Top StoriesГадаад мэдээДЭЛХИЙ

АНУ, Иран хэлэлцээрт ойрхон байна гэх мэдээлэл гарснаар газрын тосны үнэ хэлбэлзэж, хөрөнгийн зах зээлүүд өсөв

АНУ болон Иран дайныг зогсоох хэлэлцээрт ойртож байна гэх мэдээлэл гарсантай холбогдуулан газрын тосны үнэ буурч, дэлхийн хөрөнгийн зах зээлүүд өсөлт үзүүлжээ.

Дэлхийн газрын тосны жишиг үнэ болж өгдөг Брент маркийн нефтийн фьючерсийн ханш лхагва гарагт /2026.05.06/ баррель нь 97 ам.доллар хүртэл буурсан ч удалгүй сэргэжээ. Арилжааны эхэнд энэ үнэ 108 ам.доллар байсан. Фьючерс гэдэг нь хувьцаа, индекс гэх мэт зүйлийг ирээдүйд худалдан авна гэсэн тохиролцоо юм.

Хэдийгээр газрын тосны үнэ хэлбэлзэж байгаа ч АНУ, Израил Иранд цохилт өгч эхлүүлсэн дайнаас өмнөх 70 ам.долларын түвшнээс хамаагүй өндөр хэвээр байна. Тус мөргөлдөөний улмаас дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн 20 хувь дамжин өнгөрдөг Ормузын хоолойн хөдөлгөөн зогссон байгаа.

Лондоны хамгийн том компаниудыг нэгтгэсэн “FTSE” 100 индекс болон Германы “DAX” индекс тус тус 2 гаруй хувиар өссөн бол Францын “CAC 40” индекс 3 хувиар нэмэгджээ.

Азийн зах зээлүүд арилжаа хаагдахад нийтдээ өссөн үзүүлэлттэй байлаа. БНСУ-ын “Kospi” индекс 6.45 хувь, Хонгконгийн “Hang Seng” индекс 1.22 хувь, Японы “Nikkei” индекс 0.38 хувиар тус тус өссөн байна. “Hang Seng” индекс дайн эхлэхээс өмнөх үетэйгээ харьцуулахад буурсан үзүүлэлтэй байгаа бол бусад хоёр нь өсөлттэй байгаа юм.

Зургийн эх сурвалж: Kiplinger

Европын “STOXX 600” индекс өмнөх мягмар гарагт 0.7 хувиар өссөнөө үргэлжлүүлэн 2.6 хувийн өсөлт үзүүлжээ. “MSCI” индекс 0.9 хувиар өсч, шинэ дээд амжилтад хүрчээ. Тус индекс нь хөгжингүй 23, хөгжиж буй 24 орны 3 мянга орчим компанийн хувьцааны үзүүлэлтийг харуулдаг.

АНУ-ын “S&P 500” индексийн фьючерс 0.9 хувиар өссөн байна. Өмнөх арилжааны өдөр буюу мягмар гарагт “S&P 500” индекс 0.8 хувиар нэмэгдэн түүхэн дээд түвшинд хүрчээ. Энэ нь АНУ-ын томоохон компаниуд өндөр ашигтай ажиллаж, хөрөнгө оруулагчид хиймэл оюун ухааны салбарт үүсгээд буй хүлээлттэй холбоотой юм.

Ираны дайны үеэр аюулгүй капитал болж байсан ам.доллар бусад гол валютуудын эсрэг 0.55 хувиар суларчээ. Үүнээс харвал хөрөнгө оруулагчид хэлэлцээрт найдлага тавьж байгаа аж.

Мөн АНУ-ын засгийн газрын бондын өгөөж ч буурчээ. Тодруулбал АНУ-ын 10 жилийн хугацаатай бондын өгөөж 7 суурь нэгжээр буурч, 4.35 хувьд хүрсэн байна.

Газрын тосны үнэ болон дэлхийн хөрөнгийн зах зээлд ажиглагдсан томоохон хөдөлгөөн нь “Axios” агентлагийн нийтэлсэн мэдээллийн улмаас үүссэн юм. АНУ дайныг зогсоох, цаашдаа цөмийн хэлэлцээг эхлүүлэх баримт бичиг боловсруулахад ойртсон гэдгийг тус агентлаг эх сурвалж дурдан мэдээлжээ.

