Гадаад мэдээДЭЛХИЙ

RM: Амьдрал зүгээр л өөрөө сонирхолтой, амьд байна гэдэг сайхан зүйл

BTS хамтлаг энэ жил эргэн эрэлт хийж, шинэ цомог гарган дэлхийгээр аялан тоглож байгаа билээ. Үүнийг тохиолдуулан “The Rolling Stones” сэтгүүл хамтлагийн гишүүдтэй ярилцлага хийсэн юм. Энэ удаад хамтлагийн ахлах RM-ийн ярилцлагыг орчуулж хүргэе

Rolling Stones: Таны альтернатив урсгалын хөгжим сонирхдог хэр нь дэлхийн хамгийн том хамтлагийг ахалж, олон нийтэд зориулсан поп хөгжим хийдэг. Үүнийг харвал таны хөгжмийн сонирхол амьд зөрчил шиг санагдах юм.

Энэ зөрчил бол миний дотоод хямрал гэж би боддог. Гэхдээ хоёулаа миний дотор байдаг. Би поп хөгжим сонсдог, үүндээ ч дуртай. Дууны чартуудыг байнга хардаг. Заримдаа тархиа хэт ажиллуулахгүйгээр зүгээр л амрахыг хүссэн үедээ "Top 50 Global" чартаас дуу сонсдог. Гэвч заримдаа "Үгүй ээ, энэ хангалтгүй байна. Би илүү гүнзгий зүйл хайх ёстой" гэж өөртөө хэлдэг.

Таны бие даасан цомгуудыг сонсох их сонирхолтой юм. Хэрэв BTS байгаагүй бол та яг ийм л хөгжим хийх байсан болов уу гэж мэдрэгддэг. Уран бүтээлч хүний хувьд ийм сэтгэл зүйн төлөвт хүрч чадсан нь гайхалтай санагдаж байна.

Хүмүүс "тийм" гэж хэлж байвал би "үгүй" гэж хэлэхийг үнэхээр их хүсдэг. Би BTS-ийн гишүүн байхдаа үнэхээр их дуртай ч мэдээж зарим зүйлд дургүйцэх үе гардаг байсан. Би тэр бүх мэдрэмжээ үгүйсгэж чадаагүй. Гэхдээ хүмүүст юуг хэлж, юуг хэлэхгүй өнгөрөөхөө сайн мэддэг байсан гэж би боддог. Бие даасан уран бүтээлээ эхлэхдээ "Энийг л хийх ёстой, тэрийг ч хэлэх ёстой" гэж мэдрэгдсэн. Биднийг маш олон хүүхэд үздэг учраас заримдаа эелдэг байх шаардлага гардаг. Гэхдээ би хөгжмийн карьераа гудамжнаас, рэп хийж эхэлсэн хүн. Үүнийгээ эсэргүүцэж чадахгүй. Заримдаа би зүгээр л өөрийнхөөрөө байхыг хүсдэг. Бие даасан төсөл дээрээ санхүүгийн ашиг сонирхол бодолгүйгээр өөрийгөө илэрхийлж чадсан.  Би Литл Симз, Мозэс Самни зэрэг гайхалтай уран бүтээлчидтэй хамтарч дуу хийсэн. Ганцаарчилсан уран бүтээлүүд дээрээ тогтсон байсан ханыг нураахыг үнэхээр хичээсэн. Үсээ хусаж, огт нүүрний будалтгүй байхыг оролдсон. Альтернатив урсгалын дуу хийж, өөр төрлийн уран бүтээлчидтэй ажиллах нь маш том сорилт болж өгсөн шүү. Ганцаарчилсан уран бүтээл дээрээ ажиллаад их зүйл сурсан. Энэ туршлага нь шинэ цомгийн ажил дээр суухад надад маш их тус болсон.

2022 онд та Фаррель Уилямстай ярилцахдаа хөгжимд хайртай хэвээрээ ч дүрслэх урлагт илүү дуртай болсон байж магадгүй гэж хэлж байсан. Танд Одоо хөгжим буцаад илүү таалагддаг болсон уу.

