О.Сийлэгмаа: Төсөв нь данхайсан, олон зөрчилтэй "Илгээлт-2100"-г шүүмжлэхээр "01"-ийн нэр хүндэд халдаад байна, битгий ярь гэдэг
Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга асан О.Сийлэгмаатай БЗС-гийн нөхцөл байдал, Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй "Илгээлт-2100" хөтөлбөр болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Илгээлтээр Англи явсан хүүхэд дөрвөн сар сураггүй алга болж, элчин сайдын яамаар дамжуулан эрэн хайж эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн. Гэрээний үүрэг зөрчиж, амжилттай суралцаагүй тэр хүүхэд тэтгэлэг болон бусад зардалтайгаа нийт 452 сая төгрөгийн өрөнд орчихсон-
-2022 оноос хэрэгжиж эхэлсэн "Ерөнхийлөгчийн илгээлт-2100" хөтөлбөр цөөнгүй асуудал дагууллаа. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?
-2022 оны 10 сараас санхүүжилт нь олгогдож эхэлсэн хөтөлбөр. Нэг жил Монголд хэлний бэлтгэл хийх, дэлхийн топ 100 сургуульд суралцах нөхцөлтэй. Намайг ажлаа авах үеэр буюу 2024 оны найман сар хүртэлх хугацаанд 758 оюутан гадаадад суралцах тушаал гарсан. Үүнээс 111 нь гэрээгээ дүгнээгүй буюу журам, гэрээгээ зөрччихсөн байсан.
Гэрээг дүгнээд үзэхэд, эцэг эхчүүд нь "нэг ч удаа гэрээ сунгаж үзээгүй, яагаад хүндрэл учруулаад байгаа юм" хэмээсэн. Гэтэл тэр гэрээг улирал болгон дүгнэж, амжилттай суралцсан бол сунгах зохицуулалттай байсан. Үүнээс гадна асуудалтай 111 суралцагчийн дотор,
- Германд сурч байгаа хүүхдэд дотуур байрны төлбөрт нэг улирлын 20 мянган евро өгсөн гэж гэрээндээ бичсэн ч өгөөгүй,
- Хэлний бэлтгэлд гурван жил сууж, татвар төлөгчдийн мөнгийг үрсэн суралцагчид,
- Мөн тэдний 13 нь суралцаж буй газар халуун байна гээд хаяад ирсэн тохиолдол гарсан.
Сургуулиа орхин ирсэн хүүхдүүдээс гэрээний дагуу эргэн төлүүлэх ажил хийх гээд прокурор руу хандахаар тооцоолол, судалгаа бэлтгэсэн байсан. Гэтэл тэр ажлаа хийж чадаагүй.
-Гадаадад суралцахаар явсан хүүхэд алга болсон тохиолдол гарч байсан гэж дуулсан?
-2022 оны хэлний бэлтгэлд сууж, Англи улс руу сургуульд явсан хүүхэдтэй 2025 оны хоёр сараас хойш алга болж, эцэг эх нь холбоо барьж чадахгүй байна гэж |2025.06 сард| бидэнтэй холбогдсон. Бид Англи дахь элчин сайдын яамтай холбогдож, хүүхдийг нь олж авч ирж, хүлээлгэн өгсөн. Олгосон санхүүжилтээ тооцоод үзэхэд 452 сая төгрөг болж байсан. Алдангитай нь төлүүлнэ гэвэл дүн өснө. Гэтэл тэр хүүхдийн эцэг эхийн зүгээс "Ийм мөнгөн дүн сонсоогүй, том мөнгөний ойлголт байхгүй" хэмээсэн. Чехэд ч тийм асуудал гарсан.
Энэ хөтөлбөр бусад тэтгэлгийг бодвол шалгуур бага. Сум хороондоо л ЭЕШ-ын оноо өндөр байх л шалгууртай. Монголд хэлний бэлтгэлд суух нэг жилийн хугацаанд нь хэлний сургалт, дотуур байрны төлбөрийг өгдөг. Гадаад руу явахад нь сургалтын төлбөр, дотуур байрны төлбөр, хүнсний зардал зэргийг олгодог.
Маш их мөнгөн урсгал энд хөвөрч байхад гэрээг нь дүгнээгүй. Тэнд сургуульдаа ч сурахгүй, Монголдоо ч ирэхгүй 2-3 жил болчихсон, нэхэмжлэл ирэхээр юу ч хамаагүй явуулчихдаг байсан кейсүүд гарсан.
-Хөтөлбөрийн суралцагчдад сургалтын төлбөр, бусад зардлыг нь олгоогүй, царцаалаа гэх шүүмжлэл хөвөрсөн. Эцэг эхчүүдийнх нь зүгээс өргөдөл, гомдол ч мэдүүлсэн юм билээ. Энэ талаар Л.Энх-Амгалан сайд БЗС дээр ажиллах үеэрээ дурдаж байсан. Яагаад царцаасан юм бол?
