62 настай таксины жолооч Ц.Ганхуяг: Гуньсан, шархалсан, шантарсан хүмүүс суудаг ч бүгд дуу аялсаар буудаг
Хүнсний 4-р дэлгүүрийнхэн түүнийг "ганган Хуягаа" ах гэх нэрээр нь андахгүй. Өдгөө 62 настай Ц.Ганхуяг Хүнсний 4-р дэлгүүрээс 7 буудал, Хайлааст чиглэлд такси үйлчилгээ үзүүлдэг ажилтай. Түүний машинд гуньж гутарсан, уурлаж ундууцсан, шархалж шантарсан хүмүүс олон суудаг ч буухдаа бүгд л аз жаргалтай, инээд цацруулан дуу аялсаар буудаг байна.
Хүнсний 4-р дэлгүүрийн "Ганган Хуягаа" такси үйлчилгээнд яваад хоёр жил болж буй түүнийг одоо танихгүй хүн цөөн болжээ. 62 наслахдаа амьдралд алдаж онож явсан түүнтэй ярилцсан ярилцлагаа хүргэж байна.
Видео:
-Та үнэхээр ганган хүн юм. Үргэлж л тайзан дээр гарахад бэлэн байдаг уран бүтээлч аятай л харагдаж байна. Хүмүүс таныг 62 настай гэхээр гайхдаг байх даа?
-Залуучууд их сайхан хүлээж авдаг юм. Ямар гоё юм бэ ахаа, тань шиг л хөгшрөх юм сан, таныг хараад өөрөөсөө ичих мэдрэмж авлаа гэдэг. Хүн ер нь ямагт өөртөө хайртай, дотоод хүнээ хайрладаг байх хэрэгтэй юм байна. Тэгж байж л дотоод хүндээ таалагдаж, сэтгэл хангалуун өөдрөг амьдарна шүү дээ. Ганц л заяах хүний л амьдрал хойно харамсах зүйлгүй туучиж дуусгах хэрэгтэй.
-Хүүхэд байхын л "ганган Хуягаа" нэртэй байв уу?
-Ах нь Хэнтий аймгийн хүн. Багадаа их хотод хөл тавьж, барилга, газар шорооны ажил их хийсэн. Гэхдээ ганган хэвээрээ байсан шүү. Ямар ч ажил хийсэн өмссөн хувцсаа шороо тоос болгодоггүй л эр явлаа. Барилгын ажил ихэвчлэн хийнэ. 10 тонн шороо буулгахад хоолойндоо зүүсэн алчуураа тоос болгодоггүй байлаа. Хар ажил хийж байна гээд л халтайгаад явах биш. Өөртөө анхаарал хандуулдаг, өөрийгөө хайрладаг байх нь хамгийн чухал. Ажил хийгээд дуусна, цалин хөлсөө үрнэ эцэст нь надад миний бие, царай төрх л үлдэж таарна. Өвдөхийн цагт үр хүүхэд, уруудахын цагт хань ижил, үхэхийн наана өөрөө л үлддэг нь хорвоогийн үнэн. Чамайг чам шиг ойлгож хайрлах хүн байх боломжгүй. Тиймээс гадаад болон дотоод хүнээ ямагт нэгдүгээрт тавих нь чухал. Хөгширч өтөлсөн ч өөрийгөө хайрлаж байх хэрэгтэй.
-Танаас үлгэр жишээ авдаг олон залуус байдаг байх. Такси нэг ёсондоо үйлчилгээний байгууллага гэж ойлгодог. Адилхан л иргэдэд үйлчилгээ үзүүлдэг шүү дээ.Тиймээс бусад таксинаас илүүтэйгээр таныг машинд суудаг байх?
-Өөрт зориулж гангалах биш бусдыг хүндэлж буй нь тэр шүү дээ. Таны хэлж буйтай санал нийлнэ. Иргэдэд үйлчилгээ үзүүлдэг үйлчилгээний байгууллага л гэсэн үг. Тиймээс үйлчлүүлэгчдээ хүндэлж цэвэрхэн аятай хувцаслана. Хоёрдугаарт такси гэхээрээ л болхи, заваан байж болохгүй. Харин ч эсрэгээрээ цэвэрхэн байх учиртай. Тиймээс үргэлж машиндаа анхаарал хандуулж цэвэрлэнэ. Олсон орлогынхоо 30 хувийг заавал машиндаа зарцуулна. Эвдрэл гэмтэл аваагүй ч гэсэн гадна, доторхоо хүн харахад тухтай байлгах үүднээс чимэглэдэг.
