АН-ын шинэхэн дэд дарга нар аль аль фракцын атган дахь "хөзөр" вэ
Ардчилсан нам дотоод зохион байгуулалтаа эмхлээд улс төрийн кампанит ажилдаа орохоор яаравчилж буй. 2027, 2028 оны сонгуульд дараалсан ялалт байгуулах зорилго тавьчихсан яваа ч шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг тал тал тийшээ хараад "суучихсан" фракцуудаа бөөгнүүлэх гэж О.Цогтгэрэлээс эхлээд зүдэрч байгаа нь үнэн.
Өчигдөр болж өнгөрсөн ҮБХ-ны 69 дүгээр хуралдааны шийдвэрээс харахад энэ бүхэн уншигдаж байна. Тухайлбал, дэд даргаар Л.Мөнхбаясгалан, Д.Энхтуяа, П.Мөнхтулга, Н.Ганибал, Ч.Өнөрбаярыг батламжилсан. Өнгөндөө жендэрийн тэнцвэр, нас насны төлөөллийг хадгалсан тун боломжийн хувилбар. Ар дахь фракцуудыг нь анзаарвал "бялуу хувааж" тал засах ажиллагаа мэт. Тэдний хэн нь хэний хүн бэ гэдгийг дор өгүүлье.
"Ерөнхийлөгчийн дэмжлэгт" АН-ын отгон фракцын квот Д.Энхтуяа
АН-ын отгон фракц бол одоогоос хоёр хоногийн өмнө, ҮБХ-хурлаас ердөө нэг хоногийн өмнө үүсгэн байгуулагдсанаа тунхагласан "Ардчилсан сэргэлт" холбоо. Тус холбоонд УИХ-ын 12 гишүүн багтаж байгаагийн нэг нь Д.Энхтуяа. Байгуулагдсан даруйдаа дэд даргын суудлаас чангааж байгаа нь хэр хүчтэй фракц гэдгийг харуулж байгаа юм.
Шинэ фракцын шил дээр дарж буй тодотгол нь "Ерөнхийлөгчийн" гэх үг. Учир нь, тус фракцад хаврын улс төржилтөд хамгийн их дурдагдаж буй АН дахь "Ерөнхийлөгчийн жигүүрийн-13" болон Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах санал хураалтад бүлгийнхээ хоёр одтой шийдвэрийг үл харгалзан дэмжсэн хүмүүсийн ихэнх нь байгаа юм.
Тус фракц дэд даргаас гадна бүлгийн даргад ч горилж буй. Тэр нь Б.Түвшин. Холбооны Ерөнхийлөгч нь сонгогдоод буй "бидон" хочит Д_Ганбат ч амбицалж буй.
Л.Мөнхбаясгалан фракцын дэд даргаас намын дэд дарга болон дэвшив
Тэрбээр өөрийгөө том тойргоос сонгогдсон АН-ын цорын ганц эмэгтэй гишүүн учир дэд даргад эмэгтэй квотоор орж ирсэн гэх. Түүнийг нь үгүйсгэхгүй. Гэхдээ тэр бол яалт ч МоАХ-ын төлөөлөл мөн.
Монголын ардчилсан холбоо буюу МоАХ бол нам шиг том фракц. 1990 оны ардчилсан хувьсгалыг түүчээлэгчид үүсгэн байгуулсан. Тиймдээ ч Ерөнхийлөгч асан Х.Баттулга тус байгууллагыг "Монгол Улсын Баатар" цол тэмдгээр шагнаж байв. Өдгөө тэр өөрөө уг холбоог тэргүүлдэг.
АН-ын дэд дарга асан П.Галиндаваас эхлээ тус холбооны гишүүд, дэмжигчид нь жигүүр, фракц шиг жижигхэн байгууллага биш гэж тодотгодог юм билээ.Ардчиллын үнэт зүйл, зарчимдаа үнэнч ажиллаж тууштай тээж яваа, үндэсэрхэг, популист хандлагатай бүлэг гэж улс төрийн хүрээнд дүгнэдэг байна.
Харин УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан тус холбоооны Улс төрийн бодлого хариуцсан дэд даргаар 2024 онд сонгогджээ. Ийн тэр фракцын дэд даргаас АН-ын дэд дарга хүртэл дэвшив.
Хамгийн залуу дэд дарга П.Мөнхтулга
АН-ын таван дэд даргаас хамгийн залуу нь П.Мөнхтулга. Тэрбээр 2020 оны сонгуульд Архангай аймагт нэр дэвшин өвдөг шороодсон ч, 2024 онд даагаа нэхэж Хангайн бүсээс УИХ-ээр сонгогдсон. Өөрийг нь залуучууд захиалсан тул дэд даргаар сонгогдсон гэж батламжлагдсныхаа дараа өгсөн ярилцлагадаа дурдсан. Намтрыг нь харвал залуучуудаар "захиалга хийлгэж" дөнгөх аж. Тухайлбал, Ардчилсан залуучуудын холбооны Бодлогын зөвлөлийн дарга, JCI leader Mongolia Тэргүүн дэд ерөнхийлөгч зэрэг сонгуульт ажил голчлон хашиж байжээ.
Мөн тэр Архангай аймгийн АН-ын дарга юм. Энэ талаар нь тухайн үедээ тамга тэмдэг булаасан, дүрэм зөрчиж намын дарга болсон гэх яриа гарч байв. Ямартаа ч аймаг аймгаар нь хуваан явуулсан санал хураалт түүнд давуу тал болж.
