“Байрны үнэ өснө гэх” салбарын сайдын болчимгүй үг
2026 оны нэгдүгээр сард орон сууцны үнийн индекс 1.39-д хүрч, өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар, өмнөх сараас 0.7 хувиар өссөн статистик бий. Зах зээл дээр орон сууцны нийлүүлэлт тодорхой түвшинд өссөөр байгаа ч ипотекийн зээл арилжааны банкууд дээр урт хугацааны дараалал үүсгэж, улмаар эрэлтийг нөхөж чадахгүй хэвээр буй.
Иймээс салбарын сайд Э.Бат-Амгалан НОСК, ТОСК-ийг татан буулгаж, Орон сууцны банк байгуулах тухай хуулийн төсөл өргөн барина гэдгээ мэдэгдсэн. Гэтэл энэ хуулийн төслийнхөө талаар танилцуулах үедээ “Ипотекийн зээлийг зорилтот бүлэгт л олгоно. 2030 он гэхэд орон сууцны мкв-ийн үнэ 10-11 сая төгрөг болох нөхцөл байдал үүсэж болзошгүй учраас хуулийг УИХ-д өргөн барина” гэв.
Энэ бол ипотекийн зээл авахаар хүлээж буй айл өрхүүдэд хамгийн эмзэг нөхцөл болно. Өөрөөр хэлбэл ирээдүйд байрны үнэ өснө гээд Засгийн газрын гишүүн нь олон нийтэд зарлачихаар зах зээлд эрэлт нэмэгдэх, нөгөө талд энэ төрлийн бизнесийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд орон сууцны үнийг хөөргөдөх зэрэг эрсдэлтэй.
Мөн нөгөө талд ипотекийн зээлийг зорилтот бүлэгт олгоно гэсэн нь ч орон сууцны зах зээлийн эрэлтэд нөлөөлөх боломж бий. Түүнчлэн газар чөлөөлөлтөд суурилсан орон сууцжуулах хөтөлбөрүүдэд газрын үнэ өсөх зэрэг дарамтууд ирэх магадлалтай юм.
Засгийн газрын өмнөөс байр суурь илэрхийлж, орон сууцны зах зээлийг үнийн талаар таамаг биш, шууд өсөх мэтээр мессеж өгнө гэдэг салбарын сайд Э.Бат-Амгалангийн хувьд тун болчимгүй үйлдэл.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.