НийгмийнНийгэм мэдээ

Б.Баяртогтох: Сэтгүүлчийн зориг гэдэг нь увайгүй байдал биш баримт, эх сурвалж юм

Eguur News мэдээллийн агентлаг жил бүрийн тавдугаар сарын 3, Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан асуудал хөндөж, редакцын хамтын бүтээлээ нийтэлдэг. 2026 онд бид "Монголд редакцууд ЗОРИГТОЙ ажиллаж чадаж байгаа юу” агуулгаар "Eguur"-ийн сэдэв бэлтгэлээ. Нэгдсэн агуулгад зориулж, Mining.mn сайтын эрхлэгч Б.Баяртогтохтой ярилцлаа.

Видео:

-Өнөөгийн нийгэмд редакцууд хэр зоригтой ажиллаж байна гэж харж байна.  Чөлөөтэй хэвлэн нийтлэхэд редакцуудад ямар сорилт тулгарч байна вэ?

Манай салбарынхан үеийн үед зоригтой, цагийн цагт дайчин, өөрийнхөө санаа бодлоос гадна сэтгүүл зүйн бүтээлээрээ дамжуулаад нийгмийн дуу хоолой болж ирсэн. Одоо ч энэ хэвээрээ ажиллаж байгаа. Гэхдээ сүүлийн үед, ялангуяа ковидоос хойш манай салбарт нэг ийм харзнасан, хүлээзнэсэн, эмээсэн зориг нь мохох зүйл мэр сэр байна. Яагаад гэвэл, редакцуудын нийтлэлийн бодлого, хуучин гарч байсан мэдээллийн урсгал, гарчиг, ярилцлагын өгч байгаа мэдээллээс харахад бид хэтэрхий мөлгөр болоод байгаа зүйл ажиглагдсан. Ингэснээр мэргэжлийн сэтгүүл зүйн стандарт, үнэ цэн унах гээд байна уу гэж хардаг. Гэхдээ бид зориг гэдгийг увайгүй байдал гэж бодож болохгүй. Зориг гэдэг бол бидний хувьд баримт, эх сурвалж, мэдлэгт суурилсан агуулга юм. Мөн тухайн үйл явдал дээр дүн шинжилгээ хийсэн анализ бүхий нийтлэл, сурвалжилга гэж ойлгож байгаа.

-Тэгвэл хэвлэлийнхний зориг мохоход, редакцууд чөлөөтэй хэвлэн нийтлэхэд юу нөлөөлж байна вэ. Нөгөөтэйгүүр, сэтгүүлчдийг өөрөө удирдах байгууллагаас нь давж хууль, шүүхийн байгууллагад өгдөг асуудал ч нэмэгдэж байна шүү дээ?

-Хэвлэл мэдээллийн зөвлөл, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэлийн хүрээлэн зэрэг мэргэжлийн  ёс зүй, нийтлэл ярилцлагын чанар талаас нь санаа оноо уралдуулах байгууллага байдаг. Гэхдээ бид ёс зүйтэй ажиллаж байна уу, хууль зөрчиж байгаа эсэхийг шүүх, ямар нэг дүгнэлт гаргахаас илүүтэй нийт сэтгүүлчдийн ажиллах орон зай хумигдаж байна уу. Бичих зоригтой байх, ажил үүргээ тууштай хийгээд явахад нь хоёрдогч, гуравдагч этгээдээс орж ирж байгаа дарамт шахалт байна уу. Байгаа бол тэрийг яаж арилгах вэ гэдэг дээр илүү ажиллах ёстой гэж харж байгаа.

Ялангуяа, эрэн сурвалжлах сэтгүүлчдийн хувьд хууль шүүхийн байгууллагад дуудагдах, тодорхой хэмжээгээр эрхээ хасуулах гэх мэтээр хэвлэн нийтлэх эрх чөлөөнд нь халдаж байгаа үзэгдэл сүүлийн жилүүдэд гарч байна. Цаашид энэ хэвээр байсаар байвал эргээд салбар өөрийнхөөрөө ажиллах, тогтвортой хөгжихөд, гол нь цаана нь олон нийтийн мэдэх эрхэд халдах аюул өдөр тутам заналхийлсэн хэвээрээ байна .

