НИЙГЭМНийгэм мэдээ

Ч.Нэргүй: Энэ хавар ноолуур, мах үнэ хүрээд малчдын амьдралд дэмтэй байна

Гүүгээ анхлан барьж буй билэгт сайн өдрөөр нь Төв аймгийн Сэргэлэн сумын малчин Ч.Нэргүйтэй малчдын аж байдал, тулгамдаж буй асуудлын талаар цөөн хором ярилцлаа.

-Та сайхан зусаж байна уу. Танай нутгаар зуншлага хэр байна?

-Сайхан зусаж байна. Энэ жил жаахан хүйтэндүү байсан. Ойрноос сайхан дулаарч байна. Дөнгөж сая бороо ороод онгойлоо. Газар дэлхий өнгө засаад сайхан байна. Өнөөдөр бас шинийн 15-ны өдөр. Манайх өнөөдрөөс гүүгээ барьж, унагаа татаж эхэлж байна

-Эндхийн уугуул айл уу. Айл гэр болоод хэчнээн жил болж байна вэ?

-Манайх Төв аймгийн Дэлгэрхангай сумын уугуул. Сэргэлэн сайхан нутагт ирж суурьшаад удаж байна. Айл болоод 25 жил болж байна. Ам бүл зургуулаа. Бага хүү зургаан ой хүрэх гэж байна. Гурван хүү, нэг охинтой. Нэг хүү маань есдүгээр ангиа төгсөөд, мал аж ахуй эрхэлж байна. Тэмээнээс бусад хошуу мал бий.

-Сүүлийн жилүүдэд малын үүлдэр угсааг сайжруулж, ашиг шимийг нь нэмэгдүүлэх, сүү, цагаан идээгээ илүү боловсронгуй болгох тухай их ярьдаг болсон. Танайх үүн дээр хэрхэн анхаарч байна?

-Малын ашиг шимээ сайжруулахад анхаарч үхрээ сүүний чиглэлээр өсгөж, хониндоо ч үржүүлэг технологио хийсэн. Улс амьтан дуурайгаад амралтын гурван гэр барьчихаад сууж байна энэ зун. Ирж байгаа хүмүүст сүү цагаан идээгээ борлуулчихна. Зуны цагт хонь, ямаагаа зарахгүй бол малчдын гол орлого нь цагаан идээ.

-Энэ жил хотод мах үнэд орсон. Малчдын амьдралд хэр дэм болж байна?

-Энэ хавар ноолуур, мах овоо үнэд хүрлээ, амьдралд үнэхээр дэмтэй байна. Малчин бидний ганц орлого олдог улирал. Намар оюутны төлбөр, өвс тэжээлийн бэлтгэл гээд ажил ундарна. Сая малчдын зөвлөгөөн дээр ч хүмүүс хэлж байна. Бид өргөн хэрэглээний бараа үнэтэй байна гэж жагсаагүй. Гэтэл ганц жил мах үнэд ороход хотынхон хөдөөгийнхөн үнэд оруулчихлаа гэх юм. Мах, ноолуур хямд бол банкны зээлээ төлөөд л таардаг юм. Тэгээд л жилийн дөрвөн улирал мал дагасан, зутарсан хүмүүс байдаг. Энэ жилийн тухайд олон айл өр ширнээсээ гарч байгаа байх гэж бодож байна. Махны үнээс илүү малын арьс шир, түүхий эдийг үнэд оруулах, ашиглахад анхаарвал зүгээр.

-Малчин байхын хамгийн сайхан зүйл нь юу вэ?

-Өвөл хаврыг зуд, турхангүй даваад зунтай золгох л малчин хүний жаргал даа. Нар жаргах хэрд ханатлаа идээшилсэн мал сүргээ тааваараа хотолж байгааг харах сайхан. Үүнийг харах гэж л монгол хүн болж төржээ гэж бодогддог. Айрагдсан ч айрагдаагүй ч хурдан морь уях сайхан. Цөөнгүй жил морь сонирхож байна. Хүү маань одоо уяж эхэлж байна.

-Та мэдээ их үздэг бололтой. Р.Сэддорж нарын гишүүд малчны хүүхдийг 1,2 дугаар ангид цахимаар сургах агуулга бүхий хууль санаачлаад байгаа. Энэ талаар ямар бодолтой байна?

-Тэр ёстой бүтэхгүй. Малчин хүний цаг заванд ч нийцэхгүй. Хүүхдийнхээ хичээлийг хийлгэх гээд сахиад суух зав зай ч байхгүй. Үнээ малаа саана, хонио эргүүлнэ гээд малчдын ажил дундрахгүй. Тэгээд хүүхэд ганцаараа суух болно. Дөнгөж зургаан настай хүүхэд ганцаараа суугаад хичээл үзнэ гэж байхгүй. Анги танхимдаа, үеийнхэнтэй сурсан нь л дээр. Манай бага ирэх жил сургуульд орно. Өөрийн хүүхдээр баримжаалаад бодсон ч хэцүү. Тэрний оронд сургуульд орох насан дээр анхаарвал зүгээр

Видео:

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ха хай
Ха хай

Муу амтай ёдор вэ?. Махны үнэн нэмэгдээд амьдралд нэмэргүй байна гэнээ ха хаа

Холбоотой мэдээ

Back to top button