Э.Анударь: "Чи намхан байна" гэх нь үе тэнгийн дээрэлхэлтийн нэг хэлбэр мөн

Үлгэрт хүртэл бусдыг дээрэлхэгдэг эсрэг дүр бий. Хүүхдүүд тэр дүрээс сургамж авч байх учиртай. Тэгвэл Чингэлтэй дүүрэг "Нэпко кидс" хэвлэлийн газартай хамтран сургуулийн орчинд дээрэлхэлтийг үл тэвчих соёл төлөвшүүлэх “Дээрэлхэлтийг таньж мэдье” төслийг хэрэгжүүлж байгаа аж. Тус төсөл нь бид бүхний хүүхэд насандаа уншиж өссөн үлгэрүүдээр дамжуулан дээрэлхэлтийн талаар танин мэдүүлэх онцлогтой юм байна.
Үүний жишээ гэвэл нийслэлийн 72-р сургууль. Тус сургуулийн сурагчид “Дээрэлхэлтийг таньж мэдье” төслийн хүрээд өөрсдийн уншсан үлгэрийн баатруудын дүрт хувирч анги хамт олноороо тайзны тоглолт хийжээ. Тухайлбал тус сургуулийн 7-р ангийнхан Цасан гуа ба долоон одой үлгэрийг уншиж дүүгээрээ тайзны тоглолт бэлджээ.

Энэ тухай тус ангийн сурагч Э.Аминдураал "Бусдыг дээрэлхэж, шоолдог, атаа хорсолтой амьдардаг хүнд ямар хор хөнөөл учирдгийг бид жүжгээр дамжуулан үзүүлэхийг зорьсон. Үүнээс бид нэгнээ дээрэлхэж, бусдад атаархаж болохгүй гэдгийг ойлгож авсан. Жүжиг бэлдэх явцдаа манай ангийнхан нэгнээ илүү ойлгож, сонсож, багаа ажиллаж сурсан" гэлээ.
Тус ангийнхан жүжгээ найруулах, дүрийн хуваарилалт, тайз засалт, дүрүүдийн хувцас зэргийг өөрсдөө хийжээ. Тухайлбал, 7-р ангийн дарга дүрүүдийн хувцсыг гурван шөнийн турш сууж оёж дуусгасан байна.

Энэ тухай ангийн багш "Үлгэрээ уншихаас эхлээд манай ангийнхан багаар ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд зөвхөн дээрэлхэлтийг таньж мэдэхээс гадна анги хамт олны харилцаа, хандлагад эерэг зүйлүүдийг авчирсан гэж бодож байна. ЕБС-ийн хүүхдүүд тэр тусмаа бага, дунд ангийн сурагчид мэдлэг дутмагаас болж санаандгүй байдлаар найзыгаа гомдоох, өөрөө хүсээгүй хэр нь бусдыг дээрэлхэл тохиолдол гардаг. Зөвхөн бусдыг зодох, хэл амаар доромжлох нь дээрэлхэл биш. Үе тэнгийн дээрэлхэл нь олон янз байдгийг. Түүнийг таньж мэдэх, миний ганц үг, үйлдэл бусдын сэтгэл зүйд яаж нөлөөлөх, юуг дээрэлхэл гэж нэрлэх зэрэг олон зүйлийг хүүхдүүд минь үлгэрээс мэдэж авсан" хэмээн ярилаа.
"Цасан гуа ба долоон одой" үлгэрийн долоон одойн дүрээр дамжуулж өөр хоорондоо өөр зан ааштай хүүхдүүд хэрхэн нөхөрлөж болдог гэдгийг, нөхөрлөлийн үнэ цэн ямар хүчтэй болохыг харуулахыг зорьжээ. Харин эсрэг дүрээс бусдад атаа хорсол санах, дээрэлхэл үйлдэх нь ямар муу үр дагавартай болохыг үзүүлэхийг зорьжээ.
72-р сургуулийн 7-р ангийн сурагч Э.Анударь "Үлгэр уншиж түүнийхээ дүрд хувирч ангиараа тайзны тоглолт хийсэн. Үлгэрт хүртэл дээрэлхэгчийн дүр гардаг юм байна. Түүнийг дүрд хувирч үзүүлснээр бусдыг дээрэлхэх нь ямар муухай зүйл болохыг улам илүү ойлголоо. Тайзны тоглолтоор дээрэлхлийг огт дэмжиж болохгүй гэдгийг үеийн найзууд, дүү нартаа ойлгуулахыг зорьсон. Зургаадугаар ангийн дүү нар маань шимтэн үзэж буйг хараад манай ангийнхан зорилгодоо хүрлээ, чадлаа гэсэн бодол төрж байна. Үе тэнгийн дээрэлхэл гэдэг бол тоглоом биш. Ганц үгнээс л үе тэнгийн дээрэлхэл эхэлдэг. Бусдыг "чи намхан байна" гэж хэлэх нь хүртэл үе тэнгийн дээрэлхлийн нэг хэлбэр мөн. Тиймээс үеийн найзууд, ах эгч, дүү нартаа хандаж дээрэлхлийн эсрэг хамтдаа тэмцье гэж хэлмээр байна" гэлээ.
Б.АЗЖАРГАЛ


















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.