Top StoriesНИЙГЭМНийгэм ярилцлага

Б.Өлзий-Учрал /ThunderZ/: Уран бүтээлч хүн давлагаа шиг амьдарч байж л сайн бүтээл хийнэ

"Ганцхан шалтгаан", "Оюутан", "Бүгд тэгээс эхэлдэг", "Гэрэлт хот" зэрэг дуунуудаараа Монголын хөгжмийн урлагт өөрийн содон өнгө аяс, байр суурийг хэдийнээ эзэлсэн реппер ThunderZ буюу Б.Өлзий-Учралыг уншигчид маань андахгүй таних учиртай. Тэрбээр сүүлийн үед түүхийг орчин үеийн хэв шинжтэй хослуулсан уран бүтээл туурвиж буй нь үзэгчдийн сайшаалыг хүртээд байгаа юм.

Тухайлбал, түүний "Гэгээн" дуу ютүб хуудсанд байршсанаас гурван долоо хоногийн хугацаанд 6 сая гаруй хандалт авсан. Б.Өлзий-Учрал "МУИС"-ийг программ хангамжийн мэргэжлээр төгссөн ч түүнийг зүрх сэтгэл нь урлаг руу хөтөлсөн байна. Улмаар Монголын хип хоп урсгалын анхны томоохон тэмцээн болох “Backyard”-д түрүүлж урлагийн салбарт хөл тавьсан билээ.

Тухайн үед ThunderZ "Би мөрөөдөх дуртай, нэг л өдөр энэ зүйлс бодит болно..., Нэг л өдөр би ээжийгээ хажуудаа суулгаад, Хотын гудмаар машинтайгаа давхина, Шинэхэн загварын "Benz"-ны хурд зөрөх хүмүүсийн амыг хамхина..." хэмээн дуулж байсан тэр хэлсэндээ хүрч ээжтэйгээ хотын гудмаар машинтайгаа зугаалсан. Үүгээр ч зогсохгүй 2023 онд "Нэг л өдөр" тоглолтоо Төв цэнгэлдэх хүрээлэнд үзэгч дүүрэн хийж зорилгодоо хүрч чадсан. Түүнтэй ярилцсан ярилцлагаа хүргэж байна.

-Би одоо ч өөрийгөө олоогүй яваа, хүн өөрийгөө олно гэж байдаггүй байх-

-Та эмээгийн хүү. Тийм болоод ч тэр үү зөөлөн хүн шиг санагддаг. Ер нь эмээгийн хүүхдүүд зөв төлөвшиж, хүмүүждэг гэж ярьдаг шүү дээ?

-Эмээтэйгээ их цагийг өнгөрөөсөн. Манай эмээ намайг уншуулж, бичүүлж сургасан, үргэлж л хормойноос нь зүүгдээстэй явдаг байлаа. Хүмүүжилтэйгээс гадна эмээгийн хүүхдүүд хэрүүлч, үглээ болдог, гоё шүү дээ. Мэдээж зөөлөн болно, зөөлөн нь хатуугаа иддэг хорвоо юм даа.

-"Thunder"-ыг "Реп Дэмбээ"-д байхаас эхлээд мэднэ. Арван жилээ төгсөөд бөх болохоор Үндэсний биеийн тамирын дээд сургуульд нэг жил сурсан гэж сонссон. Түүний дараагаар МУИС-ийг программ хангамжийн чиглэлээр суралцаж төгссөн. Энэ хугацаанд өөрийгөө олох замдаа явж байсан уу?

-Би одоо ч өөрийгөө олоогүй яваа. Ер нь хүн өөрийгөө олно гэж байдаггүй байх гэж боддог. Үеийн хүүхдүүдээс биеэр том байсан болохоор бөх болохоор жил орчим бэлтгэлд явсан. Гиннесийн амжилтад бүртгүүлэх 602 бөхийн барилдаанд орж зодоглож нэгийн даваанд Улсын гарди Ш.Жаргалсайхан ахад унаж байсан, одоо бодохоор дурсамжтай сайхан байдаг. Тухайн үед сууриа чөлөөт бөхөөр тавина гээд бэлтгэл хийж байх үедээ мөрөндөө бэртэл аваад, шантраад больсон. Улмаар МУИС-ийг программ хангамжийн мэргэжлээр төгссөн.