-Хангалтгүй сурах эсхүл дүн мэдээллээ ирүүлэхгүй байгаа тохиолдолд БЗС санхүүжилтийг нь шууд олгож болдоггүй. Дүнгээ ирүүлж, гэрээгээ сунгасны дараа санхүүжүүлэх эрх үүснэ. Боловсролын яамнаас Сангийн яам руу санхүүжилтээ хүргэхээр багадаа хоёр сар орчмын дараа суралцагчид мөнгө нь очдог. Гурав, дөрвөн жил суралцсан хүүхдүүд үүнийг мэддэг л баймаар.
Ерөнхийлөгч санаачилсан, орон нутгийн оюутнуудад боломж олгосон хөтөлбөр байж болно. Гэхдээ зорилго нь зөв ч хэрэгжилт нь хяналтгүйн явж ирсэн. Анх хэрэгжиж байхдаа жилд 20 тэрбум байсан бол 2025 онд 67 тэрбум болж өссөн. Өөрөөр хэлбэл БЗС-гийн улсын төсвийн 50 хувь зарцуулагдчихаж байна.
Намайг ажиллаж байхад буюу 2025 оны гүйцэтгэлээр нэг хүүхдэд дээд талдаа 1 тэрбум төгрөгийг зарцуулчихсан байсан. Суралцаж байгаа улс орны өртөг, төлбөр ялгаатай байдаг учраас тэр. Одоо энэ дүн бүр өссөн байх.
-Нэг суралцагч жилийн 8000 долларын дотуур байранд сууж байснаа |2025.09 сард| жилийн 21,000 долларын хаусанд суумаар байна гэж нэхэмжлэл илгээсэн. Хариуд нь тусгагдсан төсөвтэй учир болохгүй гэж хэлсэн. Тухайн хүүхэд Архангай аймгийн нэг сургуулийн захирлын хүүхэд байсан-

-Одоогоор яг хэдэн хүүхэд суралцахаар явсан бэ, хэчнээн төгрөг зарцуулагдсан байгаа бол?
-Жилд 500-аас дээшгүй суралцагч гадагш илгээх байдлаар зургаан жил үргэлжлэх хөтөлбөр шүү дээ. Хамгийн сүүлийн шалгаруулалт |2026.09 сард| болно. 2027 онд шалгаруулахгүй. Яагаад гэвэл 2027 оны зун Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөр дуусна.
Үнийн дүнгийн хувьд, 2024 оны гүйцэтгэлээр 100 гаруй тэрбум төгрөг гарсан байсан. Сая 2025 онд 65 тэрбумыг тэтгэлэгт санхүүжүүлсэн. Яагаад өртөг өсөөд байгаа вэ гэхээр суралцаж байгаа хүүхдүүдийн тоо нэмэгдсэн, жил бүрийн долларын ханш өсөлт нь нөлөөлж байгаа.
-Суралцагчид төгсөөд, сум дүүрэгтээ эргэн ирж ажиллаж чадаж байгаа юу. Хөтөлбөрийн үр дүнгийн тухайд?
-2025 оны эхний зургаан сард найман хүүхэд төгсөж ирэх ёстой байтал зургаа нь л Монголд ирсэн, хоёр нь холбоо барилгүй алга болсон. "Илгээлт 2100″ хөтөлбөрийн төгсөгчид журам, гэрээнд зааснаар шалгарсан сум, хороондоо мэргэжлээрээ ажиллах ёстой. Нэг дүүргээс шалгарч тэтгэлгээр сурч ирээд Гадаад харилцааны яаманд ажилд орно гээд байж болохгүй шүү дээ. Одоогоор суралцаж ирсэн зургаан оюутны нэг нь л Увс аймагт гэрээний дагуу ажиллаж байна
-Хэрвээ амжилттай сурч, төгсөж ирж чадаагүй тохиолдолд олгосон тэтгэлгийн өртгийг төр буцаан авах уу. Ямар зохицуулалт байгаа бол?
-2022 оноос хойших Ерөнхий сайдын буюу Засгийн газрын нэрэмжит тэтгэлэг, Ерөнхийлөгчийн тэтгэлэг, Засгийн газар хоорондын тэтгэлэг болон дотоодод тэтгэлгээр сурч байгаа хүүхдүүдийн аль нь ч байсан гэрээ журмаа мөрдөх учиртай. Гэрээ, журам хоёрт "гэрээний хугацаанд, гэрээнд заасан сургууль, улсад төгсөж чадаагүй бол иргэний хуулийн дагуу авсан бүх санхүүжилтээ төлнө. Нэмээд алдангитай нь төлнө" гэж туссан. Энэ хүрээнд хуулийн байгууллагын оролцоотойгоор зээл төлүүлэх ажил явагдах учиртай. Гэтэл одоогийн удирдлага энэ ажлаа хийхгүй л яваа.
-Аудитын байгууллагаас Ерөнхийлөгчийн тэтгэлэгт мөн хангалтгүй гэх дүн тавьсан байх аа?
-2023, 2024, 2025 онуудад аудитын байгууллагаас хийсэн тайланд тус тэтгэлэгтэй холбоотой олон зөрчил тусгагдсан байдаг.
