Чинээлэг захирлуудын дурлаж буй хиймэл оюуны хувьсгалд залуус дургүй байна
Хиймэл оюун ухааны хувьсгал эхэлсэн ч үүнийг эсэргүүцэх дуу хоолой улам чангарсаар байна. Тус технологи дэлхий даяар зах зээл, салбаруудыг өөрчилж байгаа энэ үед хөдөлмөрийн зах зээлд дөнгөж хөл тавьж буй залуусын сэтгэл түгшил нэмэгдэж байгаа юм.
“ChatGPT”, “Claude”, “Gemini” зэрэг чатботууд өдөр тутмын хэрэглээ болсон. Залуус эдгээр чатботууд ажлын байр болон амьдралд нь үзүүлэх нөлөөнд санаа зовж буй. Энэ долоо хоногт “Google”-ийн гүйцэтгэх захирал асан Эрик Шмидт Аризонагийн их сургуулийн төгсөгчдөд үг хэлэхдээ, хиймэл оюун ухааны нөлөө бүх технологиос илүү том, илүү хурдан болон илүү чухал байх болно гэж хэлжээ.
Шмидт "Энэ технологи бүх мэргэжилд нөлөөлнө. Хичээлийн танхимууд, эмнэлэг, лаборатори бүрд, хүн бүрийн амьдрал болон харилцаанд нөлөөлөх болно" гэж хэлэхэд оюутнууд дургүйцлээ илэрхийлэн шүүмжилсэн юм. Тэр хиймэл оюун ухааны улмаас ажлын байрны баталгаагүй байдал үүсэж, ирээдүйн тодорхойгүй байдлын талаар залуусын айдсыг хөндөн ярьсан ч төгсөгчид түүнийг шүүмжилсэн байна.
Залуусын айдас хэр бодитой болохыг “Standard Chartered” банк мягмар гарагт /2026.05.19/ гаргасан мэдэгдэл харуулжээ. Тус банк долоон мянга гаруй ажлын байр цомхотгож, бүтээмж багатай хүний нөөцийг хиймэл оюун ухаанаар орлуулна гэсэн юм.
Технологийн олон компаниуд ч мөн адил хиймэл оюун ухааныг шалтаг болгон ашиглаж ажилчдаа цомхотгож байна. Хиймэл оюун ухаан хөгжүүлэхийн тулд “Meta” компани ажилчдынхаа компьютерын гарын товшилт, хулганын хөдөлгөөнийг бүртгэж, дэлгэцийн зургийг авч байгаа. Үүнээс гадна тус компани энэ сараас эхлэн нийт ажиллах хүчнийхээ 10 хувийг цомхотгохоор төлөвлөж байна.
“Amazon” компани сүүлийн саруудад хиймэл оюун ухааны хэрэглээ болон үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор 30 мянга орчим оффисын ажлын байрыг цомхотгосон. Хоёрдугаар сард санхүүгийн технологийн “Block” компани ажилчдынхаа бараг тал хувийг цомхотгосон юм.
Аризонагийн их сургуулийн төгсөлт дээр Шмидт залуу үеийнхний айдсыг хүлээн зөвшөөрч, үндэслэлтэй гэсэн билээ. Гэхдээ тэр бусад захирлууд шиг хиймэл оюун ухааны авчирч буй өөрчлөлт, шинэчлэлийг хүн бүр дасан зохицох ёстой гарцаагүй зүйл гэсэн байна.
Хиймэл оюун ухааны авчирч буй өөрчлөлтийг дан ганц АНУ-д эсэргүүцэж байгаа юм биш. БНХАУ-ын Ханжоу дунд шатны ардын шүүх компаниуд хиймэл оюун ухаанаар ажилчдаа орлон халж болохгүй мөн цалинг нь бууруулах ёсгүй гэсэн тогтоол гаргасан. Өмнөд Солонгосын автомашин үйлдвэрлэгчдийн үйлдвэрчний эвлэл, Холливудын зохиолчид болон Энэтхэгийн кино урлагийн салбар ч мөн эсэргүүцлээ илэрхийлсэн.
Тэрбумтан захирлуудын сурталчилж буй хиймэл оюун ухаан бүхий ирээдүйг хамгийн хүчтэй эсэргүүцэж буй нь америкийн залуус юм. “Gallup” дөрөвдүгээр сард гаргасан тайлангаас харвал Z үеийнхэн хиймэл оюун ухаанд түгших эсвэл бухимдах явдал нэмэгджээ. Харин хиймэл оюунд найдаж эсвэл баярлаж байгаагаа илэрхийлсэн хүмүүсийн тоо өмнөх жилийнхээс эрс буурсан байна.
Судалгаанд оролцогчдын бараг тал хувь нь хиймэл оюун ухааны эрсдэл нь ашиг тусаасаа илүү гэж хариулжээ. Харин 15 хувь нь эерэг зүйл гэж дүгнэсэн байна. Энэ нь өмнөх жилийнхээс хамаагүй дордсон үзүүлэлт юм. Ихэнх залуус хиймэл оюун ухааныг ашиглаж сурах хэрэгцээг хүлээн зөвшөөрсөн байна. Гэхдээ аливаа сэдвийг гүнзгий суралцах чадвар болон бүтээлч байдалд саад болж байна гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
Тайланг бичсэн судлаачид өнгөрсөн жилийн хугацаанд сөрөг сэтгэгдэл улам ширүүсэж, хиймэл оюуны хэрэглээний өсөлт зогсож эхэлснийг онцолсон юм. Мөн "Ажил хийж буй залуучууд хиймэл оюун ухааныг ашиг тус гэхээсээ илүү эрсдэл гэж үзэх хандлага улам бүр нэмэгджээ" гэсэн байна.
Гэхдээ судалгааны мэдээллээс харахад хиймэл оюун ухааныг илүү их ашигладаг хүмүүсийн дунд эерэг хандлага өндөр байжээ. Харин бага ашигладаг хүмүүсийн хувьд сөргөөр харах хандлага буурсан юм.
Шмидтийн үг шүүмжлэл дагуулсан нь америкчууд хиймэл оюун ухаанд дургүйцэж буйгаа олон нийтийн өмнө илэрхийлсэн ганц тохиолдол биш. Тавдугаар сарын 8-нд Төв Флоридагийн их сургуулийн төгсөлт дээр үл хөдлөхийн магнат Глориа Каулфилд үг хэлэхдээ хиймэл оюун ухааны талаар ярихдаа оюутнуудад шүүмжлүүлж, эсэргүүцэлтэй тулгарсан байна. Тэр "Хиймэл оюун ухааны хөгжил бол дараагийн аж үйлдвэрийн хувьсгал юм" гэж хэлэхэд оюутнууд дургүйцсэн юм.
Эх сурвалж: Reuters















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тиймээс ямар мэргэжил сонгохоо сайтар бодох хэрэгтэй. Хууль эрх зүйн талаас цэгцэнд ороогүй байгаа ч ийм хэмжээний хүмүүсийн үгийг бодолцож үзэж хэрхэн ашиглахад суралцсан нь дээр.
Тиймээс ямар мэргэжил сонгохоо сайтар бодох хэрэгтэй. Хууль эрх зүйн талаас цэгцэнд ороогүй байгаа ч ийм хэмжээний хүмүүсийн үгийг бодолцож үзэж хэрхэн ашиглахад суралцсан нь дээр.
Timer
Хулгайчдид сайн юм болжээ
Duu xugjim xetsuudlee