Нөгөө талаар манай салбар олуулаа, янз бүрийн байдлаар мэдээллээ бэлтгэж байна. Энэ дунд зарим нэг тоо, баримтын алдаа гаргах, хэн нэгний, байгууллагын нэр төрд халдах гэхээс илүүтэй нягтлаагүйгээс үүдээд зөрчил гаргах зүйл байна уу гэвэл байна. Гэхдээ сэтгүүлчдийг ажлаа хийхэд хүндрэл учруулж байгаа зүйл нь бол төрийн оролцоо нэлээд байгаа юм болов уу. Энийг бас эргэж харах ёстой.

-Сэтгүүлчийн зориг гэж ер нь юу юм бэ. Таны хувьд хамгийн зоригтой ажиллаж байсан үе гэвэл?

-Сэтгүүлчид зоригтой байхын тулд баримтай сайн нягтлах ёстой. Баримт бол бидний гол зэвсэг. Мөн эх сурвалж. Дээрээс нь өөрөө хөндөж байгаа сэдэв дээрээ мэдлэг, мэдээллийн хувьд олон талаас нь харах ёстой. Ингэвэл бид мэргэжлийн,  үнэ цэнтэй өөрөө өөртөө итгэлтэй байна. Гэхдээ бид баримт дээр яагаад зориг алдаад байна гэхээр нөгөө л нэг нягтлаагүйгээс үүдэлтэй алдаа. Цаашид шинэ үеийн сэтгүүлчид ч, манай үеийн сэтгүүлчид ч баримт, дата өгөгдөл дээр маш сайн ажиллахгүй бол хэлмэгдэх эсвэл ёс зүйн ажил мэргэжлийн хариуцлага алдах асуудал гарах юм байна.

-Таны хувьд хамгийн зоригтой ажиллаж байсан үе гэвэл?

-Хэдийгээр бид залуу үе ч гэсэн манай салбарынхан хуучнаа дурсаж ярилцдаг. Миний хувьд 2010 онд сэтгүүлч болсон, 2020 он хүртэл маш зоригтой байж. Тухайн үед би "Ардчилал" сонинд,  дараа нь "Засгийн газрын мэдээ" сонинд, "Mongolian economic"  сэтгүүлд ажилладаг байсан. Тэр үед бичсэн нийтлэлээ харахаар ямар гоё өнцөг гаргасан юм. Яасан хурц гарчиг өгөө вэ гэж бодогддог. Тийм л зоригтой байж. Нөгөө талаар зориг гэдэг чинь уран бүтээлийн зориг, эрэл хайгуулын зориг юм. Тэр нь эргээд сэтгүүлчийг хөглөж байдаг. Тэр хэрээр нийгэмд үнэ цэнтэй мэдээллүүдийг өгч байдаг.

Ер нь зоригтой л байхгүй бол хүний гараас юм гарахгүй шүү дээ. Хэт мөлгөр байгаад байх юм бол гоё  өнгүүд алдагдана. Гэхдээ цаана нь дандаа баримтаар угсарч байж хаана ч очсон үнэ цэнтэй мэдээлэл, хэний ч өмнө чамайг хамгаалах зэвсэг болно. Би өөрөө ч нийтлэл, сурвалжилгадаа аль болох гурван түвшний эх сурвалжийг хангах, тухайн баримт нь үнэхээр оновчтой баримт мөн үү гэдэг дээр байнга эргэлзэж, нягталж ажиллахыг боддог.

-Сүүлийн үед сэтгүүлчид аливаа үйл явдал, улс төрийн маргаанд оролцогч болох, талцал хуваагдлын аль нэг талд гарч , бие биетэйгээ сөргөлдөх зүйл ажиглагдах боллоо. Энэ тал дээр байр сууриа хуваалцвал?

-Ер нь сүүлийн үед эмзэглэл төрүүлж буй зүйл бол өөрсдөө оролцогч болоод байгаа байдал. Бидний үүрэг бол ийм биш шүү дээ. Хоорондоо тулалдах, үзэлцэх нь нийгэмд сэтгүүлчдийг муухай харагдуулж байна. Сэтгүүлчдэд уншигч, үзэгчид итгэж байгаа  шүү дээ. Гэтэл сэтгүүлчид асуудалд хэт их хувийн ойлголтоор хандаж хоорондоо зөрчилдөх, улс төрийн эргүүлэгт орох нь мэргэжлийн үнэ цэнээ унагах, бусдад буруу үлгэр дуурайл үзүүлээд байна уу даа гэж харж байгаа.

