УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Тойм | Хамгийн олон хууль машиндаж, хоёр даргын нүүр үзсэн хаврын чуулган

УИХ -ын 2026 оны хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 17-нд нээлтээ хийж, долоодугаар сарын 3-нд хөшгөө татлаа. Ийн анхны 126 гишүүнтэй, олон намын суудалтай парламентын бүрэн эрхийн хугацаа тэн хагастаа очив. Дөрвөн сар орчмын хугацаанд Н.Учрал, С.Бямбацогт гэх хоёр ч спикерээр удирдуулсан хаврын чуулганы эргэн тойрон дахь өрнөлийг Eguurnews мэдээллийн агентлаг онцлог үйл явдал, хамгийн хамгийн дүрүүдийг багтаан тоймлон хүргэж байна.

Нэг. Н.Учрал удирдсан хаврын чуулган ба "ноёд"-ын зодоон

Гэрэл зургийг архиваас ашиглав| МАН-ын Их хурлын үеэрх агшин

Хаврын чуулганы эхний 13 өдөр Н.Учралд хамаарна. Тэрбээр 2025 оны арваннэгдүгээр сарын 20-нд Д.Амарбаясгалангаас тус ажлыг авсан бөгөөд 2026 оны гуравдугаар сарын 30-нд өөрийн хүсэлтээр "буцаасан". Үнэндээ, өөрийн хүсэлт гэдэг үгийн цаана улс төрийн нүүдэл, албан тушаалын эрх ашиг байв.

Энэ бол МАН-ын дотоод хагарал тартагтаа тулж, 30/38-ын бүлгийн зодоон ил цагаандаа гарсан цаг. Тийм ч учраас улс төрийн "аав" У.Хүрэлсүхийн шүхэрлэсэн нам доторх олонхын бүлгийнхээ төлөө л зүтгэсэн. Гавьяагаа ч үнэлүүлж намын дарга болж, Засаг тэргүүлэхээр одсон.

Нөгөө талд АН-аас аливаа нэг намын дарга олон намын суудалтай парламентыг удирдахгүй гэдэг акц өрнөсөн. Гэхдээ үүнээс үл хамааран Н.Учралыг засаг руу шилжүүлэхээр "зурагдсан" байв. Тэр өөрийгөө парламентын үйл ажиллагаанд дэвшилтэт технологи ашиглах шилжилтүүдийг хийсэн гэдэг ч "Чөлөөлье" аяны гарчиг л тавьж амжсан. Хаврын чуулганы энэ хүртэлх хугацаанд "ноёд"-ын зодооны хөлд үрэгдээд хоцорсон.

Хоёр. Хаврын чуулганы II үе буюу Ерөнхийлөгчийн "томилсон" хоёр дахь спикерээр С.Бямбацогт ирлээ

Гэрэл зургийг Б.Эрдэнэбаяр

С.Бямбацогт таван парламент дамнасны эцэст өнөөгийн өндөрлөгт хүрээд буй. Шулуухан хэлэхэд, У.Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр томилогдсон. Гэхдээ УИХ-ын даргын томилгоо албажих хүртэл намын дотоод сунгаа тун галтай өрнөсөн.

Эхлээд Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын талаас спикерийн суудлаа буцаан олж авахаар С.Амарсайханыг зүтгүүлж, У.Хүрэлсүх, Н.Учрал талаас Б.Жавхлан, С.Бямбацогт нарыг түлхсэн. Цөөнх энэ удаа томилгооноос "сугарсан". Харин С.Бямбацогт чамгүй хүчтэй өрсөлдөгч Сангийн сайд асан Б.Жавхлантай тунасан ч УЗ түүнийг сонгох улс төрийн шийдвэр гаргасан.

АН-ын зүгээс хэлэлцэх асуудлаас завсарлага авч, УИХ-ын дарга намаас татгалзах хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлнэ гэх зэргээр акцлах гэж үзсэн ч газар аваагүй. С.Бямбацогт УЗ, Ерөнхийлөгчийн дэмжлэгээр томилогдсоныхоо хариуд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулга бүхий хуулийн төсөл дээр саналаа хайрцаглах боломж гаргаж өгсөн.

