Волейболын тайлбарлагч Ж.Жавхлан: Өрсөлдөөнтэй тоглолтыг сэтгэл хөдлөлөө ил гаргаж тайлбарлавал "амьтай" болдог
Үндэсний бөхийн барилдааны тайлбарыг Ц.Батнасан, хөлбөмбөгийн тайлбарыг Ж.Балжинням агсны дуу хоолойгүйгээр төсөөлөхөд бэрх. Тэд өөрсдийн царай төрхөөр гэхээсээ илүүтэйгээр содон, өвөрмөц дуу хоолойгоороо үзэгчдийг телевизийн өмнө уяж спорттой нөхөрлүүлж чадсан.
Тэгвэл сүүлийн үед Монголд эрчимтэй хөгжиж буй спортын нэг бол волейбол билээ. Тухайн спортыг шимтэн үзэгчид тайлбарлагч С.Өлзийбадрахын дуу хоолой, тайлбарыг андахгүй биз ээ. Түүнтэй ижил төстэй дуу хоолой, тайлбартай Ж.Жавхлантай цөөн хором ярилцлаа.
-Таны дуу хоолой, Волейболын дээд лигийн тайлбарлагч С.Өлзийбадрахтай тун төстэй санагддаг. Зарим хүмүүс та хоёрыг андуурах тохиолдол цөөнгүй гардаг байх?
-Намайг С.Өлзийбадрах ахын төрсөн дүү мөн үү, гэж асуух хүмүүс олон байдаг. Угтаа би шавь нь байгаа юм. Анх би С.Өлзийбадрах ахтай холбогдож тантай хамт тэмцээн тайлбарлаж, танаас суралцаж болох уу гэхэд нааштайгаар зөвшөөрч хүлээж авсан. 2023 оноос өдийг хүртэл олон тэмцээн хамт тайлбарлаж, бүхий л мэддэг чаддаг зүйлээ надад зааж, зөвлөж байгаа. Хүмүүс бид хоёрыг үргэлж андуурдаг. Тухайлбал, улсын аваргын тэмцээнийг би тайлбарлачхаад цайны газар хоол идээд сууж байтал хүмүүс хажууд С.Өлзийбадрахын тайлбар гоё байна шүү гээд ярих жишээний.
-Зарим тайлбарлагч нараас ойлгомжтой, нүдэнд ил харагдаж байгаа зүйлийг давтан ярих, хэт нуршаа анхаарал татахуйц бус байх зэрэг сул талууд ажиглагддаг. Таны хувьд тайлбараа амттай болгох тал дээр хэрхэн ажилладаг вэ?
-Судалгаа сайн байх хэрэгтэй. Тухайн хувь тоглогчийн түүх намтар, амжилт, багийн түүх зэрэг нь тайлбарт маш чухал. Тиймээс өмнөх үеийн түүхийг залхууралгүй эргэн харж, судалж байх шаардлагатай болдог. Тэмцээний үйл явдал, процесс зэргийг хараад, мэдрээд явахад асуудалгүй. Аль болох үзэгчдээ залхаахгүй байх тал дээр анхаарч тоглолтын завсарлагааны дундуур сонирхолтой тоо статистик, түүх ярихыг илүүд үздэг.
-Волейболын спортыг мэдэхгүй хүмүүс л сөрөг зүйл ярьдаг-

-Анхны бүхэн сэтгэлд тод дурсамж үлдээдэг шүү дээ. Тэмцээн тайлбарлаж эхэлсэн тухайгаа яривал?
-12-р ангид байхад манай анги сургуулийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж таарсан юм. Тухайн үед ангиудыг зарлаж гаргах, үйл ажиллагааг хөтлөх үүрэг надад ноогдсон. Улмаар тэр үеийн миний хөтлөлт хүмүүс их таалагдаж, надад ч их урам болсон. Анх тэгж л тайлбарлагч болох урам зориг, хүсэл төрсөн. Арван жилээ төгсөөд волейболын дээд лигийн тайлбарлагч Даваадаш ах дээр очиж анхны тэмцээнээ тайлбарлаж эхэлсэн. Тэр цагаас хойш тэмцээнүүд тайлбарлаж түүнээсээ суралцсаар явна.
-20 настай хүүхэд Волейболын тэмцээн тайлбарлаад явахад бусдад үл тоогдох тохиолдол гарч байв уу?
