Тодруулга: Монголд өмнө нь бүртгэгдэж байгаагүй шүлхийн хэв шинж Баян-Өлгий, Ховд аймгийн 3 суманд дэгдээд байна
Баян-Өлгий аймгийн Алтай сумын нэгдүгээр багийн нутаг Хужирт хэмээх газар тавдугаар сарын 22-нд шүлхий өвчний тохиолдол илэрсэн. Улмаар аймгийн мал эмнэлгийн газраас үзлэг шинжилгээ хийж, Улсын мал эмнэлгийн ариун цэврийн лаборатори руу илгээхэд Монголд өмнө нь бүртгэгдэж байгаагүй шүлхий өвчний САТ-1 хэв шинж болох нь батлагдсан байна.
Өдгөө уг өвчин Ховд аймгийн Булган, Үенч суманд мөн бүртгэгдэж, нийт 700 орчим малд халдварлаад байгаа юм. Шүлхий өвчин нийт долоон хэв шинжтэй. Манай улсад А,O хэвшил нь зонхилон гардаг бөгөөд түүнд тохирох вакциныг жилд хоёр удаа хийдэг аж.
Одоо дэгдээд буй хэв шинжээс урьдчилан сэргийлэх вакцинд манай мал сүрэг хамрагдаагүй учир өвчлөл газар авах эрсдэлтэй байгаа юм. Мөн вакциныг татан авахад долоодугаар сарын 15-д хүрнэ гэх мэдээлэл бий.
Баян-Өлгий аймагт нэгдүгээр голомтын хоёр айл болон ойрын хавьтал болсон нийт 602 малыг устгалд оруулжээ
Иймд бид нөхцөл байдлыг зургаадугаар сарын 1-ний өдрийн 18:00 цагийн байдлаар орон нутаг дахь мэргэжлийн байгууллага, эх сурвалжуудаас тодруулан хүргэж байна. Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газар дараах мэдээллийг өгөв.
-Өнөөдрийн байдлаар шүлхий өвчний дэгдэлт ямар байдалтай байна вэ. Алтай сумаас өөр суманд бүртгэгдсэн үү?
-Зургаадугаар сарын 1-ний байдлаар шинэ тохиолдол бүртгэгдээгүй. Халдварын голомт тэлээгүй байна. Анх тавудгаар сарын 22-нд Алтай суманд илэрсэн. Аймгийн мал эмнэлгийн газар газар дээр нь очиж үзлэг шинжилгээ хийн Шүлхий САТ-1 өвчин гэж оношлон, зохих хариу арга хэмжээг авч эхэлсэн. 25-ны өдөр Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораториос батлагдсан хариу ирсэн.
-Аймгийн хэмжээнд хариу ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ?
-Засаг даргын захирамжаар аймгийн эргэн тойронд10 хяналтын пост ажиллуулж эхэлсэн. Хөл хөдөлгөөн хязгаарлалтын хэмжээнд байгаа. Аймгаас гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарласан. Орох хөдөлгөөний тухайд эмнэлгийн тусламж үйлчилгээ авах гэх мэт яаралтай тохиолдолд ариутгал халдваргүйтэл хийн нэвтрүүлж байна.
Гоц халдварт шүлхий өвчнөөр өвчилсан нийт 602 малыг устгалд орлуусан. Тухайлбал, 382 үхэр, 98 хонь, 119 ямаа , голомтот байсан гурван нохойг устгасан. Эдгээр нь халдварын голомтын хоёр айлын болон хавьтал болсон мал, амьтад. Мөн тус сумаас ченжийн ачиж ирсэн 31 тооны малыг устгасан нь үүнд багтаж буй.
Ховд аймгийн Булган, Үенч суманд гоц халдварт шүлхий өвчний дөрвөн голомт бүртгэгдэж, нийт 15 өрхийн 96 толгой үхэр өвчлөөд байна
Ховд аймаг дахь нөхцөл байдлыг албаны эх сурвалжаас тодруулав.
-Одоогоор хэдэн сумын хэчнээн мал шүлхийн халдварт өртөөд байна вэ?
Одоогийн байдлаар Булган сумын нийт гурван голомтын 12 өрхийн 76 толгой үхэр өвчилсөн. Үенч сумын хариу батлагдаж, нэг голомтын гурван өрхийн 20 үхэр өвчилсөн байна. Өөрөөр хэлбэл, нийт хоёр сумын дөрвөн голомтын 96 толгой үхэр шүлхий өвчнйи халдварт өртөөд байна. Аймгийн шуурхай штаб тогтмол ажиллаж сумдаас мэдээ мэдээлэл хүлээн авч байгаа. Одоогоор дээрхээс өөр суманд шүлхий өвчний тохиолдол бүртгэгдээгүй.
-Өвчний эхний тохиолдол хэзээ бүртгэгдсэн бэ?
