Иран Ормузын хоолойгоор дамжих хөлгүүдээс юаниар төлбөр авах сонирхолтой байгаа нь петродолларыг түлхэн унагаах уу
Ормузын хоолойн хөдөлгөөнийг Иран болон АНУ хэдэн долоо хоногийн турш хориглосны дараа тус усан зам мөргөлдөөнийг зогсооход шийдвэрлэх үүрэгтэй болсон нь тодорхой болов.
Иран болон АНУ-ын аль аль нь Ормузын хоолойгоор гарч буй газрын тос, байгалийн хий, гели болон бордооны урсгалыг хянах хүсэлтэй байгаа. Яг одоо Персийн булангийн эрчим хүчний салбар ихээхэн тогтворгүй байдалд ороод байна. АНУ-ын гол холбоотон болох Арабын Нэгдсэн Эмират Улс ОПЕК-аас гарсан нь тус байгууллагад том цохилт болоод байгаа билээ.
Мөнд Иран дайны улмаас амссан хохирлоо нөхөн төлүүлэх зорилгоор Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх хөлгүүдээс төлбөр авах төлөвлөгөөтэй байгаагаа зарласан.
Хэрэв энэ татвар хэрэгжиж эхэлбэл Иран жилд 40-50 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлнэ гэх тооцоолол бий. Энэ нь АНУ-ын эдийн засгийн хориг арга хэмжээний нөлөөг бууруулах боломжийг Техранд олгоно.
Хамгийн гол нь хөлгүүдээс авах төлбөрийг ам.доллароор бус, юаниар тооцох тул нэг талаараа энэ нь Иран БНХАУ-тай харилцаагаа бэхжүүлэх арга зам болох юм. Юаниар төлбөр авч эхэлбэл бүс нутгийн төдийгүй дэлхийн эрх мэдлийн тэнцвэрийг мэдэгдэхүйц өөрчлөх боломжтой.
Үнэндээ БНХАУ, Энэтхэг, Япон руу явж буй хөлөг онгоцнууд ийм төлбөр хийж эхэлсэн гэх мэдээлэл явж байгаа юм. Ираны парламент энэ үйл явцыг албан ёсоор баталгаажуулахаар ажиллаж байна. Иран мөн юаниас гадна криптовалютаар төлбөр авч эхэлсэн байна.
Хэрэв Иран энэ төлбөрийг үргэлжлүүлэн авсаар байвал петродолларын түүхэн ноёрхлыг сулруулж, бүс нутгийн нөлөөг АНУ-аас Хятад болон Ази руу шилжүүлж магадгүй юм.

Петродолларын систем гэдэг нь газрын тосны үнэ болон арилжааг ам.доллароор тооцдог тогтолцоо юм. Энэхүү нэр томьёо нь 1970-аад оноос үүдэлтэй. Тухайн үед АНУ Саудын Арабт цэргийн тусламж үзүүлэх хариуд газрын тосоо зөвхөн ам.доллароор зарах тохиролцоонд хүрсэн байдаг.
Энэхүү жишиг ОПЕК-ийн орнуудад тархаж, дэлхийн газрын тосны худалдааны стандарт болсон. Энэ нь ам.долларыг дэлхийн нөөц валют болоход нөлөөлж, олон улс дахь АНУ-ын хүч нөлөөг баталгаажуулсан юм.
Тус тогтолцооны үр дүнд газрын тос олборлогч орнууд ам.долларыг асар их хэмжээгээр хуримтлуулдаг болсон. Энэ мөнгийг зөвхөн өөрийн эдийн засагт оруулах боломжгүй байсан тул АНУ-ын үнэт цаас, хувьцаа болон бусад улсын баялгийн санд буцаан хөрөнгө оруулдаг байв.
Петродоллар нь ОПЕК-ийн гишүүд болон гишүүн бус Катар, Норвеги зэрэг орнуудын орлогын гол эх үүсвэр болсон юм. Тус системийн тусламжтай газрын тос, байгалийн хий экспортлогч улсууд Вашингтонтой ойр харилцаатай байж, АНУ-ын санхүүгийн хувьд олон улсад нөлөөлөх хүч ихээхэн нэмэгдсэн. Петродолларын урсгал мөн АНУ-ын төсвийн алдагдлыг санхүүжүүлж, бодлогын хүүг бууруулахад тусалдаг юм.
Шинэ тогтолцоо үүсэх үү
Хэрэв АНЭУ, Бахрейн, Катар, Кувейт болон Саудын Араб зэрэг бүс нутгийн гол тоглогчид Иранд петроюаниар төлбөр төлж эхэлбэл энэ нь петродолларын системчилсэн уналтад хүргэнэ гэж эдийн засагч Антонио Бхардваж хэлжээ. Мөн юанийг дэлхийн эрчим хүчний гүйлгээний өөр найдвартай хувилбар болох эхлэлийг тавина гэж тэр үзэж байгаа аж.
Энэ нь маш том асуултын тэмдэг бүхий таамаглал ч гэсэн төлбөр ногдуулах нь Ираныг дэмжсэн болон дэмжээгүй орнуудын хувьд хэцүү сонголт үүсгэх аж.
Олон улсын харилцааны шинжээч Пакиза Парвин үзсэнээр дэлхийн газрын тосны зах зээл хоёр хуваагдаж магадгүй байна. Шаардлагыг биелүүлж буй улсуудын газрын тос Ормузын хоолойгоор дамжиж, биелүүлээгүй талууд ам.доллароор хамаагүй өндөр зардал гаргах болно.