П.Мөнхтулга залуучуудын дуу хоолойноос гадна “Монде” клубын мандатаар дэд даргын суудалд хуваарилагдсан гэж хэлж болно. Уг фракцад УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ж.Батсуурь тэргүүтэн багтдаг. Мөн Түүний аав Ө.Пүрэвбаатар нь 2014 онд Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн “Шийдлийн” Засгийн газарт Эрчим хүний дэд сайдын албыг хашиж байжээ. Тэгэхээр түүнд улс төрийн хамжлаг, дэмжлэг тун өргөн гэж харагдаж байна.
АН-ын ЕНБД асан Ч.Өнөрбаяр хоёр дахиа дэд даргаар сонгогдлоо
Тэрбээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хуулийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан гэдгийг хүмүүс андахгүй. Мөн Л.Гантөмөрийг АН-ын дарга байх үед дэд даргаар сонгогдож, түүнийхээр нэмрээр Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар ажиллаж байгаад буусан юм. Ийн нэгэн үе намын гал тогоог базаж ЕНБД-аар ажиллаж байсан Ч.Өнөрбаяр хоёр дахь удаагаа дэд даргаар сонгогдлоо.
Фракцын тухайд тэр Гранд Монголынх. Хожуу буюу 2024 оны дөрөвдүгээр сард байгуулагдсан ч намдаа нөлөө бүхий фракц. ҮБХ-д 140 гаруй суудалтай гэдгээс хэр хүчтэй фракц болох нь тодорхой харагдана.
ЕНБД-аар жинхлэн томилогдоод буй С.Баярцогт сонгуулийн өмнөхөн АН-ын доторх жижиг фракцууд болон Ардчилсан хүчний холбоо, Либериал клуб зэрэг бүлэглэлийг нэгтгэж уг фракцийг бүрдүүлсэн түүхтэй.
"Нэг Монгол" хөдөлгөөний тэргүүлэгч Н.Ганибал
УИХ-ын гишүүн асан Н.Ганибал таван дэд даргын нэгээр сонгогдлоо. Түүний хувьд "Нэг Монгол" хөдөлгөөний санаачлагч бөгөөд тэргүүлэгч. Тус фракц 2023 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд тухайн үеийн УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Н.Ганибал сонгогдож байсан түүхтэй.
Мөн л АН-ын бодлогыг тодорхойлогч, аливаа сонгуульд голлон нөлөө үзүүлэгч данагар фракц. Хамгийн сүүлд гэхэд комедиан Н.Амаржин тус хөдөлгөөний ТУЗ-ийн гишүүн болсноо мэдэгдээд буй. Тус фракцад С.Одонтуяа, Х.Тэмүүжин, О.Амгаланбаатар, О.Цогтгэрэл тэргүүтэй эрхмүүд багтдаг.
Энэ намд ер нь томгүй ч фракц алга. Фракц хоорондох хөдөлгөөн нь ч улс төрийн өрнөл дагаад гүйчихдэг аж. Одоогоор зургаан фракц байгаа. Дэд дарга нарын сонголтоос харвал эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй гэх зарчмаар ижил тэнцүү хуваарилжээ.
Д.ХАДААН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АН дотор фракцгүй хүн үлдээгүй юм байна даа албан тушаал бүр ардаа эзэнтэй харагдах юм
ene namiin dotoод ulstor n yag l huvaaj ideh zarchimaar yvdag yum bn daa
Л.Мөнхбаясгаланг бол ядаж хэлэх үгээ шулуухан хэлдэг хүн гэж хардаг
AN dotor negdmel bodlogoosoo iluu heniih ni hun be gedeg ni chuhal bolj dee
Шинэ залуучууд гарч ирж байгаа нь сайн ч хуучин фракцууд нь атгачихсан хэвээр юм аа
Tsogtgerel darga n amid uldeh gej buh taliig argadaj bgaa yum shig sanagdlaa
Намын бодлого ярихгүй зөвхөн хэний хүн бэ гэдэг дээр л улс төр эргэж байна
Bayartsogt orj ireed butets ni bur huuchin system ruugee oroh vii dee
Ямар ч нам ялгаагүй фракц хоорондын тохироо хамгийн хүчтэй байдаг болж дээ
ene bol songuuliin umnuh suudlaa huvaaj bgaa l zurag haragdaj bn
Ч.Өнөрбаяр улс төрийн гал тогоонд туршлагатай хүн болохоор нөлөөтэй хэвээр байгаа юм байна
Munkhtulga zaluu hun gehed hurdan devshij bna shuu ar tal ni ch sain bh
Ер нь фракцгүй нам гэж Монголд байхгүй болсон юм биш үү
Neg negnee tatаж unagah bish neg bodlogoor yavbal iluu huchtei bolno doo
АН-ынхан эв нэгдэл ярьдаг мөртлөө дотроо хамгийн их талцдаг нь сонин
Ganibal bol nam dotroo nuluutei hun shuu zugeer neg ner devsheegui bh
3 нь Эби, Баярцогт угшлынх, 2 нь жeнко л харагдаж байна.
Энэ хэдээс хамгийн шившигтэй нь Хүрэлсүхийн 13 гэдэг фракц
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud