Н.Өсөхбаяр гарди цолоо авах нь "үлгэр" болов уу
Өнгөрсөн жилийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд найман даван үзүүрлэсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Н.Өсөхбаяраас допингийн төрлийн хориотой бодис илэрсэн. Улмаар Ерөнхийлөгч түүнд олгосон "гарди" цолоо хураан авах зарлиг гаргасан юм.
Тэгвэл түүнд 6, 7, 8-ын даваанд тахим буулгасан бөхчүүдэд чимэг нөхөн олгох эсэх асуудал яригдсан. Улмаар Н.Өсөхбаярт зургаагийн даваанд өвдөг шороодсон Улсын заан М.Лхагвагэрэлд "үнэн зоригт", долоогийн даваанд өвдөг шороодсон Улсын саруул сайжрах заан Б.Пүрэвсайханд "хуурнин шуугигч" чимэг нөхөн олгожээ.
Мөн долоо даван их шөвөгт үлдэж Н.Өсөхбаярт тахим буулгасан Дархан аварга Н.Батсуурьд мөн чимэг нөхөн олгохоор болсон байна. Н.Өсөхбаярын хувьд допингийн төрлийн хориотой бодис өөрөөс нь илэрснийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын шүүхэд гомдол гаргасан.
Спортын арбитрын шүүхээс "Үндэсний бөхийн тамирчин Н.Өсөхбаяраас өнгөрсөн оны долоодугаар сарын 12-нд допингийн шинжилгээний дээж цуглуулахдаа Олон Улсын стандартад нийцээгүй, илт гажсан" хэмээн үзсэн. Улмаар дээж авах үед алдаа гарсан учир тухайн дээжээс гарах хариу, үр дагаврыг хүчингүй хэмээн үзэх бүрэн боломжтой болсон.
Ингэхдээ Н.Өсөхбаярын допинг хэрэглэсэн эсэхийг Арбитрын шүүх тогтоохгүй бөгөөд зөвхөн шинжилгээний дээж авахдаа дүрэм зөрчсөн болохыг тогтоосон юм. Монгол Улсын Ерөнхийлөгч зарлигаар олгосон цолоо хураан авсан. Тиймээс Ерөнхийлөгч ахин зарлиг гаргаж байж л Н.Өсөхбаярын цол сэргэх учиртай байсан.
Гэтэл түүнд тахим буулгасан бөхчүүд наадмын өмнөхөн Баяр наадам зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд Н.Номтойбаярын тушаалаар чимэг нөхөн авах нь албажлаа. Ингэснээр цолоо эргүүлэн авна гэж хүлээж байсан нь "үлгэр" болов уу гэлтэй.
Б.АЗЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.