Энэ сонголт нь Пакистан, БНСУ, Япон, Филиппин зэрэг АНУ-ын гол холбоотнуудад нөлөөлнө. Эдгээр улсууд Ойрх Дорнодын хямралаас болж эдийн засгийн хүнд дарамтад ороод байгаа юм.Төлбөрийг юаниар төлөх нь тэдгээр орнуудыг БНХАУ руу татаж, Бээжинг илүү найдвартай эдийн засгийн хамтрагч гэж харагдуулахад тусална.
Петродолларын уналт
Иран төлбөр шаардахаа үргэлжлүүлснээр дэлхийн эдийн засгийг бүхэлд нь долларгүйжүүлнэ гэж хэлэхэд арай эрт. Гэхдээ энэ нь ам.долларын үнэ цэнэ буурах нэг алхам болж магадгүй юм.
Бусад улсууд ам.доллароос татгалзах нь АНУ-аас санхүү болон улс төрийн хувьд хараат бус болоход тусална. Мөн юанийг олон улсын хэмжээнд гаргах гэсэн БНХАУ-ын зорилгод тус болно.
Олон улсад үүсээд буй нөхцөл байдлын улмаас 1996 оноос хойш анх удаа дэлхийн төв банкнууд ам.доллароос илүү алт нөөцөлж эхэлсэн. Үүнтэй зэрэгцэн “BRICS”-ийн орнууд АНУ-ын нөлөөнөөс улам холдож магадгүй байна. БНХАУ, Энэтхэг, Бразил улсууд 2025 онд ам.долларын нөөцөө бууруулсан юм.
Иран төлбөрөө юаниар авч эхэлбэл АНУ-ын дэлхий дэх ноёрхлыг бууруулж, олон туйлт дэлхий үүсэж буйн нэг шинж тэмдэг болно. Энэ нь том, жижиг бүх улс орнуудад стратегийн уян хатан байдлыг олгох боловч тодорхойгүй байдлыг ч бас нэмэгдүүлнэ.
Эх сурвалж: The Conversation















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дэлхий аажмаар доллароос холдоод эхэлчихсэн юм биш үү
Иран ийм алхам хийвэл АНУ зүгээр хараад суухгүй л байх даа
Amerik dollaraa aldval delhiin noyorhol ni ch bas sulrah bh daa
BRICS-ийн орнууд сүүлийн үед үнэхээр идэвхтэй болоод байна
Тийм ч амаргүй л байх даа. Хэнтэй дайтаж байгаа билээ дээ. Ер нь бол Ираны ард Хятад байна. АНУ, Хятад хоёрын л тэмцэл. Оросын хүч маш их суларсан байна.
Монголд долларыг хэт шүтээд байдаг болохоос дэлхийд долларын эргэлт багасаж,өөрсдийн мөнгөн тэмдэгтээр хийхийг илүүд үзэж байна.
Yuan ingej tom toglolt ruu orj irne gej heden jiliin umnu hen ch bodoogui bh
Petrodollar sulrah ni tsag hugatsaany asuudal gej zarim hun yaridag shuu
Жижиг улсууд хоёр том гүрний дунд хамгийн их дарамт амсах юм байна даа
Ene bol zugeer mungunii asuudal bish geopolitik tom tulaan bn
Юаниар төлбөр авна гэдэг Хятадын нөлөө улам өсөж байгааг харуулж байна
Ормузын хоолой дээр асуудал үүсэхээр дэлхийн эдийн засаг бүхэлдээ савлаж байна шүү
Iran uneheer iim hemjeenii alham hiij chadah uu gej ergelzej bn
Газрын тосны урсгал хаагдахад ямар эмзэг систем вэ гэдэг нь харагдаж байна
Dollar hezee ch amarhan unahgui bh oo gehdee ursuldugch ni nemegdseer l bn
Hyatad ene bolomjiig ashiglaad delhiin sanhuugiin systemd iluu nolooloh gej bn daa
Петродолларын систем ийм удаан тогтсон нь өөрөө сонин юм аа
Хаха Ямар гоё вэ