УЛС ТӨРУлс төрийн мэдээ

АН-ын даргын санаачилсан хуулийн төсөлд МАН-ын бүлэг завсарлага авав

АН-н дарга О.Цогтгэрэл тэргүүтэй УИХ-ын гурван гишүүн Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль санаачлаад буй. Хуулийн төслийг энэ сарын 5-нд УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд өчигдөр Эдийн засгийн байнгын хороогоор оров. Тус хурлаар хэлэлцэх эсэхийг шийдэх ч байсан ч МАН-ын бүлгээс тав хоногийн завсарлага авлаа.

Нөгөө талд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл явж байгаа. Автор нь Ардын намын дарга, Ерөнхий сайд Н.Учрал. Уг хуулийн төслийг зургаадугаар сарын 4-нд өргөн барьсан. Ердөө нэг хоногийн наана цаана УИХ-д хүргүүлсэн хоёр хуулийн төсөл 10 хоногийн хугацаан өөр өөр шатан дээр "зогсож" байна.


Дээрх хоёр хууль агуулга, зорилгын хувьд тун дөхүү. УИХ-д өргөн мэдүүлсэн хугацаа ч шил шилээ дарна. Манлайлан санаачлагчид нь парламентад суудалтай хоёр том намын дарга. Харин УИХ-ын босго давж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хүртэлх шат дамжлагыг нь ажвал тэс хөндлөн зураг харагдаж байгаа юм.

Тодруулбал, Бизнесийн эрх чөлөөний тухай хууль хэдийн парламентын босго давж, үзэл баримтлалын хүрээнд дэмжигдээд буй. Харин О.Цогтгэрэл, Б.Жаргалан, Г.Очирбат нарын санаачилсан хууль Байнгын хорооны үүднээс түр "татагдчихлаа".

УИХ дахь намын бүлгүүд алив хуулийн төсөл дээр байр сууриа нэгтгэх, нягтлан хэлэлцэх зорилгоор завсарлага авдаг нь тогтсон зүйл. Өргөн агуулгаараа хувийн хэвшил, бизнесийг дэмжих, эдийн засаг дахь төрийн оролцоог багасах, зах зээлийн эдийн засгаа тэтгэх гээд Н.Учралын хуультай ижил төсөлтэй тул харьцуулан харах нь дамжиггүй.

Гэвч эрх баригч намын даргын санаачилсан, дагалдах 99 хуультай том төслийг харанхуйгаар чуулган руу давуулчихсантай харьцуулбал шударга бус зүйл. Түүнчлэн О.Цогтгэрэл бизнесийн эрх чөлөө гэдэг бол эдийн засгийн эрх чөлөө гэх том ойлголтын нэг хэсэг. Яагаад тусад нь салгаж,энэ том хуулийг нэрлэн оруулж ирж байгаа вэ гэдэг асуудлыг чуулганы танхимд хөндөөд амжсан.

Эргэн сануулахад, УИХ-ын дарга С.Бямбацогт Н.Учралын хуулийн төслийн танилцуулга УИХ-ын гишүүдийн гарт очоогүй, dparliament цахим системд мэдээлэл нь байршуулаагүй байхад санал, хурааж алх цохисноор чуулганы босго давуулсан байдаг.

Үүний цаана Засгийн газар "яаралтай горим" гэх нэрийдлээр шавдуулан гишүүдэд уншиж судлах боломж олгохгүйгээр, эрх баригч намын сүрээр далайлган УИХ-аар дутуу дулимаг батлуулдаг асуудал хөндөгдөж байгаа юм.

Сөрөг хүчинд голчлон үйлчилдэг УИХ-ын тухай болон чуулганы дэгийн тухай хуультай. Засгийн газартаа "захирагддаг" парламенттай байж боломгүй. Хууль тогтоох байгууллага нь хуулийг ялгавартай ашиглах нь эргээд иргэдийн төрөө дээдлэх сэтгэлгээг сэвтээж буй.

Ташрамд дурдахад, АН-аас Ерөнхий сайд Н.Учралыг огцруулах ак эхлүүлж, О.Цогтгэрэлийн бланк дээр гарын үсэг цуглуулж эхлээд байгаа билээ.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button