НийгмийнНийгэм мэдээ

Х.Мөнхжаргал: Мэргэжлийн редакц олон байснаар иргэд баталгаатай, мэргэжлийн түвшний мэдээллээр хангагдана

Eguur News мэдээллийн агентлаг жил бүрийн тавдугаар сарын 3, Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан асуудал хөндөж, редакцын хамтын бүтээлээ нийтэлдэг. 2026 онд бид "Монголд редакцууд ЗОРИГТОЙ ажиллаж чадаж байгаа юу” агуулгаар "Eguur"-ийн сэдэв бэлтгэлээ. Нэгдсэн агуулгад зориулж “Зууны мэдээ” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Х.Мөнхжаргалтай ярилцсаныг хүргэж байна.

Видео:

-Хэвлэл мэдээллийн салбарт хурдтай хувьсан өөрчлөгдөж байгаа энэ цаг үед өдөр тутмын сонинууд ямар сорилттой тулгарч байна вэ. Чөлөөт редакцын үүргээрээ ажиллаж чадаж байна уу?

-Хэвлэл мэдээллийн зах зээл өөр түвшинд шилжиж, сошиал платформыг дагаад агуулга, хэлбэр, дүрсээ өөрчилж байна. Энэ нь  уламжлалт хэвлэл буюу өдөр тутмын сонинууд үйл ажиллагаа явуулахад багагүй сорилт багагүй болж байгаа. Одоогийн байдлаар Монголд гурван өдөр тутмын сонин үйл ажиллагаа тогтмол явуулж байна. Өдөр тутмын сонин сошиал, сайтын хурдыг гүйцэх боломжгүй болсон энэ үед бид аль болох тоймлосон, асуудлын ард юу болсон юм, үнэн үү гэдгийг баримттайгаар гаргаж тавьдаг, баталгаатай мэдээллийн хэрэгсэл байхын төлөө ажиллаж байна.

Хурдтай, хувьсан өөрчлөгдөж байгаа энэ үед сонин оршин тогтноход амаргүй асуудлын нэг нь эдийн засгийн асуудал. Сонин захиалгын тоо огцом буурсан, байгууллагууд маркетингийн албатай болж, сошиал контентууд бүтээдэг болсноор реклам сурталчилгааны орлого ч буурсан. Гэхдээ бид асуудлыг яаж даван туулах вэ, яаж өөрчлөгдөж шинэчлэгдэх вэ гэдгээ эрэлхийлээд урагшилж байна.

"Зууны мэдээ” сонины тухайд иргэдийг мэдэх эрхээр нь хангах, нийтийн эрх ашгийн төлөөх үүргээ биелүүлээд, энэ чиглэлд анхаараад явж байгаа. Олон улсын төсөл хөтөлбөрт хамрагдаж, видео албатай болох, цахим сонин, захиалга гэх мэт нэлээд шинэчлэл хийсэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 14 хоногт тутам нэг удаа нийтийн эрх ашгийг төлөөх бүтээл хийж ирсэн. Олон нийтэд ямар асуудал тулгамдаж байна түүнийг төр засагт хүргэхэд бодитой хувь нэмэр оруулаад, зарим нийтлэл маань үр дүнд хүрээд явж байгаа.

-Сүүлийн жилүүдэд хэвлэлийн мэдээллийн байгууллагын тоо нэмэгдэж байгаа ч редакцын бодлоготой хэвлэл цөөн байна гэдгийг салбарынхан ч, судлаачид ч хэлж байна. Өдөр тутмын сонины редакцад олон жил болж байгаа хүний хувьд редакц, редакцын бодлого яагаад чухал юм бэ гэдэг талаар хуваалцвал?

-Хэвлэл мэдээллийг нэг сэтгүүлчээр, нэг хүнээр эсвэл дан ганц шууд дамжуулалтаар төлөөлүүлэх байдал ажиглагдаад байгаа сүүлийн үед. Гэтэл хэвлэл мэдээллийн байгууллага маш олон хүний хүч хөдөлмөр дээр тогтдог. Энд мэргэжлийн редакц томоохон үүрэг гүйцэтгэдэг. Манайд мэргэжлийн, даацтай томоохон редакц олон бий. Сайт, сонин, телевизүүдэд ч. Мэргэжлийн редакцууд байж байж мэргэжлийн түвшний бүтээлүүд хийнэ. Ингэснээр хүмүүсийн мэдээлэл авах, соён гэгээрэх, таних мэдэх бүхий л хэрэгцээг хангана.

Энэ утгаараа манай редакц илүү мэргэжлийн түвшинд ажиллахын тулд олон улсын жишгээс суралцаж эхэлсэн.  Манай сонин Английн BBC агентлагтай хамтын ажиллагаатай. Өнгөрсөн жил JTI сэтгүүл зүйн илтгэлцлийн сертификат баталгаажуулсан Монголын анхны сонин болсон.

Бидний өмнө Баримт шалгах төвийнхөн,  бидний араас gogo.mn-ийнхэн, NTV телевиз тус сертификатыг авсан. Тэгэхээр Монголын олон хэвлэл JTI сертификаттай болох юм бол уншигчдын хэвлэлд итгэх итгэл нэмэгдэнэ.

Хамгийн чухал нь хүн бүр үнэн үү , худлаа юу гэдэг асуулттай өдөр бүр тулгарч байна. Энэ сэтгүүлчийн ярьж байгаа, энэ редакцын бичиж байгаа үнэн үү гэдэг эргэлзээн дунд мэргэжлийн редакц олон байх, ялангуяа энэ итгэлцлийн санаачилгад нэгдсэн JTI сертификттай байх нь хэвлэл мэдээллийн нэр хүнд өснө, мэргэжлийн редакцуудын чадавх нэмэгдэнэ.

-Өдөр тутмын сонинуудын нэг онцлог нь улс төр, эрэн сурвалжлах чиглэлийн том бүтээлүүд гаргадаг шүү дээ. Нөгөө талаас сэтгүүлчдийг хэвлэн нийтэлснийх нь төлөө улстөрчид хууль хүчний байгууллагад өгч, шалгуулдаг явдал ч нэмэгдлээ. Танай редакцад энэ төрлийн гомдол хэр ирж байна вэ?

-Улс төрчид ер нь их гомдомхой болчихсон. Ямар нэг нийтлэл, мэдээлэл гарсны дараа сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагыг шүүх, цагдаад өгдөг болсон байна. Манай сонины тухайд энэ асуудал харьцангүй бага. Яагаад гэвэл, бид өдөр тутам цагаан дээр хараар хэвлээд гаргачихдаг учраас энэ нь өөрөө баримт болдог. Аль болох мэргэжлийн алдаа гаргахгүй байхын төлөө хичээж ажиллаж байгаа.

Энэ утгаараа сүүлийн таван жилд манайд хаягласан гомдол ирээгүй, шүүх цагдаад хандсан асуудал ч маш ховор. Энэ асуудлаа тодруул, үнэн үү зөв үү гэдэг асуудал бол гардаг.  Нэгэнт сонинд нийтэлж байгаа учраас эх сурвалжтай, баримттай зүйлийг бичиж гаргахыг зорьдог.

-Редакцууд, сэтгүүлчид зоригтой, чөлөөтэй хэвлэн нийтлэхэд хамгийн чухал зүйл нь эрх зүйн орчин. Таны бодлоор манай салбарын хууль эрх зүйн орчин хэр байна вэ?

-Сэтгүүлчдийн эсрэг гаргаж байгаа гомдол хэт их туйлширсан нь хууль эрх зүйн орчин муутай холбоотой л гэж дүгнээд байгаа. Сэтгүүлчдийг барьж хорих, шүүхээс шийдвэрлэгдээгүй байхад ял тулгах асуудал биднийг хамгаалах эрх зүйн орчин сул байгаатай холбоотой. Нөгөө талаас сэтгүүлчид маань мэргэжлийн ёс зүйтэй ажиллахад анхаарах цаг болсон юм уу гэж боддог.

Сэтгүүлч бол үргэлж бусдын төлөө ажилладаг онцлогтой мэргэжил. Бид үргэлж бусдын төлөө зориг гаргаж, зоригтойгоор дуугарч, бурууг зөв болгохын төлөө явдаг. Зоригтой байхад сэтгүүлчдийн ажиллах нөхцөл бололцоогоор хангасан байх тал дээр учир дутагтал бий.

-Зориг мохоход юу нөлөөлж байна вэ?

-Хамгийн наад зах нь мэдээлэл олж авахад бэрхшээлтэй болсон. Төрийн байгууллагууд маш их нууцлалтай, мэдээлэл өгөхөө больсон. Тэгэхээр сэтгүүлчид мэдээллийг олж авахын тулд саад бэрхшээлтэй тулгарч байна гэдэг нь зориг мөхөх бас нэг шалтгаан шүү дээ. Хэн нэгнийг заавал магтан дуулах, тэр хүмүүсийн  хүссэн мэдээллийг өгөх, эсвэл зориг гарган болохгүй бүтэхгүйг бичих ёстой юу. Энэ сонголтын өмнө ирсэн.

Монголын сэтгүүлчид ер нь зоригтой ажилладаг гэж бодож байгаа. Ямар ч байсан болохгүй бүтэхгүйг гаргаж тавьдаг. Тэрийг ямар хэлбэрээр яаж гаргаж тавьж байгаагаас шалтгаалаад буруу зөрүү гэдэг байдалд ороод байгаа юм.


"Eguur"-ийн 2026 оны хөндсөн сэдвийг хавсаргаж байна

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Монголд нийтийн мэдээлэл маш муу,Дарга,намууд хоёрын мэдээлэл нь ихтэй учраас ардууд нь залхчихсан,тэдгээрийн нэр хүнд нь уначихсан байдаг.

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button