотолж чадах баримттайгаар нийтлэл бичсэн редакц айх ёсгүй. "Цэг.мн" олон болсон, худалдагдах нь ч байна, зориг нь мохоод үгүй болох нь ч байна. Мөн мохоох үйлдлийг хийж байгаа хүмүүс ч бий. Тиймээс ямар ч сэтгүүлзүйн бүтээл туурвисан бай баримттай, түүнийгээ нягтлан судалсан байх нь чухал. Зарим "цэг.мн"-ийнхэн сэтгүүлзүйн төрөл жанраа ч ойлгохгүй байна. Иймд манай сэтгүүлчид өөрсдөө хариуцлагатай байх ёстой.
Бидний эрх зүйн орчин 1996 онд батлагдсан "Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль" шүү дээ. Дөрөвхөн заалттай тэр хуулийнхаа хүрээнд үйл ажиллагаагаа эрхэлж буй. Мөн сэтгүүлчийн ёс зүйн дүрэм бий, түүнийг баримталж ажиллах хэрэгтэй.
Ёс зүйн дүрмээ баримтлаагүйгээс, судалгаагаа сайн хийгээгүйгээс сэтгүүлчид маань алдаж байна. Тиймээс одоо батлагдах гэж байгаа хуулийн шинэчилсэн найруулга дээр сайн ажиллахгүй бол эзэд эсхүл эрх баригч, хууль тогтоогчид өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргах вий.
Эрүүгийн хуулийн 13.14-р заалт яг Эрүүгийн хуульд орох ёстой байсан уу, үгүй юу гэдэг дээр ҮХЦ эцсийн цэгээ тавьчихлаа, УИХ ч хүлээн авлаа. Хэвлэлийн эзэд бус бичин нийтэлдэг бид өөрсдөө сайн анхаарч ажиллах ёстой. Бидэнд үзэг байна, бичиж нийтлэх чадвар байна.
"Eguur"-ийн 2026 оны хөндсөн сэдвийг хавсаргаж байна








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баримт нь үнэн бодитой бол мэдээж Шүүх” бодитоор л шийдэнэ !!!
дарга нарыг үнэн зөв шүүхгүй байна гэж хардаад л байна
Бүх хувийн мэдээллийн сэтгүүл тв хаах хэрэгтэй..дандаа мөнгөний төлөө бузар муухай юм хийдэг шантаажчин луйварчид болсон байгаа..