2022 оны аудитын тайланд "Авлага эргэн төлөгдөөгүй байжээ, Ерөнхийлөгчийн тэтгэлгийг гэрээг дүгнээгүй, зээлийн эргэн төлөлт хийгдээгүй" гэж дүгнэгдсэн.
2023 онд "Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг давхардуулан олгосон байна" гэж дүгнэгдсэн. Тухайлбал, найман хүүхдэд Засгийн газрын тэтгэлэг болон Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг давхардуулан олгосон. Мөн гэрээний үүрэг биелүүлээгүй суралцагчид дахин мөнгө олгосон. Гэрээ дүгнээгүй байсан.
-Ийм олон зөрчил нэг тэтгэлэг дээр гарсан байхад холбогдох яамдаа танилцуулаагүй юм уу?
-Танилцуулалгүй яах вэ. "Ийм зөрчил байна, үүнд хяналт тавьж байгаа. Энэ хяналтын улмаас асуудал үүсэх вий" гэж мэдээллээ танилцуулсан. Тэгтэл 2025 оны гурван сар гармагц асуудал үүсэж эхэлсэн. Жишээ дурдахад, нэг суралцагч жилийн 8000 долларын дотуур байранд сууж байснаа |2025.09 сард| жилийн 21,000 долларын хаусанд суумаар байна гэж нэхэмжлэл илгээсэн. Хариуд нь тусгагдсан төсөвтэй учир болохгүй гэж хэлсэн. Тухайн хүүхэд Архангай аймгийн нэг сургуулийн захирлын хүүхэд байсан. Ер албан тушаалтны хүүхдүүд л тийм хэл ам гаргадаг. Энэ мэт олон асуудал бий.
Л.Энх-Амгалан сайд "БЗС зориудаар мөнгө барьсан байна билээ" гэж попорсон. Бид гэрээгээ дүгнээд л зогсоосон шүү. Татвар төлөгчдийн мөнгийг хэн ч дур зоргоор ашиглах ёсгүй. Доод албан тушаалтнууд нь сайддаа үнэн зөв мэдээлэл өгдөггүй байдал гаарлаа. Үр дүнд нь алдаатай шийдвэр гардаг.
Мөн Боловсролын яамны дарга, албан тушаалтнууд инээдтэй юм надад хэлж байсан. "01"-ийн нэр хүндэд халдаад байна, битгий ярь гэж. Уучлаарай, тэр Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын хэнийх нь ч нэртэй тэтгэлэг байсан татвар төлөгчийн мөнгө л гэж хандана. Албан тушаалтан байна уу, дарга цэрэг байна уу хамаагүй түс тас л хэлчихдэг байсан. Тийм учраас Боловсролын яамны зээлийн сантай хамааралтай албан тушаалтнууд надтай таатай харилцаатай биш.
-Өнөөдрийн улстөрчид "төрдөө ажиллана, эх орондоо ажиллана" гэдэг заалттай, үүргээ биелүүлсэн гээд яриад явдаг. Тэр хүмүүст тийм заалт байхгүйг хатуухан хэлчихье. Тухайн үедээ аав, ээж, албан тушаалаа ашиглаад журмаа зөрчөөд сурчихсан юм бол одоо олон үггүй төлчхөөч-

-Боловсролын зээлийн сангийн өнөөдрийг хүртэлх хугацаанд үйлчилсэн эрх зүйн акт, нэн ялангуяа улстөрчдийн болон иргэдийн суралцсан акт ямар зохицуулалттай байсан юм бэ. Зарим улстөрчид БЗС-гаас авсан зээлээ төлөх ёстой эсэх дээр хоёр үзүүртэй мэдээллийг өгдөг. Үүнийг тайлбарлаж өгч болох уу?
-Хамгийн анх 1997 онд хоёр сайдын хамтарсан тушаал гарсан. Энэ журмын заалт дээр "Гэрээнд заасан төрийн байгууллагад ажиллахаас татгалзвал төрөөс гарсан бүх зардлыг төлнө" гэж тусгасан. Энд төрийн байгууллага гэж тодотгоогүй, гэрээнд заасан төрийн байгууллага гэж заасан. Гэтэл өнөөдрийн улстөрчид "төрдөө ажиллана, эх орондоо ажиллана" гэдэг заалттай, үүргээ биелүүлсэн гээд яриад явдаг. Тэр хүмүүст тийм заалт байхгүйг хатуухан хэлчихье.
Гэрээнд заасан байгууллагад эргэн ирж ажиллаагүй л бол 1997 онд батлагдсан тушаалаар суралцсан хүмүүс зээлээ заавал төлөх ёстой.
-Тэд авсан зээлээ тэтгэлэг ч гэж хариулаад байдаг шүү дээ?
-Үгүй ээ. Тэр хүмүүс журам, гэрээгээ үзээрэй. "Зээлээр суралцуулна, зээлийг гэрээ" гэсэн өгүүлбэр бий шүү. Мөн тухайн суралцагчийн сурах хугацаанд л зээл хүүгүй. Харин төгсмөгц дараах заалтыг мөрдөх ёстой.
