Т.Нарантуяа: Анх бэр болж ирэхэд хайраар өлгийдөж авсан дөрвөн сайхан ижий аавдаа талархъя
Монгол ээжийг алдаршуулах ёслолын үйл ажиллагаа нийслэл хотын төв талбайд дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Энэ жил улсын хэмжээнд 12,306 ээж “Эхийн алдар” I, II зэргийн одонгоор энгэрээ мялааж буй. Энэ өдрүүдэд Д.Сүхбаатарын талбай ерөөлийн үгсээр халгин, хайрын эрчмээр цалгиж байна.
Олны хөлөөс захлан гэр бүлээрээ зураг даруулан зогсох хос бидний дуранд өртлөө. Одонгоо гардахаар ирсэн ээжүүд, гэргийгээ тосож буй эрчүүдийн ихэнх нь үндэсний хувцсаар гангарсан хэдий ч тэдний донж төрх эгэл дотно.
Тэд бол өв соёлоо уламжлан тээж яваа залуу гэр бүл ажээ. Өрхийн тэргүүн Ш.Мөнхбаяр шагайн харваач, аймгийн гоц мэргэн цолтой. Тэрбээр долоон хүүхэдтэй айлын отгон нь, өргөсөн ээж аавынхаа ууган хүү нь аж. Дөрвөн аав ээжийгээ дагуулан "Алдарт эх II" одонгоор энгэрээ мялааж буй гэргий Т.Нарантуяагаа угтан баярлаж зогсоо нь энэ.
Мөн энэ өдөр гурван хүү, нэг охин төрүүлж, өсгөн ураг удмыг нь улам бэхжүүлж буй бэр охиндоо дархан бэрийн хүндэтгэл үзүүлэхээр хадам худгүй хөл хөөрцөг болжээ. Ийм нэгэн эгэл монгол оршихуйтай, эедүү дулаан яриатай гэр бүлийнхэнтэй амьдралынх нь хамгийн гэгээн мөчийг хуваалцан хөөрөлдсөнөө хүргэе.
Т.Нарантуяа: Ээж байна гэдэг хамгийн бахархууштай, хүндлүүштэй хөдөлмөр

-Юуны өмнө танд халуун баяр хүргэе. Бидэндтэй сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Маш их баяртай байна. Үгээр илэрхийлж чадамгүй сайхан мэдрэмж байдаг юм байна. Юун түрүүнд төрүүлж, өсгөж, хүмүүжүүлсэн сайхан ижийдээ мөн бурхны оронд байгаа сайхан аавдаа баярлалаа гэж хэлмээр байна. Халамжтай, үрсдээ энэрэлтэй аав сайхан ханьдаа баярлалаа.
-Аавынхаа алдрыг дуудуулаад Алдарт эх хэмээх эрхэм одонгоо энгэртээ зүүх мөчид юу бодогдсон бэ?
-Төрийн ордонд орохоос эхлээд л аав, ээж маань бодогдсон. Үрийн заяатай сайхан орчлонд ижийдээ ирсэн дөрвөн сайхан үрээ бодож талархаж суулаа. Маш сайхан омогшилтой мэдрэмж байдаг юм байна. Ер нь алдарт эх болно гэж төсөөлж байгаагүй. Би эцэг эхээс тавуулаа. Айлын бага охин. Эмээ, ээж хоёр минь алдарт ээж. Охин нь өнөөдөр "Алдарт эх II" одон "үе дамжсан" одонтой ээжүүд боллоо.
-Анх ээж болох одонтой ээж болохын хооронд мэдээж их ялгаа бий. Илүү ойлгож ухаарч байгаа зүйл юу байна вэ. Нөгөө талаар ганцхан Монголд ээжийн алдрыг төрийн түвшинд авч үздэг байх. Энэ соёлын тухайд?
- Жинхэнэ монгол гэдэг утга, ондоошил юм уу гэж харж байна. Ээж байна гэдэг маш бахархууштай, хүндлүүштэй хамгийн том хөдөлмөр. Үүнийг энэ хэмжээнд үнэлж буй үнэхээр сайхан үйлдэл. Маргааш миний том эгч одон авна. Аавын охид аавынхаа алдрыг хоёронтоо дуудуулах гэж байна. Тандаа халуун баяр хүргэе. Бидний аав үр хүүхдээ хараад маш их бахархаж байгаа гэдэгт итгэлтэй байна.