Тэрбээр ажлаа аваад 90 орчим хоног өнгөрөв. Гишүүдийн ирцийг бодит цагийн горимд шүлжүүлэх, хэлэлцэж буй асуудлыг ил тод байршуулах зэрэг чуулганыг иргэдэд ойр ойлгомжтой болгох тал дээр жижиг гэлтгүй бодит алхам хийсэн. Товчхондоо, "татаас"-ны спикер гэхэд чамгүй сайн ажиллалаа гэж яригдах болов.

Гурав. Экс спикер Д.Амарбаясгалан тэргүүтэй дөрвөн гишүүн хаврын чуулганыг хилийн хоригтой эхлүүлэв. Тэд бүгд МАН дахь цөөнх талынх байгаа нь эрх баригчдын зодооны дүнг илтгэнэ

Зургийн эвлүүлэг ашиглав.

126 гишүүнтэй парламентын дөрвөн гишүүн хилийн хоригтойгоор хаврын чуулганыг эхлүүлсэн. Тодруулбал, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, Э.Болормаа, Х.Булгантуяа, П.Сайнзориг.

Одоогоор шүүхээс экс спикерийн хилийн хоригийг цуцалж, нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглож шийдвэрлэсэн. Бусад гурван гишүүн хилийн хоригтой хэвээр байна. Тухайлбал, УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяа Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах УИХ-ын чуулганыг удирдсан. Улмаар төрийн эрхийг хууль бусаар авах хэрэгт буруутгагдаж, хилийн хориг тавиулсан. Түүний асуудал ОУПХ-ны Парламентчдын холбооны анхааралд өртөж , Монгол Улсад ажлын хэсэг илгээнэ гэх сураг гарснаас хойш хэргийн шалгалт намжаад буй.

Харин УИХ-ын гишүүн Э.Болормаагийн хувьд сонгуульд нэр дэвшихдээ “Ханбогд Эксплорайшн” гэх гадаадын хөрөнгө оруулалттай компаниас 30 сая төгрөгийн хандив авсан гэх хэрэгт буруутгагдаж байгаа бол П.Сайнзориг ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хүү Х.Тайвантай харилцан зодолдож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт буруутгагдаж хилийн хоригт ороод байгаа юм.

Дөрөв. Хаврын улс төр хавсаргатай байсан ч сөрөг хүчин чигээ алдсангүй алхав. Эрх баригчдад багагүй шоглуулсан ч АН чамгүй сайн байлаа

Гэрэл зургийг Б.Эрдэнэбаяр

АН-ын хувьд хаврын улс төр хавсаргатай байлаа. МАН-ын хагарал туйлдаа хүрэх үеэр АН-ын бүлэг ч хоёр хуваагдсан. Тодруулбал, Б.Пүрэвдорж, Ж.Батсуурь, О.Амгаланбаатар тэргүүтэй "Ерөнхийлөгчийн 13" жигүүр нам дотор үүрээ зассан нь сөрөг хүчний хүчийг сулруулах гэсэн эрх баригчдын өгөөшид орчихсоных. Ингээд бүлгийн даргаа ч сонгож чаддаггүй, бүлгийн хоёр одтой шийдвэрээ ч дагадаггүй бутарсан байдалд орчихож байгаа юм.

АН-ын ард иргэдээс хамгийн өндөр оноо авсан зүйл бол Н.Учралын Засгийн газарт хамтрахгүй байх шийдвэр. Мөн Оюу толгой, ОНТРЭ-ийн хэлэлцээрийн асуудлаар дуугарч, Засгийн газарт хариуцлага тооцох акц дэвшүүлсэн нь ч нийтэд таалагдсан. Гэхдээ ҮХЦ-ийн гишүүнд Г.Эрдэнэбатыг, УДШ-ийн ерөнхий шүүгчээр Ц.Цогтыг томилуулах зэрэг тохироон дээр барьцаа сулруулчихдаг нь рейтингийг нь унагааж буй.

Ерөөс үе үе илрээд буй О.Цогтгэрэлийн халирхай байдлыг даваад харвал АН шуурга дундуур чигээ алдахгүй алхав. ЕНБД-аа сонгон, дотоод зохион байгуулалтаа эмхэлж, сонгуулийн урьдчилсан штабаа ч байгуулчихлаа. Энэ хугацаанд санаачилсан хуулиудаа Засгийн газарт даруулж, засварлага авах хугацаагаа тануулах нь яах аргагүй Төрийн эрхийг гартаа атгасан МАН-д дийлдсэн явдал болж өнгөрлөө.