“Pepperstone”-ийн ахлах стратегич Майкл Браун “Энэ мэдээллийн нөлөөгөөр зах зээл ‘бүхнийг худалдаж ав’ гэсэн горимд шилжсэн мэт хүчтэй хөдөлж байна” гэж хэлжээ. Тэр мөн “Хэлэлцээнд хүрэхэд хэр ойрхон байгааг хэлэхэд хэцүү ч хөрөнгө оруулагчид мэдээлэл хүлээлгүй, эерэг үр дүнд хүрнэ гэж урьдчилан тооцож алхам хийж байна” гэсэн юм.

Хэдийгээр хувьцааны зах зээл огцом өссөн ч эрчим хүч болон бондын зах зээл дэх савлагаа нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд дарамт учруулж болзошгүйг шинжээчид анхааруулж байна.

Мөн энхийн хэлэлцээнд хүрэх эсэх нь тодорхойгүй хэвээр байгааг шинжээчид онцолж байгаа юм. “Swissquote”-ийн ахлах шинжээч Ипек Озкардеская “Энхийн хэлэлцээнд хүрнэ гэх хүлээлт талаар болох магадлал өндөр хэвээр байгаа. Ийм учраас энэ өсөлтийн тодорхой хэсэг буцаан унах эрсдэлтэй” гэжээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр энэ нь мөргөлдөөн эхэлснээс хойш хоёр тал хэлэлцээрт хамгийн ойртсон үе аж. АНУ 48 цагийн дотор Иранаас хэд хэдэн гол асуудал дээр хариу өгөхийг хүлээж байгаа юм.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мягмар гарагт /2026.05.05/ хэлэхдээ “АНУ-Израилын анхны цохилтын зорилго биелсэн тул ажиллагаа өндөрлөсөн. Бид энхийн замыг илүүд үзнэ. Ерөнхийлөгчийн хүсэж буй зүйл бол хэлэлцээ” гэжээ.

Иран Рубиогийн мэдэгдэлд албан ёсоор хариу өгөөгүй юм. Түүнийг мэдэгдэл гаргахаас өмнө Ираны Парламентын спикер Мохаммад Галибаф “Одоогийн нөхцөл байдлыг үргэлжлүүлэх нь АНУ-ын хувьд тэсвэрлэхийн аргагүй болсон гэдгийг бид сайн мэднэ. Харин бидний хувьд энэ бүхэн дөнгөж эхэлж байгаа” гэсэн байна.

Эх сурвалж: Reuters, BBC

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дайн намжина гэсэн ганц мэдээллээр дэлхийн зах зээл ингэж хөдөлдөг гэхээр ямар эмзэг систем вэ

Зочин
Зочин

zah zeel chin setgelzuigeer l yvdag yum bn daa neg medee garaad l savladag

Зочин
Зочин

Газрын тос бага зэрэг буурахад л бүгд амьсгаа авч байх шиг байна

Зочин
Зочин

iran usa 2 uneheer tohiroltsвол delhiid l heregtei dee

Зочин
Зочин

Хэлэлцээр бүтээсэй гэж үнэхээр хүсэж байна дайн үргэлжлэх тусам жирийн хүмүүс л хамгийн их хохирч байна

Зочин
Зочин

neftiin une 70 deer bhad ch hetsuu bsan odoo бүр aihtar bolloo

Зочин
Зочин

Хөрөнгийн зах зээл бол ирээдүйн хүлээлтээр амьдардаг гэдэг үнэн юм аа

Зочин
Зочин

neg medee garahad l dollar sulraad huviaa unagaad sonin yumaa

Зочин
Зочин

Дайн дуусвал бензин шатахууны үнэ жаахан ч гэсэн буураасай

Зочин
Зочин

delhiin ediin засag dandaa dainii medeegeer amidarch bgaa yum шиг

Зочин
Зочин

Ормузын хоолой хаагдахад л дэлхий даяараа сандарч байна гэдэг асар чухал цэг юм байна

Зочин
Зочин

humuus odoo naidvar deer l hudaldaj аваад bgaa yum bn

Зочин
Зочин

Энхийн хэлэлцээрт ойртсон гэдэг мэдээ худлаа биш байгаасай

Зочин
Зочин

stock market bol uneheer sonin neg gazar yumaa

Зочин
Зочин

Дайн эхлэхэд нефть өсдөг, намжина гэхэд буудаг нь ойлгомжтой ч ийм хурдан савладаг гэж бодсонгүй

Зочин
Зочин

48 tsagiin dotor hariu huleej bgaa gedeg ih l emzeg uedee yavj bn daa

Холбоотой мэдээ

Back to top button