-Цахим сүлжээгээр "чи чадаж байна, чадахгүй байна" гэх мэт олон шүүмжлэлүүд ирдэг ч яг волейболын спортыг мэддэг, ойлгодог, үнэнч үзэгчдэд үгүйсгэгдсэн тохиолдол байхгүй байх. Харин волейболын спортын тухай сайн мэдэхгүй хүмүүс л янз бүрийн зүйл ярьдаг юм шиг санагддаг. Миний хувьд багаасаа эхлэн энэ спортод хайртай, дуртай байсан. Анх ээж волейболоос өөр олон төрлийн дугуйлан, сургалтуудад намайг бүртгүүлдэг байсан ч заримд нь огт сонирхолгүй, явдаг байсан юм. Улмаар нууцаар волейболын дугуйланд явж эхлээд энэ спортоор хичээллэж эхэлсэн. Өөрөө тоглодог болоод ч тэр үү тайлбар хийхэд илүү төхөм байдаг. Сүүлийн үед бөхчүүд бөхийн барилдааныг сайн мэдэрч, амттай тайлбарлаж чадаж байгаатай ижил.
-Монгол Улсад сүүлийн жилүүдэд волейболын спорт эрчимтэй хөгжиж байгаа шүү дээ. Манай дотоодын лигийн өрсөлдөөн, Монгол цөөнгүй тамирчид олон улсын лигүүдэд амжилттай тоглож буйгаас харж болох байх. Спортын хөгжлөө дагаад тайлбарлагчдын ур чадвар давхар сайжирч байх учиртай?
-2023 оноос манай үндэсний дээд лиг өөр түвшинд зохиогдож, хөгжиж эхэлсэн гэж боддог. Тухайн жилийн аваргын төлөөх тоглолт үзэгчдээр дүүрэн, биеийн шар үс босгосон тоглолтууд олон гарсан. Дотоодын лиг хэр их хөгжинө төдий чинээгээр тайлбарлагчдаас ур чадвар шаардах мэдээж. Тэгэхээр тайлбарлагч нар волейболын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах хүмүүсийн нэг гэж боддог.
-Волейбол бусад спортуудаас хурдан хэмнэлтэй, богино хугацаанд шийдвэр гаргах хэрэгтэй учир ухаан шаарддаг. Тэр ч утгаараа үзэгчдийг татах нандин чанарууд ихтэй спорт. Үүнийг тайлбараараа үзэгчдэд хүргэх амаргүй байх?
-Оюун ухаанаараа шатрын дараа, хурдаараа хөнгөн атлетик дараа ордог гэж ярьдаг. Таны хэлснээр хэмнэл хурдан явагддаг спорт. Зарим нэгэн өрсөлдөөнтэй тоглолтуудыг тайлбарлаж байхдаа өөрийн мэдэлгүй босоод зогсчихсон, инээчихсэн байдаг. Бусад спортын тайлбаруудыг тайлбарлагч сэтгэл хөдлөлөө ил гаргаж, илэрхийлж болдог нь үзэгчдэд илүү "хүрдэг" юм шиг санагдсан. Олон дараалсан довтлогооны эцэст оноо авах, холбон тоглогчын хууралт зэрэг чамин зүйлсийг мэдэрч түүнийг илүү хүчтэй тайлбарлах тохиолдол их гардаг.
Б.АЗЖАРГАЛ














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
сэтгэл хөдлөлтэй тайлбар үнэхээр илүү амттай байдаг
Жавхлангийн тайлбар гоё шүү
Өлзийбадрахтай андуурагддаг нь ойлгомжтой юм байна
волейбол сүүлийн үед үнэхээр гоё хөгжиж байна
сайн тайлбарлагч тоглолтыг бүр амьд болгодог
залуу хүн ийм түвшинд хүрсэн нь сайхан байна
судалгаа сайн хийдэг нь мэдрэгддэг шүү
зарим тайлбарлагчид үнэхээр нуршдаг шүү
сэтгэл хөдлөл оруулж тайлбарлах нь зөв
волейболын тайлбар улам сайжраад байна
ийм залуус олон болоосой
үзэгчдийг уйдаахгүй байх нь чухал
волейбол үнэхээр хурдтай спорт шүү
тайлбарлагчийн үүрэг их чухал юм байна
сэтгэл гаргаж тайлбарлах нь мэдрэгддэг
Монголын спорт хөгжилтэй явж байна
ийм гоё ярилцлага байна