Хөгжим үргэлж миний сэтгэлд байдаг. Хөгжим бол миний үндэс. Дуртай хөгжим чинь явахад өөрийн эрхгүй бүжиглэж эсвэл толгойгоо дохиж эхэлдэг дээ. Харин дүрслэх урлаг бол илүү их суурь мэдлэг, бэлтгэл, оюунлаг зүйлсийг шаарддаг. Цэрэгт байхдаа би маш олон уран бүтээлчийн цомог сонссон. Одоо би хөгжимд илүү их дурлаад байгаа юм шиг санагдаж байна. Дижоны цомог үнэхээр гайхалтай байсан. “Spotify Wrapped”-ээ харахад Дожины цомгийг 500 гаруй минут сонссон байна лээ.

Зургийн эх сурвалж: Pop Journal Official

2020 болон 2021 онд гаргасан BTS-ийн ганцаарчилсан уран бүтээлүүд хамтлагийн ижил төрх (identity) юу вэ гэдэгт эргэлзээ төрүүлсэн гэж та хэлж байсан.

Би одоо ч гэсэн сайн мэдэхгүй байна. Хөгжимчин хүн хөгжмөөрөө л ярих ёстой гэж би боддог. Одоо ч гэсэн бага зэрэг эргэлзэж байна. Цэрэгт байхдаа бид бүгдээрээ албаа хааж дуусаад эргэж ирэхэд маш тодорхой, нэгдмэл нэг ойлголтод хүрнэ гэж бодож байсан. Гэвч тийм ч амар байсангүй. Магадгүй энэ цомгийн 14 дуу "2026 онд BTS гэж ямар хамтлаг бэ?" хэмээн асууж буй хүмүүст хариулт болох байх. Гэхдээ энэ цомгоор дамжуулж би хайр, сэтгэлийн шарх, дурсамж гэх мэт хүн бүрд хамаатай сэдвийг илэрхийлэхийг хичээсэн. Хувийн туршлагаа хүн бүрийн мэдэрдэг сэтгэл хөдлөл рүү хөрвүүлэн хүргэх нь надад сонирхолтой байдаг.

Та ном бичих тухай бодож байсан уу?

Үнэхээр их бодож байсан. Гэхдээ ном унших тусам бичиж чадахгүй юм байна гэж боддог. Учир нь дэлхий дээр дэндүү олон гайхалтай зохиол, мундаг зохиолчид байна. Би ямар нэг зүйл бичиж тэмдэглэхдээ заримдаа ичдэг. Тийм болохоор би өдрийн тэмдэглэл бичиж, заримдаа тэнэг гэмээр эсээ бичдэг. Магадгүй олон жилийн дараа бодол минь өөрчлөгдвөл тэднийгээ нэгтгээд засаж болох юм. Гэхдээ одоохондоо ном бичих нь надад цомог гаргахаас илүү аймшигтай санагдаж байна.

Толгойдоо байгаа олон бодлоос ангижрахын тулд та юу хийдэг вэ?

Алхах үнэхээр тустай. Гадаа алхаж, эргэн тойрноо харахад бие махбод чинь хөдөлж байдаг болохоор тустай байдаг. Зүгээр л биеэ хөдөлгөх хэрэгтэй. Хөдөлгөөнтэй байх нь намайг тайвшруулж, стресс, багшралдсан олон бодлоосоо салахад тусалдаг. Алхангаа зүгээр л тэнгэр рүү хардаг. Харин “Instagram”, “YouTube”, “Netflix” гэх мэт зүйл цаг хэтэрхий их үрээд байдаг талтай.

Цэргийн алба таны хувьд амаргүй байсан байх. Та сэтгэл зүйн хувьд бүрэн сэргэж чадсан уу. Сэргэлтийн явц хэр байна вэ?