-“Backyard” таныг урлагт ороход их нөлөө үзүүлсэн байх гэж боддог. Үг бичих суурь бол нэлээн багад тань тавигдсан болов уу?

-Багын дуу муутай, сэтгэл хөдлөлөө ил илэрхийлдэггүй бүрэг ичимхий төрлийн хүүхэд байсан. Тийм болоод ч тэр үү шүлэг бичиж дотор байгаа зүйлсээ гадагшлуулдаг байсан нь хожим “Backyard” тэмцээнд түрүүлэх боломж болсон байх.

-Мэргэжлээрээ ажилласан юм уу?

-Төгсөөд хэдэн сар ажилласан. Миний зүрх сэтгэл урлаг руу байсан учраас энэ замыг сонгосон. Гэхдээ мэргэжилдээ дургүй биш хайртай. Их сургуульд сурч цаг алдсан гэж боддоггүй, харин ч сурсан нь надад давуу тал болсон.

- "Би мөрөөдөх дуртай, нэг л өдөр энэ зүйлс бодит болно..., Нэг л өдөр би ээжийгээ хажуудаа суулгаад, Хотын гудмаар машинтайгаа давхина, Шинэхэн загварын "Benz"-ний хурд зөрөх хүмүүсийн амыг хамхина..." гэж "Backyard"-ын тайзан дээр дуулж байсан Б.Өлзий-Учрал хэлсэндээ хүрсэн үү?

-Миний дуулсан бүхэн биелсэн. Би "Benz" машин худалдаж аваад ээжтэйгээ хотын гудмаар давхисан. Гэхдээ одоо бол зарчихсан л даа /инээв/. Гурван жилийн өмнө "Нэг л өдөр" нэртэй тоглолтоо хийж цэнгэлдэх дүүргэж чадсан. Бэлгэшээлээр ч гэх юм уу, чин сэтгэлээсээ хүсэж мөрөөдсөн болоод ч тэр үү дуулсан бүхэн минь биелсэн.

-Бусад уран бүтээлчдээс таны дуу урам зориг, итгэл найдвар төрүүлдгээрээ давуу талтай. Жишээ нь "Ганцхан шалтгаан" байна?

-Бүх төрлийн дууг сайн, төгс хийж чаддаг уран бүтээлч гэж байхгүй. Би өөрөө асуудалтай нүүр тулж тэмцэх дуртай, өөдрөг амьдрахыг хичээдэг хүн учраас бусдад эрч хүч, урам зориг өгсөн уран бүтээл гаргахад арай дөхөм байдаг байх. Сонсогчид "мундаг сайн байна" гэхээс илүүтэйгээр миний дууг сонсоод амьдралд нь жижиг ч атугай өөрчлөлт өгч чадсан талаарх сэтгэгдэл үлдээснийг нь унших сайхан байдаг. Магтаалаас илүү миний дуу бусдын амьдралд жижигхэн ч бай эерэг нөлөө үзүүлж чадвал дуу хийсний минь утга учир биелж буй нь тэр. "Ганцхан шалтгаан" гарснаас хойш эдгэрэл, тайтгарал, эрч хүч, урам зориг авсан маш олон хүн надтай таарсан. Хамгийн гол нь дууны маань эзэн эдгэрч эрүүл болж чадсан гэхээр дуу маш хүчтэй зүйл гэдгийн илрэл болов уу. Энэ нь маш олон хүнд эрч хүч, хань болсонд нь баяртай байдаг.

-Уран бүтээлч хүн ханах мэдрэмж авч болохгүй байх. Гэхдээ гаргасан дуунуудаасаа хамгийн сайн нь гэвэл юуг нэрлэх вэ?

-Сэтгэлд арай дөхсөн нь гэвэл "Ганцхан шалтгаан" байсан. Одоо бол "Гэгээн" дууг хэлнэ. Миний л хувьд шүү, сонсогчид өөр өөр дуу хэлэх байх.

-Өөрийн мэдэрсэн зүйлээ уран бүтээлч хүн илүү сайн бүтээл болгодог. Сүүлийн үед танаас түүхийн, хэлмэгдүүлэлтийн, халх голын дайн, байгалийн сүр хүчийг харуулсан бүтээлүүд зонхилох болсон нь юутай холбоотой бол?