Тав. Засгийн хөнжилд шургаад замхарсан ХҮН ба Шадар сайд болсноос хойш үг нь цөөрсөн Н.Номтойбаяр. Тамгаа булаацалдсаар хаврыг барсан ИЗНН

Энэ парламентын онцлог бол олон намын төлөөлөл. Гэвч парламентад суудалтай улс төрийн намуудын дуу хоолой тэгтлээ ялгарч сонсогдохгүй байгаа нь үнэн.

ХҮН намын дарга Т.Доржханд Шадар сайдын суудалдаа "хахчихсан". П.Наранбаярыг сайдаар ажиллаж байхад нь шанаадаж, сайдын суудлын төлөөх санаархлаа дарж ядаж байсан Б.Найдалаа Эрчим хүчний салбарыг толгойлохоор очсон ч дорвитой хийсэн ажилгүй. Тэд гурван Засгийн газар дамжиж, МАН-ын "хөнжил"-д хэвтлээ.

Үндэсний эвсэл ч мөн дээрх түүхийг давтахад ойрхон байна. Н.Номтойбаяр "Бодийн барьсан Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтын асуудлаар УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулна" гэдгээ мэдэгдэж, нэлээд эрчимтэй хөдөлж байсан. Харин Н.Учралын Засгийн газарт Шадар сайдаар очсоноосоо хойш умарсан.

Харин ИЗНН-ын дарга Б.Батбаатар төр түшилцэхэд бус Р.Батболдтой тамгаа буцаалцалдахад хамаг хүчээ барав. Дотроо зодолдсоор сайдын квотоо ч алдсан. Ямартаа УДШ -ээс дөрвөн удаа татгалзсан хариу сонссоны дараа намын хурлаа дахин зарлаж, сая нэг дүрмээ батлуулж, даргын суудалдаа тогтож үлдээд байна.

Зургаа. Хамгийн олон хууль "машиндсан" чуулган

Хаврын чуулганы дүр зураг хууль "машиндана" гэж чухам юу болохыг харуулах шиг боллоо. Өмнөх чуулгануудаас хамгийн олон буюу 79 хууль тогтоомж өргөн мэдүүлсний 43-г нь УИХ-ын гишүүд санаачилсан байна. Мөн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд УИХ 341 хууль тогтоомж баталсан энэ хаврын чуулганаар 278 хууль, тогтоомж хэлэлцэн баталжээ.

Хаврын чуулганаар анхдагч 18, хуулийн шинэчилсэн найруулга хоёр, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 188, олон улсын гэрээ соёрхон батлах тухай хууль долоо, хууль хүчингүй болгох тухай хууль тав, УИХ-ын тогтоол 58-ыг хэлэлцэн батлав.

Эдгээрт Н.Учралын Засгийн газраас яаралтай горимоор түлхсэн хуулиуд ихээхэн жин дарж буй. Тиймдээ ч “УИХ Засгийн газрын хуулийн хэлтэс” шиг байна гэж сөрөг хүчин “орилсон”. Н.Учрал намар ч огцорч мэдэх тул танхимаа тарчихаагүй байгаа дээр авторласан хуулиудаа батлах гэж зүтгэсэн.

Гэхдээ Гэр бүлийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах гэх мэт удаан хүлээгдсэн сайн хуулиуд батлагдсаныг дурдах нь зүй.

Эх сурвалж: УИХТГ

Долоо. Хаврын чуулганы хамгийн урвагч нь Б.Энхбаяр

Гэрэл зургийг Б.Эрдэнэбаяр

Хаврын улс төрийн сөрөг дүрээр тодроод байсан Б.Энхбаярыг хаврын чуулганы хамгийн урвагчаар нэрлэж байна. Тэр Г.Занданшатарын Засгийн газарт багтах шингэх газаргүй болсон ч "Бодь"-ийн нүүрсний хэрэгтэй холбоотой гэрээ хэлцэл, улс төрийн нөлөөллийг дэлгэнэ хэмээн барьцаалсаар Н.Учралын танхимд ЗГХЭГ-ын суудал авсан.

Гэвч телевизийн нэвтрүүлэг, чуулганы танхимаар гэмт хэрэг, "аллага" ярьж, "Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын нүүрний хэргийг илчилнэ, нотлох баримт бий" гэж гүйсэн тэрбээр сайдын суудалд очсноор нам гүм болсон. Тэгсэн мөртлөө АН-аас Ерөнхий сайдыг огцруулах акц эхлүүлэхэд Б.Энхбаяр урьдын чанга дуутай дүрээрээ гарч ирсэн. Эл үйлдэл нь түүнийг урвагч гэдгийг улам тодотгов.