"Суралцагч сургалтын төлбөр, тэтгэлгийн зээлийг сургууль төгссөнөөс хойш дараа оны эхний өдрөөс эхлэн сар бүрийн инфляцын түвшинтэй уялдуулж хүүтэй нь төлнө". Өөрөөр хэлбэл 2012 оны 19 дүгээр тогтоол хүртэлх бүх суралцсан хүмүүс зээлээ хүүтэй нь хамт төлөх юм. Гэтэл тэд зээлийн хүүг зохиочихсон юм шигээр яриад байдаг.
Мөн "Гадаадын дээд боловсролын зээлийн гэрээнд хаана, яаж ажиллахыг нь тусгана. Гэрээний нөхцөл зөрчигдсөн тохиолдолд гэрээнд оролцогч талуудын хариуцлагыг тодорхой тусгана, сургалтын төлбөрийн зээлийг суралцагчийн суралцаж байгаа дээд сургуулийн дансанд шилжүүлнэ" гэж журамд тусгасан. 1997 оноос хойш л энэ журам мөрдөгдсөн ч нэлээд олон хүмүүс хувийн дансандаа авсан зөрчил бий.
Энэ бүхнийг нэгтгээд үзвэл,
- Нэгт. Өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж ирсэн журмууд бүгд зээл хэлбэр.
- Хоёрт. 2012 оны 19 дүгээр тогтоолоос өмнөх бүх журам хүүтэй.
- Гуравт. Зөвхөн захиалсан байгууллагад эргэн ирж ажиллана. Төрд, эх орондоо гэх үг журамд байхгүй.
Угтаа хуулийн хэрэгжилтийг хангахыг хүсвэл БЗС-гийн зээл төлөгдөхгүй гэсэн үг биш.
-Захиалагч байгууллагадаа эргэн ирж ажиллаагүй тохиолдолд зээлийн хүүг төлнө гэх заалтаа ойлгохгүй байх шиг. Яг ямар журмаар зохицуулагддаг вэ?
-1998 оны суралцагч, төрийн сан хоррондын гэрээнд тодорхой тусгасан байгаа. Гэрээний 4.1-т "Төгсөж ирээд таваас доошгүй жил гэрээнд заасан байгууллагад ажиллана", 4.3-т "4.1-ийг зөрчсөн тохиолдолд зээлийг хүүтэй нь төлнө" гэж тусгасан. Б.Батцэцэг, Ж.Энхбаяр сайдын гэрээ ийм л заалттайгаар байгуулагдсан. Цагаан дээр хараар бичсэн ийм тодорхой агуулгыг яагаад үгүйсгээд байдаг юм бүү мэд.
Сүүлд Г.Дамдинням, У.Отгонбаяр, Б.Хэрлэн нарын гишүүдийн авсан зээлд ч мөн адил гэрээний үүрэг биелүүлээгүй бол "зээл, зээлийн хүүгийн хамт төлнө" гэж заасан.
Гишүүдээ авсан зээлээ төл, дараагийнхаа залууст боломж олго.
1997 оноос 2020 он хүртэл гадаадад зээлээр суралцсан 2347 хүн бий. Түүний 421 нь 2010 оноос хойш хэрэгжсэн "Дэлхийн шилдэг их дээд сургуульд бакалавраар суралцах" зохицуулалттай. Бусад нь магистр, докторт суралцсан. Тухайн үедээ аав, ээж, албан тушаалаа ашиглаад журмаа зөрчөөд сурчихсан юм бол одоо олон үггүй төлчхөөч. Татвар төлөгчийн мөнгийг 20, 30 жил ашиглалаа шүү дээ.
-Б.Батцэцэг сайдын тэр их хөрөнгөтэй харьцуулахад БЗС-аас авсан зээл нь юу ч биш шүү дээ. 2003 оны 6000 долларын зээл, гэрээний үүргээ биелүүлээгүй учир 2003 оноос хойших инфляцын түвшинг 1 хувиар нэмэгдүүлж хүү төлөх нь асуудал бий-

-Н.Учралын Засгийн газарт БЗС-д өөрөө өртэй дөрөв, хамаарал бүхий этгээд нь өртэй гурван сайд буй талаар та хөндөж яриад байгаа шүү дээ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Намайг хулгай хийчихсэн юм шиг эсхүл нууц зүйлийг ил гаргаж ирээд байгаа юм шиг хүмүүс хараад байдаг. Гэтэл БЗС-гийн үндсэн сайтад мэдээллүүд ил тод байгаа.