-Яагаад ч юм Тайга намайг нэг л өдөр дуудсан. Тэнд очоод байгальд гүн дурлаж, ахуйд нь хүчтэй татагдах болсон. Бид бүгдийн цусанд эх байгальтайгаа ойр байж энерги, авшиг хүртэх, түүхээ танин мэдэж судлах хүсэл байдаг юм шиг. Миний тэр зөн Тайга үзээд сэрсэн байх. Магадгүй цаг нь тэгж таарсан, настай ч холбоотой байж мэднэ. Соён гэгээрүүлэгч, яруу найрагч О.Дашбалбар агсны "Эстрад хөгжмийн чимээнээс илүү адуу мал, байгальдаа илүү дасна..." гэдэг үгийг жинхэнэ утгаар нь ойлгосон. Улмаар мэдэрсэн бүхний уран бүтээлээрээ дамжуулан бусдад хүргэх хэрэгтэй гэж санаж, ухамсарлаж хийж байна.

-Thunder дууныхаа клипэнд анхаарч цаг зав, хөрөнгө мөнгө зориулах болсон нь сайшаалтай. Гэхдээ "дууны чанар нь хэвээрээ байна" гэх шүүмжлэл байсан?

-Хүмүүс өөр өөр л хүлээж авч байх шиг байна. Тухайн газарт нь очиж үзээгүй болохоор зарим зүйлсийг нь ойлгож мэдрэхгүй байж магад. Угтаа бол заавал миний дууг ойлгож, соён гэгээрэх алба байхгүй. Гэхдээ уран бүтээлч хүний хувьд мэдэрсэн зүйлсээ илэрхийлсэн. Шүүмжлэлийг бол хүлээж авна.

-Эрүүл мэндийн шалтгаанаар нэлээд хугацаанд эмчлүүлсэн. Энэ нь таны уран бүтээлийн өөрчлөлтэй холбоотой болов уу. Таныхаар сайн дуу ямар байх ёстой бол?

-Түрүүний таны хэлдгээр уран бүтээлч мэдэрсэн зүйлээ л сайн гаргаж чаддаг. Тиймээс уран бүтээлч хүний амьдрал давлагаа шиг байх хэрэгтэй юм шиг. Сэтгэл зүйн хувьд ч амьдралын хувьд ч уналт өсөлттэй байж олон зүйлсийг мэдэрч тунгаах хэрэгтэй. Уран бүтээлч зовж шаналж, гоё сайхныг мэдэрч байж хийсэн сайн бүтээл нь ижил зовлон шаналал, эмзэглэл үүрч явсан хүмүүстэй огтлолцож чадвал сайн дуу болох байх. Харин нэг хэвийн амьдралтай хүнээс ижил дуу гарах учир сайн бүтээл хүлээгээд нэмэргүй биз.

-Та хүнд зориулж уран бүтээл хийж байсан уу?

-Хэн нэгэнд зориулж бол дуу хийж байгаагүй. Харин хэн нэгнээс мэдэрсэн мэдрэмжээ дуундаа илэрхийлж байсан.

-Би авьяас гэдэгт итгэдэггүй юм. Харин хүсэл тэмүүлэлд итгэдэг-

-Уран бүтээлч хүний тань хувьд асуухад авьяас гэж юу вэ?

-Би өөрийгөө авьяастай гэж огт боддоггүй. Авьяас гэдэгт төдийлөн итгэдэггүй юм. Харин хүсэл тэмүүлэлд итгэдэг. Асар их хүсэж байгаа хүн ямар нэгэн байдлаар хийж чаддаг. Төрөлхийн мэдрэмжтэй, хоолойны өгөгдөлтэй төрсөн хүмүүс бол байгаа. Гэхдээ тэр нь авьяас бол биш байх. Маш их өгөгдөлтэй байлаа ч хүсэлгүй бол хийж чадахгүй. "Оролдлого сайт, оройд нь" гэдэг үгэнд л итгэдэг.

-"Реп дэмбээ"-д орсон бичлэгээ ээж эмээдээ үзүүлэхээр ичдэг байсан ThunderZ одоогийн уран бүтээлээ үзүүлэхээс мэдээж ичихгүй байх. Ээж эмээ хоёр нь уран бүтээлд нь ямар дүн тавьдаг вэ?

