НИЙГЭМНийгэм мэдээ

Л.Нямдаваасүрэнгийн гэр бүл: Хөдөлмөрлөж чадвал хөдөөд сайхан амьдрах бүхий л боломж байдаг

Түрхэн зуур усархаг бороо ороод онгойжээ. Тал хөндий нэлэнхүйдээ номин ногоон өнгөөр хучигдаж, будаг нь хатаагүй уран зураг мэт өнгө тодрон үзэгдэнэ. Борооны дараах чийглэг шинэхэн үнэр амьтан, хүний сэтгэлийг баясгах ажээ. Тэртээх улсын оройгоор хонин сүрэг тааваар идээшлэх нь хөдөөгийн амар амгаланг улам ч тодотгоно.

Ийм нэгэн дэлгэр зуны өдөр Төв аймгийн Сэргэлэн суманд зусаж буй, залуу малчин өрх Л.Нямдаваасүрэнгийнд зочиллоо. Билгийн тооллын шинийн 15 -ны өдөр таарсан тул хурга, ишгээ хөнгөлж, айл саахалтаараа цуглан яриа дэлгэн суухтай таарсан юм. Энэ бол сүрэг мал энх өсөхийн бэлгэдэл хийгээд, цаг наргүй ажилладаг малчдын нуруу сэтгэл тэнийсэн өдрүүдийн нэг билээ.


Сумын соёлын төвийн бүжгэн дээр танилцсан тэд ийн амьдрал холбожээ. Айл гэр болж, өрх тусгаарлаад зургаан жил бол буй. Төв аймгийн Дэлгэрхаан сумаас ахынхтайгаа айлсах, зах зээлтэй ойртох зорилгоор Сэргэлэн суманд шилжиж ирээд хоёр жил болж байгаа аж. Хүсэл тэмүүлэл дүүрэн, яриа хөөрөө, хөдөлмөр зүтгэл мэдрэгдсэн залуустай хөдөөгийн аж байдал, гэр бүлийнх нь цаашлын зорилгын талаар хөөрөлдлөө.

Нөхөр Л.Нямдаваасүрэн: Мал сүргээ чанартай өсгөж, халуун ам бүлээрээ амьдрах нь жаргал

Ам нээвэл эхнэрийнхээ ажилсаг шаавайгш магтах нүдээрээ инээсэн залууг үг дуу цөөнтэй залууг Л.Нямдаваасүрэн гэдэг. Төв аймагтай хил залгай Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд отор хийж явахдаа анх эхнэрээ харж байжээ. Айлын ганц охиныг гэргийгээ болгон ханилж, ам бүл 3-уул аж төрж суугаа нь энэ.

Тэрбээр "Хүү маань таван настай, Н.Чүлтэмдаржаа гэдэг. Ирэх жил нэгдүгээр ангид орно. Манайх дөрвөн хошуу мал малладаг. Бог мал 800 дөхөж байгаа. Өнөөдөр хурга, ишгээ хөнгөлж, ах дүүсээ цуглуулаад байж байна. Цаашид чанартайгаар малаа өсгөж, энх өсгөж божуулан, халуун ам бүлээрээ сайхан амьдрах зорилготой" хэмээн хуучлав.

Эхнэр М.Хишигдалай: Хөдөөгийн амьдрал эрх дураараа, аз жаргалтай

Энэ айлын эзэгтэйг М.Хишигдалай гэдэг. Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг Биеийн тамирын багш мэргэжлээр төгсөж, оюутан ахуйдаа хотод ажил хийж явсан сэргэлэн бүсгүй. Гэхдээ өсөж төрсөн, ээнэгшиж дассан хөдөөдөө амьдрахаар шийджээ.

Тэрбээр "Хөдөө мал маллаж амьдрахын хамгийн сайхан нь цагт баригдахгүй, эрх дураараа, өөрийнхөөрөө жаргалтай байдаг. Хэдий ажил ихтэй ч төв суурин газрынхан шиг тогтмол цагт баригдахгүй, амрах үедээ амраад, ажиллах үедээ ажиллана.

Манай хүн ажилтай, маш хөдөлмөрч. Бид барагтай бол ам муруйдаггүй. Хоёулаа ярилцаад л шийдээд явдаг. Заавал өөрийнхөөрөө зүтгэх, нэгнээ дийлэх гэж зүтгэх шаардлага байхгүй санагддаг. Хөдөлмөрлөж чадвал хөдөөд бүхий л боломж бий" гэлээ.

Видео:

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
баяр
баяр

сайхан ажилсаг, сэтгэл сайтай залуус бнаа

Холбоотой мэдээ

Back to top button