Б.Батцэцэг, Б.Энхбаяр сайд нарыг би АТГ-т өгсөн. Боловсролын зээлийн сангаас авсан өрөө төлөөгүй агуулгаар. Жишээ дурдахад, тухайн үед Г.Занданшатар, Б.Батцэцэг, Ж.Энхбаяр нар нэг тушаалаар суралцахаар мордсон. Гэрээнд "Захиалагч байгууллага, төрийн байгууллагад хоёроос дээш жил ажилласан байх" гэх заалт бий ч Г.Занданшатар, Б.Батцэцэг нар тэр үед төрд ажиллаагүй байхдаа явсан байдаг. Бас нэг зөрчил нь суралцаж ирээд захиалагч байгууллагадаа ажиллаагүй. Б.Батцэцэг сайдын хувьд Үйлдвэр худалдааны яамны захиалгаар суралцахаар явсан, 2005-2010 онд тус яамдаа ажиллаагүй. Тэр үедээ декриттэй байсан. Мөн "Мөнхийн үсэг" группын захирал, МАН-ын гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга байх үедээ зээлээ тэглүүлчихсэн. Тухайн үедээ хууль зөрчөөд тэглүүлсэн юм бол одоо хүүтэй нь төлөөч ээ. Б.Батцэцэг сайдын тэр их хөрөнгөтэй харьцуулахад БЗС-аас авсан зээл нь юу ч биш шүү дээ. 2003 оны 6000 долларын зээл, гэрээний үүргээ биелүүлээгүй учир 2003 оноос хойших инфляцын түвшинг 1 хувиар нэмэгдүүлж хүү төлөх нь асуудал бий.
Б.Энхбаяр сайдыг сая хоёр дахь удаагаа АТГ-т өгсөн. Эхний удаа 2024 онд БЗС-нд ажиллаж байхдаа шалгуулахаар өгсөн ч одоо хүртэл хэрхсэн нь тодорхойгүй. Гэтэл татвар төлөгчдийн мөнгөөр сурна гэж зээл авчхаад төгсөөгүй, зээлээ төлсөн ч мөнгөнийхөө хүүг төлөөгүй тэр хүн авлигал яриад яваад байсан тул сая 2026 онд дахин шалгуулахаар хандсан. Түүний хувьд гурван журам зөрчсөн.
Нэг. Сонгон шалгаруулалтын журам.
2005 оны хавсралт журмаа харахаар "Мэргэжлийн дагуу бакалавраас доошгүй мэргэжилтэй байх" гэж заасан. Б.Энбаяр хуулийн мэргэжилтэй учир бизнесийн удирдлагаар суралцах боломжгүй.
Хоёр. Хууль зүйн яам Б.Энхбаярыг сургая гэж захиалга өгсөн юм уу.
Гурав. Хугацаандаа төгсөөгүй, гэрээнд заасан байгууллагад таваас дээш жил ажиллаагүй, сургалтын төлбөрийг хувийн дансандаа авсан.
АТГ-ын ажлын ачаалал ямар байдгийг хэлж мэдэхгүй юм. Хууль, журам, гэрээ нь ил тод байгаа. БЗС-ийн сайтад байршсан байгаа уг мэдээллийг татаж аваад, хүн тус бүр дээр нягтлаад үзэхэд л тодорхой болчихно. Баримт нь ил байсаар байхад зээлээс чөлөөлөгдсөн сайд нараа яагаад яллагдагчаар татаж чадахгүй байгаа юм бэ. Гишүүн болохоор тэр үү. АТГ тэдний талд үйлчлээд байгаа юм уу.
Ж.Энхбаяр сайдын тухайд үндсэн зээлээ төлсөн. Гэхдээ зээлийн хүүгээ төлөөгүй. Тодруулбал, Ж.Энхбаяр сайд 2003 онд Гаалийн ерөнхий газарт зөвлөхөөр ажиллаж байхдаа тус газрын захиалгаар сурсан ч түүний намтраас харахад, МХЕГ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд ажлын албаны дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, улс төрийн бодлогын зөвлөхөөр ажилласан буюу гэрээний үүргээ биелүүлээгүй. Тэгсэн атал зээлийн хүүгээ төлөөгүй.
Мөн Г.Дамдинням сайд зээлээ төлсөн ч зээлийн хүүгээ төлөөгүй.
-Хамаарал бүхий этгээд нь зээл аваад, түүнийгээ барагдуулаагүй кейс ч бий. Хэн хэний ямар хамааралтай хүмүүс суралцсан зээлээ төлөөгүй юм бэ?
-Л.Энх-Амгалан сайд дээр асуудал бий. Эхнэр, дүү хоёр хоёр нь сонгон шалгаруулалтын журмын үед суралцсан. Хамгийн гол асуудал нь өөрийг нь БШУБХ-ны дарга, УИХ-ын дэд дарга байхад тэр зээлүүд чөлөөлөгдсөн. Эхнэр нь захиалагч байгууллагад ажилласан уу гэдэг маш том асуултын тэмдэг.
Мөн Л.Энх-Амгалан сайд 2021-2023 онд дөрвөн удаа зээл тэглэхдээ нийт 252 хүнийг зээлээс чөлөөлсөн. Энэ үйлдэл нь ҮАБ, АТГ-аас "зээл тэглэсэн сайд нарын тушаал хууль зөрчсөн, үндэслэлгүй чөлөөлсөн байна" гэж дүгнэсэн.