-Эмээ ээж хоёр миний дууг сонсдог эсэхийг нь мэдэхгүй байна. Ээж бол үзэж байгаа байх харин эмээ маань ютүб орж үзэж чадахгүй учраас сонсоогүй байж мэднэ. Клип нь дээрээ ямар их үхдэг юм гэж ээж зэмлэсэн.

-Б.Өлзий-Учралын мөрөөдөл юу вэ?

-Ахиж олдохгүй өөрт буй энэ цаг хугацаандаа аз жаргалтай байхыг хүсэж байна. Байгаа бүхэндээ талархаж, хийх ёстой зүйлсээ хийж амьдрах энгийн зүйлсийг мөрөөдөж байна даа.

-Тэгвэл ThunderZ мөрөөдөл?

-Миний уран бүтээлийг олон жил хүмүүс сонсож байгаасай гэж хүсэх байна.

-"Харахад зүс минь Монгол

Хатгахад цус минь Монгол

Халихад сүнс минь Монгол" хэмээх Тоомойн Очирхүү гуайн шүлэг таны "Монгол" дуун дээр орсон байсан. Оюуны өмчийн асуудал үүссэн үү?

-Тус бүтээлийг ам дамжсан үг гэсэн ойлголттой байсан учраас дуундаа ашигласан нь алдаа болсон. Дараа нь мэдэж холбогдох хүмүүсээс нь зөвшөөрөл авсан. Мэдээгүй учраас алдаа гаргасан, цаашдаа энэ талаар илүү судалмаар юм байна лээ. Бусдаар бол бид нар заавал зөвшөөрөл авч оюуны өмчийг дээдэлдэг.

-"Мөнгөгүй хүн тоглолт хийдэггүй мөнгөтэй хүн хийдэг" гэж байсан. Таны тоглолт ашгийн төлөө бус гэсэн үг үү. Мэдээж гаргасан зардалаа олох хэрэгтэй байх?

-Уран бүтээлч хүн дуугаа дуулж мөнгө олно, олсон мөнгөөрөө дуу хийнэ. Эргээд хийсэн дуугаараа мөнгө олно түүгээрээ тоглолт хийж таарна. Ийм л эргэлтийн цикл явагддаг гэх юм уу. Тоглолт хийнэ гэдэг нь үүнтэй л ижил. Өөрт байгаа бүх мөнгөө тоглолтын зардалдаа зориулж зарсан билетээрээ зарлагаа нөхөж тэнцвэрээ барина шүү дээ. Тоглолтоос олсон мөнгөөрөө эргээд уран бүтээл, дуугаа хийнэ. Бусдаар бол тоглолтын мөнгөөрөө шоудаж дуусгахгүй нь мэдээж.

-Гурван жилийн өмнө таны тоглолт дүүрсэн. Энэ амжилтандаа ханаагүй байх нь. Яагаад ахин тоглолтоо хийхээр болсон юм бэ?

-"Нэг л өдөр" тоглолтын дараа ойрын хэдэн жилдээ тоглолт хийхгүй гэж бодож байсан юм. Тэгсэн сонсогчид бичээд эхэлсэн. Улмаар амрах бодол маань өөрчлөгдөж ажилдаа орсон. Энэ удаагийн тоглолтын онцлог нь "Тэнгри". Монгол үндэсний түүх, зан заншил, хөгжмийг орчин үетэй хослуулж залуусын ойлгох хэлээр нь хүргэж буйгаараа онцлог. Өв соёл шингээсэн гэдэг утгаараа өмнөх тоглолтоос илүү хариуцлагатай, өндөр түвшинд хийх гэж хичээж байгаа.

-"Тэнгри" гэж нэрийн тухайд. Түрэг улсын үеийн хааны нэр цол байдаг юм байна лээ?

-Тэнгэр гэдэг утгаар нь энэ нэрийг өгсөн. Монгол бичгээр бичихээр "э" үсэг байдаггүй гэх мэт асуудал гарсан. Бид албаар Тэнгэр гэх үгийн дуудлагыг жаахан өөрчилж "Тэнгри" болгосон. Нэрээ бол өөрчлөхгүй. Яагаад тэнгэр гэх болсон гэвэл бидний дээр өнө мөнх тэнгэр л оршиж байна. Монголчууд бид тэнгэртэй сүсэглэж цайныхаа дээжийг өргөж, ажил үйлсээ даатгадаг шүтлэгтэй ард түмэн. Тэнгэрийн дор бүх зүйлс өрнөж байдаг учраас энэ нэрийг сонгосон.