Найм. Хаврын чуулганы хамгийн сөрөг дүр Ж.Энхбаяр

Зургийг архиваас ашиглав.

Ж.Энхбаяр ХХААХҮЯ-ыг өөрийн бизнестээ ойртуулан Дархан-Уул аймаг руу нүүлгэсэн. Гэхдээ галыг нь дараа дараагийн сайддаа үлдээчихээд өөрөө Шадар сайд болж дэвшсэн.Тэрбээр баяр наадмын уур амьсгал орсныг далимдуулж, төрийн тахилгат Ноён уулын тусгай хамгаалалтын хилийн цэсээс 6207.28 га-г хасаж байгаад, алтыг нь ухах агуулга бүхий тогтоолын төсөл яаралтай горимоор өргөн барьсан.

Товчхондоо, хуулиар хориглосон зүйлийг УИХ-ын тогтоол батлуулж, Засгийн газартаа зөвшөөрөл олж авах нүүдэл байв. Энэ бол Ж.Энхбаярын төдийгүй Н.Учралын Засгийн газрын 80 хоногтоо сэдсэн "мэргэн санаа"-нуудын нэг. Гэхдээ олон нийт хийгээд УИХ-ын зарим гишүүний эсэргүүцэлтэй тулгарснаар сэмхэн татчихлаа.

Ес. Хаврын чуулганы хамгийн тасалсан, хоцорсон гишүүд

Чуулган таслагчдын жагсаалт:

  1. Д.Амарбаясгалан | Тасалсан чуулган -14
  2. Ц.Туваан | Тасалсан чуулган -7
  3. Л.Оюун-Эрдэнэ | Тасалсан чуулган 3-4
  4. А.Ганбаатар | Тасалсан чуулган 3-4
  5. Т.Аубакир | Тасалсан чуулган 3-4

Хоцролтоор тэргүүлэгчид:

  • С.Амарсайхан | Хоцролт 27
  • Д.Ганбат | Хоцролт 26
  • Х.Булгантуяа | Хоцролт 25
  • Д.Цогтбаатар | Хоцролт 24
  • Б.Жавхлан | Хоцролт 23

Арав. Хаврын чуулганы хамгийн өндөр ирцтэй гишүүд

  1. Р.Батболд
  2. С.Бямбацогт
  3. А.Ариунзаяа
  4. Ж.Батжаргал
  5. Н.Алтаншагай
  6. П.Наранбаяр
  7. П.Сайнзориг
  8. Х.Тэмүүжин
  9. Ц.Баатархүү
  10. Ж.Галбадрах нар 97-10 хувийн ирцтэйгээр тэргүүлж байна.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хуулийг ингэж машинддаг бол УИХ хэрэгтэй юм уу

Зочин
Зочин

Iim hurdaar huuli gargaad baival aldaa ni l ih baina

Зочин
Зочин

Хурдан баталснаараа сайн гэсэн үг биш

Зочин
Зочин

Mashindaj baigaa huuli ard tumend bish erh medeltend ashigtai yum shig

Зочин
Зочин

Дарга солигдоод л байдаг ажил нь хэвээрээ

Зочин
Зочин

Huuli bol turshilt hiih gazar bish shuu

Зочин
Зочин

Иргэдийн санал сонсдоггүй парламент болжээ

Зочин
Зочин

Yaraltai gej shahaad l daraa ni zasvar hiideg ni ulger bolloo

Зочин
Зочин

Хэн нь ч ирсэн улс төрийн тоглолт л давамгайлах юм

Зочин
Зочин

Spiker soligdood amidral deer yu ch oorchlogdsongui

Зочин
Зочин

Ene olon huuliig unshaad sanalaa helj amjsan hun baidag yum uu

Зочин
Зочин

Чуулганаас илүү улс төрийн зодоон л дурсагдах нь

Зочин
Зочин

Ard irgediin amidrald heregtei huuli hed ni bna

Зочин
Зочин

Эрх мэдлийн төлөөх тэмцэл л хамгийн тод харагдлаа

Зочин
Зочин

Хуулиа биш суудлаа хамгаалсан чуулган байлаа

Холбоотой мэдээ

Back to top button