Үүнээс гадна Л.Энх-Амгалан сайд |2026.04 сард| томилогдохдоо эхний тушаалаараа хүчингүй болгоно гэж амласан. Сарын хугацаа өнгөрсөн ч өөрийнхөө хууль зөрчиж гаргасан тушаалаа хүчингүй болгоогүй. Тэгснээ шүүхэд өгөхгүй яасан юм гээд яриад явах юм. Тушаал гарсны дараа энэ процесс үргэлжилдэг тухай Л.Энх-Амгалан сайд мэдэхийн дээрээр мэднэ.
-2025 оны эхний дөрвөн сарын байдлаар гадаад зээл 1.2 тэрбум төлөгдсөн. Гэтэл энэ оны эхний дөрвөн сард 330 сая төгрөг л төлөгдсөн. Том дүнтэй гадаадад суралцсан зээлийг төлүүлэхгүй байгаа нь албан тушаалтнуудын зээл учраас тэр-

-Таны ажлын байрны шилжилтэд юу нөлөөлсөн бэ. Ямар нэгэн дарамт, шахалт байсан юм биш биз?
-БЗС-гийн үндсэн үйл ажиллагаа нийт төсвийнхөө 0.6 хувьд тулгуурлаж явагддаг. Ямар ч системийн шинэчлэл хийх боломжгүй, Сангийн яам дээр очсон ч төсөв нь хасагдчихдаг. БЗС давхардсан тоогоор гадаад, дотоодод 32 нэр төрлийн бүтээгдэхүүн үзүүлдэг. 2025 онд 32 жилд хийгдээгүй ажлыг хийсэн. 2016 оноос хойш БЗС-нд 40 тэрбумын 16 мянган диплом хадгалагдаж байсан. Монгол банк руу нийлүүлсэн учир эздэд нь хүргэх ажлыг зохион байгуулсан. Одоо дипломоо аваагүй байгаа хүмүүс зээлээ төлж байж барьцаагаа авна.
Мөн БЗС Прокурорын байгууллагатай 2024 оны 10 сараас хамтарч ажилласан. Энэ хүрээнд тодорхой хэмжээний зээлүүд төлөгдсөн. Гэтэл тэр ажил намайг чөлөөлөгдсөнөөс хойш зогссон, эргэн төлөлт хангалтгүй.
2025 онд л гэхэд нийт гадаад зээлийн эргэн төлөлтийн 30 хувь буюу 3 тэрбумыг төлүүлсэн. Монгол банк руу зээл нийлүүлсний учир л тэр. Энэ мөрөөр УИХ-ын гишүүдээс, одоогийн ЗГХХГ-ын Тамгын газрын дарга, албан тушаалтнуудаас "зээл нийлүүллээ, шалгалт оруулна аа", "миний зээлийг Монгол банк руу нийлүүллээ" гэж дарамталдаг байсан. Одоо ажлаасаа гарчихсан байж яагаад дуугүй болдоггүй юм бэ хэмээн дарамталж байгаа.
Өмнө нь эргэн төлсөн санхүүжилтийг Сангийн яам хурааж авдаг, зээлийн сан огт зарцуулдаггүй байсан. 2025 онд нийтдээ 17.8 тэрбум төгрөг төлүүлсний 15.5 тэрбумаар нь дотоодод суралцаж байгаа багш мэргэжлээр суралцагчдын тэтгэлэг рүү санхүүжүүлсэн. Нэг үгээр хэлбэл БЗС бие даах боломж байдаг юм гэдгийг харуулсан. Мөн бусад байгууллагуудтай хамтарч тэдний эх үүсвэрээр хүн сургах ажил эхлүүлсэн. Эдгээр ажлууд 2025 онд хэл ам дагуулах буюу миний ажлын байрны шилжилтэд нөлөөлсөн.
-Таны оронд томилогдсон удирдлагад 2026 оны БЗС-гийн эргэн төлөлтийг бүрдүүлэх ажил бий. Одоогийн гүйцэтгэлийг нь анзаарсан уу. Нийт хэчнээн төгрөг хуримтлуулах төлөвлөгөөтэй байгаа вэ, БЗС 2026 онд?
-Нийт 274 тэрбум төгрөгийн төсөвтэй. 124 нь Улсын төсвөөс, 146 тэрбумыг эргэн төлөлтөөр авч байж БЗС хэвийн ажиллана. Гэтэл удирдлага солигдсоноор зээлийн эргэн төлөлт зогссон.
2025 оны эхний дөрвөн сарын байдлаар гадаад зээл 1.2 тэрбум төлөгдсөн. Гэтэл энэ оны эхний дөрвөн сард 330 сая төгрөг л төлөгдсөн. Том дүнтэй гадаадад суралцсан зээлийг төлүүлэхгүй байгаа нь албан тушаалтнуудын зээл учраас тэр. Үүнд манлайлал хэрэгтэй. Гэтэл ажлаа урагшлуулахгүй л байгаа харагддаг.
