1024 бөх барилдах эсэхийг МАРГААШ эцэслэнэ
Үндэсний Их баяр наадмын бөхийн барилдаан 2003 оноос Үндэсний их баяр наадмын тухай хуулиар зохицуулагдан зохион байгуулагдаж буй юм. Энэ жил Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой тохиож буй.
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн есдүгээр зүйл 9.1-д "Улсын баяр наадамд 10 жил тутам Их Монгол Улс байгуулагдсаны болон Ардын хувьсгалын тэгш ойг давхцуулан 1024 бөх, бусад баяр наадамд 512 бөх барилдана" хэмээн заасан байдаг. Энэ жилийн тухайд хоёр тэгш ой давхцаагүй ч Их Монгол Улсын 820 жилийн ой тохиож буй учир хүндэтгэн үзэж 1024 бөх барилдуулах саналыг МҮБХ-ны Тэргүүлэгчдээс гаргаж Үндэсний бөхийн салбар хороонд хүргүүлсэн нь 100 хувийн саналаар дэмжигдсэн юм.
Улмаар баяр наадам зохион байгуулах салбар хороо маргааш буюу /2026.06.30/ хуралдаж 1024 бөх барилдах эсэхийг шийдэх юм. Хэрэв энэ жил 1024 бөх барилдахаар болбол долоодугаар сарын 10, 11, 12 өдрүүдэд бөх барилдана. Тухайлбал, 10-ны өдөр хүчит бөхийн барилдааны 1-3 даваа, 11-ний өдөр 3-5 даваа, 12-ны өдөр 6-10 даваа барилдах саналыг МҮБХ-ны Тэргүүлэгчид гаргажээ.
Одоогоос 20 жилийн өмнө буюу 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн бөхийн барилдааныг гурван өдөр зохион байгуулж Д.Сумьяабазар аварга түрүүлж, Д.Азжаргал арслан үзүүрлэж байсан түүхтэй.
Б.АЗЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.