-Өөртөө орлогынхоо хэдэн хувийг зарцуулах уу?
-Мэдээж ажил хийж хөдөлмөрлөж байгаа учраас өөртөө орлогынхоо тодорхой хувийг зарцуулж байх нь зөв гэж боддог. Тиймээс таксины орлогынхоо 30 хувийг өөртөө зориулна. Үлдсэн 40 хувийг ач, зээдээ л зориулж байна даа. Өвөөгийн үүргээ ухамсарлаж биелүүлэх хэрэгтэй шүү дээ.
-Анхны бүхэн хүний сэтгэлд тод үлддэг. Хэрхэн жолооч болж байв?
-1991 онд анхны машинаа авч байсан нь "Лада" загварын машин авч жолооч болж байлаа. Түүнээс хойш өдгөө 23 дахь машинаа унаж, такси үйлчилгээнд явж байна.
-Хүн бүрд амьдралын түүх бий. Бусдын түүхийг бүтээж, өөрийн амьдралын хуудсаа зузаалсаар явдаг. Ц.Ганхуяг гэх хүн хийж буй ажлаараа бусдын амьдралын түүхийг бүтээсээр, өөрийн түүхээ бичсээр яваа байх?
-Ихэвчлэн орой цагаар явдаг учраас халамцуу хүмүүс суух нь олонтоо. Гуньж гутарсан, уурлаж ундууцсан, шархалж шантарсан хүмүүс олон суудаг ч буухдаа бүгд л аз жаргалтай, инээд цацруулан дуу аялсаар буудаг байна. Залуучууд сэтгэлээ онгойтол нээлттэй сайхан ярилцана. Зарим нь бүр "аав ээжийн минь ойлгоогүйг та ойлгож, сайхан зүйл хэллээ. Баярлалаа ахаа" гээд нулимстай буух жишээтэй.
-Таны түүх сонирхолтой байна л даа. Өөрийн түүхээ зузаалсан бэ?
-1991 оноос хойш бизнес хийсэн хүн. Урд хөрш рүү гарч наймаа хийдэг. Тухайн үед зах зээлийн нийгэмд иргэдийн амьдрал хэцүү байлаа. Амьдралдаа гурван удаа томоор "шатсан" хүн дээ ах нь. 40 гаруй сая төгрөгийн спиртээ хил дээр хураалгаж байлаа. Тэр үеийн 50 сая төгрөг асар их мөнгө байлаа шүү дээ. Орос улсад явж байгаад бараа авах гэж байсан бүх мөнгө дээрэмдүүлсэн. 50-70 орчим сая төгрөг байсан байх шүү. Бас л их мөнгө. Түүний дараагаар 2000 онд "Хүчит Шонхор" зах дээр махны наймаа хийж байгаад 90 сая төгрөгөөр "шатаж" байлаа. Энэ гурван том уналт тухайн үед надад маш хүнд туссан. Гэсэн ч бий шантарч архинд ороогүй. Архи амсаагүй нь миний хамгийн зөв сонголт байсан. Хүний амьдрал баян, юу эсэх тохиохыг тэр гэхэв. Эр хүн "нуруутай" байхад л амьдрал болдог юм даа.
-Ихэвчлэн шөнийн цагаар ажилладаг. Ядрах үе байдаг уу. Таксигаа больё гэртээ сайхан ач зээгээ хараад байж байя гэсэн бодол төрөх юм уу?
-Үгүй шүү. Ах нь болоогүй байна, дөнгөж 62 нас. Залуугаараа байна шүү дээ. Би амьдралдаа нэг л удаа эмнэлэгт хэвтэж үзсэн. Тэр нь багадаа долоо настай байсан. Түүнээс хойш эмнэлгийн хаалга татаагүй явна. Таксиндаа яваад залуустайгаа, ард түмэнтэйгээ явах шиг сайхан зүйл алга. Гэртээ суугаад яах юм. Улам хөгширч, залхуу хойрго болно биз. Сэтгэлээрээ залуу байхад хүн хөгширдөггүй юм байна.
-Дасгал хөдөлгөөн сайн хийдэг бололтой?
-Хоёр цаг нийтийн бүжигт орчхоод явахад ч бас сайхан. Хөлс гараад, бие сайхан болдог. Ерөөс дасгал хөдөлгөөн, сэтгэл зүй хоёр л хүнийг өтлүүлэхгүй. Машинаа арчиж цэвэрлээд дасгал болно. Эрүүл биед саруул ухаан оршино. Өөрийн эрүүл мэнддээ анхаарч, хайртай байхад л амьдрал болно доо.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.