Флорида “OpenAI”-ийг хүүхдийн аюулгүй байдалд эрсдэлтэй хэмээн шүүхэд өгсөн АНУ-ын анхны муж боллоо
Флорида ChatGPT чатботын хөгжүүлэгч “OpenAI” болон тус компанийн гүйцэтгэх захирал Сэм Алтмэн нарыг даваа гарагт /2026.06.01/ шүүхэд өгчээ. Тодруулбал ChatGPT платформ нь сургуульдаа галт зэвсэгтэй халдлага үйлдсэн хүүхдүүдийн талаар мэдээлэл өгч, өөрийгөө гэмтээх талаар зааварчилгаа өгч, залуу хэрэглэгчдийг донтуулдаг гэсэн шалтгаанаар шүүхэд өгсөн байна.
Тус мужийн Ерөнхий прокурор Жеймс Утмейер өнгөрсөн жил Таллахассигийн их сургуульд гарсан буудлага болон бусад мужид гэмт хэрэг үйлдсэн хүмүүст ChatGPT зааварчилгаа өгсөн гэх тохиолдлуудыг дурдаж шүүхэд ханджээ. Ингэснээр Флорида нь “OpenAI”-ийг шүүхэд өгсөн АНУ-ын анхны муж болсон байна. Хэвлэлийн бага хурлын үеэр Ерөнхий прокурор Жеймс хэлэхдээ ChatGPT-гийн хамгийн аюултай гэж үзсэн функцийг нь нэвтрүүлэхэд гүйцэтгэх захирал Сэм голлох үүрэг гүйцэтгэсэн гэжээ. Тэрбээр нэмж хэлэхдээ “OpenAI”-аас олон тэрбум ам.долларыг нэхэмжилж, тус компани залуу хэрэглэгчтэй хэрхэн харилцдагаа өөрчлөхийг шаардаж байгаа гэсэн юм.
Сүүлийн үед хиймэл оюун ухааны компаниудыг хэрэглэгчид нь шүүхэд өгөх болсон. Тэдгээр нэхэмжлэлүүд компаниудыг чатботуудаа өөрийгөө гэмтээх, хүчирхийлэлд хүргэх болон сэтгэцийн эмгэгийг дордуулах мэдээлэл хэрэглэгчдэд өгөхөөс сэргийлж чадаагүй гэж буруутгасан байна.
Дөрөвдүгээр сард Канадад олон хүний амь хохирсон халдлага гарсан. Тус халдлагад амь үрэгдсэн хүмүүсийн нэгийнх нь гэр бүл “OpenAI”-ийг шүүхэд өгч, халдагч ChatGPT ашиглан халдлагыг найман сарын турш бэлтгэж байсан ч “OpenAI” цагдаагийн албанд мэдэгдээгүй гэж буруутгасан юм.
Эх сурвалж: Reuters















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.