Бид ханилаад 10 гаруй жил болж байна. Том охин 10, том хүү 9 настай. Бага хоёрын нэг нь гурван настай, нөгөө нь нэг ой зургаан сартай. Анх 20 настай ээж болсон. Хүүхдийн тоо нэмэгдэх тусам хариуцлага нэмэгддэг юм байна. Гэхдээ том маань тусад орчихсон. Дүү нараа маш сайн харалцдаг.
-Та ямар мэргэжилтэй вэ. Ажилдаа орж амжсан уу. Эсвэл хүүхдүүдийнхээ хүмүүжилд цаг гаргаж байна уу?
-Би сувилагч мэргэжилтэй, "Ач" анагаах ухааны их сургуулийг төгссөн. Одоогоор хүүхдүүдийнхээ хүмүүжил, боловсролд бүрэн анхаарч байна. Дөрвөн хүүхэд өсгөнө гэдэг чамгүй их хөдөлмөр.
-Хадмууд нь танд "Дархан бэр" одон гардуулж, хүндэтгэл үзүүлэх гэж байгаа юм. Сэтгэл их хөдөлж байна уу. Ханьдаа, хадмуудаа зориулж үг хэлбэл?
-Үнэхээр их догдолж байна. Анх бэр болж ирэхэд хайраар өлгийдөж авсан дөрвөн сайхан бууралдаа, ижий аавдаа маш их баярлалаа. Өнөөдрийг хүртэл хайрлаж, халамжилж, найдвартай ар тал нь минь байдагт баярлалаа. Манай хүн геодезийн инженер мэргэжилтэй. Аймгийн гоц мэргэн шагайн харваач. Түшигтэй, тулхтай сайхан хүн байдаг.
Ш.Мөнхбаяр: Зөв явсны шагнал болж бид хувь тавилангаараа учирсан гэж боддог

-Хань нь Алдарт эхийн одон энгэртээ гялалзуулаад гарч ирлээ. Та ч бас энгэртээ зүүгээгүй болохоос алдарт аав болж байна. Сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Өнөөдөр манай гэр бүлийн хувьд үгээр хэлшгүй маш сайхан баяр болж байна. Ханиараа их бахархаж байна. Хайртай шүү чамдаа. Миний хань бол дөрвөн хүүхдээ өсгөж, ар талыг минь бат даадаг амьдралын минь түшиг тулгуур.
-Эхнэрийнх нь хамгийн сайхан чанар юу вэ?
-Миний ханийн өөрийнхөөрөө байдаг нь хамгийн сайхан. Монгол эмэгтэй хүнд байх бүх сайхан чанар, ухаан бий. Би шагайн харваач учраас тэмцээн уралдаанд орно. Дээрээс нь үндсэн ажлаа хийнэ. Тэр бүхний ар талыг даадаг ээж хүн, эх хүн гэдэг хамгийн бахархалт хүмүүс. Энэ бүхний хажуугаар миний хань дөрвөн хүүхэд төрүүлж, өсгөж Алдарт эх боллоо, хүндэлмээр.
Миний хань өнөөдөр Алдарт эхийн II одон авахын зэрэгцээ дархан бэр болж байна. Мөн хоёр эгч нь хүндтэй шагнал хүртэж байгаа. Манай том эгч маргааш Алдарт эхийн II одон авна. Бас дөрвөн хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүл бий. Бага эгч гурван сайхан охинтой, уран бэр болж байгаа. Нэг айлын гурван охин нэгэн зэрэг сайхан алдрын эзэд болж байгаа нь бэлгэшээлтэй.
-Та маш үзэсгэлэнтэй гэргийтэй юм. Анх хэрхэн танилцаж байв?
-Миний гэргий их үзэсгэлэнтэй. Зөв явбал шагнал нь заавал ирдэг гэдэг дээ. Бид хувь тавилангаар учирсан гэж боддог. Би Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харъяат хүн. Эхнэр маань Өвөрхангайнх. Манай найзын эгч нь Эрдэнэбүрэнгийнх. Ханийн маань ахтай ханилан суусан юм. Бид хоёр ах, эгчийндээ ирж очсоор танилцсан түүхтэй.
-Эцэг эхээс хэдүүлээ вэ. Багадаа хэдэн хүүхэдтэй болно гэж боддог байсан бэ?
