ХҮН нам МАН-ын "хөнжил"-д цагариглаж хэвтсээр сонгуультай золгох уу
УДШ-д бүртгүүлсэн цагаас нь тооцвол ХҮН нам байгуулагдаад 15 жил болсон аж. Гэхдээ олонд илүү танигдсан нь 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль, "Зөв ХҮН электорат" эвсэл. Хоёр том улс төрийн намтай оронд, нэг нам дангаар эрх барьсан цаг хугацаан дунд бойжсоныг нь бодвол чамгүй амжилттай яваа. Өдгөө 126 гишүүн анхны парламентад найман суудал эзэмшиж буй.
Тэднийг улс төрийн шинэ салхи гэж үзэн итгэл хүлээлгэсэн иргэд, сонгогчид энэ зэрэгт хүргэсэн. Гэвч өдгөө албан тушаалын төлөө дотооддоо ёвролцож, золоор Засгийн газрын бүрэлдэхүүнд багтсанаа ихэд санан, эгдүүцлийг хүргэх болов.
Шадар сайдын албаа ч намын даргаа үүргээ ч "умартсан" Т.Доржханд
2020 оны сонгуулиар ХУД-ээс УИХ-ын гишүүн болж, Төрийн ордонд пүүзтэй ирж олны анхаарлы татаж байв. Тухайн үедээ нээлттэй яриа, шинэлэг хандлагаараа иргэдээс оноо "түүж" чадсан.
Тэрбээр гурван Засгийн газар дамнан Шадар сайдын сэнтийгээс буусангүй. Энэ хугацаанд улс оронд хэрэгтэй юу бүтээснийг тоолоход бэрх. Ажил хийж шалихгүй ч чуулганы танхимд чаг чаг суудгаа ч болив. Сүүлийн үед Шадар сайд хэвээрээ билүү, солигдчихсон билүү гэж бодогдтол нам гүм оршиж байна.
Тэр бол өндрөө аваад буй мах, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний өсөлтөд нэр цоллогдож, хариуцлага үүрэлцэн ёстой хүн. Гэвч бүлх залгисан мэт чимээгүй өрнөлийг ажиж сууна. Эргэн сануулбал, өнгөрсөн өвөл Г.Занданшатарын Засгийн газрын үед махны үнэ, эрэлт, нийлүүлтэд хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийг түүнээр ахлуулан байгуулсан. Нөгөөтэйгүүр, түүний эрхлэх асуудалд Монополын эсрэг газар, Хөрөнгө оруулалт, худалдааны газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар хамаардаг. Хэрхэн ажилласанд нь энэ хаврын нөхцөл байдал хариулт өгнө.
Т.Доржханд бол ХҮН намын дарга. Сонгууль хаяанд ирчихсэн улс төрийн намууд бужигнаж байхад ажин түжин хэвээр. Хамгийн сүүлд гаргасан улс төрийн томоохон шийдвэр Н.Учралын кабинетад нэгдэх тухай хариу мэдэгдэл байсан байх. Сайдын квотоо авч үлдэх гэж хөшигний наана цаана багахан гүйснийг эс тооцвол ус балгасан мэт дуугүй, унтаа байдалд удаж байна.
"Хаданд хавчуулагдсан" Б.Найдалаа
2016 оноос Хөдөлмөрийн үндэсний намын удирдаж ирсэн тэрбээр удаа дараагийн том, жижиг сонгуульд нэр дэвшиж, унаж бүдэрсээр 2024 онд намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон. П.Наранбаярыг сайд болсны дараахан дотоод зөрчил нь хэтийдэж, нүдийг нь хөхрүүлээд амжсан удаатай.
ХҮН Засгийн газрын бүрэлдэхүүнд багтсанаас хойш гуравдугаар ээлжид сайдын суудалтай залгаад буй нь энэ. Гэвч хамгийн төвөгтэй салбар буюу ах намын "том ах" Б.Чойжилсүрэн ч мундагдаад дийлээгүй эрчим хүчний салбарт хуваарилагдаад буй.
Ажил авахтай нь зэрэгцэн цалингаа нэмүүлэх жагсаал угтсан. Өмнөх Засгийн газрын үед эрчим хүчний үнийг чөлөөлнө гэдгээ зарлачихсан хэдий Н.Учрал үнэд яаран хүрэхгүй, өртөг зардлаа бууруул гэх чиглэл өгчихөв. Дотооддоо нударга зөрүүлэн байж, намынхаа квотоор сайдын суудалд хүрсэн ч ийн нэг хаданд хавчуулагдчихаад зүдэж яваа хүн бол Б.Найдалаа.
Байнгын хорооны дарга болмогцоо намынхаа чихнээс хонх уяж эхэлсэн П.Ганзориг
УИХ дахь ХҮН намын зөвлөлийн дарга П.Ганзориг саяхан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын байнгын хорооны даргаар сонгогдсон. Гэвч хэдхэн хурлын дараа гишүүдээс "Хурлаа өөрөө удирдаггүй, хийж чадахгүй бол ажлаа өг" гэх зэмлэл хүртээд буй. Одоогийн парламентын бүрэн эрхийн хугацаа талдаа орж байгаа энэ үед намтартаа байнгын хороо ахалж байсан тухай нэмэлт оруулах амбицтай гишүүн цөөнгүй байгаа нь мэдээж. Гэтэл намын квот, цөөнхийн "ямба"-аар алба авчихаад хөдөлж сөхөөд байвал таалагдаагүй биз. Түүнээс өмнө тус намаас Б.Найдалаа уг албыг хашиж байв.
Одоогоор дээрх гурван хүн тус намаас УИХ, парламентад алба хашиж байна. Эрхэлсэн асуудалдаа хандаж буй байдал, улс төрийн манлайлал талаас нь харвал ХҮН нам эрх баригчдын зузаан хөнжлийн хөлд цагагирлаад хурхирсаар байна. 15 настай ХҮН 105 жилийн түүхтэй МАН-ын дагуур явсаар сонгуульд орж, карьераа дуусгах уу гэдгээ эргэж харах цаг нэгэнт болжээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ намыг Доржханд үнэхээр хогийн имижтэй яашка дүртэй болгочихлоо
Хүн нам гэж ямарч хэрэггүй нам шүү
Нам биш пионерын бүлгэм.
ХҮН гэдэг MCS-ийн Оджаргалын суганы намыг Улс төрөөс зайлуулах хэрэгтэй.