Хэрэв цэргийн албыг агуй гэж нэрлэвэл, би тэр нөхцөл байдлаасаа бараг гарсан гэж бодож байна. Цэргээс халагдаад найман сар өнгөрчээ. Одоо би зүгээр ээ. Гэхдээ заримдаа унтах гэж байхад тэр үеийн бодол орж ирэхэд "Март, одоо дууссан. Би цэрэгт байхаа больсон" гэж өөртөө хэлдэг. Гэхдээ сэтгэл зүйн хувьд ёроолдоо хүртэл унасан тэр туршлага надад тусалсан гэж боддог. Одоо би өөрийнхөө орон дээрээ унтаж байна. Би сайн байна. Энэ бол сэтгэлээ анагаах хамгийн шилдэг арга юм.

Зургийн эх сурвалж: Pop Journal Official

Энэ туршлага таны амьдралаас хүсдэг зүйлсийг өөрчилсөн үү?

Би үргэлж одоо цагтаа амьдрахыг хүсдэг. Яг одоо цагтаа. Гэхдээ 2026 онд биднийг "одоо цагт" амьдрахад саад болох зүйлс дэндүү их байна. Reels эсвэл Shorts үзэх нь одоо цагтаа амьдарч байгаа мэт мэдрэгдэх ч тэдгээр нь бидний анхаарлыг саатуулсаар байдаг. Тиймээс би бороонд алхаж, бүх зүйлийн тухай тунгаан боддог байсан тэр үеээ үнэхээр их санаж байна.

Тэр л үед би жинхэнэ утгаараа одоо цагт амьдарч байсан юм шиг санагддаг. Би өнгөрсөн болон ирээдүйн тухай бодохыг хүсэхгүй байна. Учир нь өнгөрсөн ба ирээдүй бол зүгээр л хийсвэр зүйлс. Энэ хоёрын талаар бодсоор байвал одоо үедээ анхаарлаа төвлөрүүлэхэд хэцүү болдог. Заримдаа зүгээр л утсаа тавиад ном уншихыг оролддог. Ирээдүй хэзээ ч ирдэггүй учраас би өнгөрсөн болон ирээдүйн тухай бодохгүй байхыг маш их хичээж байгаа.

Та сэтгэл зүйн хувьд хүнд хэцүү үеийг туулж, тэндээсээ гарч чадсан. Тэр хэцүү үе үүрд үргэлжлээгүй. Яг одоо тийм хэцүү мэдрэмжийг туулж буй шүтэн бишрэгчдэдээ хандаж та юу хэлэх вэ?

Би орчин нөхцөлийнхөө ачаар сэтгэлд үүссэн хямралаасаа гарч чадсан. Бие махбодын хувьд гарсан ч гэсэн сэтгэл зүйн хувьд тэр гүн гунигийг байдаг л зүйл хэмээн хүлээн зөвшөөрч байгаа. Яг юу гэж нэрлэхийг мэдэхгүй ч миний сэтгэлийн аль нэг хэсэгт тэр гуниг үргэлж байдаг. Би одоо ч өөрийгөө хэн бэ гэдгийг таньж мэдэх шатандаа яваа байх. Магадгүй бусдаас илүү мэдрэмтгий, эсвэл хэтэрхий их боддог хүн байх.

Заримдаа би унтаж чаддаггүй. Гэхдээ би үхэхийг хүсдэг үү гэвэл үгүй. Би амьдралд хайртай байхыг хичээдэг. Алхаж, сайн найзуудтайгаа уулзаж, хөгжим сонсож, энд ярилцлага өгөх гээд л. Би өөрийнхөө доторх чөтгөрүүдтэй тэмцсээр байна. Энэ тэмцэл магадгүй үүрд үргэлжлэх байх. Гэхдээ би нэг л зүйлийг хэлмээр байна. Товчхондоо, амьдрал бол зугаатай. БиBTS-ийн гишүүн болохоор эсвэл олны анхаарлын төвд байгаа од болохоор зугаатай биш юм. Амьдрал зүгээр л өөрөө сонирхолтой, амьд байна гэдэг сайхан зүйл.

Эх сурвалж: The Rolling Stones

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button