-Өнөр өтгөн, халуун ам бүлтэй байх юм сан л гэж бодож явдаг. Би айлын том хүү, нөгөө талаар бас айлын бага нь. Долоон хүүхэдтэй айлын хамгийн бага нь болж мэндлээд айлд өргөгдсөн. Тэгээд доороо бүстэй дүү дагуулсан. Өнөөдөр дөрвөн аав ээж маань миний ханийг сайхан угтаж авлаа. Бид ч хөл газар хүрэхгүй баяртай байна. Алдарт эхийн одонгийн баяр гэдэг хамгийн сайхан, нэр хүндтэй баяр байдаг юм байна. Монголын үрс маш олон болох болтугай гэж ерөөе.
-Өнөр бүлийн өрхийн тэргүүний хувьд үр хүүхдээ хэрхэн хүмүүжүүлж, юуг захьж сургаж байна вэ?
-Хоёр том маань одоо гурав, дөрөвдүгээр анги. Мэдээж боловсролд нь анхааралгүй яахав. Гэхдээ хамгийн гол нь зөв хүн болох тал дээр нь анхаардаг. Тусч, энэрэнгүй байгаарай гэж захьж хэлдэг. Зөв хүмүүжилтэй байхад мэдлэг боловсрол эзэмших, сурч хөгжих нь болно. Онц сур гэхээс илүү зөв хүн байх хэрэгтэй гэдэг. Миний хань л хүүхдүүдээ сургаж хүмүүжүүлж байна даа.
-Үндэсний спортын тамирчинтай ярилцсаных асуухгүй өнгөрч болохгүй нь. Наадам хаяанд ирчихлээ. Энэ жил ямар зорилготой байна?
-Удахгүй зургаадугаар сарын 12, 13-даар Үндэсний шагайн харвааны Улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Ховд аймгаас жил болгон харваачид ирж оролцдог. Би аймгийнхаа шигшээ багийн тамирчин. Амжилттай сайхан харваж тоглоно доо. Улсын баяр наадам хаяанд ирчихсэн байна. Цолоо ахиулж улсын цолтон болох хүсэлтэй бий.
Ш.Мөнхбаярын хүүхдүүд ээждээ баяр хүргэв.

















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ээж хүн гэдэг хамгийн том хөдөлмөр гэдэгтэй үнэхээр санал нийлж байна
Хайраар өлгийдөж авсан дөрвөн буурал гэдэг үг нь их дулаахан сонсогдлоо
Сайхан гэр бүлд аз жаргал хүсье
Эхний 3 хүү дараалж төрүүлсэн эмэгтэй дархан бэр болдог шүү. Юм аа мэдэж яриарай
Ийм сайхан эвтэй найртай гэр бүл харахаар өөрийн эрхгүй баяр хүрмээр санагдлаа
Дөрвөн аав ээждээ талархаад зогсож байгаа нь үнэхээр сэтгэл хөдөлгөм юм аа
Монгол гэр бүлийн хамгийн гоё жишээ байна даа
Хүүхдүүд нь хүртэл хүмүүжилтэй сайхан харагдаж байна
Дархан бэр болсон нь үнэхээр бахархмаар үйл явдал байна
Эгэл хэрнээ их сайхан айл байна аа
Yostoi saihan ger bul bn az jargal husye
4 huuhedtei gehed mash zaluu ger bul yum
Aav eejiigee hundeldeg humuus uneheer saihan haragddag
Hairaar ulgiiduuj avsan gedeg ug ni setgeld hurchlee
Mongol ger buliin haluun dulaahan uur amisgal medregdej bn
Iim eejuud olon baig
Huuhduuddee zuv hun baihig zahidag ni taalagdlaa
Mergen harvaach nuhurtei saihan hosuud yum
Анхны хүүхэд нь хүү төрөөд тэрнээс хойш дарааллан 3хүү төрүүлсэн хүнийг Дархан бэр болгодог. Анхны хүүхэд нь охин байгаад дараа нь дарааллаад хэдэн ч хүү төрсөн Дархан бэр болохгүй. Баргийн эмэгтэй авчдаггүй шүү.
Наад эхийн одонгоо зогсоо.Хүүхдийн баяраа цуцла. 3 хоног гашуудал зарла.Хүүхэд эндчихээд бхад яаж ичихгүй инээд алдаад одон авж чадаж бна аа.Хүн чанар хаана бна???