-Тоглолтод оролцох хүмүүсийн нэрс гарсан. Тэр дунд сонирхолтой нь МУГЖ Л.Болдбаатар байсан. Тоглолтод дуулна гэж ойлгосон?

-Дуулах эсэх нь одоогоор бол гэнэтийн бэлэг хэвээр байсан дээр байх. Түүнээс ч өөр олон гэнэтийн бэлэг төлөвлөсөн байгаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ThunderZ яг өөрийн өнгөтэй артист шүү сүүлийн үеийн түүхэн хэв маягтай дуунууд нь бүр онцгой санагдсан

Зочин
Зочин

Gantshan shaltgaan duug ni sonsood hetsuu uedee ih uram avch bsna

Зочин
Зочин

Уран бүтээлч хүн амьдралаас мэдэрч байж сайн бүтээл гаргана гэдэг үнэн шүү

Зочин
Зочин

ThunderZ iin lyrics dandaa neg yum boduuldag ni taalagddag

Зочин
Зочин

“Гэгээн” дуу нь сүүлийн хэдэн жилийн хамгийн хүчтэй бүтээлүүдийн нэг болсон байх

Зочин
Зочин

Neg l odor duug ni anh sonschood ene zaluu hol yavna daa gj bodoj bsn yag l helsendee hursen bnle

Зочин
Зочин

Bi huvidaa ThunderZ iig show hiideg rapper bish jinhene artist gej hardag

Зочин
Зочин

Зарим дуу нь шууд сэтгэл рүү ордог мэдрэмжтэй байдаг шүү

Зочин
Зочин

Humuus duu ni oorchlogdloo geed bdg ch artist hun neg heviin baih yum bol hugjihgui shde

Зочин
Зочин

Tengri togлолt ih sonirholtoi sanagdaj bn mongol soyoltoi hiphop holison ni goy

Зочин
Зочин

Хүсэл тэмүүлэл авьяасаас чухал гэж хэлсэн нь их таалагдлаа

Зочин
Зочин

Сүүлийн үеийн клипүүд нь бүр кино шиг болсон байна лээ хөдөлмөр орсон нь мэдэгддэг

Зочин
Зочин

Neg l zuil anzaarsan ThunderZ hezee ch hudlaa dur esgesen vibe ogdoggui

Зочин
Зочин

Uran buteelch hunii amidral davalgaa shig baih heregtei gedeg ni unen yum bn

Зочин
Зочин

Bi rap sonsdoggui ch ene hunii yariag sonshoor neg l bodoltoi sanagddag

Зочин
Зочин

Зүгээр нэг реппер биш соён гэгээрүүлэх өнгө аястай артист болжээ

Зочин
Зочин

Хүн өөрийгөө олдоггүй гэсэн нь их бодогдууллаа

Зочин
Зочин

Чөлөөтийн олон улсын хэмжээний мастер, гавьяат дасгалжуулагч Ням багш зэрэг хүмүүс биеийг нь шинжээд "Энэ хүүхэд барилдвал амжилт гаргах юм байна" гэж ярилцаж байгаад Үндэсний биеийн тамирын дээд сургуульд элсүүлж, тамирчны замыг нь нээхээр Намжилмаа захирал дээр дагуулаад ортол, хувийн хэргийг нь харж байгаад "Энэ хүүхэд чинь тооны талын хичээлдээ дандаа онц юм байна шүү дээ, манай сургуульд сурах уу" гэж цочтол асуусан гэдэг.

Basca Feiza
Basca Feiza

сайн байцгаана уу. Болох юм нь болдгоороо болоод явж буй хүн хэмээн үздэг. Энэ хүн надад "дуулдаг хүн" гэдгээрээ тааламжтай байдаг, түүнээс биш, "дуучин"; "урлагийн хүн"; гэдгийг нь *тодорхойлох чадвар надад байхгүйээ.* Уг хүн нь давгүй болвуу л гэж санагддаг, бусдаар бол ор тас танихгүй, мэдэхгүй.

Yag
Yag

Yag unen chi bol urlagiin avyasgui hun harin husel temuuleltei unen unenee helsenn sn hereg cool

Холбоотой мэдээ

Back to top button