-Тавдугаар сарын 27-нд Булган сумын Алагтолгой багийн нутаг Эргэнэг хэмээх газарт зусаж буй малчнаас дуудлага мэдээлэл илэрсэн. Улмаар хорио цээрийн дэглэм тогтоож, шинжилгээний дээжийг холбогдох байгууллагад илгээсэн. Мал эмнэлгийн төв лабораторийн хариу тавдугаар сарын 29-ны 12:00 цагт ирж малын гоц халдварт шүлхий өвчин САТ-1 мөн болох нь батлагдсан. Суурин, хөдөлгөөнт нийлсэн есөн пост бэлэн байдалд ажиллаж байна.
-Үенч сумын тухайд?
-Үенч сум нь Булган сумтай хил залгаа. Мал эмнэлгийн тасгийн тандалт үзлэгээр тавдугаар сарын 31-нд тус сумын Уртбулаг гэдэг газар сэжигтэй тохиолдол илэрсэн. Улмаар зургаадугаар сарын 1-нд нэг голомт илэрч, гурван өрхийн 20 толгой үхэр малын гоц халдварт шүлхий өвчнөөр өвчилсөн болох нь шинжилгээгээр батлагдсан.
Увс, Баян-Өлгий хооронд хөдөлгөөний хязгаарлалт тогтоож, Мал эмнэлгийн ерөнхий газар болон аймгийн мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсгийнхэн эрсдэл өндөртэй сумдад ажиллаж байна
Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан Увс аймаг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, Баян-Өлгий чигт авто замын хөдөлгөөний хязгаарлалт хийгээд байгаа юм. Мөн мал амьтны гоц халдварт шүлхий өвчин дэгдэлттэй холбоотойгоор Мал эмнэлгийн ерөнхий газрын ажлыг хэсэг газар дээр нь ажиллаж байгаа гэв.
Тодруулбал, шүлхий өвчин анх бүртгэгдсэн Алтай сумтай ойролцоо байршилтай Сагсай, Буянт, Булган, Толбо, Дэлүүн суманд сүүлийн гурван өдөр тандалт хийгдэж байгаа аж.
Ташрамд дурдахад, Шүлхийн САТ-1 хэв шинж нь ихэвчлэн БНХАУ, Орос улсад бүртгэгддэг. Иймд урьдчилсан байдлаар хилийн зурвас дахь бэлчээр, зэрлэг ан амьтнаар дамжин халдвар гарсан байх магадлалтай гэж таамаглаж байна. Тухайлбал Ховд аймгийн Булган сум нь хойд талаараа Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумтай, баруун талаараа Хятад улстай хил залгадаг. Мэргэжлийн байгууллагын эцсийн дүгнэлтийг гаргана.
Түүнчлэн малын гоц халдварт шүлхий өвчин нь шууд устгах заалттай хэдий ч нөхөн олгово олгохыг цуцалсантай холбоотойгоор мал устгалд хүндрэл учирч байгаа талаар эх сурвалж мэдээлсэн юм.
Д.ХАДААН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Халдвар цааш тархахгүй байгаасай
Малчдад нөхөн олговоргүй бол устгал хүндрэх нь ойлгомжтой
Мал эмнэлгийн байгууллагууддаа амжилт хүсье
Шинэ хэв шинж гэдэг нь нэлээд ноцтой мэдээ байна
Malchidaa sain medeeleltei bailgah heregtei yum baina
Вакцин долдугаар сард ирнэ гэдэг оройтож байна даа
Hiliin busiin hyanalt iluu changa baih yostoi
SAT-1 gej umnu ni burtgegdeegui ni sanaa zovooh yum
Shuurhai arga hemjee avch baigaa ni sain baina
602 мал устгасан нь бага тоо биш шүү
Uvsiin hyazgaarlalt zuv shiidver boljee
Ene uvchin busad aimagt tarhahgui baigaasai
Хил орчмын тандалтаа улам сайжруулах хэрэгтэй
Nohon olgovriin asuudliig dahin harah heregtei yum baina
Шинэ тохиолдол нэмэгдэхгүй байгаа нь сайн мэдээ
Мэдээж байгалийн баялагт минь шунасан гадна дотны хорлмаанууд л албаар тарааж байгаа биз гэж хардаж бна.
Магадлал тун өндөр шүү.
Орос н хил орчмоор орж ирсэн бх сая 3 -4 сард сибирт шүлхий гараад хэдэн зуун үхэр устгасан
Хурдан наад малууддааа вакцинын хиигээж мах монголооос авхааа болчихдогшдэээ орос хятадууд махны ханш унгах гээд баыгааа юмууу лалрууд
Хаанаас ямар замаар энэ халдвар орж ирсэн байж болох вэ? Урьд өмнө нь өвчин гарч байгаагүй, энэ хэв шинж мэдээж хилийн ойролцоо цаад талд байсан байж таарна . Энэ талаар БГХӨСҮТ-өөс хэлэх үг байна уу ?
urdaas sanaatai taraasan uu?