НИЙГЭМНийгэм мэдээ

Эрчим хүчний гудамжны 5.9 км замын хучилтыг есдүгээр сарын 1-нээс өмнө дуусгана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан авто замын бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх зорилгоор Сүхбаатар, Баянгол дүүрэгт ажиллалаа.

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөж, шинэчилж байна. Өнөөдрийн байдлаар ажлын явц 81 хувьтай байгаа бөгөөд дулааны шугам болон хуучин суурийн буулгалтын ажил хийгдэж, шинээр суурийн цутгалт хийж, авто замыг өргөтгөж байна. Авто замын ажлыг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ гүйцэтгэж байна. Эрчим хүчний гудамжны 7 метрийн өргөнтэй 2 эгнээ авто замыг 14 метр өргөнтэй 4 эгнээ болгон ийнхүү шинэчилж буй.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Эрчим хүчний гудамж буюу ТЭЦ-4-ийн замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөж байна. Тус замыг өргөтгөснөөр Наадамчдын шинэ гүүртэй холбогдож, замын хөдөлгөөний ачааллыг хуваалцана. Нийслэлээс төв замын ачааллыг хуваалцах холбоос замыг нэмэгдүүлэхийг зорьж байна. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө долоодугаар сард багтан бүх замын газар шорооны ажлыг дуусгаж, шинэ замын үндсэн ажлуудыг эрчимжүүлэх хэрэгтэй. Нэг, хоёрдугаар тойрог зам төслүүд болон нийтийн тээврийн олон төрөлт хэрэгслийг нэвтрүүлэх төслүүдэд хот ач холбогдол өгч ажиллаж байна” гэлээ.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр ““Хөсөг трейд”-ийн уулзвараас Сонсголонгийн зам хүртэл үргэлжлэх Эрчим хүчний гудамжны авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх суурийн ажил дууссан. Есдүгээр сарын 1-нээс өмнө хучилтын ажлыг дуусгана. Мөн авто замын ажлын хүрээнд хийгдэж буй дулааны шугам сүлжээ өргөтгөх ажлыг долоодугаар сарын 1-нд бүрэн дуусгана. Явган замыг долоодугаар сарын 1-15-ны хооронд хучиж дуусгахаар төлөвлөсөн. Гэрэлтүүлгийн ажил 80 хувьтай, явган замын ажил 50 хувьтай байна” гэв.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button