-Цаг гарган нээлттэй ярилцсанд баярлалаа.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
төрийн мөнгөөр сурчхаад үүргээ биелүүлэхгүй бол төлөх нь зөв
үнэхээр сайн хяналт хэрэгтэй байна
гэрээ зөрчсөн бол хариуцлагаа үүрэх ёстой
татвар төлөгчдийн мөнгийг ингэж үрж болохгүй
улстөрчдийн хүүхдүүд давуу эрх эдэлдэг нь ил байна
ингэж замбараагүй явбал энэ хөтөлбөр утгаа алдана
Энэ их хулгай, алдагдалтай юм бол энэ санг хаачихаач дээ. Байнга л элдэв бүтэлгүй, хэрүүл уруул өрнөж байх юм. Боловсролыг дэмжих бол хэл амгүй хяналт тавиад санхүүжүүлээд явж чадахгүй бол болих хэрэгтэй.
Маш тодорхой ойлгомжтой ярьжээ, Энэ хүнийг АТГ-ын даргаар тавьчих юмсан. Рио энэ хоёр сэдвийг уншихаар бөөлжис хүрээд байх юм, Учрал аа учрыг нь олооч ээ.....
Үнэн шүү. О.Сийлэгмаа шиг шударга хүн Монголын төрд маш хэрэгтэй байна. Зээл, зээлийн хүүгээ төлдөггүй УИХ-ын гишүүд ичиж амьдраа ч ээ!!! Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татх тухай хуулийг хурдан баталж ийм баларсан завхарсан гишүүдийг ажилгүй болгох шаардлагатай байна. "Илгээлт 2010" хөтөрлбөрийг зогсоох хэрэгтэй. Архангайн тэр захирал хүүхдээ хүмүүжүүлж чадаагүй байна. Хауст амьдрах сонирхолтой хогийн пацан бэ? Захирал эцэг нь зааж өгөө биз? Татвар төлөгч бидний мөнгөөр суралцсан тул ЗЭЭЛЭЭ ТӨЛЦГӨӨ !!!
Үнэнч хүн шахагдаж хавчигдаж халагдана , эсвэл өөрөө тийм шудрага бус хүмүүстэй ажиллах боломжгүй тул тэднээс зайлахаас өөр аргагүй .Ямар байнга хэрүүл хийгээд байлтай биш .НАМ, НУТАГ УС , ТАНИЛ ТАЛ, ХОЛБООТОН БИШ БОЛ ШАХААНД ОРНО. Зэвүүн дээ .
Илгээлт 2100 сайн санаачилга ч хэрэгжилт дээрээ алдаа ихтэй юм байна
хяналт шалгалт огт байгаагүй юм биш үү
зарим нь бүр хаусанд амьдрах нэхэмжлэл гаргана гэдэг дэндүү
Шударга хүмүүсээ хавчдаг хулгайчдын төр болой
Unenthusiastic.
Энх амгалан иим л поп нөхөр дөө
Uneen.
Юу нь поп байгаан. Хүүхдэд мөнгө зориулж болохгүй юу. Харин төгсөөд төрдөө эх оронд нь ажиллуулах хэрэгтэй.
Ийм их мөнгө зарцуулчхаад хяналтгүй явсан нь ноцтой асуудал байна
энэ бол зүгээр нэг алдаа биш системийн асуудал
төлөх ёстой хүмүүс нь төлөхгүй байгаад асуудал байна
нэг хүүхдэд тэрбум төгрөг гэдэг арай хэтэрнэ ээ
эх орондоо ирж ажиллах ёстой шүү дээ
Toriin mongo gej haana ch bhgui shu malnuud bugd zeelee tol bas ene avgaig butsaad bairand ni tavi. Manaachtai baij l idej uuh ni hyazgaartai bna
Энэ авгай төрд ажиллах хугацаандаа олж авсан мэдээлэлээ өөрийн хувийн эрх ашгийн төлөө ингэж шатааж хийж байх нь хуульд нийцэхүү...
зарим нь бүр сурахгүй алга болчихдог нь аймар юм аа
ийм байхад яаж шударга нийгэм ярих вэ
зээл бол зээл л шүү тэтгэлэг биш
Мал, хоригдол 2ыг мөнгөөр булдаг байж боловсролоос мөнгө харамлана. 01-ын тэтгэлэгийг зогсоовол таарна. Жинхэнэ сурахыг хүссэн хүүхдийн 4-5 жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд дэлхийн шилдэг 50 сургуульд тэнцдэг.
боловсрол мэдлэг муутай, намаар дагнаж хооллож, иэдж сурсан, сүр данзан нэг иймэрхүү л хүн ш дээ, тэр бум мод нтр гээд шал худлаа поп арга хэмжээ төсвийн, татвар төлөгчдийн мөнгийг ингэж үргүй зарж идэж, дараа сонгуульдаа ашиглахаар намынхаа, танил талдаа л өгч байга аш дээ энэ зээл нэртэй юмаа
Очоод шалгуур хангаагүй сурч чадахгүй байгаа оюутанг татаж авчирах хэрэгтэй хэн тэднийг тэтгэлгийн шаардлага хангахгүй байхад эцэг эхтэйгээ хамтран уйлж дуулж тэтгэлэгээ өргөдөл бариж гүйгээд дахин авдаг энэ аргыг болиулах 2025 онд олон оюутан хасагдсан гэвч тэдэнд дахин тэтгэлэг өгсөн өгдөг нь буруу.