Хүн болгон өөрийн гэсэн үзэл бодолтой, итгэл үнэмшилтэй. Энэ чинь чөлөөт зах зээл, ардчилсан, нээлттэй нийгэм. Тэгэхээр бид байгаа зүйлийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх, олон ургальч байдлаар хандах ёстой. Бидний хоорондоо өрсөлдөх, бие биеээ хурцлах зүйл бол бидний бүтээл, бичиж байгаа нийтлэл. Тэгэхгүй сошиал дээр илүү ажиллаад байна. Гэхдээ энэ бол түр зуурын, өнөө маргаашийн үзэгдэл байх гэж харж байгаа.

-Мэргэжлээрээ ажиллах хугацаанд хууль, шүүхийн байгууллагын хаалга татаж байв уу. Ер нь зориг мохоох зүйлтэй хэр тулгарч байсан бэ?

-Салбартаа 17 дахь жилдээ ажиллаж байна. Үүний 10-аад жилд нь өдөр тутмын сонинд, тэр дундаа эдийн засаг, уул уурхайн салбарт ажиллажээ. Уул уурхай, байгаль орчны талаар нийтлэл бичээд явахад хариуцлагагүй уул уурхай хөгжүүлсэн компаниудаас нэр хүндэд халдсан гэх гомдол ирүүлэх, захиалгатай бичсэн эсэх, мэдээллээ хаанаас авсан юм гэх асуудал мэр сэр гарч байсан.

Гэхдээ байгаа зүйлийг байгаагаар нь бичсэн учраас би ч, манай редакц ч тэр өөрийгөө хамгаалж чаддаг. Тэр утгаараа хууль шүүх дээр дуудагдах ч асуудал харьцангуй байгаагүй. Ер эдийн засаг, уул урхайн талаар бичэхэд тоонд дээр алдаа гаргах эрсдэлтэй. Цифр алдах нь өөрөө маш том алдаанд ордог. Аль болох л  алдаа гарахгүй юм сан гэж бодож ажиллаж байсан. Одоо ч тийм.

-Таны хувьд өөрийн хэвлэл мэдээллийн байгууллагаа хөгжүүлээд явж байна. Редакц удирдаад явахад ямар сорилттой тулгарч байна?

-Манай сайтын хувьд 2008 онд байгуулагдсан. Миний хувьд гурав дахь жилдээ ажиллаж байна. Сүүлийн үед сэтгүүл зүйн салбар маань уул уурхай, эрчим хүч, эрүүл мэнд гэх мэтээр төрөлжин хөгжиж, нэг салбараар дагнах байдал бий болсон. Төрөлжин ажиллаж байгаа сайтуудын нэг нь mining.mn. Бидний хувьд өдөр тутмын улс төр, нийгмийн үйл явдалтай уралдахаас илүүтэй уул уурхайн салбарт болж байгаа үйл явдал, Ашигт малтмалын тухай хууль, Засгийн газраас гарч байгаа салбартай холбоотой шийдвэр, хөрөнгө оруулалтын орчинтой холбоотой асуудалд төвлөрөн ажилладаг.

Давуу тал нь  тухайн сэдвээрээ мэргэших, илүү сайг контент хийх боломж бүрддэг  Сул тал нь нэг тал руу хэлбийсэн мэдээний урсгалтай болчих гээд байдаг юм байна. Цаашид хэвлэл мэдээллийн байгууллагууд төрөлжих, өөр өөрсдийн ялгарал бий болгохгүй бол бүгд нэг сэдэв дээр төвлөрөөд өнгөний ялгарал байхгүй юм байна гэж харсан.


"Eguur"-ийн 2026 оны хөндсөн сэдвийг хавсаргаж байна

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Муу эргүү мал хөдөөний хөөсөн мантуу амаа тат новшоо

Zochin
Zochin

Zuv zuiiin tuhai yrisan bn, zarim situud zugeer uil yvdal hunii helsen ugiig bicheed bdg, teren deeree ymar ch dugnelt hiideggui

Холбоотой мэдээ

Back to top button