НИЙГЭМНийгэм мэдээ

Хятадаас хилийн зурвасаар дамжсан байж болзошгүй шинэ төрлийн шүлхийн вакциныг Хятадаас авна

Манай улсад өмнө бүртгэгдэж байгаагүй шүлхийн Сат 1 хэв шинжийн өвчлөл дэгдээд 25 хонож байна. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Алтай суманд өнгөрсөн тавдугаар сарын 22-нд шүлхий өвчний сэжиг бүхий тохиолдол гарч, хорио цээрийн дэглэмд шилжүүлээд буй. Үүнээс гурав хоногийн дараа Улсын мал эмнэлгийн ариун цэврийн лабориториор хариу баталгаажсан. 

Шүлхийн энэ хэв шинжийн хамгийн ноцтой нь Монголд вакцин нь нэвтрээгүй бөгөөд халдварлах чадвар өндөртэй юм. Тиймээс халдвар гараад буй Ховд, Баян-Өлгийн сумдтай хил залгаа, аймаг сумд хатуу хөл хорио тогтоож, олон нийтийн арга хэмжээгээ цуцалсан байдалтай байна.

Харин Засгийн газар шүлхийн Сат 1 хэв шинжийн эсрэг вакцины эрэлд гарсан. Эхний ээлжийн нэг сая тун вакциныг БНХАУ-аас авахаар болжээ.

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат өнгөрсөн долоо хоногт “ОХУ-аас яаралтай горимоор вакцин авахаар болсон үнийн санал хүлээж байна. Төсөв мөнгө нь шийдэгдсэн ч вакцины хүлээлт их байгаа” гэж ярьсан. Тэгвэл өчигдөр буюу даваа гарагт БНХАУ-аас вакцин авах шийдвэр гарсныг танилцууллаа. Шүлхийн вакцин хайж буй энэ цаг үед Гадаад хэргийн сайд Ван И айлчлал давхцсан нь дөхөм болсон биз.

Гэхдээ шүлхийн Сат 1 хэв шинж нь Хятадын тухайд ч харьцангуй шинэ өвчин. Энэ хэв шинж ихэвчлэн Африкын орнуудад бүртгэгддэг байсан бол сүүлийн үед хувьсан өөрчлөгдөж, тархалт нь нэмэгдэх болсон. Улмаар Ойрхи дорнод, Азийн орнуудад томоохон дэгдэлт үүсгээд байгаа юм.

Тухайлбал, Хятад улсын Ганьсу муж болон Шинжаан-Уйгурын өөртөө засах оронд энэ оны дөрөвдүгээр сард шүлхийн Сат 1 хэв шинжийн томоохон дэгдэлт гарсан байна. Энэ нь БНХАУ-д шүлхийн Сат 1 хэв шинж анх удаа илэрсэн тохиолдол аж.

Харин үүнээс сарын дараа манай улсад уг өвчлөл бүртгэгдсэн. Ховд аймгийн Булган, Үенч, Баян-Өлгий аймгийн Алтай зэрэг шинэ төрлийн шүлхийн өвчлөл гарсан сумд нь БНХАУ-тай хиллэдэг. Урьдчилсан байдлаар хилийн зурвас орчмын бүсээс халдвар тархсан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.

Ийн Хятадаас хилийн зурвасаар дамжсан байж болзошгүй шүлхийн шина төрлийн өвчний вакциныг Хятадаас авахаар болов. Вакцинжуулалтыг энэ сарын 20-ноос эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button