Shantaaj hiij duusahgui hun yuma
Хулгайч нарын хаант улсад ШУДАРГА ХҮНДГИШГЭХ ГАЗАР БИТГИЙ ХЭЛ, АМЬСГАЛАХ АГААР Ч ОЛДОХГҮЙ ЭЭ
Эргэн томилж ажиллуулаач Учрал аа татвар төлөгчдийн мөнгөөр баячууд сурахаасаа ичдэггүй юмуу.Хичнээн залуус төлбөргүйн улмаас суралцаж чадахгүй байгаа билээ дээ.
Сумандаа тодроод шууд явчдаг том тэнэглэл шүү очоод яалтчгүй түвшин зөрнө шүү дээ улсын бидний мөгө уйлахгүй юмдөө даанч
Санаа нь зөв боловч арга зам нь маш буруу байгаад байна энэ илгээлтийн
01 гэж нэг адгийн хулгайч байна аа дда
Ерөнхийлөгчийг шүүмжилсэн юм бол ерөнхий сайдыг багц гээд баахан хүүхэд явуулсан шдээ. Данх ЕС байх үед бас баахан тэтгэлэг олгосон чинь адил бүтэлгүйтсэн хүүхдүүд байгаа байлгүй. Түүнийгээ яриач. Зөвхөн нэг талд нь ороод, улс төрчдийн дайнд ороод, өөрөөр хэлбэл мөнгөөр ярилцлага өгсөн шуналтай л хүүхэн байна шдээ, чааваас гэж. Шударга юм бол 3-ууланг нь буюу Ерөнхйлөгч, ерөнхий сайд, тухайн үеийн боловсролын сайд нарыг нэг бүрчлэн шүүмжилж яриач. ГХЯ Сайд Батцэцэг сургалтын төлбөрөө дөнгөж шүгэл үлээх үед чинь төлсөн гэсэн. ЗГХЭГ-н дарга ч Энхбаяр ч гэсэн төлсөн гэдгээ нэг сайт дээр баримттайгаар харуулсан байсан. Харин одоогийн боловсролын сайд бол попчин гар тул /худлаа хэвлэлээр попрооп байсан чинь өмнөх сайдынхаа ажлыг яг үргэлжлүүлж байгаа харагдсан/ сайн шүүмжил. гэхдээ л мөнгөний хүүхэн гэдэг нь ойлгомжтой.
ЭнхАмгалан Батцэцэг Б.Энхбаяр зэрэг шаалтуур худалч хулхины бөөснүүд сайдууд их юмаа.
Yesssssss.
Зочин
Сийлэн багш зоригтой бгаад талархаж бна ерөнхийлөгч гэж нөхөр бсзээлээр тоглож тоглож орхино
Яагаад зөрчилтэй байж төлөхгүй ширэн нүүрлээд бгаа нь ард тал нь бас л нөгөө еөк
Хурэлсух балай хувиасаа л ивээн тэтгэх естой,
Монгол төрийн албанд хууль үйлчилдэггүй танил тал намын шийдвэр үйлчилдэг тод баримт. 01 маань хуулийн засаглалтай болноо гээд л хоолойгоо шахаж байгаад баахан загнадаг. Хуулийнхан нь гараад л салаавч үзүүлдэг байх даа. Бидний сонгосон төр.
Дэмжиж байна.
Идэж ууж байгаа биш хүүхдэд зориулсан мөнгө.Хүүхдээс яагаад мөнгө харамлаад олон юм ярив. Наад хүүхдүүд чинь хичээнгүйлэн суралцаж байж тэтгэлэг авч байгаа.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Бүх л сангуудыг дээд нэр бүхий хулгайчууд тоносон шүү дэ бзс н даргыг сольж нямбай хүн тавих хэрэгтэй
Ярилцлагыг уншсангүй ер нь бид нар нэг хаантай л болчоод байгаа даа
Сийлэгмаа өөрөө хахул авагч шүү дээ
тэтэгэлэг гэж ойлгуулсан атлаа дараа хүүхдүүдийг сургуульд явсны дараа нь “зээл” болгож өөрчилсөн
төрийн бодлогын өөрчлөлтийн эрсдэлийг яагаад зөвхөн хүүхдүүд үүрэх ёстой вэ
Яг л үнэнийг тодорхой л хэлж хянаж бсан бна.ийм уйваагүй юмнууд төрд бга болохоор хавчиж бна ардын нэгч хүүхэд авч чадаагүй шүү
Сийлэгмаа шиг хариулагатай хүн ховор шүү
Анхнаасаа үнэ төлбөргүй гд сурталчилаад бсн биздээ. Төрөөс дааж явууллаа гд. Тэхээр чинь хэн эргэж төлхийн. Тодорхой бсн бол хариуцлагатай хүмүүс л явах бсн даа.