Даргынхаа суудалд санаархсан шалтгаанаар 2 сарын өмнө намаасаа хөөгдсөн Р.Батболд хуралд уригдав
ИЗНН дотооддоо зодолдсоор Засагт багтаагүй, УДШ-ээс дүрмийг нь дөрвөн удаа буцаасан ч Б.Батбаатар Ерөнхийлөгчид дэвших мөрөөдлөө дөрвөн сарын өмнө ил тод зарласан. Удалгүй намдаа элсэхийг урьж, бүр ЕНБД-аар томилж, УИХ-ын гишүүний суудалд хөтөлж оруулсан Р.Батболддоо тамгаа булаалгахдаа дөхөж, арга барахдаа намаасаа хөөчихсөн.
Улмаар УДШ-д хууль бус хурлаар сонгогдсон Р.Батболд болон тамгаа атган суугаа Б.Батбаатар нарын хоёр дүрэм хянагдаж, ИЗНН-д маргаанаа шийдвэрлэж, нэг дүрэмтэй болох хугацаа олгож шийдвэрлэсэн билээ. Б.Батбаатарт маргаанаа эцэслэн, нэг дүрэмтэй болж, намаа авч үлдэх 11 хоног байна.
Тус намын Улс төрийн зөвлөлийн хурлыг энэ сарын 19-ний 19.00 цагт намын төв байранд зохион байгуулах тов гарсан байна. Хуралдаанаар Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 05 дугаар сарын 29-ний 45 дугаар тогтоолд дурдсан намын бүртгэлтэй холбоотой асуудлаар хэлэлцэх юм байна.
Сонин нь, хоёр сарын өмнө Б.Батбаатарын намын даргын тамгыг булаацалдсан Р.Батболдыг хуралдаа урьсан байна. Түүнийг, |2026.04.24|-нд
- Намын дүрмийг ноцтой зөрчсөн
- Намын Их хурлын бүрэн эрхэд халдсан
- Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн
- Уг хууль бус, эрх зүйн хүчин төгөлдөр бус баримтыг Монгол Улсын Дээд шүүхэд хүргүүлсэн зэрэг үндэслэлээр ИЗНН-аас хассан юм.
Б.Батбаатарт одоо намынхаа тамгыг Р.Батболдоос хамгаалахаас илүүтэйгээр ИЗНН-аа авч үлдэх, 2027, 2028 оны сонгуульд сойх хүнд даалгавар бий.
Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатарын Засгийн газарт багтаж сайдын сэнтийд сууж байсан тэр Н.Учралын Засгийн газарт дотоод хэрүүлээсээ болж хамтрах нь битгий хэл "урилга" ч аваагүй. Гуравхан жилийн өмнө өөрийн намдаа урьж, залж авч ирээд ЕНБД-ын суудалд суулгасан дүү Р.Батболдыгоо өөрийнх нь эсрэг тэрсэж, "Онц их хурал" хуралдуулж, намын даргаар томилуулж, УДШ-д бүртгүүлэх хүртэл хол харайна гэж тэр бодоогүй ч, болов. Арга ядахдаа УИХ-ын даргад Р.Батболдын буй байнгын хорооноос нэрийг нь хасаж, өөрийнх нь нэрийг багтаах ядмагхан үйлдэл ч хийв. Мөн ИЗНН-ын Дүрмийн хороог хуралдуулж Р.Батболдыг намаас нь хөөх шийдвэр гаргасан. Өдгөө Р.Батболдын гишүүний бүрэн эрхийн асуудал нь хөндөгдөж буй. Учир нь тойргоос бус намын жагсаалтаар сонгогдон ордны хаалгаар нэвтэрсэн нэгэн юм.
Р.Батболдын дарга болох санаархал Б.Батбаатарын "арчаагүйгээс" л үүдсэн. Дүрмээ нэг, хоёр удаа ч бус дөрвөн удаа УДШ-д бүртгүүлж чадаагүй түүнийг унагах нь хялбар харагдсан нь лавтай. Одоо Б.Батбаатарт УИХ-ын чуулган дээр намынхаа сүлд дууг тоглуулж, түмний элэг доог болж суухаас илүүтэй намаа бүтэн, бүлээн байлгахад анхаарах хэрэгтэй байна. Дотоод маргаанаа нэг тийш нь гаргаж, УДШ-д бүртгэгдэх чухал байна. Бүтгүүлж чадахгүй бол, Ерөнхийлөгчид өрсөх мөрөөдлөөс нь гадна 2027, 2028 оны сонгуулийн үеэр ИЗНН байх уу, үгүй юу гэдэг асуудал хөндөгдөх дээрээ тулна.
О.ОНОН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нам гэхээсээ илүү тамга булаацалдах клуб шиг харагдаж байна даа
Дүрмээ хүртэл нэг мөр болгож чадахгүй байж улс удирдана гэдэг арай л хол сонсогдож байна
Дотроо учраа олоогүй нам сонгуульд орно гэхээр иргэд яаж итгэх юм бэ
Энд хэн нь дарга болох вэ гэдгээс илүү нам нь үлдэх үү гэдэг асуудал том байна
УДШ дээр дөрвөн удаа бүдэрнэ гэдэг удирдлагын асуудал ноцтой байгааг л харуулж байна
Өөрсдөө урьж авчраад дараа нь хөөнө гэдэг улс төрийн тооцоо нь ямар сул байсны шинж
ИЗНН иймэрхүү хэрүүлээрээ л танигддаг боллоо доо
Ард түмэнд бодлого хэрэгтэй болохоос тамганы хэрүүл огт хэрэггүй
Намын дотоод соёл ийм байхад төрд ороод юу хийх нь ойлгомжтой
Б.Батбаатар ч намын дарга гэхээсээ илүү асуудал хөөцөлдөг хүн болчихсон харагдаж байна
Даргын суудал булаацалдахаас өмнө намын дүрмээ цэгцлэх хэрэгтэй баймаар юм
Сүлд дуу тоглуулахаас илүү дүрмээ бүртгүүлэх нь чухал байлгүй дээ
Намаа авч үлдэхээсээ өмнө даргын суудал бодоод байвал дуусах нь тодорхой
Улс төр иймэрхүү хувийн амбицаар явбал намууд улам л үнэ цэнгүй болно