О.Номинчимэг: Ж.Энхбаяр бүх тамхиа татваргүй болгоё гээд Сангийн сайддаа үүрэг даалгавар өгч байна
УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины компанийнхан Төрийн ордонд гишүүдийн өрөөгөөр орж ЛОББИ хийн, тамхины хяналтын тухай хуулийг гацааж буй талаар мэдээлэл өглөө.
Ингэхдээ "Өнөөдөр бидний хойч үеийн эрүүл мэнд, амьдралын хувь заяагаар хэрхэн мөнгө, ашиг сонирхлын наймааны хэрэгсэл болгож байгааг харуулсан үйл явдал өрнөж байна. Асуудлыг нээлттэй ярихгүй бол болохгүй нь. Гурван парламент, 12 жилийн хугацаанд хийж чадаагүй ажлыг бид хийхээр тэмцэж байгаа.
Сүүлийн үед Байнгын хорооны хуралдаануудад өрнөж буй үйл явцыг иргэд та бүхэн харж байгаа. Ямар эмгэнэлтэй хошин шогийн жүжиг өрнөж байгааг. Мөнгө байхаар ирээдүй хойчийн асуудал хамаагүй болдог юм байна. Мөнгө байхаар шударга ёс утаа болдог юм байна, Шинжлэх ухаан хоосон болдог юм байна. Үнэхээр хүчин мөхөстөж байна. Ирээдүй хойч үедээ санаа зовдог хүмүүс маань тамхины асуудлыг ойлгож байгаа байх. Гэтэл хэсэг бүлэг тамхины бүлэглэл, бизнесийн бүлэглэлүүд эрх ашгаа хамгаалахын төлөө нам дамнасан нөлөөллийн сүлжээ үүсгэсэн нь ил болж байна.
Монголд тамхины бизнесийн томоохон олигополь гурван компани байдаг. Янжуур тамхины "Алтан гадас", "Волтам", Электрон тамхи оруулж ирдэг, Электрон гажид, Цахиур гэх холбоо хамаарал бүхий компаниуд байдаг. Тэд өөрсдийнхөө бизнесийн орлогоо бууруулахгүйн тулд Төрийн ордонд өөрсдийн гар хөлийг шургуулж, нийтийн эрүүл мэндийг хамгаалах хуулийг бусниулах ажлыг хийж байна. Яагаад энэ хуульд өөрчлөлт оруулж чаддаггүй байсны учир нь мөнгө. Жилд 800 тэрбум төгрөгийн зах зээл. Яаж 1.5 их наяд болгох вэ гэдэг зорилго бизнесийнхэнд, мөн тэдний гар хөл болсон улс төрчдөд бий. Тамхины бизнесийнхний гол бай нь хүүхэд, өсвөр үеийнхэн. Цаашлаад ээжүүд рүү, охид, залуучууд руу чиглэж байдаг. Яагаад гэвэл бага насанд нь донтолт үүсгэх энэ бүтээгдэхүүнд оруулах юм бол насан туршдаа тэдний хэрэглэгч болдог учраас.
Төрийн ордноор тамхины компаниуд гишүүдийн өрөө өрөөгөөр явж байна. Үнэхээр сүүлчийн сумаа тавьж байна гэж би харж байна. Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярын гарын үсэгтэй бичиг миний гарт байна. Тамхины асуудлыг ярьснаас хойш Ж.Энхбаяр сайд улаан цагаандаа гарч байна. Тамхины хуульд өөрчлөлт оруул гэдэг албан даалгаврыг Сангийн сайддаа өгч байна. Энэ албан даалгавар нь төрийн бодлого болох гээд явж байна. Ж.Энхбаяр сайд ХХААХҮ-ийн сайд байхдаа Евразийн гэрээ хэлэлцээрт тамхин бүтээгдэхүүнийг оруулах зөвшөөрлийг өгөөд бүх тамхин бүтээгдэхүүний гаалийн албан татварыг тэглүүлсэн хүн. Үүнийгээ онцгойгоороо нөхчихнө гээд үлгэр яриад сууж байсан хүн. Үнэхээр гутаж байна.
Бид яагаад цөөн хэдэн бизнес эрхлэгчийн ашиг сонирхлын өмнө буулт хийх ёстой гэж. Яагаад Монгол Улсын хүүхэд, залуусын эрүүл мэндээс илүүтэйгээр электрон тамхины бизнесийг хамгаалах асуудал яригдах ёстой гэж? Электрон тамхи бол гаднын цөөн үйлдвэрлэгчдийн нийлүүлдэг бүтээгдэхүүн. Тэдний ашгийг нэмэгдүүлэхийн төлөө Монголын ирээдүй болсон хүүхэд, залуус эрүүл мэндээрээ хохирох ёсгүй.
Хууль санаачлагчийн хувьд би энэхүү төслийг улс төрийн оноо авахын тулд бус, нийтийн эрх ашиг, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чин хүсэл, хариуцлагын үүднээс өргөн барьсан. Тиймээс энэ хуулийн төлөө тууштай тэмцэх болно.
Энэ санаачилгыг дэмжиж буй иргэд, УИХ-ын гишүүд олон бий. Харин үүнийг янз бүрийн арга замаар эсэргүүцэж, гацаахыг оролдож буй хүмүүс ямар байр суурь баримталж байгааг иргэд та бүхэн анхааралтай ажиглана гэдэгт итгэлтэй байна.
Хүүхдийн эрүүл мэндээс дээгүүр тавигдах бизнесийн ашиг сонирхол гэж байх ёсгүй. Энэ хууль хаврын чуулганы хугацаанд батлагдах ёстой. Цаашлаад энэ нь 126 гишүүнтэй шинэ парламент үнэхээр иргэдийн эрх ашиг, хүүхдийн ирээдүйг хамгаалж чадах уу гэдгийг шалгах мөс чанарын сорилт болно" хэмээсэн юм.
О.ОНОН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.